“Автомашины салбарт хөл тавьсан хүмүүсийг ажиглаад байхад ер нь л хагас галзуу нөхөд байдаг. Илон Маскийг харахад л энэ бүхэн ойлгогдоно” хэмээн Доржчулууны Дэмбэрэл ярив. Утас нь байн байн дуугарч, мөн үе үе мессеж ирж тасалдуулж байсныг эс тооцвол түүний яриа тун сонирхолтой. Автомашины салбар руу гэнэтхэн орж явчихсанаас завгүй дээрээ ийн улам завгүй болсон түүний дээрх “мэдэгдэл” өөрт нь ч хамаатай мэт. Монголдоо цахилгаан автомашин угсарч дэлхийн зах зээлд гаргах тухай анх ярьж эхлэхэд нь л найз нөхөд, танилууд болон туршлагатай бизнесмэнүүдийн ихэнх нь толгой сэгсэрч, түүний санааг дэмжсэнгүй. Учир нь бараг бүгд ийм төрлийн бизнес ашиггүй гэж үзжээ. Харин Д.Дэмбэрэлийн хувьд гол ашиг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэх бус автомашины чанарыг жинхэнэ утгаар нь шалгадаг Монголын эрс тэс уур амьсгал, газар зүйн өвөрмөц тогтоц бүхий бартаат замыг ажралгүй туулдаг, хот суурин газарт ч унаад явахад тохиромжтой өндөр чанар, тав тух, аюулгүй байдлыг мэдрүүлсэн төмөр хүлгийг үйлдвэрлэж, түүгээрээ брэндийнхээ нэр хүндийг цогцлооход оршиж байв.
“Нийгэмд ядуурал их байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд монголчуудын гарааны цэг өөр хоорондоо адилгүй, эрс өөр түвшнээс эхэлж ирлээ. Би өөрөө хөдөө төрж, өссөн. Тэгээд их сургуульд сурахаар хотод орж ирээд Таван буудлаас амьдралаа эхлүүлж байлаа…” гээд тэр ромбо дүрс агаарт зурж үзүүлснээ “Монголыг би ийм болгомоор байна. Баян болон ядуу давхарга бага, харин чинээлэг дундаж давхарга нь их. Монгол хүний дундаж наслалт уртсаж, хүнсний чанар сайжирч, гадагшаа эмчилгээнд явахаа больж, залуучууд улс төрд орох шаардлагагүй тийм л нийгмийг бүтээмээр байна” хэмээн тайлбарлав. Тэгээд үргэлжлүүлэн “Монголчуудын амьдралын чанар сайжрахгүй харин ч улам муудаж байгаа нь төгрөгийн ханштай холбоотой. Үүнийг сайжруулахын тулд ерөөсөө л автомашинаа өөрсдөө угсардаг болчиход нэмүү өртөг шингэнэ. Тийм болохоор л би боломжийн үнэтэй, хот, хөдөөгүй унаад явчихдаг автомашин үйлдвэрлэхийг зорьсон” гэж тэр хэллээ.
Эхэндээ бүгд шахам дуу нэгтэй эсэргүүцэж байсан ч Д.Дэмбэрэл өөрийн зорилгыг бодит ажил болгохоор тууштай зүтгэж жилийн өмнө буюу өнгөрсөн оны наймдугаар сард “Барс Моторс” компаниа байгуулжээ. Харин үүнээс ердөө дөрвөн сарын дараа гэхэд Хятадын Ханжоу хотод цахилгаан машин угсрах хамтарсан үйлдвэрээ амжилттай байгуулж чадсан юм. Монголчуудын хувьд автомашин угсрах анхны үйлдвэр ийнхүү байгуулагдав. МОЗО (MOZO) ингэж л мэндэлсэн түүхтэй.
