Гурван сарын өмнө “Би хөрөнгө оруулахдаа 51 хувийг авна гэж дайрдаггүй” гарчигтай товч ярилцлага Business.mn вэбсайтд нийтлэгдсэн даруйдаа маш олон хүнд хүрч, улмаар энэ мөрөөр хөрөнгө оруулалт авах сонирхолтой бизнес эрхлэгчид манай сэтгүүлийн редакцтай холбогдож эхэлсэн юм. Редакцтай холбогдохоор утас жингэнүүлэх бизнесмэнүүд хөрөнгө оруулалт авах хэрэгцээ хэчнээн их байгааг, мөн тэд заримдаа хаана, хэнд хандахаа мэдэхгүй мухарддагийг ярианы төгсгөлдөө хэлэх тэдний талархлын үгс эрхгүй нотолно. Тийнхүү хүмүүсийн эрж сурж байсан ярилцлагын зочин маань Японы тэрбумтан, хөрөнгө оруулагч Таками Юүичи байв. Түүний анд найз П.Наранбаяртай холбогдоход “Ярилцлагын дараагаас баахан хүн залгаж, уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх боллоо” хэмээн “гомдол” мэдүүлсэн юм. Үнэхээр ч гуравхан сарын хугацаанд тэдэнтэй асар олон хүн холбогджээ. Хамгийн гайхалтай нь тэдгээр бизнесмэнээс хоёр нь хөрөнгө оруулалт авахаар болоод байгаа юм. Тиймээс бид энэ удаа Таками Юүичи гуайтай илүү дэлгэрэнгүй ярилцахаар “Манлайлагч” буландаа урилаа.
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан тэрбээр олон компани байгуулж, тэдгээр компани бүрээ амжилтад хүргэж чадсан төдийгүй гадаад, дотоодын цөөнгүй компанид хөрөнгө оруулсан нийгмийн энтрепренер нэгэн юм. Түүний хөрөнгө оруулсан компаниудын тоонд “LendMN”, “CallPro” зэрэг Монголын технологийн шилдэг компаниуд ч багтаж буй.
Та Монголд ихэвчлэн зун ирдэг. Харин энэ удаа өвөл ирлээ. Ямар ажлаар ирэв ээ. Өвөл, зун ирэхэд ямар ялгаа анзаарагдаж байна. Монголын өвөл их хүйтэн шүү дээ. Яг одоо л гэхэд гадаа -20 хэмийг зааж байна?
Business.MN вэбсайтд ярилцлага өгснөөс хойш над руу маш олон хүн хандсан. Түүнээс хойш би хоёр ч шинэ компанид хөрөнгө орууллаа. Энэ хоёр компанид хөрөнгө оруулах бичиг цаасны ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Монголд өвөл ирж таарлаа.
Улаанбаатарын агаар их сайжирчээ. 2000-аад оноос өмнөх утаанд баригдаагүй Улаанбаатарыг би мэднэ. Метрийн цаадах газар харагдахгүй байх тэр үеийг ч бас үзсэн. Тэгэхээр агаарын бохирдолтой тэмцэж, үүнийг арилгахад олон хувийн ААН бизнесийн олон янзын механизмыг ашигласан болов уу. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай уулзаад ярьж байхад Улаанбаатарт сайжруулсан түлшнээс өөр түлш оруулахыг хориглосноор агаарын бохирдол үнэхээр сайн шийдэгдсэн гэж хэлж байсан.
Үнэхээр ч таны ярилцлага Business.MN вэбсайтд нийтлэгдсэнээс хойш манай редакц руу маш олон хүн холбогдсон. Мэдээж хэрэг бүгд л хөрөнгө оруулалт авах зорилготой байсан. Энэ олон компаниас хоёрт нь хөрөнгө оруулахаар болсон байна. Эдгээр компанид ямар онцлог байсан учраас та хөрөнгө оруулахаар шийдсэн бэ?
