Жолоочтой болох шаардлага
Яагаад жолоочтой болно гэж үү? Яагаад гэвэл:
Нэгдүгээрт, таны цаг зав хамгийн үнэ цэнтэй. Гол үнэтэй зүйлээ зам дээрх аар саар зүйлд бүү алдагтун. Байгууллагаасаа гарахад жолооч машинтайгаа бэлэн хүлээж байна. Та шууд сууна. Ингээд зогсоол руу алхах, тэндээс машинаа гаргах мэтэд цаг алдахгүй. Очих газраа бас л шууд бууна. Дахиад л 10-30 минут хэмнэлээ. Гэтэл таны 30 минут гэдэг хичнээн үнэ цэнтэй билээ.
Хоёрдугаарт, зам дээрх элдэв эрсдэлийг өөртөө бүү үүрэгтүн. Жижиг сажиг осолд холбогдлоо гэхэд таныг хэдэн өдрөөр ч уяж мэднэ. Харин одоо энэ бүхэн жолоочийн асуудал.
Гуравдугаарт, зам дээрх элдэв стрессийг өөртөө бүү авагтун. Түгжирнэ үү, цагдаа дарамтална уу, хэн нэгэн сигналдана уу, танд хамаагүй. Та арын суудалдаа ажил төрөл, өөрийн бизнестээ бүх анхаарлаа хандуулсаар яваа. Хэмнэсэн бүхэн бизнест ашиг авчирдаг нь хууль.
Хувийн жолоочийн бяцхан түүх
Хувийн жолоочийг олон улсад chauffeur гэж нэрлэх нь түгээмэл бөгөөд Франц гаралтай үг юм. Дээр үед хүнд ажиллагаатай болхи моторыг тусгай хүнээр асаалгадаг байжээ. Chauffeur гэдэг нь урьдчилан халаагч гэсэн утгатай. Моторыг асааж халааж бэлтгэхээс гадна угаалга цэвэрлэгээ, хөнгөн механикийн үүрэг гүйцэтгэдэг байв. Тухайн үедээ ийм хүмүүс дажгүй өндөр цалин авахаас гадна ховор байжээ. Тэр үед үнэхээр ховор автомашиныг арчлах нь баргийн хүний чадах ажил биш байлаа.
Хувийн жолоочийг Европын үе дамжсан баячууд өргөнөөр ашигладаг байв. Тэдний хувьд сайн жолоочтой байх нь нэр төрийн хэрэг, гэр бүлийн амьдралынх нь нэг хэсэг байлаа. Бид ч кино, уран зохиолын номноос энэ талаар хангалттай уншсан.
Жолоочийг бэлтгэдэг үү?
Таны хэр үнэ цэнтэйгээс шууд шалтгаална. Монголд шинэ тутам хөгжиж буй боловч Европ, Япон зэрэг үйлчилгээ өндөр хөгжсөн газруудад хувийн жолооч болохын тулд олон сургалтад сууж, нилээдгүй ур чадваруудыг эзэмших ёстой.
- Evasive driving буюу Жолоодлогын өндөр ур чадварт бэлтгэгдэнэ. Ослоос зайлсхийх, мөрдлөгөөс бултах, өөрсдөө мөрдөх, хамгийн хурднаар замыг туулах зэргийг бусдаас онцгой биш гэхэд дутахгүй гүйцэтгэх ёстой. Жолоочийн ур чадвар дээр сайн машин нэмэгдвэл таныг зорьсон газар тань саадгүй хүргэх учиртай. Тухайн бэлтгэгдсэн жолооч спорт жолоодлого, офроад жолоодлого, бартаанаас гарах, түгжрэлтэй учраа ололцох зэрэг зүйлсийг чадаж байвал танд л таатай. Таны жолооч өвлийн гулгаанд очоод л байшин мөргөчихвөл ямар олиг байхав дээ.
- Defensive driving буюу Хамгаалах жолоодлогот суралцана. Эзэндээ хамгийн аюул багатайгаар жолоодно гэсэн үг. Хэзээ ч өөрийн хувийн зан араншинг гаргахгүй бөгөөд хурдыг хамгийн эвтэйхнээр тохируулж, бусад аюултай машинуудаас зайлсхийж явна. Зам дээрх стресс, аюулыг тань руу дамжуулахгүй байх ёстой. Машин доторх зорчигчдын аюулгүй байдлын төлөө бүхнийг хийнэ.
- Жолооч механикийн чадваруудтай байх ёстой. Хотоос гарсны дараа аль аль нь дугуйгаа сольж чадахгүй суучихвал юу ч хэлэхэв. Таны жолооч машины ойр зуурын засваруудыг хийчихдэг байвал сайн биш, бүр хийдэг байх ёстой. Тэгэхээр зохих бяр чадалтай, илүү дутуу өөхгүй, биеэ хөнгөхөн авч явдаг хүн гэсэн үг. Бартаат замын аялалд танай машинд майхнаас эхлээд олон ачаа байх бөгөөд тэр бүхнийг чөлөөтэй ачиж, янзлах ёстой.