Хэлэхэд амархан ч, хийхэд хэцүү энэ ажил тун амар хялбар бүтсэн мэт харагдах ч яг үнэндээ тийм биш. Аливааг шинээр эхлүүлнэ, анхдагч байна гэдэг үргэлж асар их эрсдэлийг дагуулж байдгийн үлгэрээр тэр урд хөршид анхны үйлдвэрээ амжилттай нээсэн ч Монгол руу нисэх онгоцонд суугаад л санаа зовниж эхэлжээ. Учир нь их хэмжээний өр зээл тавьсан байв. Төслийн нийт өртөг бизнесийн үнэлгээгээр 50 гаруй сая ам.долларт хүрчээ. Хөрөнгө оруулалтыг Монгол, Америк, Хятадаас төвлөрүүлсний дийлэнх хувийг урд хөршөөс, тэр дундаа зээлээр бүрдүүлсэн аж. Үүний тулд Д.Дэмбэрэл Хятадад найман сарын турш амьдарч, судалж, хөөцөлдсөний хүчинд сая зээл авч чадсан байна. Энэ хугацаандаа Volvo, Mercedez Benz, Audi, Volkswagen, Toyota-г угсардаг компаниудтай очиж уулзаад алинаас нь ч нааштай хариу сонсоогүйгээр үл барам хаалгаа гаднаас нь эвтэйхэн хаагаад гарахыг хүссэн эелдэг бус хариуг ч дуулаад амжжээ. Тиймээс тэр өөр арга сийлж, Америкийн нэгэн компанитай хамтран лобби хийлгэсний үр дүнд сая өнөөгийн хятад түншүүдтэйгээ гэрээ байгуулж чадсан байна. “Гаднынхантай хамтран ажиллахад хамгийн их анхаарах ёстой зүйл бол хэлсэн ярьснаа ямар ч үнээр хамаагүй хийхээр зүтгэх. Зүтгээд, зориод байгааг хэн ч гэсэн хардаг. Түүнээс Монголд үйлдвэр байгуулах нь тэдэнд тийм ч ашигтай биш. Мөн өөрийгөө хүмүүст зөвөөр ойлгуулж чаддаг байх хэрэгтэй” хэмээн тэр ярилаа.
Ханжоуд үйлдвэрээ байгуулахаар сонгосон нь дэлхийн автомашины үйлдвэрлэл энд төвлөрөх болсонтой холбоотой. Өмнө нь автомашин үйлдвэрлэлээр Америк, Япон болон Европын улсууд тэргүүлдэг байсан бол сүүлийн хэдэн жилийн дотор энэ салбарт өөр нэг тоглогч эрчтэй цойлон гарч ирсэн нь Хятад улс. Өмнөд хөрш технологийн салбартаа ихээхэн хүч, хөрөнгө хаях болсноор хөгжлийг жинхэнэ утгаар нь товчилж эхэлснийг автомашин болон бусад салбарын хөгжил цэцэглэлтээс нь бэлхнээ олж үзэж болно. “Дэлхийн бүхий л автомашины технологи Хятадад л амь орж байна” хэмээн Д.Дэмбэрэл энэ талаар өгүүлээд “Эцсийн бүтээгдэхүүний өртөг ч бусад оронтой харьцуулахад бага. Тэгэхээр ийм том технологийн түнш дөнгөж хажууханд байна гэдэг бидний хувьд том давуу тал. Автомашины зах зээлд томоохон хувьсгал өрнөж байна. Ер нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой, далайцтай дэмждэг зүйл автомашинаас өөр байхгүй. Toyota, Tesla зэрэг компанийн цахилгаан машины технологи хоорондоо яг адилхан. Батерейгаа гэхэд л Хятадын CATL компаниас бүгд авч байна. Одоо компаниуд зөвхөн загварын хувьд л өрсөлдөх болсон. Өмнө нь өндөр хөгжилтэй улс орнуудад автомашин үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр хөгжиж буй орнуудад ч машин угсрах, үйлдвэрлэх боломж нь нээгдсэн учраас монголчууд үүнээс хоцрох ёсгүй” гэв. Эндээс л МОЗО-гийн түүх бичигдэж эхэлжээ.
МОЗО гэдэг нь Монголын оюунлаг зон олон хэмээх үгсийн товчлол бөгөөд чинээлэг дундаж давхаргыг бэлгэдэн ингэж нэрлэсэн гэдгээ Д.Дэмбэрэл тодотгов. Өөр нэр өгч болох байсан хэдий ч орон орны харь хэлтнүүд хэлэхэд эвтэйхнийг бодолцож энэ нэрийг сонгожээ. Түүний алсын хараа анхнаасаа л олон улсын зах зээл рүү чиглэсэн нь энэ. Тиймээс энэ л холын зорилго, алсын хараанд нь итгэдэг хүмүүс эхэндээ эргэлзэж, татгалзаж байсан ч яваандаа түүний санаачлан хэрэгжүүлж буй төслийг дэмжиж, хөрөнгө оруулсан гэдгийг тэр онцолсон юм.