Энэ удаа би тэс өөр салбарт ажилладаг хоёр компанид хөрөнгө оруулж байна. Эхнийх нь, Монголдоо бизнесээ өргөжүүлж хөгжүүлэх хүсэлтэй компани. Маш жижигхэн тоглоомын дэлгүүртэй. Миний хөрөнгө оруулалтын дүнд ганцхан салбартай байсан уг тоглоомын дэлгүүр өргөжиж 10 салбартай болж байгаа. Шинэ жилийн баяраар тус дэлгүүрийн борлуулалт эрс өсдөг. Тиймээс энэ үеэр амжуулахгүй бол болохгүй нь гэж ярьсаар үүсгэн байгуулагч нь орж ирсэн. Түүнд нь зориулж бичиг баримтаа бүрдүүлж дуусахаасаа өмнө хөрөнгө оруулчихлаа. Үүний үр дүнд тэд бараа бүтээгдэхүүнээ яаралтай татаж, баяраас өмнө дэлгүүрийнхээ шинэ салбаруудыг нээх бүх бэлтгэлээ хангаж амжлаа гэж бидэнд мэдээлсэн.
Амьд хөрөнгө оруулалт их чухал. Амьд хөрөнгийг амьд бизнес рүү хийж, амьдруулах л миний хүсэл
Энэ дэлгүүрийн бусад дэлгүүрээс ялгарах онцлог, давуу тал нь юу байв?
“Оюуны төв” нь хүүхдийн оюун, IQ хөгжүүлдэг тоглоомыг төрөлжүүлэн борлуулдаг дэлгүүр. “Оюуны хүрээ” компанийн захирал Х.Ганбаатар гэж хүн энэ тоглоомын дэлгүүрийг санаачилсан. Эдний дэлгүүрт импортын болон өөрсдөө загварыг нь зохион бүтээж, хөгжүүлдэг тоглоомууд гээд аль аль нь бий.
Хөрөнгө оруулсан хоёр дахь компанийнхаа талаар танилцуулахгүй юү?
Faro Technology Solution компанийн урдаа тавьсан зорилго тун онцлог байсан учраас таалагдсан. Тэд маш сайн баг бүрдүүлж чадсан. Өнгөрсөн богино хугацаанд монголчууд бидэнд их хандлаа. Үүнээс гурван зүйл дээр их алддаг юм байна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, зээл, хандив гэсэн ойлголтуудыг нэг ижил зүйл мэт ойлгодог хүн олон байна. Хоёрдугаарт, ихэнх нь компанийг нийгмийн үнэт зүйл, нийгмийн хэсэг гэж хардаггүй зөвхөн гэр бүлийн хүрээнд сэтгэдэг явдал. Тиймээс бидэнтэй үзэл бодлын хувьд таарахгүй байна. Гуравдугаарт, бодсон санасан бизнесийн санаагаа цаасан дээр буулгаж, тэмдэглэсэн зүйлгүй зүгээр л ярьж өгье гээд ороод ирдэг. Ийм дутагдлууд түгээмэл харагдаж байна. Харин Faro Technology Solution-ийн хувьд дээрх гурван зүйлийг маш сайн ухамсарлаж, бүгдийг нь шийдчихсэн байсан. Тэд хөрөнгө оруулалт, бизнес, төсөл гэж чухам юу болохыг маш сайн ойлгодог хүмүүс. Мөн хөрөнгө оруулалт хүлээн авах бэлтгэлээ хэдийнэ хангачихсан байсан. Тийм ч учраас бидний яриа их нийлсэн гэх үү дээ. Тэдэнтэй гурван цаг хагас орчим ярилцаад л хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн.
