-Үл хөдлөхийн салбарт орж ажиллахаасаа өмнөх таны ажлын туршлага? Яагаад заавал зуучлагч гэж? Үл хөдлөхийн зууч хийдэг таны мэргэжил, боловсрол?
Үл хөдлөх хөрөнгийн зуучдын боловсролыг хүмүүс их сонирхдог. Би МУИС-ийн Эдийн засаг, математик загварчлалын ангийг төгссөн. Дараа нь СЭЗДС-д Бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Төгсөөд Голомт банканд ажиллаж байгаад эмэгтэй хувцасны дэлгүүрийг долоон жил ажиллуулсан. Гадна талаасаа маш гоё хувцастай, тансаг дэлгүүр ажиллуулдаг харагдаж байсан ч яг үнэндээ түүний ард ганзагын наймаанаас өөр зүйл байхгүй. Сар бүр Бээжин, Гуанжу руу хэд хэд дамжиж гахайгаа чирээд л явдаг байв. Энэ үед миний анхны машин, байр зэрэг суурь хөрөнгө бий болсон боловч бараа зөөхөөс ядарсан. Бүр өөрийгөө зэвэрч байгаагаар мэдрэх болсон. Гэрийнхэн маань ч яах гэж их сургууль төгссөн юм гэцгээнэ. Би энэ цаг хугацаа дуусч байгааг мэдэрч байсан. Гэвч амьдралаа өөрчлөх, эргэлт хийхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн явдал нь Эрээнээс бараагаа аваад буцаж байхад тохиолдсон юм. Тэнд Монголчуудгүй үеэр очиж таарсан би нэгэн жижигхэн дэн буудалд хоноглохдоо хятадууд дотор эрхтэн, элэг бөөрийг минь авч байна гэж зүүдэлсэн. Өглөө нь босоод зөндөө их уйлсан. Дараа өдрийн өглөө нь Улаанбаатарт ирээд “пөөнийсөн юм” гэрлүүгээ гахайгаа үүрээд орж байхад пальтотой, компьютерын цүнх барьсан, үнэртэй ус үнэртүүлсэн цэмцгэр эмэгтэй надтай зөрсөн. Тэр эмэгтэйг цааш өнгөрөн явтал араас нь харж зогссон. Амьдрал нь яг зөв яваад байгаа юм шиг санагдсан. Миний хувийн зохион байгуулалт алдагдаж байгаа нь мэдрэгдэж байсан.
Ингээд би ажлаа солихоор шийдэж, илүү “official” ажил хийхийг хүсч байлаа. Дэлгүүр дээрээ өөрөө зогсч байх үедээ өдөртөө 2-3 сая төгрөгийн борлуулалт хийдэг байсан юм. Харин худалдагчид маань хангалтгүй борлуулалт хийдэг байв. Иймээс өөрийгөө борлуулалтын чиглэлээр ажиллах авьяастай гэж харсан. Тухайн үед банканд ажиллаж байхдаа л үл хөдлөхийн салбарт мэргэжлийн зууч ховор, энд хангалттай орон зай бий гэдгийг харчихсан байсан. Банканд ажиллахаа больсноос хойш буюу долоон жилийн дараа ч хэвээрээ л байсан. Тухайн үед зуучлагч гэхээр ОСМО л хүн бүрийн санаанд буудаг байлаа. Ингээд компаниа үүсгэн байгуулахаар дэлгүүрийнхээ нэг заалыг суллаж, шилэн хана босгоод нэг цамц зараад олсон мөнгөөрөө нэг ширээ авах гэх байдлаар бага багаар ажиллах орчноо бүрдүүлж, 2009 оны сүүлээр нэг туслахтайгаар компаниа улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу/2021.10.23 нд болно/
-Танай компанийн анхны үндсэн чиг зорилго өнөөдөр өөрчлөгдсөн үү?
