Сүүлийн үед гүйлтэд олон хүнийг “уруу татаж” буй “Гүйдэг Моги” номын зохиогч Ж.Баатарболдыг энэ удаагийн зочноороо урилаа. Гүйлтийн спортын ач холбогдлыг олон нийтэд таниулж, эрүүл амьдралын хэв маягийг өөрөөрөө үлгэрлэн тууштай, идэвхтэй уриалж буй тэрбээр банк санхүүгийн салбарт мэргэжлээрээ 21 жил ажиллаж буй.
Өмнө нь уулын спортоор 10 гаруй жил хичээллэж байгаад хэт холын марафон гүйлтээр сүүлийн таван жилийн турш эрчимтэй хичээллэх болсон банкир маань мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах хоббитой гэдгээ ярилцлагын үеэр хэд хэдэн удаа дурдсан юм. Энэ сонирхлынхоо дагуу мастер сургагч багшаар ажиллаж, санхүүгийн боловсрол олгох, мөн эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх сургалтуудыг байгууллага, хувь хүмүүст зориулан зохион байгуулсаар байна.
Эргэлтийн цэг тохиосон 37 нас
Одоогоос таван жилийн өмнө 37 нас хүрэхдээ би “нойрноос сэрсэн”. Асар максимал амьдралын хэв маягтай, эд хогшлоор өөрийгөө хүрээлүүлсэн, бие махбод, сэтгэл зүйн хувьд ч асуудалтай нэгэн болсон байлаа. “Аз жаргалтай байна уу?” гэж өөрөөсөө асуухад дотор хүн маань “Үгүй ээ” гэж хариулж байх шиг мэдрэмж төрж эхэлсэн. Гэтэл 20 жилийн өмнө “Амьдарсан шиг амьдраад, үзүүлээд өгнөө” гэсэн өөдрөг, гэгээн хүсэл мөрөөдөлтэйгөөр амьдралд хөл тавьж байсан залуу “нойрноос сэрэхдээ” тэс өөр хүн болж хувирсан байсан.
Өөрийгөө ялж буй нь нүдэн дээр илт байхад бусад хүн тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Өөрөө өөртөө эзэн болж, бие, сэтгэлийн хэцүү бэрхийг даван туулж буй хүн итгэл төрүүлдэг.
Олон хүнийхээр бол албан тушаалтай, карьертай, гоё ганган эд зүйл хэрэглэдэг амжилттай хүн байлаа. Гэхдээ сайн анзаараад харвал байх ёстой хэвийн жингээсээ 25 кг илүүдэл жинтэй, зүрх судас, чихрийн шижин, тулай зэрэг монголчуудын дундах нийтлэг өвчинд өртөхөд бэлэн болчихсон байсан. Товчхондоо, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн хувьд дархлаагүй хүн болж хувирсан байлаа. Цааш энэ хэвээр явах уу, үгүй юү? гэдэг асуултыг өөрөөсөө асуусан. Ингээд материаллаг болон сошиал хэрэглээгээ багасгаж, цагаа зориулдаг байсан олон зүйлээ цөөлсөн. Оройн уулзалт, арга хэмжээ, зурагт үзэх, утсаа ухах гэх мэт буруу зуршлаас татгалзсан. Үүний үр дүнд гаргасан цагаа унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, бичиж тэмдэглэх, ном унших зэрэгт зарцуулж эхэлснээр амьдрал маань өөрчлөгдсөн.
Яагаад гүйлт гэж?
Өмнө нь би мөнх цаст ууланд авирдаг, уулын спортоор хичээллэдэг нэгэн байлаа. Улаанбаатар хотыг хүрээлсэн уул нуруудаар их алхана. Гэхдээ энэ спортын төрлөөр хичээллэхэд улирлын нөхцөл, цаг хугацаанаас хамаарсан хязгаарлагдмал байдал үүсэх нь элбэг. Долоо хоногт нэг удаагийн давтамжтай хийдэг спорт болчихоор эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө нь харьцангуй сул. Гэтэл би өдөр бүр идэж, өдөр бүр калори авч байгаа шүү дээ. Үүнээс гадна байт харваагаар хоёр жил хичээллэж ч үзсэн. Тэвчээр хатуужил шаардсан сайхан спорт. Бас л дээрх шалтгаанаар орхисон. Дундуур нь гурван жилийн турш 200 мянган удаа гар дээр, 55 мянган удаа турникт суниаж байлаа.
