Таны фэйсбүүкт нийтэлсэн контентын доор хэрэглэгч коммент бичихэд, эсвэл мессенжэрээр холбогдоход танай байгууллага хэр хурдан хариулж чаддаг вэ? Хариу өгөх хугацаа тань холдох тусам та, танай байгууллага борлуулалтын боломжоо алдаж байна гэсэн үг. Энэ хэрээр тухайн мэдээллийг байршуулж, сурталчлахад гаргаж буй зардал тань үргүй болох магадлалтай. Яг энэ тохиолдолд таны бизнест маркетингийн автоматжуулалт үгүйлэгдэж эхэлжээ гэж ойлгож болно.
“Хүмүүс коммент бичих зэргээр ямар нэг байдлаар хандах үед бот нь автоматаар хариу бичиж, мэдээлэл өгөөд явчихдаг бол борлуулалтын сонирхолтой боломж байна гэсэн үг .Энэ боломжийг харьцангуй цөөн байгууллага ашиглаж байна. Гэтэл энэ шийдэл бол бүхий л байгууллага ашиглаж болох маш энгийн мөртлөө үр дүнтэй автоматжуулалт юм” хэмээн BZP Digital&inbound дижитал маркетингийн агентлагийн үүсгэн байгуулагч Б.Батзориг тодотгож байна.
Тэрбээр Business.mn сэтгүүл болон “Хархорум” дижитал академи хамтран бизнес эрхлэгчдэд зориулан сар бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” сургалтын энэ удаагийн лектороор уригдсан. Тэрээр “Маркетингийн автоматжуулалт ФБ-мессенжер маркетинг ба чатбот” сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж, бизнесмэнүүдийн өмнө тулгамддаг асуудлуудад гол шийдэл, гарцуудыг хэлж өглөө.
/Хэрэв та энэ талаар түүний оролцсон подкастыг сонсохыг хүсвэл энд дараарай/
Бид дижитал шилжилтийн талаар урьд өмнөхөөсөө илүү их ярьдаг болсон ч байгууллагуудын өмнө тулгамдсан асуудал хэвээр байгааг энэ удаагийн сургалтаас мэдэрч болохоор байв. Тухайлбал, лектор, дижитал маркетер Б.Батзориг “Танай байгууллага чатботтой юу” гэж асуухад танхимд цугласан хүмүүсийн 30 орчим хувь нь л гар өргөж харагдав. Оролцогчдын ихэнх нь маркетингаа ямар нэг байдлаар автоматжуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон учраас энэ удаагийн “Бизнес цэнэг” сургалтыг зорин ирсэн гэдгээ онцолж байв. Хамгийн гол нь тэд хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй байгаа учраас мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг хүсчээ.
Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршооны захирал Ц.Эрдэнэбаатар:
Би 15 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. Сар гаруйн өмнөөс л маркетингаа автоматжуулах, тэр дундаа чатботтой болох талаар сонирхож эхэлсэн. Учир нь чатбот хөгжүүлдэг хэд хэдэн компани манайд хандсан. Тэгээд яалт ч үгүй загвар, функцыг нь сонирхож харсан хэрэг. Манай хоршоо 21 аймагт салбартай, 330 суманд үйл ажиллагаа явуулдаг. Нийт 500 гаруй гишүүнтэй. Тиймээс манай гишүүн болохын тулд хөдөө орон нутгаас хүмүүс ихэвчлэн утсаар холбогдож, заримдаа өөрийн биеэр ирж асууж лавлах тохиолдол гардаг. Хоёрдугаарт, бид малын эм, эмийн бүтээгдэхүүн худалдаалдаг учраас тэдгээрийг хаанаас, хэрхэн худалдаж авах талаар асууж, олон мянган эмч нар хандах зэргээр манай утас тасралтгүй ажилладаг. Утасны дуудлагууд давхацсан тохиолдолд манай хоршоог ажиллахгүй байна гэж ойлгох жишээтэй.
Одоо хөдөө орон нутгийн хүмүүс бүгд фэйсбүүк хаягтай болж, сошиал орчинд орж ирж байна. Тэгэхээр бид ч бас энэ бүхнийг ашиглаж, эхний ээлжинд компанийнхаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, байршил зэрэг наад захын мэдээллээ чатботтой холбох зорилгоор өнөөдрийн сургалтыг зорьж ирлээ. Аль болох хурдан л чатботын үйлчилгээг нэвтрүүлмээр байна.
