Бизнесээ босгохын тулд хүмүүсийн өдөржин шөнөжин ажиллах шаардлага гарсан түүхүүдийг олон л сонсож байв. Ажлын хэт их ачааллаас болоод өнөө цөгт зөвхөн бизнес эрхлэгчид ч гэлтгүй энгийн ажилтнууд хүртэл ажил дээрээ өглөөнөөс орой хүртэлх цагийг өнгөрөөх нь түгээмэл. Саяхан хөл хорио тогтож олон хүн гэрээсээ ажиллах болоход, ажил нь гэр шиг санагддаг болтлоо ажилладаг хүмүүсийн хувьд гэрээсээ ажиллах гэдэг хүртэл өвөрмөц мэдрэмж болж байв.
Хэт их ачаалалтай ажилладаг байсан, эсвэл одоо ч ингэж ажилладаг хүн бүрт төрдөг асуулт бол “Би воркахолик уу эсвэл зүгээр л олон цагаар ажлаа хийж байна уу?”
Саяхан Мобикомын Гүйцэтгэх захирал Тацуяа Хамадагийн хэрхэн ажиллаж байсныг уншиж билээ.
“Би нойр хоолоо умартан Япон дахь компанидаа өдөр шөнөгүй ажилласаар байлаа. Энэ үед би 7-9 цагийн зөрүүтэй оршдог Европын олон компанитай ажиллана. Ингээд Японы ажлын цаг болоход би ажиллаж л байдаг, Японд ажил тарж Европт ажил эхлэхэд би мөн л ажлаа хийчихсэн сууж байдаг сан. Тэр бүү хэл Европын хамтрагчид маань хүртэл ажлын цагаа дуусгаад оффисоосоо гарахад би ажлаа хийсээр л үлддэг байв.”
Анх энийг уншихад Хамада сан үнэхээр л воркахолик буюу ажлын хэт хэнээтэй байсан мэт санагдсан ч “воркахолик байх болон олон цагаар ажиллахын ялгаа”-ны тухай судалгааг уншсаны дараа Хамада сан воркахолик биш харин олон цагаар ажилладаг байсныг ойлгосон юм. Ингээд энэхүү судалгааг та бүхэнтэй хуваалцъя.
Ханна олон улсын байгууллагад ажилладаг. Ажлаа дуусаад гэртээ хариад гурван хүүхэддэ хоол хийж өгч, дараа нь унтуулчихаад шөнө хүртэл дахиад 4 цаг ажиллаад унтдаг. Заримдаа түүнд амралтын өдрөөр ч ажлаа хийх шаардлага гарна, 7 хоногт 60-65 цаг ажиллана. Гэсэн ч Ханна амарч байх үедээ огт ажлаа бодолгүй амарч чаддаг.
Майкл даатгалын компанид ажилладаг. Ажил дээрээ хамгийн оройтлоо гэхэд 18 цаг гээд тардаг бөгөөд Баасан гариг болгон 15 цаг гэж ажлаа тардаг. Тэрбээр хүүхэдгүй, ганц бие бөгөөд 7 хоногтоо 40-45 цаг л ажилладаг. Гэвч ажлаа хийгээгүй байх үедээ Майкл ажлынхаа талаар бодохгүй байж чаддаггүй. Үргэлж мейлээ шалгана, ажлынхаа талаар санаа зовно. Эмчид үзүүлтэл LDL буюу “муу” холестирины хэмжээ нь өндөр гарч, зүрхний өвчин эсвэл чихрийн шижинтэй болох эрсдэл нь өндөр гарав.
Бид бүгд л их цагаар ажиллах нь эрүүл мэндэд муу гэж боддог ч яг юу эрүүл мэндийг муутгаад байгаа талаар хангалттай боддоггүй. Судалгаагаар олон улсын санхүүгийн зөвлөгөө өгдөг байгууллагын нийт 3500 ажилтнаас асуулга авав. Ингэхдээ хэдэн цаг ажилладаг, ажилладаг хэв маягийнх нь онцлог болоод эрүүл мэндийнх нь байдлын (даралт, холестерин гэх мэт) талаар асуув. Мөн нас, хүйс, боловсрол болон гэр бүлийнх нь зүрхний өвчний талаар ч мэдээллийг авсан юм.
Үр дүнд нь ажлын цаг эрүүл мэндийн ямар нэг асуудалтай холбоогүй байсан бөгөөд харин ажлын хэнээтэй байдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байв. Онцолбол, ажлын хэнээгүй атлаа 7 хоногт 40-өөс олон цаг ажилладаг хүмүүст ямар нэг эрүүл мэндийн асуудал байхгүй байсан бол, бага цаг ажилладаг ч ажлын хэнээтэй хүмүүс дийлэнхдээ нойрондоо муу, сэтгэл санаа нь хямардаг гэх мэтчилэн асуудалтай байсан байна.
Хүний бие стресстэй тэмцэхийн тулд зүрхний болон тархины системүүдээ идэвхжүүлдэг аж. Жишээ нь шахуу цагийн хуваарьтай ажиллаж буй тохиолдолд чиний бие стрессийн даавар ялгаруулж, зүрхний цохилт чинь өндөрсөнө. Улмаар ажлаа дууссанаар бие чинь буцаад хэвийн байдалдаа буюу хэвийн цэгтээ очих ч, хэрэв байнга ийм байдалтай байвал хүний биеийн хэвийн цэг шинээр тогтдог байна. Ингэснээр илүү өндөр зүрхний цохилттой байснаар зүрхний өвчин тусах магадлал нэмэгддэг аж.