Гүйлтийн спортоор хичээллэснээр сэтгэлийн хат хөгждөг. Сэтгэлийн хат гэдэг яг л булчинтай адил хөгжиж, бас суларч байдаг эд.
Ингэж явсаар гүйлтийн спорттой танилцсан нь хэзээ л бол хэзээ, хэнээс ч үл хамааран хичээллэх боломжтойгоороо давуу талтай байсан. Түүнчлэн суурин амьдралын хэв маягт хамгийн тохиромжтой гээд олон давуу тал нь таалагдсан учраас гүйлтийг эргэлт буцалтгүй сонгосон.
“Гүйдэг Моги” ном бүтсэн түүх
Гүйлтийн спортоор хичээллэснээр маш олон эерэг өөрчлөлт бий болсон учраас эргэн тойрны хүмүүстэйгээ хуваалцаж эхэлсэн. Би өөрийн мэдсэн сурснаа бусадтай хуваалцах хоббитой. Гэхдээ зөвхөн ойр тойрны хүмүүстээ туршлагаа хуваалцах нь хангалтгүй санагдаж, илүү олон хүн гүйгээсэй, амьдралаа өөрчлөөсэй гэсэн чин хүсэл төрөх болсон. Ингэх зуур хүмүүсийн асуудаг түгээмэл асуултуудад өгөх хариултаа цаг хэмнэх үүднээс урьдчилан бэлдээд тавьчихдаг байсан маань нэг л мэдэхэд маш их тэмдэглэл болчихсоныг анзаарсан. Үүнийгээ хэрхэн олон хүнд хүргэх вэ гэж бодож байгаад технологи ашиглах, мөн ном болгон бичиж чадвал хүртээмжээ харьцангуй нэмэгдүүлнэ гэж үзээд ажил хэрэг болгох замдаа орсон. Ийнхүү 18 сарын турш хийсэн тэмдэглэлийн үр дүнд “Гүйдэг Моги” ном маань мэндэлж байлаа. Номоо олон хүнд хүргэхийн тулд контент хийж, сошиал медиагаар түгээж эхэлсэн нь нэг л мэдэхэд олон хүнд хүрч, нөлөөлөх эхлэл болсон.

Сахилга бат, бүтээмж, өсөлт
Эрүүл чийрэг байдал, өөртөө итгэх итгэлд гүйлт эерэгээр нөлөөлдөг. Мөн гүйлтийн спортоор хичээллэснээр сэтгэлийн хат хөгждөг. Сэтгэлийн хат гэдэг яг л булчинтай адил хөгжиж, бас суларч байдаг эд. Тэр хол зайд, олон км-ийн турш өндөр хурдаар тасралтгүй, тууштай гүйнэ гэдэг хүнд сэтгэлийн хат суулгаж, тэсвэр хатуужилтай болгодог. Хагас жилийн өмнөөс випяшна бясалгалаар хичээллэж эхлэхэд ч энэ чанар давуу тал болж байгааг анзаарсан. Түүнчлэн асар өндөр ачаалалтай ажил, бэлтгэлийн хажуугаар ном бичнэ гэдэг хүнээс маш их төвлөрөл, зохион байгуулалт шаарддаг юм билээ. Энэ бүхний ард гарахад гүйлтийн тусламжтай хэвшүүлж чадсан сахилга бат их тус болсон. Зурагт, гар утас, сошиал медиа, төдийлөн шаардлагатай биш үйл ажиллагаанууд гэх мэт олон сатааруулагчид үгүй гэж хэлэх сахилга батыг гүйлт надад өгсөн.