“Мөнхийн чанар” компанийн захирал У.Ганзориг
Манай компани ресторан, түргэн хоол, кофе шоп ажиллуулахаас гадна бялуу, нарийн боов, бэйкэрийн чиглэлээр Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс би онлайнаар байнга мэдээлэл авч, Business.mn сэтгүүлийг уншдаг. Танайхаас зохион байгуулж байгаа сургалтуудад хамрагдахыг хүсдэг ч орон нутагт байдаг учраас тэр бүр хамрагдаж чаддаггүй. Харин энэ удаа хотод ирээд байх үед “Бизнес цэнэг” сургалт зохион байгуулагдаж таарсан учраас зорьж ирж суулаа.
Сүүлийн жилүүдэд бизнесээ автоматжуулж, онлайн болгох шаардлагатай гэдгийг ойлгох болсон ч яаж хөгжүүлэх вэ, тусгай мэргэшсэн хүнд хандах уу гэх зэргээр тодорхой шийдэлд хүрч чадахгүй явсан. Фэйсбүүк хуудастай ч түүнийгээ идэвхжүүлж, амилуулж чаддаггүй гэсэн үг л дээ. Гэтэл бизнесээ хөгжүүлж, өргөжүүлж, орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа учраас энэ талаар судалж, уг сургалтад сууж байна. Цаг үеэ олсон сургалт санагдлаа. Орон нутагт амьдардаг учраас энэ талаар бага мэдээлэлтэй байсан. Б.Батзориг багшийн сургалтад өөрөө биш юмаа гэхэд ажилтнаа хамруулна гэж бодож байна.
BZP Digital&inbound дижитал маркетингийн агентлагийн үүсгэн байгуулагч Б.Батзориг зөвлөж байна:
– Байгууллагууд маркетингаа автоматжуулахад гаргадаг гол алдаа
Хүмүүс маркетингаа автоматжуулснаар бий болох боломжуудыг ашиглах тал дээр сул ханддаг. Тухайлбал, хэрэглэгч фэйсбүүкийн send message товчлуур дээр дарахад мессенжэр рүү нь хандах сурталчилгааг хийчихдэг мөртлөө тухайн сурталчилгаанд танилцуулж буй бүтээгдэхүүнийхээ мэдээлэл рүү холбох гол ажлаа дутуу орхидог. Чатботдоо маш гоё мэдээлэл байршуулдаг ч хэрэглэгч сурталчилгаан дээр дараад ороход чатботынхоо зөв хэсэг рүү хөтөлдөггүй байх зэргээр тохиргоогоо оновчтой зохион байгуулдаггүй. Өнөөдөр чатботоор дамжуулан шууд борлуулалт хийдэг болчихсон байхад ихэнх байгууллагын чатбот болон борлуулалтаа уялдаа холбоо сул байдаг гэх мэт дутагдлыг нэрлэж болно.
Чатботын асар олон программууд бий. Гол асуудал нь харилцааны урсгал. Хүнтэй яаж харилцвал үр дүнтэй вэ гэдгийг тооцоолж чатботоо хөгжүүлэх хэрэгтэй.
Байгууллагууд хэрэглэгчээ хэн бэ гэдэгт ач холбогдол бага өгдөг. Нэг талаас, хэрэглэгчийн персона, нөгөө талаас, тухайн хэрэглэгч ямар сегментийнх гэдгийг тодорхойлж, манай компанитай ямар харилцаа үүсгэсэн болон хэрэглэгчийн өгөгдлийг бий болгох, цуглуулах, ойлгох, боловсруулах тал дээр анхаарал бага хандуулж байна. Зөвхөн манай фэйсбүүк хуудаст хүн их хандаж байна гэсэн өнцгөөс л хардаг. Гэтэл хэрэглэгч танай компанийн хуудаст орж ирж, чатботд хандан тодорхой мэдээлэл үзэж байна гэдэг нь тухайн хэрэглэгчийн онцлогийг харуулж байгаа юм. Товчхондоо, тухайн хүний хэн бэ гэдгийг хэлж байна гэсэн үг. Ийм чухал зүйлд анхаарал хандуулахгүй харин массаар нь авч үзсэн уламжлалт аргуудтай илүү их зууралдаад байгаа хандлага анзаарагддаг.
– Маркетингаа автоматжуулахаар зорьж буй хүнд хамгийн түрүүнд юу гэж зөвлөх вэ?
Хамгийн түрүүнд чатботын шийдлүүд байна. Үнэгүй хувилбаруудыг нь ашиглаж үз. Энэ чиглэлийн хичээлүүд ч мөн байдаг. Манай дээр ч мөн танхимын сургалтууд бий. Эрт эхлэх тусмаа л эрт сурна гэсэн үг. Би инженер, технологийн хүн биш учраас чатботын программ сурахгүй байх гэж төвөгшөөх бус хийж үзэх л хэрэгтэй. Эдгээр программ технологийн бус, жирийн хүмүүс сурахад зориулагдсан байдаг.