“Бизнесээ хэрхэн чанаржуулах вэ” сэдвээр өнөөдөр болох вэбинарыг угтаж хийсэн подкастаас онцлон хүргэж байна. “Обзерв Консалтин” ЗҮБ-ийн Үүсгэн байгуулагч, зөвлөх Д.Отгонбат
(“Чанар гэж юу вэ? Бизнесээ хэрхэн чанаржуулах вэ” вэбинарт бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу)
-Чанар гэхээр бизнесийн бүх түвшинд яригдах асуудал гэж ойлгоод байна. Чанарыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Сүүлийн арван жилийн хугацаанд чанарын удирдлагын чиглэлээр ажиллаж байна. Энэ туршлагаасаа үзэхэд бидэнд чанарын талаарх мэдлэг ойлголт дутмаг, үндсэн агуулгаасаа зөрсөн. Эсвэл зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар гэдэг агуулга руугаа хэлбийсэн нийтлэг ойлголт харагддаг. Тэгэхээр чанар гэх ойлголтыг бүх хүнд ойлгуулах хэрэгтэй болж байгаа юм. Чанарыг бид үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эсвэл үйлдвэрлэл явуулдаг байгууллагын асуудал мэтээр ойлгодог. Гэтэл энэ нь угтаа бие хүн болгоны мэддэг, түүнийгээ ажил, амьдралдаа хэрэгжүүлж, хэрэглэдэг ойлголт. Эртний гүн ухаанч Аристотелийн тодорхойлолтыг чанарын хамгийн сонгодог тодорхойлолт гэж үздэг. Тэрбээр “Чанар гэдэг бол зорьж хийх биш тухайн хүний дадал хэвшилээр хийгдэж буй зүйл” гэж тодорхойлсон. Магадгүй бид өнөөдөр чанарыг зориудаар хийх гэж хэт оролдож буй алдааг гаргаж байна. Үйлдвэрлэлийн загалмайлсан эцгийн нэг Хэнри Форд “Чанар гэдэг нь ажлаа чин сэтгэлээсээ зөв хийх явдал юм” гэж тодорхойлсон. Хэн ч таныг харж цагдаагүй байхад зөв хийх нь чанар юм. Үүнд мөн чанар нь байгаа юм.
-Хувь хүний чанар бизнесийн байгууллагатай хэрхэн холбогдох вэ, байгууллагаа чанаржуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Чанар бол байгууллагын туйлын зорилго. Байгууллагад ажиллаж буй хүмүүсийн чанараар тухайн байгууллагын чанар тодорхойлогдоно. Тэгэхээр шууд холбогдоно гэсэн үг. Байгууллагууд ямар нэг стандартыг нэвтрүүлснээр чанартай болчихно гэж ойлгохоос илүүтэй нийт ажилтныхаа чанарын талаарх ойлголтыг нэг түвшинд аваачих хэрэгтэй. Хувь хүний чанар гэдгийг ойлгож байж суурь нь сайн тавигдана. Манай ихэнх байгууллагын хувьд уг ойлголт учир дутагдалтай байна. Суурьгүй бол байшин яах вэ гэдэгтэй адил хувь хүний чанар байгууллагыг тодорхойлдог.
-Тухайн байгууллага ажилтандаа чанарын талаарх ойлголтоо хүргэхийн тулд ямар алхам хийх ёстой вэ?