Бид шууд хашаа байшингийн борлуулалт ч юм уу, эсвэл масс руугаа чиглэж бизнесээ явуулахад хүн хүч дутмаг байсан учраас эхлээд 2-3 өрөө байр борлуулж байгаад ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээний объектыг борлуулсан. Ийнхүү эхний дөрвөн жил хоёр, гурав дахь зах зээл буюу хуучин объектыг дахин худалдаалж байсан. Харин үүнээс хойш анхдагч зах зээл буюу шинэ барилгын төсөлтэй хамтарч ажиллах болсон. Эхлээд хувь хүний байр, орон сууц зарах маягаар салбартайгаа танилцсан гэх үү дээ. Хөрш, нийтийн эзэмшил зэрэг бүх зүйл нь тодорхой байсан учраас борлуулахад хялбар байсан. Харьцангуй туршлагатай болоод ирэхээр хуучин харилцагчдаас төслийнхээ борлуулалт дээр ажиллаач гэсэн санал ирэх болсон. Манай реалторуудын хувьд ч төслийн борлуулалт руу орох сонирхол нь ихэссэн. Өөрөөр хэлбэл чадвар суугаад ирэхээр ширхгийн бараанаас бөөний бараа борлуулах сонирхол ихсэх нь мэдээжийн зүйл.
-Тэгэхээр одоо танай компани хөгжлийнхөө хоёр дахь шатандаа явж байна гэсэн үг үү? Ер нь байгууллагынхаа хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэдэн үе шаттай төлөвлөсөн бэ?
Тийм. Өнөөдөр хоёр дахь шатандаа явж байна. Стратеги төлөвлөлтөө таван үе шаттайгаар төлөвлөсөн. Эхний таван жил мэдлэгт суурилаагүй хөдөлмөр хийж байсан бол дараагийн таван жил туршлагад суурилсан хөдөлмөр рүү орсон. Харин гурав дахь шат маань хөгжүүлэлт байх болно.
Бид 2021 онд 3,5 жилийн хугацаатай багаараа АНУ-ыг зорино.
Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт болон үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, үйлчилгээ гэдэг чиглэлээр сургалтад сууж байгаа.
-Та бүхэн сурахын зэрэгцээ тэнд үл хөдлөхийн чиглэлээрээ ажиллах уу?
Тийм сургалт эхний хоёр жил үргэлжилнэ. Сүүлийн жилд үл хөдлөх зуучлалаараа ажиллах болно. Мөн энэ хугацаанд Америк дахь тансаг зэрэглэлийн хотхоныг Монголд оруулж ирэхээр төлөвлөсөн. Учир нь Монгол дахь барилгууд хоорондоо ижил төстэй, нэг стандартаар баригдаж байгаа. Харин бид Америк стандартын дунд орлоготой иргэдэд зориулсан залуучуудын хотхоныг барихаар зорьж байгаа.
-Танай компанид гарч байсан хамгийн том бэрхшээл? Түүнийгээ давтагдахгүйн тулд одоо ч хэрэгжүүлж буй арга хэмжээ?