Х.Ганбаатар: “Оюуны хүрээ” компанийн захирал
“Шарк танк” нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын дугаарт оролцож, шаркуудаас татгалзсан хариу авсан ч “Монгол гэр” тоглоомыг маань хүмүүс мэддэг болсон. Манай гэр бүл “Оюуны төв” тоглоомын дэлгүүрээ нээгээд 10 жил болж байна. Өнгөрсөн жил “Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат гуайн сургалтад сууснаар бизнесээ зөвхөн гэр бүлийн хүрээнд өрнүүлэх бус, илүү өргөжүүлж, надтай, надгүй өөрийгөө аваад явах систем болгон хөгжүүлэх ёстойг ойлгосон. Ингээд дэлгүүрийнхээ салбарыг дөрвөн ам метр хэмжээтэй, авсаархан, зардал багатай тоглоомон ачааны машин хэлбэрээр байгуулах toy truck-ны санаагаа гаргаж байв. Яг ингэж бодоод явж байхдаа Business.mn вэбсайтаас Таками Юүичи гуайн ярилцлагыг олж уншсан. Маш богино хугацаанд буюу ярилцлага гарснаас хойш 14 хоногийн дотор л хөрөнгө оруулалтын асуудал маань шийдэгдсэн.
Харин би хөрөнгө оруулалт авсныхаа дараа буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард Таками Юүичи гуайтай анх уулзсан. Түүнээс өмнө П.Наранбаяр захиралтай уулзаж, хөрөнгө оруулалтын нөхцөлүүдээ тохирсон ба гарын үсэг зурж, гэрээ байгуулахаасаа өмнө хөрөнгө оруулалтаа авсан. Манай бизнесийн идэвхжлийн үе шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяраар таардаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт яаралтай хэрэгтэй гэдгийг Таками сан ойлгосон учраас бидэнд итгэж гэрээ байгуулахаасаа өмнө хөрөнгө оруулсан гэсэн үг.
Б.Идэр-Од: Faro Technology Solution компанийн гүйцэтгэх захирал
Манай компани Японоос хөрөнгө оруулалт татаж байгаагийн үндсэн шалтгаан нь ирэх 10 жилд боловсролын салбар маш их технологижиж, энэ хэрээрээ өсөлт үзүүлнэ. Тиймээс нэгдүгээрт, манайх боловсролын салбарын технологийн компани (edu tech) гэдэг утгаараа салбарын онцлог нөлөөлсөн Хоёрдугаарт, бидний анхны бүтээгдэхүүн болох Hippo Cards аппликэйшн өндөр амжилт үзүүлж, сүүлийн хагас жилийн хугацаанд нийт 300 мянган удаа татагдсан байна. Энэ ч утгаараа App Store, Play Store зэрэг платформ дахь Монголын топ аппуудын тоонд байнга багтаж буй. Мөн манай үүсгэн байгуулагчдын өмнөх бизнесийн амжилтуудыг харахад итгэлцэл төрөхүйц байсан учраас хөрөнгө оруулалт авсан гэж хэлж болно.
Бид хөрөнгө оруулалтынхаа 80 хувийг хөгжүүлэлт болон технологийн ажлууддаа зарцуулна. Үүнээс гадна интернэт, сошиал орчныг ашиглан маш бага зардалтай маркетинг хийх төлөвлөгөөтэй. Хамгийн гол нь сайн бүтээгдэхүүн өөрийгөө зардаг гэж үг бий. Тиймээс бид бүтээгдэхүүнийхээ чанар, ажиллагааг өндөр түвшинд аваачихад хамаг хүчээ зарцуулна.
Таками Юүичи гуай өөрөө технологийн бизнест их сонирхолтой. Тэр дундаа, бүтээлч устгал явуулдаг (disruptive) буюу хуучин системийг халж, шинийг нэвтрүүлсэн бизнесүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой юм билээ. Манай компанийн хувьд боловсролын салбарт технологи ашиглан маш хямд зардлаар олон мянган хүн хэлээ сайжруулах боломжийг нээж байгаа гэдэг утгаараа түүнд их таалагдсан.
Та хөрөнгө оруулахдаа ямар зарчим баримталдаг вэ. Гурван цаг гэдэг хөрөнгө оруулах шийдвэр гаргахад асар богино хугацаа шүү дээ?