-Байгууллага тухайн ажилтандаа өөрийн байгууллагын чанарын талаарх ойлголтыг эзэмшүүлэх, хүргэхийн төлөө чармайлт гаргана. Гэхдээ яг үнэндээ тухайн хүний чанар үүнээс өмнө төлөвшдөг. Хүүхэд нас, гэр бүлийн хүрээнд итгэм үнэмшил, үнэт зүйл нь бий болчихдог. Д.Болор захирал “Хүмүүст ур чадвар, мэдлэг эзэмшүүлж болдог. Харин хүмүүжил бол туйлын хэцүү” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хувь хүний чанарын суурь нь өөрийнх нь зан төлвөөр тодорхойлогдож байна. Эндээс харахад байгууллага ажилтнууддаа чанарын талаарх ойлголтыг эзэмшүүлэх нь нэлээд сорилт бүхий ажил. Хүний чанар гэдэг тухайн хүний хүмүүжил. Өөрөө органикаараа зөв хийж буй нь чанар юм бол өсөх насанд нь зөв буруу гэдэг ойлголтыг системтэйгээр өгөх асуудал болж байгаа юм. Товчхондоо, боловсрол болон ар гэрийн хүмүүжил гэдэг түвшинд яригдах асуудал. Хувь хүний чанар гэдэг бол тэр хүний үнэт зүйлс. Үнэт зүйлс гэдгийг байгууллага дээр ярьдаг гэж хүмүүс хэлэх байх. Гэхдээ энэ бол итгэл үнэмшил, зан төлөв. Бидний итгэл үнэмшил, зан төлөв зөвийн талд хэр зогсдог вэ гэдгийг өөрөөсөө асууж үзээрэй. Бид зарим тохиолдолд буруугийн талд зогсдог. Ажлаа бүтээхийн тулд буруу зүйлийг хийх магадлалтай. Энэ бүгдийн суурь шалтгаан нь чанар дээр тогтож байна. Хувь хүн зөвийг үйлдэхгүй учраас буруу зүйлийн эх үүсвэрийг тавьснаар хуримтлагдсан том асуудал болдог. Итгэл үнэмшил зөв байснаар зөвийн талд байна.
Чанарын удирдлагын агуулга нь шалгах биш урьдчилан сэргийлэх асуудал болсон. Шалгах нь процесс хийсний дараах асуудал.
-Тэгвэл энэ чанарыг хэрхэн удирдах вэ?
-Чанарыг хувь хүнд нь даатгаад зөнд нь орхиж болохгүй нь ойлгомжтой. Байгууллагууд тэр болгон ёс суртахуунтай, чанартай хүмүүсийг авч чадахгүй. Хүн өөрөө хувирамтгай, төвөгтэй элемент. Тэгэхээр чанарыг удирдах менежментийн арга хэрэгслүүд хэрэгтэй. Чанарыг удирдах тухай асуудлыг хүн төрөлхтөн эртнээс ярьжээ. Хамгийн эхэнд хариуцлага, ял шийтгэл гэдэг агуулгаар буюу чанаргүй хийвэл шийтгэдэг байж. Улмаар нийгмийн хөгжлийн явцад чанарыг удирдах арга хэрэгслүүд бий болсон байна. Бизнесийн түвшинд чанарын хяналтууд, үйлвэрлэлтийн үе шатууд дээр нь чанарыг шалгаж асуудалгүй бүтээгдэхүүн гаргадаг аргачиллууд бий болсон. 1940, 1950 оноос шалгаад асуудалгүй бүтээгдэхүүн гаргах арга сайн ч энэ нь эцсийн бүтээгдэхүүн рүү чиглэж байна, сэргийлэх ёстой юм байна гэдэг философи түлхүү хөгжиж чанарын удирдлагын арга хэрэгслүүд бий болсон. 1960-аад оноос хойш чанарыг удирдах нь өөрөө процессыг удирдах тухай ойлголт гэдэгт дэлхий нийт санал нэгдсэн. Өнөөдөр чанарын удирдлага нэлээд дээд түвшинд хүрээд байна. Чанарын удирдлагын агуулга нь шалгах биш урьдчилан сэргийлэх асуудал болсон. Шалгах нь процесс хийсний дараах үйл. Өнөөгийн чанарын удирдлагын философи нь шалгах биш болсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
Манай бизнесийнхэн байгууллага дээрээ чанараа хангахын тулд маш их шалгалт явуулдаг байж магадгүй. Гэтэл чанар гэдэг нь сэргийлэх гэдэг ойлголт болж хувирсан. Асуудал гарахаас сэргийлэхийн тулд тэр бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож буй зүйл буюу процесс дээр ажиллана гэсэн үг. Процесс асуудалгүй ажиллавал эцсийн хэрэглэгч дээрээ асуудалгүй бүтээгдэхүүн очих юм байна гэдэг философи руу орсон. Дэлхийн бизнесийн удирдлагад хэрэглэж буй арга хэрэгслүүдийн үндсэн зорилго нэг болсон. Ихэнх үйлдвэр, аж ахуйн нэгж процессыг удирдах замаар чанарын асуудал гарахаас бүр мөсөн сэргийлэх гэдэг агуулгаар “тэг асуудал” гэх философиор ажиллаж байна.