“Ертөнц дэх хамгийн тогтвортой зүйл бол өөрчлөлт. Өөрчлөлт ирэх нь гарцаагүй” гэсэн үг бий.
Нөгөө талаар, би банкны салбарт 16 жил ажиллаад даатгалын салбарт шилжих үетэйгээ зэрэгцэн гүйлтээр хичээллэж эхэлсэн юм. Ажлаа сольсон тул өөр байгууллага, өөр орчинд өөрийгөө харуулах, таниулах, хүлээн зөвшөөрөгдөх, мөн тухайн салбараа ойлгох хэрэгцээ үүссэн. Нэг үгээр, өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах, шинэчлэх шаардлагатай болсон. Энэ үед гүйлт их түлхэц үзүүлсэн. Өөрийгөө ялж буй нь нүдэн дээр илт байхад бусад хүн тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Өөрөө өөртөө эзэн болж, бие, сэтгэлийн тэсвэр хатуужлыг харуулж, хэцүү бэрхийг даван туулж буй хүн итгэл төрүүлдэг.
Карьерт ингэж нөлөөлсөн
Би хагас жилийн өмнө “Тэнгэр даатгал”-ын гүйцэтгэх захирлын ажлаа өөрөө өгөхөөр шийдвэрлэж, ТУЗ-ийн гишүүнээр үлдэн ажиллах саналыг хүлээн авсан. Одоогоос хэдэн жилийн өмнө Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг надад анх гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавихдаа “Баатар аа, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай залуус их байна. Харин өөрийн бие болоод сэтгэлдээ эзэн болж, тухтай бүсдээ суугаад байдаггүй, өөрийгөө сорьдог, дайчилдаг зан чанарыг тань би илүү үнэлж байна. Туршлага, зан чанар аль алийг нь харж байна. Тийм ч учраас хамтарч ажиллах санал тавьж байна. Мэдээж одоогоор чамайг сайн CEO гэхгүй. Харин сайн CEO болох өгөгдөл чамд байна. Би өөрийн мэдлэг туршлагаараа чамд ментор, көүч хийе. Хамтдаа эх орноо хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулцгаая” гэж хэлж байсныг санаж байна.
Өөрөөр хэлбэл, эрүүл амьдралын хэв маягийг дадуулж, сахилга баттай, тууштай байсан нь карьерт маань ингэж нөлөөлсөн. Би нэгэн хэвийн, хэвшмэл байдлаар удаан явахаас болгоомжилдог. Уйтгартай бас эрсдэлтэй санагддаг. Тиймээс ч шинэ зүйл, шинэ сорилтод дуртай.

Гэр бүлээрээ гүйгч
Намайг гүйж эхэлснээс хойш ердөө хоёр сарын дараа л эхнэр Г.Ганцэцэг маань зэрэгцээд гүйлтээр хичээллэх болсон. Таван жилийн өмнө бид амьдралын хэв маягаа өөрчлөх шийдвэрийг хамтдаа гаргаж, эд хогшлоо цөөлж минималист байдлаар амьдрах, спортод цаг гаргах, амьдралын чанарт урт хугацаандаа сөрөг нөлөө үзүүлэх зуршлуудаас татгалзаж эхэлсэн. Тийм ч учраас богино хугацаанд үр дүнд хүрсэн гэж боддог. Тухайлбал, гүйлтийн спортоор хичээллэж эхлээд би гурван жилийн дараа хэт холын марафон гүйлтийн ОУХМ (Олон улсын хэмжээний мастер) -ын болзол хангасан бол гэр бүлийн хүн маань 4.5 жилийн дараа ОУХМ цолны болзол хангасан. Спортын амжилтад нойр, хоол, сэтгэл зүй, амралт, гэр бүлийн дэмжлэг зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хэрэв эхнэр бид хоёр адил сонирхолтой биш, нэгнээ дэмждэггүй, гэр бүлийн дэмжлэг дутмаг байсан бол хэт холын марафон гүйлтийн спортод энэ хэмжээнд амжилт үзүүлэхгүй байсан нь тодорхой.