Хөрөнгө оруулж буй хүн хэзээ гарах вэ гэдгээ маш сайн харчихсан байх хэрэгтэй. Хэзээ гарах эсэхээ харж чадахгүй байгаа бол тэр хөрөнгө оруулалт биш, хандив болж хувирна гэсэн үг. Ингэж хөрөнгө оруулалтаас гарах (exit) үндсэн гурван арга л бий. IPO хийх буюу хувьцаагаа зарах, эсвэл тухайн бизнесийг худалдаж авах, гуравдугаарт, өндөр ногдол ашиг авах. Гэтэл эдгээрийн алинд ч үл хамаарах, төслийн болон бизнесийн санал байхгүй зүгээр л мөнгө өгчих гэсэн хандлагатай хүмүүс нэлээд байдгийг анзаарлаа. Хөрөнгө оруулалт хайж байгаа хүмүүс энэ талаар маш сайн бодож, толгой доторхоо цэгцлээгүй орж ирэхээр би яаж ч хөрөнгө оруулах билээ дээ. Шинэ хүмүүстэй уулзаж, танилцахыг би маш их хүсэж байгаа. Гэхдээ миний түрүүнд хэлсэн гурван ойлголтыг ялгаж салгалгүйгээр хооронд нь хольж хутгаад ороод ирэхийг бол таашаахгүй (хөрөнгө оруулалт, зээл, хандив).
Би шийдвэр маш хурдан гаргадаг хүн. Мэдээж тухайн төслийг харна, өөрийнхөөрөө бодно, судална. Хөрөнгө оруулалт авах бэлтгэлээ хангаагүй байж, тантай уулзана гэж орж ирээд бие биеийнхээ цагийг дэмий үрэх тохиолдол байна. Ерөнхийдөө амьд хөрөнгө оруулалт их чухал байна. Нэг үгээр, амьд мөнгө, амьд хөрөнгийг амьд бизнес рүү хийж амьдруулах гэсэн үг. Энэ л миний хүсэл. Гэвч тэр хэмжээнд хүрэхгүй, санаанд таарахгүй нь их байна. Зүгээр нэг төсөөлөл төдий санаа, цаасан дээр буулгаж, сайн цэгцэлсэн төсөл төлөвлөгөө гэдэг зүйл хоорондоо ялгаатай. Хөрөнгө оруулах шийдвэрийн тухайд хэдхэн цагийн дотор гаргана гэдэг ховорхон тохиолдол шүү дээ. Би хөрөнгө оруулах эсэхээ шийдэхдээ уртдаа л гэхэд долоо хоног орчмыг л зарцуулдаг. Ер нь нэг их цаг үрээд байдаггүй хүн. Хурдтай гэвэл хоёр хоног л болно. Үгүй ээ, гурван цаг ч юм уу (инээв).
Боломжийн бурхан бүх биеэрээ тос түрхчихээд чамайг тойроод нүцгэн гүйж байна гээд төсөөл дөө. Дээрээ зөвхөн хөхөл үстэй. Түүнээс чи ганц л удаа атгах боломжтой. Тэр боломжийг л алдаж болохгүй. Сая Японоос наашаа ирэхэд нисэх онгоцон доторх хэд хэдэн сэтгүүл дээр “CallPro” компанийн захирал Г.Тулга гарсан байхыг хараад их гайхсан. Ямар мундаг юм бэ гэж бодсон шүү. Тус компани Японы зах зээлд гарах бүх суурь нөхцлөө бүрдүүлчихээд байна. Өмнө нь чамайг ярилцлага авахад би “CallPro” Японы зах зээл рүү гарна гэж хэлж байсан даа. Гэтэл одоо Японы зах зээлд гарахад хэдийнэ бэлэн болчихоод байна (Бид үүнээс дөрвөн сарын өмнө ярилцаж байв). Стартапуудын хувьд хурд гэдэг амин чухал.