Чанар=Бүтээмж
-Орчин үеийн чанарын удирдлагын онцлох ямар арга хэрэгсэл байна вэ?
-Хэдийгээр өнөөдөр чанарын маш сайн арга хэрэгслүүд бий болж, чанарыг маш удирдаж чадаж байгаа боловч дэлхий нийт дахин сайжруулах боломж буйг харсаар байна. 2020 оны чанарын удирдлагын гол философи бүтээмж, инноваци руу чиглэж байна. Энэ хоёр ойлголт тэргүүлэгч чиглэл болж байна. Аль ч байгууллага чанарыг удирдахын тулд хүчин чармайлт хийн тодорхой цаг хугацаанд үр дүнд хүрч байгаа. Асуудлаа эрт илрүүлээд муу чанарын зардал буюу чанарын асуудлын улмаас гарч буй шууд болон шууд бус зардлаа үлэмж хэмжээгээр багасгаж буй байгууллага ч бий. Энэ болгон амжилт боловч дэлхийн том корпорациудын хувьд цаашид чанарыг удирдах асуудал нь бүтээмж гэдэг ойлголттой шууд холбогдсон. Чанар бол үр дүн тал. Асуудалгүй, сайн бүтээгдэхүүн гарах, хэрэглэгч сэтгэл ханамжтай байдаг тал. Харин бүтээмж нь үр ашиг. Ижил үр дүнд хүрч байгаа боловч үйлдвэрлэл, үйлчилгээний явцад илүү бага зардлыг гаргах тухай ойлголт.
Чанарыг 20, 30 жил бий болгосон байгууллагууд бүтээмжийн асуудал руу орж байна. Харин Монголд эхлээд чанарыг анхаарах байгууллага олон байна. Гэхдээ энэ цаг үед бидэнд дөтлөлт гэдэг боломж бий учир чанарыг бүтээмжтэй зэрэг ойлгож, бага зардлаар ижил үр дүнд хүрэхийн тулд ямар менежмент хийж болох бололцоог эрж хайх нь өнөө цагийн чанарын удирдлагын гол зорилго болсон. Үүнийг инноваци боломжтой болгоно. Байгууллагын удирдлагууд өөрсдөөсөө “Бид ямар инноваци хийж, ямар инновацид хөрөнгө оруулалт хийж байна вэ” гэж асуух хэрэгтэй. Байгууллага бол инновацийн чиглэлд стратегийг тавьдаг, энэ чиглэд хөрөнгө оруулалтыг хийдэг, инновацийг хурдан хугацаанд авч ашиглахад бэлэн байх ёстой. Энэ агуулга өнөөдрийн чанар болжээ гэж ойлгох хэрэгтэй.
-Чанарын талаарх зөвлөгөөг аль шатны байгууллагууд түлхүү авч байна вэ?
-Бизнес нь томорсон салбар компани байгуулж буй байгууллагууд чанарын талаар түлхүү ярьж байна. Гарааны бизнесийнхэн ярихгүй байна. Угтаа бизнесийн ямар ч түвшний бүхий л байгууллага ярих хэрэгтэй. Бидэнтэй чанарын менежер, технологийн хүмүүс ирж уулздаг. Үүнээс дээш түвшинд ярих ёстой. Энэ нөхцөл байдлыг номтой зүйрлэвэл манай бизнесийнхэн чанарын номоо дөнгөж нээчихээд хааж байна. Агуулгыг нь бүрэн ойлгохгүй байна.