Эдийн засаг таагүй болохоор манай салбарт шууд мэдрэгддэг. Шууд борлуулалт зогсдог. Энэ асуулт бидний анхны орж ажилласан төсөлтэй холбогдоно. Хуучин цагаан хаалганы хажуу талд 17 давхар 8000 метр кв оффисын барилгыг бүтнээр нь түрээслэх ажил байсан. Хэдий бид борлуулалтыг 80 хувийн дүүргэлттэй хийж чадсан ч дотоод үйл ажиллагааны стратеги, барилгын компанитай хамтарч ажиллахад гарч болох эрсдэлийг тооцож үзээгүй байсан. Туршлагагүй байсан учраас маш их алдаа гаргасан. Тухайн үед хотын төвд 140 гаруй оффис ашиглалтад орсон. Түүний 60 хувь нь хоосон байсан учир хэтэрхий их өрсөлдөөнтэй байсан юм. Нэгэнт ажил авснаас хойш байршлынхаа давуу талыг тодорхойлох судалгаа, төлөвлөгөөнүүд хийсэн. Эцэст нь жилийн хугацаанд барилгынхаа гадна нэг ч удаа зарна, түрээсэлнэ гэсэн хаяг тавьж байгаагүйгээр 80 хувийн дүүргэлт хийж чадсан. Гэсэн ч бид 3,2 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийж өгөөд 53 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байсан. Борлуулалтаа хийсний дараа зуучлагчийн хөлсөө авна гэсэн тоймтой ерөнхий гэрээ хийсэн. Өмнө нь ч ийм байдлаар ажиллаж байсан. Энэ салбарыг чи сайн мэднэ дээ. Миний юу яриад байгааг чи ойлгож байгаа. Маркетингийн зардлын 0 төгрөгөөр ажлаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь эхнээсээ эрсдэлээ тооцож, ямар ажил хийгдэх, ямар зардал гарах гэдгээ тодорхойлоогүй ерөнхий гэрээ хийж ороод алдсан. Манай улсад шинэ салбар учраас эрх зүйн хувьд өөрсдийгөө хамгаалах зохицуулалт маш бага. Зуучлагчийн хөлсөө авч чадахгүй байх тохиолдол байдаг. Нэг ажил дуусахад дараагийн саналууд их гарч ирдэг учраас тэр бүр ардаас нь хөөцөлдөхгүй орхидог. Харин энэ удаа багийнхан маань 53 сая төгрөгөө гаргуулах хэрэгтэй гээд шүүхэд өгч байлаа.
Маш бага хувийг нь авч чадсан. Гэхдээ надад тухайн үед 53 сая төгрөгөөр туршлага худалдаж авлаа гэдгээс өөр зүйл бодогдохгүй байсан.
Ингээд дараагийн төслийн саналууд ирэхэд бүгдэд нь “pause” авсан. Ажлын процессоо өөрчилж, төсөл дээр ажиллах арга барил, төлөвлөгөөгөө бэлтгэсэн. Хэчнээн сайн хөрөнгө байсан ч тухайн байгууллагын шийдвэр гаргагч хамтын ажиллагааны хүрээнд ёс зүйтэй хүн мөн үү гэдэгт анхаарах болсон. Хоёрт, тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаа хэр сайн бэ гэдгийг харж байж ажил авах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Түүнчлэн төслийн хамгийн эхэнд маркетингийн төлөвлөлтөд хугацаа авах, гарах зардлыг мэргэжлийн зүгээс анхнаасаа урьдчилан бэлтгэж, танилцуулах хэрэгтэйг олж харсан. Ийнхүү энэ явдлаас хойш ажлын төлөвлөлт дээр илүү мэргэшиж чадсан.
-Танай компани төсөл борлуулагчтай гэрээ хийхээс иргэнд борлуулах хүртэлх процессоо тодорхойлж технологижуулсан уу?
Манай компани түрээсийн алба, худалдааны алба гэсэн хоёр албатай. Сүүлд ашиглалт үйлчилгээний албыг бий болгосон. Бүх албанд ажиллах гарын авлага бий. Бид бас л компаниа байгуулахдаа биш бараг хоёр жилийн дараагаас гарыг авлагыг бий болгосон.
Тухайлбал, шинэ ажилтан ирэхэд хэрхэн угтах, ширээг нь хэн бэлдэхийг хүртэл тодорхойлсон байдаг. Ажилтныг анх авахдаа шалгаруулалтад тэнцлээ гэдэг албан бичгийн загвар дизайнд хүртэл анхаарч илгээдэг. Анхнаасаа сайн ажиллуулах, сэтгэгдэл төрүүлэх бүхнийг хийдэг. Хэрэв иогоор хичээллэдэг бол ширээн дээр нь иогийн сувенир тавих жишээтэй. Эхлээд журам, дараа нь борлуулалтын гарын авлагатайгаа танилцуулдаг. Төрсөн өдөр нь болж байгаа хүнд зарцуулагдах төсвийг хүртэл журамдаа заасан. Сайн ажилтандаа гадаад, дотоодоор аялах эрх зэрэг аль болох том шагнал олгодог. Энэ мэт байдлаар хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх ажил хийгддэг. Компанийн дотоод журам энэ 10 жилийн хугацаанд маш зузаан материал болсон.