Бас нэг чухал зүйл бол хөрөнгө оруулалт таван үе шаттай (Angel, Seed, Series A, B, C) байдаг. Миний хувьд Angel болон Seeds-ийн хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс ч шийдвэрээ хурдан гаргах хэрэгтэй болдог. Series A, B, C рүү орчихсон бол тэр амархан хөрөнгө оруулалт биш. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь ч их болчихдог. Би өөрийнхөөрөө тодорхойлъё. Жишээлбэл, П.Наранбаяр 100 мянган ам.доллар, би адил 100 мянгыг гаргая. Бизнесээ 50:50-аар барьж явъя гэвэл энэ нь Angel үе шат гэсэн үг. Харин П.Наранбаяр 100 мянган ам.доллар гаргаж, ажлаа хийж явсаар төслийн ерөнхий дүр зургаас эхлээд бүх зүйл нь тодорхой болж байгаа үед буюу Seeds-ийн түвшинд очиход би адилхан 100 мянган ам.доллараар хөрөнгө оруулж, 20-30 хувь эзэмших боломжтой.
Их хэмжээний хөрөнгөтэй, хөрөнгө оруулалтаар мэргэшсэн байгууллагуудын хөрөнгө оруулалт бол Series А, B, C. Үүнийг хүмүүс андуурах нь бий. Монголчуудын хувьд хөрөнгө оруулалт авч сураагүй л байна. Олон хүнтэй уулзаж байхдаа би бас нэг зүйлийг мэдэрлээ. Монголын арилжааны банкуудын зээлийн хүү дэндүү өндөр байна. Жилдээ 30 орчим хувийн хүүтэй байхаар бизнес яаж хөгжих юм бэ. Монголын санхүүгийн зах зээл маш буруу хэлбэрээр явж байна. Надад хандсан бизнесмэнүүд дунд банкнаас доогуур хүүтэй зээл авмаар байна гэж ирсэн нь ч бий. Зээл бол хөрөнгө оруулалт биш. Үүнийг хүмүүс ялгахгүй байна. Тухайлбал, Business.MN-ээс таны ярилцлагыг уншлаа гэсээр нэг хүн надтай уулзахаар ирсэн нь Сэлэнгэд гурвалжин будаа тариалах төлөвлөгөөтэй байсан. Тэрбээр банкны хүүгээс доогуур хүүтэй зээл авах санал надад тавьсан. Би банк биш. Тиймээс боломжгүй гэдгээ тодорхой хэлсэн.
Хөрөнгө оруулснаар 10, 20, бүр 1000 дахин өсөх бизнес байж болно. Жишээлбэл, хөрөнгө оруулсан компаниудын маань нэг Японы “Минна дэнрёкү” гэж сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бий. Уг компани сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэдэг төдийгүй бусад компанийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг ч худалдаж авдаг. Улмаар блокчэйн технологи ашиглан тухайн хэрэглэгчийн ашиглаж буй эрчим хүч аль цахилгаан станцаас очсоныг тодорхойлж, эрчим хүч нийлүүлдэг. Тэгэхээр цахилгааны эх үүсвэр хаанаас ирж байгааг хэрэглэгч маш сайн мэдэж авдаг гэсэн үг. “Минна дэнрёкү” компанийн орлого жил ирэх тусам өсөж байгаа. Өнгөрсөн жил 50 сая ам.долларын борлуулалттай байсан бол энэ жил 100 саяд хүрсэн. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход хөрөнгө их шаардагддаг. Гэхдээ НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилгууд” дотор RE100 буюу бүхий л үйл ажиллагаагаа 100% сэргээгдэх эрчим хүчээр хангах гэсэн зорилт бий. Сүүлийн үед RE100 зорилтыг хангасан компаниас л эрчим хүч худалдаж авна гэх компаниудын тоо өсөж байна. Харин “Минна дэнрёкү” бол RE100 компанийг олж, хэрэглэгчдээ тэрхүү эрчим хүчээр хангаж чаддаг маш өвөрмөц компани. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдөр 3500 гаруй байгууллага үйлчилгээ авч байна. Энэ тоо жилээс жилд өсөж буй.