“Барс Моторс”-ынхон МОЗО-гийн хөдөлгүүрийг чоно мотор гэж нэрлээд буй. 156 морины хүчин чадалтай, дээд тал нь 240 км цаг хурдалдаг.
Нөгөө талаар манай улсад машины хэрэглээ асар өндөр учраас жилд 60-70 мянган хуучин машин импортолдог. Энэ хэрэглээ жилээс жилд улам бүр өсөх атал иргэдийн амжиргааны түвшин жилээс жилд улам бүр муудаж буй. Улсын хэмжээнд жил бүр 500-800 сая ам.долларыг автомашин импортлоход зарцуулдаг гэсэн тооцоо бий. Үүнээс 200 мянган ам.долларыг зөвхөн суудлын автомашин болон сэлбэгт зарцуулж буй. Энэ бүхнийг дагаад түлшний хэрэглээнд ч их хэмжээний валют гадагш урсан оддог. Илүү нарийвчлан харвал автомашин импортын ердөө гурван хувийг л шинэ машин эзэлдэг гэх мэдээлэл бий. Үлдсэн хувийг хоёроос дээш жилийн насжилттай хуучин автомашинууд эзэлдэг. Хуучин автомашины хэрэглээ их байгаа нь сэлбэг, түлш зэрэг дагалдах зардлын хэмжээ эргээд өсөх нөхцөл болж буй. Харин “Барс Моторс”-ынхон гадагшаа урсах эдийн засгийн урсгалыг сааруулах, автомашин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг ахиулах, мөн яг л Монголын нөхцөлд зориулан үйлдвэрлэсэн шинэ машин унах боломжийг монголчуудад олгохыг хүсчээ. МОЗО-г үйлдвэрлэж буйн гол ач холбогдол энэ. “Бид маш өндөр потенциальтай, чадамжтай хэрнээ зүгээр л хэрэглэгч улс болчихлоо. Тийм болохоор хүмүүс нь бүтээл, бүтээмжээрээ биш хэрэглээгээрээ өрсөлддөг. Энэ бол ичгэвтэр хэрэг. Монгол үндэстэн сэрэх цаг нь үнэхээр болжээ” гэж Д.Дэмбэрэл хариулсан юм. “Барс Моторс”-ынхон цахилгаан автомашины төслийнхөө орлогыг “Орлогод нийцсэн орон сууц” гэх дараагийн төсөлдөө зарцуулахаар төлөвлөжээ.
Аливаа зорилго бий болоход хувь, хувьсгалын шалтгааны аль аль нь нөлөөлөх нь бий. Тэгвэл Д.Дэмбэрэл 50 нас хүртлээ 10 гаруй жилийг юу хийж өнгөрүүлэх тухайгаа гүнзгий, нухацтай эргэцүүлж эхэлсэн нь түүнийг өнөөгийн зорилго руу нь хөтлөх дотоод шалтгаан болжээ. “Хожмын нэг өдөр хүүхэд маань надаас “Та залуудаа юу хийж байсан бэ” гэж асуувал “Аав нь Монголын анхны автомашиныг угсраад явж байсан юм аа” гэж хариулахыг, тэр л өдөр хийсэн юмтай бардам сууж байхыг хүссэн” гэсэн түүний үг нэгийг бодогдуулна.
Автын салбарт “Хү” хамтлаг шиг л эрчтэй ормоор байна.
Д.Дэмбэрэлийн төлөвлөгөө ёсоор бол тэр эх орондоо хэд хэдэн үйлдвэр байгуулж, цаашлаад Зүүн Европ, Африк, Зүүн Өмнөд Ази гэсэн гурван өөр бүс нутагт мөн үйлдвэрээ байгуулж, МОЗО-г дэлхийн өнцөг булан бүрт зам татуулахыг харах хүсэлтэй. Боломжийн үнэтэй, үзүүлэлт сайтай төмөр хүлэг зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хаана ч хэрэгцээтэй эд гэдгийг тэр сайн мэднэ. Дээр нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дэлхий даяар ногоон сонголт хийхийг уриалах болсон энэ цаг үед цахилгаан машин үйлдвэрлэж, бас худалдан авах нь ухаалаг шийдэл төдийгүй хандлага энэ зүгт эргэж буйг ч тэр тооцоолсон. Тиймээс ч “Автын салбарт “Хү” хамтлаг шиг хурдтай, эрчтэй, чимээтэй ормоор байна” гэж хэлсэн болов уу.