-Танай компанийн амжилтыг илтгэх тоо баримт гэвэл?
Нийтдээ 13 төсөл дээр ажилласан. Төслүүд дээр манайх шиг 13 төсөл дээр ажилласан компани байхгүй. 13 төсөл гэдэг онцгой эрхийн хүрээнд ажилласан гэрээг хэлж байгаа юм. Төсөлтэй ажиллана гэдэг дор хаяж нэг жилийн гэрээ хийгдэнэ. Хамгийн сүүлийн “Эмералд резиденс” хотхоны төслийн гэрээ л гэхэд 2,5 жилийн хугацаатай хийгдсэн.
Төслүүдтэй ажиллахад нэг блок барилгад ойролцоогоор 150 айлын орон сууцыг борлуулах шаардлагатай. Бидний дотоод судалгаа, потенциалаар 2-4 өрөө орон сууцны хотхоныг борлуулахад дундаж борлуулалтын тоо нэг сардаа 10 байр зарж чадах юм байна гэж харсан. Зарим үед 18-ийг зарж байсан тохиолдол ч бий.
-Төслүүдийг зэрэгцүүлж авч байсан уу?
Байсан. Гэхдээ тэр үед бүтэлгүйтсэн. Оффисын барилгын ашиглалт үйлчилгээг хариуцах явцдаа нэг дахин төлөвлөлтийн барилга, нэг тансаг орон сууц, нэг стандартын дундаж хотхоныг зэрэг авч ажилласан. Аль алин дээр нь суботник хийсэн. Бид үр шим бага авсан.
-Ер нь үл хөдлөхийн салбарт зуучлалын хичнээн компани байдаг юм бэ?
Санхүүгийн зохицуулах хороон дээр 5000 гэсэн тоо явж байгаа. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 200 гаруй. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоонд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компани харъяалагддаг. Холбооноос бид өөрсдөө биечлэн судалгаа хийхэд 120-иод компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж харсан.
-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулахад хэр зардалтай вэ? Минийхээр тэгээс ч эхлэх боломжтой юм шиг санагддаг.
Тэгээс эхэлсэн компаниуд бий. Харин өнөөдөр Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллагатай хамтран лицензтэй болгож байна. Яг одоогоор тусгай зөвшөөрөл өгөхгүй байгаа. Түр зогсоосон. Үл хөдлөх зуучлалын компани байгуулах бол Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах ёстой гэдэг хууль нь батлагдсан. Одоогоор дээрх байгууллагууд журам дээр хамтран ажиллаж байгаа.
-Тэгэхээр уг журамд эхлэлийн хөрөнгө заасан байх нээ?
Оффисын үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагааг жигдрүүлэхэд 80-иад сая төгрөгийн эхлэлийн хөрөнгө байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Мөн тухайн аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчийн боловсрол, борлуулалт, реалторуудад тавигдах шаардлага зэргийг тавьж байна.
-Энэ чиглэлийн компанид эрсдэлийн сан юунд зарцуулагддаг юм бэ?
Борлуулалт амжилттай хийгдэхгүй тохиолдолд цалингийн асуудал гарна. Цалингийн хуримтлалын сан заавал байх ёстой. Манай компанийн хувьд дараагийн зургаан сарын цалингийн хуримтлалын санг үүсгэсэн байдаг. Мөн ганцаараа хувьцаа эзэмшигч би эрсдэлд орвол компани асуудалд орох учраас санхүүгээ дэг журамтай болгож, би цалин авдаг болсон.
-Танай компани саяхан сургалт хийсэн. Үргэлжлүүлэн хийхээ ч мэдэгдсэн. Үүгээр танай үйл ажиллагаа тэлж байна гэж ойлгох уу?