- Жолооч цахилгаан, компьютер, инженерчлэлийн мэдлэгтэй байх ёстой. Орчин үеийн машинууд цахилгаан, компьютерээс бүрэн хамаарах болжээ. Ийм мэдлэггүй жолооч авбал хаана, хэзээ нам зогсохыг хэн мэдлээ.
- Жолооч аяллын зохих мэдлэг чадвартай байвал тун сайн. Таныг болон гэр бүлийг тань хөнгөхөн аваад явчих жолоочтой болж чадвал танд үнэхээр таатай байх болно. Аяллын замд мах эвдэхээс авахуулаад гэдэс нь өвдсөн хүүхэд асрах хүртэл хичнээн үйлчилгээ хэрэгтэй гэж бодож байна? Чадвартай жолооч нь шавар бартаанаас хөнгөхөн гарах мөртлөө тэр бүхнийг амархан, зугаатай болгож чадна.
- Жолооч таныг хамгаалах зохих чадвартай байх нь зүгээр. Ихэнх хувийн жолооч нар жолоочоос гадна олон үүрэг гүйцэтгэдгийн нэг нь бие хамгаалагч юм. Тань руу хэн нэгэн довтоллоо гэхэд хамгаалж болох эхний хүн нь жолооч тань байх болно. Хэрвээ тэр энэ талын ойлголтгүй юмуу сэтгэлгүй бол та түүнийг хөлсөлсөндөө харамсах нь гарцаагүй. Тэгэхээр жолооч тань бие хамгаалах урлагийн чадвартай, бэлтгэлтэй байвал ёстой янзтай.
Сайн жолоочийн шинж
Танай байгууллагад олон зуун залуучууд байдаг бол тэднээсээ хэн нэгнийг хувийн жолоочоороо сонгож болох юм. Сайн жолоочид байдаг шинжүүдийг танд хэлж өгье. Та залуусаасаа эдгээр шинжийг цогцлоосон нэгнийг олж аваарай.
- Тэр маш цэмцгэр бөгөөд төгс нэгэн. Хувцаслалт төгс, илүү дутуу үггүй, За гэснийгээ яс хийдэг нэгэн. Хэзээ ч хов ярьдаггүй. Харц тогтуун, сайхан царай зүстэй. Инээмсэглэл дүүрэн.
- Түүний бие бялдар өв тэгш. Сайхан, эрүүл бие цогцостой. Дундаж өндөртэй.
- Машины талаар маш сайн мэдлэгтэй. Сайхан гэхээс илүү сайн машинд дуртай.
- Аялалд явдаг, спортоор хичээллэдэг.
- Компьютер дээр сайн ажилладаг, мэдлэг мэдээлэл сайтай. Бүх талын сэдвээр чөлөөтэй ярилцах мэдлэгтэй.
- Танд болон бусад залууст хүндэтгэлтэй хандаж, лифтэнд бүгдэд зай тавьж өгдөг. Жинхэнэ жентельмэн гэсэн үг.
- Сайхан гэр бүлтэй, үлгэр жишээ. Эсвэл ганц бие бөгөөд хувийн амьдралаа хэнд ч дэлгэдэггүй.
- Машин жолоодох маш сайн ур чадвартай. Түүнийг жолоодож байхад хэзээ ч дотор муухайрдаггүй. Хэзээ тоормосолж, хэзээ хаазлаад байгаа нь мэдэгддэггүй.
- Хууль зүйн мэдлэгтэй. Хэнтэй ч хэл амаа ололцоно. Олон найз нөхөдтэй гэхээсээ илүүтэй хэнтэй ч танилцаж нөхөрлөж чадна. Гэвч хэт дотносдоггүй. Нэг дотносвол нэг насаараа нөхөрлөх тийм зан араншинтай.
- Ар гэрийн болон бусад татлаа түлхээ багатай, одоо байгаа амьдралдаа нэн сэтгэл хангалуун амьдардаг.
- Нууц хадгалах чадвартай. Хэзээ ч хов жив ярьдаггүй. Харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт байж, аливаа зүйлийг дэвэргэж, айхтар сонирхдоггүй.
- Харахад энгийн мэт боловч яг амьдрал дээр олон чадвартай, нийгмийн идэвхтэй. Спорт урлагийн бүх арга хэмжээнд оролцох мөртлөө амжилттай оролцохыг нь яана.
- Сүүлийн хамгийн гол шинж нь таныг асар их хүндэтгэж, танд 100% итгэдэг явдал юм.
Автор: Т.Жаргал (www.moto.mn вэбсайтын менежер)