Эрлийн зөгий цэцгийн тоос хаана байгааг судлахаар нислэгт явна. Цэцгийн тоос олсон бол ажилчин зөгийд мэдээлнэ. Тоос хураасан зөгий үүрнийхээ үүдэнд ирээд нөгөөд дамжуулна. Эцэст нь сархиандаа хийж, хэсэг хугацааны дараа бал болон хувирна. Энэ маягаар амтат бал үйлдвэрлэдэг. Энэ бол “байгалийн” кластер.
Харин хүн амьдралдаа тэр болгон зөгий шиг хамтран ажиллаж чаддаггүй. Ийм байдал манай улсын эдийн засгийн олон салбарт харагддаг. Гэхдээ 500 орчим өрхийн нуруун дээр буй зөгийн аж ахуйн салбар үүнийг өөрчлөхөөр тэдний төлөөлөл болсон 38 өрх нэгдэн, үйл ажиллагаагаа утгаар нь бизнес болгохоор хүчээ нөөцөлж байна.
Тэдний үйл ажиллагааг “Монголын зөгийчдийн нийгэмлэг” зангидаж байгаа бөгөөд хамтдаа нэг брэнд гаргахаар нэг удаагийн хурлаар л дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, шуудхан маргааш нь ажилдаа орсон байдаг. Ингээд тэд 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн хоёр сарын хугацаанд хонон өнжин “Мон-Апи” хэмээх найман боть бүрэн хэмжээний кластерын төсөл бичжээ.
Төслөөр олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж бүхий эрчимжсэн зөгийн аж ахуйн бааз суурийг байгуулах аж. Мөн модон эдлэл, сэмжний, зөөлөн эдлэлийн, тэжээлийн үйлдвэр, савалгааны, үржлийн аж ахуй, зөгийн эмийн үйлдвэрлэл гээд ханган нийлүүлэлтийн сүлжээг бэлтгэх юм. Эдгээрийг одоогийн бааз суурин дээр буюу энэ чиглэлээр ажиллаж байгаа компаниудыг сонгож, тэднийг чадавхийг сайжруулахаар болжээ. Харин бүтээгдэхүүн шаардлага хангасан эсэхийг лаборатори болон Eco national компани баталгаажуулна. Баталгаажуулсан газруудыг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд хийж өгч буй аппликешнд байршуулна. Эцэст нь түгээлт борлуулалтыг “Нано интернэйшнл” компани хариуцахаар болжээ.
Энэхүү төслөө ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хүлээлгэн өгсөнд урьд өмнө нь ийм хэмжээний нүсэр төсөл ирж байгаагүйд алмайран гайхаж, “Зөгийн кластерынхан онцгой байна шүү” хэмээн магтахад хүргэсэн гэдэг. Одоогоор зээл олгох эсэх нь шийдэгдээгүй байгаа ч энэ өндөр үр ашигтай салбарыг Монголдоо хөгжүүлэх боломжийг нээж өгөхийг тэсэн ядан хүлээж байна.
Шарын голын шилмэл шар
Хоймортоо Дархан-Уул хайрханаа залсан Шарын голд эндхийн унаган өрх Э.Мэндбаярынх 28 жил зөгий маллаж байна. Тэр бол Монголдоо зөгийн зоотехникчээр бэлтгэгдсэн ганц хүн бөгөөд “Мон-Апи” кластерын төслийг санаачлагчдын нэг юм.
Түүний “Ачлалт алтан зөгий” хэмээх зөгийн аж ахуй нь сумын төвөөсөө 30 орчим км-ын зайд Шивэрт хэмээх газарт байрладаг. Энэ хавиар олон жил зөгий малласан болохоор нутгийн иргэд “Зөгийн ам” гэцгээнэ.