“Энэ таван жилийн дотор хэрэглэгчдээс гэрээгээ цуцалсан тохиолдол хэд гарсан гэж бодож байна?” гэж Таками Юүичи гуай энэ үеэр надаас асуулаа. Хариуд нь хэлсэн тоо маань бодит байдлаас бага зэрэг зөрөв. Харин тэр “Ердөө ганцхан удаа” хэмээн хариулсан юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх материалд алдаа гарснаас болж цаад тал хамтран ажиллахаас татгалзсан тохиолдол өнгөрсөн 2000 орчим хоногийн хугацаанд ердөө л ганц удаа гарсан нь тэр аж.
“Минна дэнрёкү” компани хоёр жилийн дараа гэхэд юникорн (Unicorn буюу зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум ам.долларт хүрсэн компани) болж IPO хийнэ байх. Энэ компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь миний бие. Энэ дашрамд бас нэг чухал зүйл хэлэхэд хөрөнгө оруулагч хүний хувьд би өөрийн гараар бизнесээ хөгжүүлэхэд нь тусалдаг. Хөрөнгө оруулсан компани маань цааш амжилттай ажиллахад миний зүгээс харилцаа холбоо, мэдлэг, туршлага зэрэг тусалж чадах бүхий л бололцоогоороо дэмждэг. Товчхондоо, би хөрөнгө оруулаад л хаячихдаг хүн биш. Энэ ч утгаараа “Минна дэнрёкү” компанийг өсөж хөгжүүлэхэд амьдралынхаа 10 жилийг зориулжээ. Өнгөрсөн хугацаанд үнэхээр зөв зүйл хийж байсандаа би сэтгэл хангалуун байдаг. Энэ бол аливаа бизнесээр дамжуулж нийгмийг сайжруулах гэсэн зорилгын маань маш тодорхой, бодитой жишээ.
Хөрөнгө оруулалтаас гадна сүүлийн жилүүдэд та ямар ажилд голчлон төвлөрч байгаа вэ?
Японд би Earth Kids тэргүүтэй хэд хэдэн компанитай. Earth Kids гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлэн сургах арга барилыг нэвтрүүлж буй. Энэ компанийн дэргэдэх Studio Sora-д монгол охин ажиллаж байгаад эх орондоо буцаж ирсэн. Ирмэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн сүлжээг бий болгохоор ажиллаж байгаа юм билээ. Тэр охин Японы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сурган эмчлэх хамгийн сүүлийн үеийн арга барилаас суралцсан. Энэ бол боломж. Учир нь Монголд ч бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлэн сургах төслийг хэрэгжүүлэх сонирхол надад байна. Өнгөрсөн зургадугаар сард байх аа, аутизмтай хүүхдийг сургуульд сургахгүй гээд хасчихсан тохиолдол Монголд гарлаа. Ийм нөхцөл байдалд хүүхдүүдийг оруулахгүйн тулд шийдвэрлэх тодорхой арга замуудыг боловсруулах шаардлагатай.
Японд бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харилцах талаар багш нарт зориулсан гарын авлага боловсруулж гаргасан. Энэхүү гарын авлагыг бид шинжлэх ухаанд үндэслэснээс гадна хэдэн мянган хүүхдийг сургаж ирсэн туршлагадаа тулгуурлан бичсэн учир үнэ цэнтэй эх сурвалж болж чадсан. Энэ чиглэлээр бизнес эрхлэхээр сонирхож байгаа хүн байвал надтай холбогдоорой гэж хүсэх байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зөвхөн сургууль, гэр гэсэн хүрээлэлд л байдаг. Тэгвэл эдгээр хүүхдэд гурав дахь орон зай, боломжийг өгч чадах юм биш байгаа гэж бодох болсон. Монголын нийгэмд үнэхээр хэрэгтэй байгаа салбарт би хөрөнгө оруулах хүсэлтэй.