Өмнө нь хэлсэнчлэн байгууллагын хөгжлийн маань гурав дахь шаттай холбоотой. Бид өөрсдийн мэдлэгт суурилсан хөдөлмөр, туршлагыг нэгтгэж байгаа юм. Бид өнөөдөр урт хугацааны төслийн ажил авахгүй байгаа. Ингээд төслүүд авахгүй зогсоогоод ирэхээр зах зээл дээр маш олон зуучлалын компани байгаа ч манайх шиг төслийн, хотхон хорооллын борлуулалт хийдэг компани маш цөөн байгаа нь харагдсан. Ихэнх нь жижиг нэгжийн борлуулалт дээр ажилладаг. Бид эхний дөрвөн жилийн борлуулалтын орлогоосоо харахад төслийн борлуулалт дээр маш сайн хөрөнгө болон мэдлэгийг бий болгож чадсан. Энэ төслийн борлуулалт дээр ажилласан туршлага, гаргаж байсан алдаа, оноон дээрээ суурилан сургалт өгөхөөр болсон. Би хувь хүмүүстэй ажиллаж байгаа зуучлалын компанийн үйл ажиллагааг зах зухаас нь хараад л тухайн эзний хувийн амьдрал ямархуу янзтай байна, компани нь ямар асуудалтай явж байгааг шууд мэдрэгддэг.
Төсөлд оролцоно гэдэг тухайн төслийн маркетингийн төлөвлөгөөг хийнэ, тухайн обектын худалдан авагчийн сегментийг тодорхойлно, СӨХ-ийн зөвлөгөөг өгөх, гадна болон дотор тал худалдан авагчийг ирэхэд ямар байх зэрэг жижиг асуудлаас авахуулан компанийн засаглалд хүртэл оролцдог. Энэ мэт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бид үүсгээд өнөөдрийг хүрсэн байна.
-Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооноос өөр мэргэжлийн сургалт өгдөг газар байдгийг мэдэхгүй юм.
Байхгүй. Сургалтыг зохион байгуулаад ирэхээр сургалтаар цангасан байгаа нь харагдсан. Сургалтаа төслийн хэлбэр лүү оруулцгаая хэмээн уриалж, “таслалаа нэмье” гэдэг хаш таг ашигласан. Энэ нь сая төгрөг хоёр таслалтай байдаг бол таслалаа нэмж, орлогоо нэмье гэж байгаа юм. Бусдадаа сурсан мэдсэн бүх туршлагаа өгсөн сургалт хийж байгаа.
-Танай компанийн өөрсдийн жилийн орлого хэр байдаг юм вэ?
Бидний ажиллаж буй талбараас шалтгаалан жилээр орлогоо тодорхойлох боломжгүй. Төсөл хэрэгжиж дууссан үед л орлогын хэмжээ тодорхой гарч ирнэ. Сүүлийн 2,5 жилийн төслийг амжилттай хийгээд дуусахад 90 гаруй тэрбум төгрөгийн орлогыг хийснээс 2,5 хувийг нь бид авсан.
-Компанийнхаа юугаар хамгийн их бахардаг вэ?
Зуучлалын салбарт 10 жил ажилласан маань бахархал. Мөн компанийнхаа ажилтнаар бахархдаг. “REMAX”-ын тулгуур нь болж байгаа, хамгийн сайн орлогыг нь бүрдүүлдэг залуучууд манай компаниас төрөн гарсан. Тэднээрээ бахархдаг. Байгууллагынхаа үндэсний хурал дээрээ хүртэл “Мексо”-д байхдаа л үл хөдлөхийн чиглэлээр бүх зүйлийг сурсан гэдэг мессежийг өгч байсан нь миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн.
-Компани ч тэр, хувь хүн ч тэр үргэлж суралцах хэрэгтэй. Та өөрийгөө хэрхэн бэлтгэж байна вэ?