Зөгийн амын хойгуур Хэнтийн нурууны салбар уулс, урдуур нь шинэс, хар модон ой үргэлжилж, зүүн талаар нь Шивэртийн гол урсана. Зөгий идээшдэг Цэцэгт нугат тал, Нохойн хошууны ам эндээс холгүй. Монос, нохойн хошуу, гишүү, гүзээлзгэнэ, жамъянмядаг, сэржмядаг, шар, хөх яргуй, холтсон цэцэг, булцуут туйпланцар, намуунаа, дагуур сараана, алаг цэцэгт башир гээд л төрөл бүрийн цэцэг, цэцэгт мод, эмийн ургамал, жимс жимсгэнэ элбэг энэ газарт жилдээ хоёроос гурван тн амтат бал хураадаг ч хуримтлагдана гэж үгүй, дорхноо дуусдаг.
Монголын зөгийн аж ахуйн салбарыг өрх гэрүүд л авч явдаг
Э.Мэндбаяр 1988 онд ХААИС-ийг малын эмчээр төгсөөд Монголд анх зөгийн аж ахуйг нутагшуулсан Сэлэнгийн Шаамарт зөгийн эмчээр зах зээл шилжих хүртэл гурван жил ажилласан юм. Харин дараа нь 24 бүл зөгийтэйгөөр Шарын гол нутагтаа эргэн иржээ. Гэхдээ тэр ганцаараа бус гэргий М.Өлзийдэлгэрийн хамт аж ахуйгаа эрхлэх болов. Нэг бүл тус бүрийг 2000 төгрөгөөр авч байсан нь тухайн үед чанга үнэлгээ хэдий ч Шарын гол хүн ам ихтэйн дээр, оросууд, чехүүд ихээр амьдардаг байсан тул зөгийн бизнес нь шуудхан л ашигтай ажиллах болжээ.
Түүний гэргий Эрхүүгийн их сургуулийн Физикийн ангийг төгсч, Шаамарын МСҮТ-д физикийн онолын багшаар ажиллаж байгаад, Шарын голд ирмэгц өрхийн зөгийн аж ахуй эрхлэхээр нэг мөр орсон нь энэ. Тэд хожуу аж ахуйгаа “Ачлалт алтан зөгий” хэмээн нэрийдэж, шинэчилсэн хуулийн дагуу нөхөрлөлийн системээр үйл ажиллагаа эрхлэх болсон байна. “Анхандаа аргыг нь олохгүй энд тэндээ хатгуулж, хэдэн цаг мэдээ алдаж, тэр нь булуу болтлоо хавдаж л явлаа” хэмээн М.Өлзийдэлгэр одоо ажрахгүй ярьж байгаа ч залууд нь шантарч бэрхшээмээр хүнд асуудал бишгүй байжээ. Монголын зөгийн аж ахуйн салбар 1958 оноос эхлэлтэй гэж үзвэл тэднийг хоёр дахь үеийн зөгийчид хэмээж болох юм.
Шарын голын энэ хөндийд цэл залуу суурьшсан хос өдгөө ам бүл зургуулаа. Дөрвөн сайхан хүүхэд нь зөгийн аж ахуй дээрээ өссөн учир зөгийндөө хайртай гэж жигтэйхэн. Бүр “Өглөө үүрийг нь нээхэд олуулаа бүлтийчихээд өөдөөс хараад, нэг их хөөрхөн” гэж ирээд л өхөөрдөн ярина. Тэд аж ахуйдаа туслахаар холбогдох мэргэжилд суралцаж яваа.
Том охин нь эдийн засагч мэргэжилтэй бол отгон хүүгээ Японд биотехнологичоор суралцуулахаар зэхэж буй. Харин дунд хүү Манчинсүх болон охин Нандинчимэг нь зөгийн аж ахуйдаа ажилладаг. Эм зүйч мэргэжилтэй М.Нандинчимэг зөгийн балтай эм бэлдмэл гаргаж авахад ээждээ туслана. М.Манчинсүх биотехнологич бөгөөд аж ахуйдаа технологич, менежерээр бүтээгдэхүүнээ зах зээлд таниулан бэхжүүлэх үүргийг гүйцэтгэнэ.