Эхнэр Г.Ганцэцэгийн хамт. Тэд гэр бүлээрээ гүйлтийн спортоор хичээллээд 5 жил болж буй.
Спорт, бясалгалыг хослуулагч
Би санхүүгийн мэргэжлийн ажлаасаа гадна Mongolian Elite Runners Club ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, гүйлтийн спортыг хөгжүүлэхэд тодорхой цаг зав зарцуулж байна. Жишээлбэл, энэ жил манай клуб Улаанбаатар марафоны маршрутыг шинэчлэх, зохион байгуулалтыг нь сайжруулахад саналаа тусгах, марафонд анх гүйх зорилготой хүмүүст гүйж сурахад нь дасгалжуулах, мэдлэг туршлагаа хуваалцах зэргээр ажиллаж байна.
Өглөөний ургах нартай зэрэгцэн гүйх нь надад сэтгэлийн таашаал, аз жаргалыг мэдрүүлдэг.
Хүн чөлөө заваараа цаг гаргаж хийдэг, аз жаргалыг мэдэрдэг, сэтгэлийн таашаал эдэлдэг, дуртай үйлдлийг л хобби гээд байх шиг. Зарим хобби урт хугацаандаа хүнд эерэгээр нөлөөлж, биеэ эрүүл чийрэг авч явах боломжийг олгодог бол зарим нь зардал ихтэй, тухайн хүний эрүүл мэнд, амьдралын чанарт алсдаа сөргөөр нөлөөлж байх шиг санагддаг. Энэ утгаараа гүйлт бол миний хувьд хобби мөн. Учир нь би гүйх дуртай. Өглөөний ургах нартай зэрэгцэн гүйх нь надад сэтгэлийн таашаал, аз жаргалыг мэдрүүлдэг. Хэрэгтэй дадлыг амьдралдаа хэвшүүлэх нь урт хугацаанд ямар их үр дүнд хүрдгийг гүйлтээс мэдэрсэн болохоор сүүлийн хагас жилийн турш өдөрт 1-2 цагийг випашяна бясалгал хийж дадуулахаар хичээж байна.

БЛИЦ:
Таван жилийн хугацаанд гүйж туулсан нийт км?
2020 оноос өнөөдрийг хүртэл 21,518 км гүйжээ. Энэ нь Монгол Улсын хилийн тойргийн нийт урт болох 8552,7 км-ийг 2.6 удаа тойрсонтой тэнцэнэ.
Хэчнээн хос пүүз өмсөж элээсэн бэ?
Гүйлтийн нэг хос пүүзийг дунджаар 800 км өмсөх нормтой байдаг. Гэхдээ би зарим хайртай пүүзээ ачаалал багатай бэлтгэлийн үеэр өмссөөр 1500 км-т хүргэсэн нь ч бий. Энэ мэтээр сүүлд худалдан авсан пүүзээ тооцвол өнгөрсөн таван жилийн хугацаанд 28 хос пүүз өмссөн байна. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 5-6 пүүз өмссөн гэсэн үг.
Миний таашаадаг брэнд…
Эхний гурван жил голдуу Nike брэндийн гүйлтийн пүүз өмсдөг байсан. Тэр дундаа, Pegasus цувралаас нь их өмссөн. Тоолбол, бараг 10-аад хос пүүз болох байх. Харин сүүлийн хоёр жил Li-Ning брэндийн пүүз их өмсөж байна. Ялангуяа, уралдааны зориулалттай Feidian Ultra 3, 4 загвараас нь сонгож өмсдөг. Мөн Adidas брэндийн Adizero цувралын хэд хэдэн пүүз бий.
Гүйлтгүйгээр миний амьдрал…?
Хуучин хэвэндээ буюу хөдөлгөөний дутагдалтай, илүүдэл жинтэй, түүнээс шалтгаалсан уур бухимдал, стресстэй, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, эрүүл мэндийн хувьд асуудалтай нэгэн болж хувирах байх.