Дел Карнегийн сургалтад суудаг. Дел Карнегийн биеэр туулсан ажлын арга барил энэ үеийнхэнтэй сайн нийцдэг тул түүний зөвлөгөөг дагадаг. Сангийн дэд сайд Х.Булгантуяатай ярилцаж суух, зөвлөгөө авах дуртай. Мөн гэр бүлийн болон найзууд дундаас тэнцвэртэй зөвлөгөө өгдөг хүн гээд 4-5 зөвлөхтэй болсон. Тэдэн дунд сэтгэл зүйч ч бий. Гурван жилийн өмнө нэг найз маань надад сэтгэл зүйчтэй уулзахыг зөвлөж байхад намайг доромжилчихлоо, сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж байгаа юм байхдаа гэсэн ухааны зүйл бодож байлаа. Маш эвгүй байсан. Одоо бодоход өөрийгөө тэр үед ямар түүхий байсан юм бэ гэж боддог.
Хүн сэтгэл зүйчтэй уулзталаа өөрийнхөө эмгэгтэй болсныг анзаардаггүй.
Одоогоос дөрвөн жилийн өмнө миний маш их итгэж байсан борлуулагч намайг хуурч байсан нь хүнд итгэдэггүй, хүнийг харддаг өвчтэй болгосон байсан. Сүүлд үүнийг мэдчихээд энэ бол тэр хүний л асуудал байсан юм байна, дээр нь тэр хүнийг тийм болгоход тодорхой хэмжээнд би өөрөө нөлөөлсөн, компанийн дотоод үйл ажиллагаа сулаас ч ийм асуудал гарсан гэх мэтчилэнг таних нүд нээгдсэн гэх үү дээ.
-Энэ 10 жил ажлаа сайжруулахад тань илт нөлөөлсөн зуршил, арга хэмжээ юу байв?
Сахилга бат. Бидэнд маш олон гэнэтийн ажил гарч ирдэг учир өмнө төлөвлөсөн ажлаа цагт нь дуусгаж сурах шаардлага гарч ирсэн. Дотооддоо бол хүн бүрийг бүтээмжтэй ажиллуулахаар СRM системийг нэвтрүүлсэн.
Ер нь ажлаа сайжруулах зүйлийг биеэрээ мэдэрч бий болгосон байна гэдгийн цаана маш их хөдөлмөр байдаг. Анх энэ талаар таныг ярилцана гэж хэлснээс хойш их бодсон. Ажлаа сайжруулсан олон алхам хийсэн.
Маркетинг гэхээр Фэйсбүүк дээр ч юмуу, маш их boost хийснээр зарагдана гэж ойлгодог. Гэтэл энэ төрлийн сурталчилгаа маш их болсноос ялгарахаа байсан. Мөн бодит байдлаас өөр шаардлага хангахгүй зураг түгээж байгаа зэрэг нь борлуулалтад сөргөөр нөлөөлдөг. Харин бидний хувьд шууд бус далд сурталчилгаа, худалдан авагчийн сонирхлыг ухаалгаар яаж татах вэ гэдэгт төвлөрдөг. Жишээ нь влог хийж байна. Шууд зарна гэсэн байдлаар биш түүний тохижилт интерьертэй холбоотой мэдээлэл өгдөг. Үүний ард ирж байгаа асуултын 70-80 хувь нь “Хаана байдаг хотхон бэ” гэсэн асуулт байдаг.
Би VIP residence, Zaisan Villa-гийн борлуулалт дээр зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэдэнд хотхоны танилцуулга болон маркетингийн шийдлүүдийг, мэргэжлийн багтай хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг саналыг тавьж байгаа. Манай хувьд ч, барилгын компаниуд ч тэр өөрсдөө бүх шийдлийг хийгээд явна гэхэд хэцүү. Мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах зөвлөгөөг өгдөг. Үл хөдлөх хөрөнгийн маркетинг цогц хийж байгаа байгууллага цөөн. Сүүлийн үед энэ тал дээр Oly.mn-ийг сонирхох болсон. Мөн тус сайт VR системээр бодит зураглал харуулдаг. Энэ нь тухайн давхрын үзэгдэх орчин, сууцны дотоод зохион байгуулалтыг харах боломжийг өгч байгаа юм. Гурван ч төслөөрөө тэдэнтэй хамтран ажиллаад байна.