“Барс Моторс”-ынхны давуу тал бол хурдтай шийдвэр гаргаж, мөн хурдтай хувьсан өөрчлөгдөх чадвар. Жижиг бүтэцтэй байхын эерэг тал энэ. Харин дэлхийн зах зээлийн гол тоглогчид болох Mercedez Benz, Toyota, Daimler, Honda, General Motors, Fiat Chrysler зэрэг аварга компанид уг процесс харьцангуй удаан. Энэ орон зай бол “Барс Моторс” шиг шинэхэн тоглогчдын хувьд алдаж боломгүй цоо шинэ боломж юм.
Техник үзүүлэлтийн хувьд авч үзвэл салбартаа “Хү” хамтлаг шиг хурдтай шунган дүүлж чадах хэд хэдэн онцлог МОЗО-д бий. Тухайлбал, хөдөлгүүрийн багтаамж 1.5 cc, хот дотор өвлийн улиралд 100 км-т 10, харин зуны улиралд шулуун замд 6 литр түлш зарцуулдаг. Автомашины бүхий л суурь технологи герман. Турбо хөдөлгүүртэй, дуу чимээг маш бага буюу 50 орчим хувиар бууруулж өгснөөрөө онцлог. Маш бага түлшээр 1.5 тонн жинтэй дунд оврын жийп хөдөлгөж буй учраас “Барс Моторс”-ынхон МОЗО-гийн хөдөлгүүрийг чоно мотор гэж нэрлээд буй. 156 морины хүчин чадалтай, дээд тал нь 240 км цаг хурдалдаг. Машины хамар хэсгийг хамгийн сайн чанарын ган төмрөөр хийж өгсөн бөгөөд зөв талдаа жолооны хүрдтэй. Мөн машины тав тухын гол илэрхийлэл болох суудлын эргономик систем сайтай учир ямар ч жинтэй хүн суусан тухтай, хол замд явахад нуруу өвдөхгүй. Хойд талын суудлыг зорчигчдын тухтай байдлыг хангаж өгөх үүднээс том, саруулхан байхаар бүтээсэн нь анхнаасаа монгол гэр бүлүүдэд зориулсан шийдэл аж. Компанийн зүгээс онцолж буй хамгийн том давуу тал бол үйлдвэрийн баталгаа.
Ханжоу дахь үйлдвэр өдөрт 25 мянган цахилгаан машин үйлдвэрлэх хүчин чадалтай бол Монгол дахь үйлдвэр бүрэн ашиглалтад орох хүртлээ өдөрт таван автомашин угсрах бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх юм. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд хамгийн багадаа 1000 орчим ажлын байр шинээр бий болно гэж тэд тооцжээ. Цаашид дотоодын ажилтнуудаа хилийн чанад дахь үйлдвэртээ дадлагажуулах зэргээр бүхий л түвшинд сургаж, онол, дадлагыг хослуулах төлөвлөгөөтэй. Үүнээс гадна МОЗО брэндийн тусгай зориулалтын болон аяллын автобус, хүнд даацын, уул уурхайн зориулалттай машин, техник, цахилгаан мотоцикль зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэтийн төлөвлөгөө тэдэнд бий.
Харин ойрын хугацаанд Герман, Франц, Испаниас цахилгаан машины 200 гаруй эд анги импортолж угсрах ажлыг эхлүүлэхээр зэхээд байв. Мөн Израйль, Герман улсын компанитай хамтран шинэ загвараа танилцуулахаар ажиллаж байсан ч энэ бүхэн Ковид-19 цар тахлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй. Өдгөө дэлхий даяар цахилгаан машины хэрэглээгээр АНУ (1.1 сая), Хятад (2.3 сая) болон Европын орнууд (1.2 сая) толгой цохиж байна. Тухайлбал, Финляндын Virta компанийн мэдээлснээр Европын холбоо өнгөрсөн онд 60 тэрбум еврог зөвхөн цахилгаан машин болон баттерей үйлдвэрлэхэд зарцуулсан нь 2018 оныхоос даруй 19 дахин өссөн үзүүлэлт юм. Томоохон компаниуд болон улс орнуудын Засгийн газар энэ салбарт хүч хаях болсныг уг жишээнээс харах боломжтой.