М.Өлзийдэлгэр нэг хэсэг “Маралын Өлзийдэлгэр” хэмээн бүтээгдэхүүнээ өөрийн нэрээр гаргадаг байсан юм. Энэ үеэр 2007 онд “Нэг суурин, нэг бүтээгдэхүүн” хэмээх Монгол дахь сайн зөгийн балыг судлах Японы төсөл хэрэгжсэн аж. Үүгээр Ховдын “Булган”, Шаамарын “Шижир бал”, Шарын голын “Маралын Өлзийдэлгэр” гэсэн бүтээгдэхүүнүүд чанараараа хол илүү давснаас эцэст нь Маралын Өлзийдэлгэр зөгийн бал шалгарч байжээ. Тэдэнд нэг сая төгрөгийн шагнал олгосон бөгөөд энэ шагнал тэдний хувьд онцгой утга учир, цаашид үргэлж нэгд байх хүсэл зорилго өгч, түүнд тэмүүлэх урамыг хайрласан тухайд өнөөдөр М.Өлзийдэлгэр дурсан сууна.
Харин сүүлд боловсронгуй болгосон өөрсдийн нэрийн “брэнд”-ийг гаргахаар хүү Манчинсүх нь ажиллаж, Уулын бал, Будааны бал, Рапесын бал, Зөгийн хорт тос зэрэг бүх бүтээгдэхүүнээ аавынхаа нэрийн угтварыг авч, ээжийнхээ нэрээр логогоо дүрсэлсэн “Мэнд” нэрээр гаргажээ.
Тэд шилдэг брэндийн гурван шагналтай. Нутгийн удирдлагаас хүртсэн Шарын гол болон Дархан-Уул аймгийн брэнд бүтээгдэхүүн, ХХААХҮЯ-ны Орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байв. Мөн Органик монгол хөтөлбөрийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгийн дөрвөн удаагийн “Шилдэг органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” ажээ.
“Ачлалт алтан зөгий” жилд 70-120 бүл зөгийг өсгөн үржүүлж, 80 орчим сая төгрөгийн орлогтой ажилладаг. Үүний тулд арчилгаа хамгийн их шаардлагатай. Зөгий өсөж үржих гэсэн байгалийн хуулиараа эх зөгий суулгаж, нэг бүл дотор хоёр эх зөгий болоход сүрэглэж, хуваагдан зөгийн тал нь нисчихдэг тул үүрийг нь байнга шалгаж байх нь чухал. Нэг бүл зөгийг алдахад л жилд 50 кг зөгийн балаа үгүй хийж байгаатай адил тул энэ нь тэдний хувьд маш том асуудал. Зөгийн бүлийг өсгөж, үржүүлэхэд хамгийн өндөр үүрэг, хариуцлагатай эх зөгийчинг М.Өлзийдэлгэр өөрөө бэлддэг. Түүний хэлснээр “Сүрэглүүлэхгүйн тулд үүрийг нь байнга шалгаж, эх зөгийн өлгийвч (үүр) үүссэн эсэхийг хянаж байх хэрэгтэй” гэв. Эх зөгий тав хүртэлх жил насалдаг бол ажилчин зөгий хэдхэн сарын настай. Гэхдээ фермд зөгийн үүлдэр, балны чанараа бодон эх зөгийг гурав хүртэлх жил ашигладаг байна. Эднийх эх зөгийгөө Орос, Герман улсын шилмэл зөгийг авдаг.
Дөрөвдүгээр сараас зөгийн үүрээ бургастай газар байрлуулна. Зургаан сар хүртэл үржлийн ажил явагдана. Энэ хооронд ариутгал, цэвэрлэгээ, бүх эмчилгээ хийгдэнэ. Зургаан сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл гурван сарын хугацаанд балаа гарган авна.
Бүх төрлийн бизнесийн хувьд бүтээгдэхүүн борлуулалт хүнд байдаг. Энэ төрлийн бизнесийн хувьд ч ялгаагүй бөгөөд арваннэгдүгээр сар хүртэл зөгийгөө тэжээж, халамжлах гээд намрын ажил бужигнадаг тул энэ үеэр хүн хүчнээс хамааран борлуулалтандаа анхаарч чадахгүй байх тохиолдол бий. Зун, намартаа тээвэрлэлт, бас бус зүйлст 30 саяын зардал элбэг гардаг. Харин өвлийн улиралд зунжингаа хураасан балаа савлана, цэцгийн тоосоо хатаана, зөгийн үүр хайрцгийн цэвэрлэгээ, засварлалт гээд ажил үргэлжилнэ. Зөгийгөө энэ үед тэжээнэ. Өвөлжөөнд оруулахын өмнө дахин ариутгал, цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх эмчилгээнүүд хийж, 30 рам зөгийг 7-8 рам болтол нь мууг нь устгадаг. Өвөл галлагаа хийн дулаан байлгана. Энэ үед зөгийгөө сахарын сироп, хүч тамир оруулдаг витаминуудаар хооллоно.