-Ямар ном унших дуртай вэ?
Номын хувьд би бол “зажлагч”. Маш замбараагүй уншдаг. Олон ном зэрэг эхлүүлдэг. Энэ тал дээр өөртөө шүүмжэлтэй хандаж байгаа. Нэг хэсэг ар гэрийн шалтгаанаар орон гэргүй хүртэл болж байсан. Хэзээ дахиж байртай болно доо гэдэг үе саяхныг хүртэл байсан ч энэ салбарт ажиллаж байгаагийнх гурван ч үл хөдлөхтэй болсон байна. Эдгээр амьдарч байгаа газрууддаа бүгдэд нь энд тэндгүй ном эхлүүлж тавьсан. Нэг нэгээр нь системтэй уншихгүй бол хөнгөхөн, гүйлгэж уншдаг болчихдог юм билээ. Одоо бол компанийн соёлыг судалж, энэ талаарх номууд унших болсон.
Нэг онцлог нь би өөрт тус болсон номоо дахин шинээр нь аваад хадгалчихдаг. Яг тэр номын тус хэрэг болсон, асуудал тулгарсан хүнд би бэлэглэдэг.
Элийрэгч Уянгаа зүрх өвдөөд ухаан алдаж унасан гэдгээ надад хэлсэн. Би ч өөрөө ийм байдалд орж байсан. Яг тэр үедээ би “Ferrari машинаа зарсан лам” гэсэн номыг уншсан. Өмгөөлөгч залуу өөрийнхөө биеийг үл хайхран ажиллаж, биеэ муутгаснаар буцааж өөрийгөө сэргээж гэгээрлийн зам руугаа орсон хүний бодит түүх юм. Энэ ном миний амьдралд маш их нөлөөлсөн. Үүнийг Уянгаад өгсөн. Олны мэддэгээр нь Уянгаар жишээ авчихлаа. (инээв)
-Өдөрт та хэдэн цаг ажилладаг вэ?
Эхэндээ 12-14 цаг ажилладаг байсан. Харин өнөөдөр ажлын 8 цагт ажлаа амжуулахыг хичээж байгаа.
Завгүй байна гэдгийг мундаг хүний хэлдэг үг гэж бодохгүй байгаа. Дандаа завгүй байна гэдэг заваа гаргаж чадахгүй, зохион байгуулалт муутай хүн гэж ойлгох болсон.
Өмнө нь хэт “мах руу” ажиллаж, би л ажил дээрээ байх ёстой гэдэг байлаа. Сүүлийн жилүүдэд CRM систем болон Asana-гийн тусламжтайгаар намайг гадаадад байсан ч ажил хэвийн явагддаг болсон. Борлуулагчиддаа хүртэл над руу ажлаа илгээх хэрэггүй гэдэг шаардлагыг тавьж байгаа.
Заримдаа ажилтнуудтайгаа чөлөөт ярилцлага хийх дуртай. Монгол хүмүүс дотогшоогоо ярьдаггүй. Үүнээсээ болж дотроо бодож явсаар хямрах, бусадтайгаа үл ойлгох асуудал үүсдэг. Иймд заримдаа сэтгэл зүйч авчирч, ярилцуулдаг.
-Сүүлийн үеийн компаниуд, ялангуяа Старт-ап-уудын ажлаа явуулж буй арга барилаас суралцах зүйл маш их байна. Танай компанийн хувьд ямар шинэлэг арга аргачлал, санаачилгыг компани дээрээ хэрэгжүүлж байна вэ?