Д.Дэмбэрэл автын салбарт хөл тавихаасаа өмнө багагүй амжилтад хүрээд байсан зөвлөх үйлчилгээ, боловсролын бизнесээ үргэлжлүүлээд явах уу, аль эсвэл шинэ зүйл хийж эхлүүлэх үү гэж нэг хэсэг бодож явжээ. Гэр бүлийн хүний хамтаар үүсгэн байгуулсан “Гүрэн” академи нь өдгөө Харвардын бизнесийн сургууль, Стэнфордийн их сургуультай хамтран ажиллаж буй бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын зөвхөн удирдах түвшнийхэнд зориулан сургалт зохион байгуулдаг. Мөн хүүхдэд зориулсан чадавхжуулах болон санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг ч амжилттай хэрэгжүүлж буй. Товчхондоо, дэлхийд данстай боловсролын аваргуудын сургалтыг албан ёсны эрхтэйгээр суралцагчдадаа англи, монгол хэлээр хослуулан хүргэдгээрээ онцлогтой. Ингэхдээ цахим болон танхимын сургалтыг мөн хослуулж, хэрэв суралцагчид өөрийгөө дайчилж, шингээж л чадвал хамгийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээллээр “өвч зэвсэглэх” боломжийг олгож чадаж буй.
Оюутан болж хотод, Таван буудалд амьдрах болсон Д.Дэмбэрэлд англи хэлний чадвар нь том давуу тал болж байлаа. Дунд сургуулийн сурагч байхаасаа л өөрөө оролдож, хичээж зүтгэсээр англи хэлийг тэр бие дааж сурчээ. Толь бичиг авах мөнгөгүй байсан ч төрж, өссөн Архангай аймгийн … суманд нь унаган англи хэлтэй сайн дурын багш нар их очдог байж. Тэдэнтэй ойр байсны хүчинд англи хэлийг сайн сурч чадсан байна. “Тухайн үед олдсон ганц нэг сурах бичгээ тэвэрч явах нь холгүй байнга үзсэнээс навсайсан юм байдаг байж билээ” хэмээн тэрбээр тэртээх өдрүүдээ дурслаа. Автын салбарт орох эрсдэлтэй алхам хийхээсээ өмнө, боловсролын салбарт ажиллаж эхлэхээсээ бүр ч өмнө Д.Дэмбэрэл олон улсын хүмүүнлэгийн байгууллага, одоогийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яаманд ажиллаж байв.
Харин автомашины салбарт ажиллаж эхэлснээсээ хойш өөрийн төрсөн өдрөө ихэд чухалчлан авч үзэх болсон талаараа тэрбээр хошигнон өгүүлэв. Учир нь долдугаар сарын 30-нд автомашины салбарт хувьсгал авчирсан, домогт бизнесмэн Хэнри Форд мөн мэндэлсэн аж. Форд хөрөнгө оруулагчидтайгаа маргалдсаны улмаас эхний компани нь бүтэлгүйтэж байсан түүхтэй. Энэ бол 100-гаад жилийн тэртээх үйл явдал. Хөрөнгө оруулагчид ашиг олохыг эн тэргүүнд тавьж байсан бол Форд чанартай машин үйлдвэрлэхийг урьтал болгож байж. Эндээс л маргаан эхэлжээ. Хамгийн хоржоонтой нь өнөөдөр ч уг асуудал хөрөнгө оруулагч болон үйлдвэрлэгч талуудын хооронд оршсоор байгаа юм. “Ерөөсөө энэ бол мөнхийн асуудал шиг байна” гэж Д.Дэмбэрэл инээмсэглэн өгүүлсэн нь хэзээ нэгэн цагт түүнд ч бас ийм асуудал тулгарч магадгүй гэх шиг сонсдох аж.
/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2020 оны наймдугаар сарын дугаар (№21) -т нийтлэгдсэн болно/