Миний хөрөнгө оруулсан LendMN, CallPro, Faro Technology Solution, “Оюуны хүрээ” зэрэг компани өөр хоорондоо ялгаатай харагдаж байгаа ч нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэг л зорилготой. Бизнесээр дамжуулан нийгмийн асуудлыг тогтвортойгоор шийдэхийг зорьж байна гэсэн үг. Өмнөх ярилцлагадаа би хэлж байсан санагдана. Санаж байгаа болов уу. Санхүүгийн тусгаар тогтнолыг олж аваагүй цагт үзэл бодол, үйлдэл хэзээ ч тусгаар тогтнолоо олж чадахгүй. Тэгэхээр нийгмийг өөрчилье, улам сайхан болгоё гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, нийгмийг тогтвортой бизнесийн аргаар улам хөгжүүлэх зорилготой залуучуудтай би дахиад олон учирмаар байна.
Анхны хөрөнгө оруулалтаа та хэзээ хийж байв. Яагаад хөрөнгө оруулалт руу орсон бэ?
40-өөд жилийн өмнө анхны хөрөнгө оруулалтаа хийж байсан юм байна. Анхны энтрепренер компаниа байгуулсан маань л миний анхны хөрөнгө оруулалт байж дээ. Тухайн үед ёстой мөнгөгүй байлаа. Би залуудаа их л ядуу явлаа. Талхны мухлагаас талхны захнууд кг-ийг нь маш хямдхан цуглуулж аваад түүн дээрээ майонез асгаж байгаад идчихнэ. Тэр л миний хувьд хамгийн сайн хоол байсан байх жишээтэй. Тэгээд би Японд хуучин бараа зардаг анхны захыг (flea market) байгуулсан нь маш амжилттай болсон. Харин үүний дараа би их том алдсан. Хүн чинь их сонин шүү дээ. Нэг зүйлд амжилт олохоороо дараа нь заавал уналт ирдэг. Хийсэн болгон нь амжилттай болдог хүн гэж бараг байдаггүй юм даа. Хүний амьдралд давалгаа гэж бий. Би энэ давалгааг нэлээд зовж давсан даа. Стартап үүсгээд явж байгаа залуучуудад өөрийнхөө гаргасан алдааны талаар л би яримаар байна. Ингэж амжилтын эзэн болдог гэж ярих нь хүнд их амар байдаг. Тэгээд ч их гоё харагдана. Гэхдээ ийм зүйлийн талаар сонсох нь хүнд нэг их хэрэггүй. Ер нь бол амжилт гэдэг хичээл зүтгэл бас аз байдаг. Мөн мэдээж хэрэг тухайн хүний чин хүсэл эрмэлзэл. Дараагийн удаа ер нь яавал хүн алдаад байдаг талаар ярьж өгч болно шүү.
Ийнхүү бидний энэ удаагийн ярилцлага өндөрлөсөн билээ. Та бизнесмэнүүдийн гаргадаг алдааны талаар, мөн Таками Юүичи гуай ямархан хүчтэй давалгааг хэрхэн даван туулсныг мэдэх хүсэлтэй байсан нь лавтай. Гэвч бид ярилцлагаа хэт нуршихаас сэргийлэн энэ талаар дараа ярилцахаар хойшлуулсныг маань уншигч та хүлцэх биз ээ. Тэрбээр “Чамд их талархаж байна. Юу гэвэл, танай сэтгүүл дээр гараад тийм их удаагүй байхад хоёр ч төслийг санхүүжүүлж чадлаа. Үүндээ би их баяртай байна” хэмээн хэлснийг зориуд тэмдэглэхийг хүслээ. Учир нь Business.MN сэтгүүл бизнес эрхлэгчдийг холбох гүүр байхыг цаг ямагт хичээсээр ирсэн билээ.
Энэхүү ярилцлага Business.mn сэтгүүлийн 2020 оны нэгдүгээр сарын дугаар (№14) -т нийтлэгдсэн болно.
сайн байнауу энэ хүнтэй яаж холбогдох вэ холбуулж өгч тус болооч