Ажилдаа ирэхэд дуртай болгох, ажлаа чөлөөтэй хийх, “галзуу” санаа бодож олох орчныг бүрдүүлэхэд анхаардаг. Оффисдоо физик эмчилгээ, түргэн массажын хэсэг байлгадаг. Мөн заавал шар айраг байлгадаг. Журамдаа зохистой хэрэглэх тухай зөвлөгөөг тусгасан. Шинээр авсан төслийнхөө анхны хурал дээрээ хүртэл шар айраг байлгадаг. Кофе бол хэт сэргээдэг, биеэ барихад хүргэдэг. Хамтрагч барилгын компаниуддаа ч чөлөөт ажиллах хэв маягийг бүрдүүлэхийг зөвлөдөг. Тэд гэхдээ маш их гайхаж хүлээж авдаг. Хүлээж авахгүй л байна л даа.
-Барилгын компаниуд шинэ соёлыг нэвтрүүлэх, дижитал шилжилт хийх зэрэгт бэлэн биш санагддаг.
Тийм. Одоохондоо болоогүй л байна. Би бол ийм ажлын байран дээрх чөлөөт арга барилын үр шимийг маш сайн ойлгосон.
-Сүүлийн асуулт. Таны хийж байгаа влогийн тухай?
Тавилга, болон орчны талаарх мэдээллийг бий болгож, эрч хүч, тав тух авах өөрийн орчноо бүрдүүлээсэй гэсэндээ бэлтгэж эхэлсэн. Цагаан сараар айлаар ороход Хятад ч юм шиг, Солонгос ч юм шиг яг нэг хивэнд цутгасан загвартай байдаг. Би тийм их мэдрэмжтэй хүн биш. Зүгээр л энийг яагаад ингээд энд тавьж, ингэж хэрэглэж болохгүй гэж өөрөөр хардаг. Влогоор дамжуулж эвдэж сэтгэ, өөрөөр тохижилтыг бий болгооч гэдэг санааг өгч байгаа юм.
Анх өөрийнхөө гэрийн тавилгыг хайж, сонголт хийхэд их хугацаа зарцуулсан. Их хөдөлмөр ордог гэдэг нь харагдсан. Гэрээ тохижуулсныхаа дараа хүүгээрээ утсаа бариулаад бичлэг хийсэн. Бичлэгтээ хаана, ямар үнээр авсныг нь хүртэл хэлсэн. Дараа нь найзынхаа гэрээс бэлтгэсэн. Манай найз гэрээ орчин үеийн хэв маягаар маш их хөдөлмөр зарж өөрөө тохижуулсан байсан.
-Хандалт хэр байна?
Эхний бичлэгийг 14 мянган хүн үзсэн. Фэйсбүүкт сүүлийн бичлэг маань нь тавигдаж, 140 мянган хүн үзсэн байна лээ. Анхнаасаа хандалтыг нэмэх гэж зориогүй. Органик өсөлтөөр явж байгаа. Влог хийдэг хүмүүс өөрийн менежер, дүүгээрээ ч юм уу группүүд рүү шэйрлүүлчихдэг юм билээ. Харин би үзэх хүн нь л үзэг гэсэн бодлоор явж байгаа.
Дараагийн тав дахь влогоороо жүжигчин Г.Ундармаа эгчийг урьсан. Тэднийх бусдаас өөр шинэлэг, бүтээлчээр сэтгэсэн гэдэг нь “Live”-аар нь харагдсан. Хүн нь ч өөрөө надад таалагддаг. Их үнэн хүн санагддаг. Г.Ундармаа эгч “Single Ladies” киноныхоо нээлтийг хийчихээд оръё гэсэн. Үнэнийг хэлэхэд ажилтайгаа холбох бодолгүй, сонирхлоороо хийж эхэлсэн. Гэтэл өнөөдөр барилга болон тавилгын таван ч компаниас хамтрах санал ирснээр ажилтайгаа уях болсон.
Уншууртай сайхан ярилцлага болжээ. Баярлалаа.
Mash saihan yariltslaga bn Mundag daichin bvsgvi yum
Ярилцлага маш их таалагдлаа, час хийсэн мэдээлэл сайтай, амьд ярилцлага болжээ.