Олон улсын марафонуудад оролцсон онцлох туршлага?
2023 оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Гуанжу хотод зохиогдсон зургаан цагийн гүйлтийн тэмцээнд 79 км гүйж, хэт холын марафон гүйлтийн төрөлд олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан. Мөн Чежү олон улсын 50 км-ийн гүйлтийн тэмцээнд эхнэр маань 4:03 цагт гүйж, олон улсын хэмжээний мастер цолд хүрэхэд pacemaker-ээр ажилласан. Түүнчлэн Сөүл, Бээжин, Хөххот зэрэг марафонд гүйсэн байна.

Гүйлтийн гол амжилтууд?
Энэ жил Сөүл марафоны 42 км зайг 2:46:39 цагт гүйсэн. Уг марафонд 40 мянган хүн гүйснээс 212-т, мастеруудын ангиллын 2500 гүйгчээс 67-д орсон. Манай насныхны хувьд, бүтэн марафоны 42 км зайг дунджаар 4:05 цагт гүйдэг юм билээ. Хамгийн хол гүйсэн зай гэвэл Бодонч Марафонд 100 км зайг 8:32 цагт туулсан нь Монгол Улсад эхний 3-т бичигдэх амжилт юм.

Гүйлтийн өвөрмөц туршлага?
Мэргэжлийн дасгалжуулагчтай хичээллэхээсээ өмнө экстрим, хүний ой тойнд багтамгүй байдлаар их гүйдэг байсан. Тухайлбал, нийслэлийг хүрээлсэн дөрвөн хайрхнаа янз бүрийн маршрутаар 100 гаруй км тойрч, хэд хэдэн удаа гүйж байлаа. Мөн өөр нэг сонирхолтой гүйлт гэвэл 2020 онд 21 аймгийн төвд тус бүр 21 км гүйх зорилго тавьж, долдугаар сарын 26-аас арваннэгдүгээр сарын 8 хүртэлнийт 105 өдөрт багтаан уг зорилгоо биелүүлсэн. Дунджаар таван өдөрт нэг удаа 21 км гүйж байлаа.
Эхлэн гүйгчдэд зөвлөбөл?
“Гүйдэг Моги” номоо эхлэн гүйгчдэд зөвлөх зорилгоор л бичсэн юм шүү. Тиймээс уншаарай. Товчхон хариулбал, эхлээд гүйлтийн сайн пүүзтэй болоорой. Тэгээд долоо хоногт 3-4 удаа гүйгээрэй. Эхлэх нь чухал гэж зөвлөе.
Ахиад ном бичих үү?
Санаж бодсон зүйл бий.
Карьерын товч зөвлөгөө?
Бүх юм цаг хугацаатай. Одоо ажиллаж байгаа газраа та мөнх ажиллахгүй. Өөр байгууллагад ажиллаж болно, өөр албан тушаалд ч очиж болно. Тиймээс яг одоо хийж буй ажлаа өөрийн мэдлэг, оюун, хүч хөдөлмөрөө бүрэн дайчилж, чин сэтгэлээсээ хийх нь маш чухал. Энэ бүхэн таны нэр төр, ирээдүйн карьерын бат бөх суурь болж чадна.
Миний зарчим…
Ертөнц дэх хамгийн тогтвортой зүйл бол өөрчлөлт. Нэг үгээр, өөрчлөлт ирэх нь гарцаагүй. Цаг үе, орчин, нөхцөл байдал үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг учраас маш соргог байж, нэгэн хэвийн хэвшмэл байдалд орохоос зайлсхийж, ажил, амьдралд тань үнэ цэн үүсгэх ур чадвар, мэдлэгт ямагт суралцаж, хөгжиж байх нь чухал.
Цаашдын зорилго?
Дэлхийн их долоон марафонд хосоороо гүйх мөрөөдөлтэй. Тэр хүрэх зам мэдээж тийм ч амар биш. Тодорхой шалгуур, цагийн болзол хангах ёстой. Бас аз хэрэгтэй.