Э.Мэндбаяр бага хэмд зөгийн бал доороосоо талсжиж, яваандаа хатуурдаг тухай ярьж байв. Үүнийг хүмүүс сахартай андуурах нь элбэг байдаг ч энэ нь чанартай огтхон ч хамааралгүй. Гэхдээ огт сахаргүй гэсэн үг биш. Байгаль дээр цэцгийн амтат шүүсэнд сахар агуулагддаг учир балны дунджаар таван хувь нь сахар байдаг аж.
Бал нь шар, улбар шар, улаан, цагаан гэх мэт өөр өөр өнгөтэй байдаг нь тоос авсан цэцгийн өнгөнөөс хамаарна. Өнгө нь өөр байгаад зогсохгүй үнэр, амт, өтгөрөлт, талсжилт, эмчилгээний чанар нь хүртэл харилцан адилгүй. 1500 зөгий ойролцоогоор 100 гр бал боловсруулна. Гадны улсад ихэвчлэн нэг балт ургамал тарьж, зөгийн бэлчээрийг бэлддэг бол Монголд балыг байгалийн олон цэцэгнээс гаргаж авдаг онцлогтой. Гэхдээ энэ нь зөгийн балыг онцгой болгож чадах эсэх нь зөвхөн зөгийчний мэдрэмж, туршлагаас шалтгаална хэмээн зөгийн мэргэжилтэн, Монголын зөгийчдийн нийгэмлэгийн тэргүүн А.Туяа хэлж байсан юм.
“Ачлалт алтан зөгий” байгалийн антибиотик гэгдэх зөгийн жилийгээр Монголд анхлан усан ханд хийсэн. Энэ нь ходоодны шарх, хоол боловсруулах систем, элэг цэвэршүүлэх, нүдний дусаалга, хамрын гамританд хүртэл өндөр гойд нөлөөтэй аж. Мөн тэд зөгийн хортой тос, зөгийн тоосонцор зэрэг бүтээгдэхүүнийг гаргаж байна.
Өдгөө Зөгийн аманд Мэндбаярынхныг дагаж арван зөгийчин аж ахуй эрхэлж, тэднээс суралцаж байна. Тэдний нэг Ц.Байгальмаа ноднин хоёр бүл авч байсан бол энэ жил 12 бүл болгон өсгөж чаджээ. Тэрбээр улсад эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд биед хөнгөхөн, эрүүл мэндэд ээлтэй бизнес эрхлэх сэдлээр зөгийн аж ахуй руу орсон. Энд түүнтэй ижил зорилгоор ажиллаж буй тэтгэвэртээ гарсан хүмүүс дийлэнхийг эзэлдэг.
М.Өлзийдэлгэр “Зөгийг сургадаг” гэсэн нь биднийг гайхшруулсан юм. Тэр зөгийн аж ахуй эрхэлж суръя гэсэн хүн бүрт шууд тэгдэг, ингэдэг гэж хэлэхгүй мөртлөө яриандаа уусгасаар арга туршлагаа хуваалцаж, биетээр үзүүлнэ. Тухайлбал, стандартын рамд зөгий үүрээ буруу зассан байвал устгаснаар зөгий буруу барьсан гэсэн дохио авч, улмаар зөв барьдаг болчихдог хэмээн үзүүлж байв.
Үүнтэй нэгэн адил “Мон-Апи” кластерыг бий болгосон хүмүүс алдаа, оноон дээрээсээ суралцаж, цаашид үр бүтээлтэй ажиллах бизнесийн загварыг цогцлоох эхлэлээ тавиад байна.