Монголчуудын идэвхтэй ашигладаг Facebook, Instagram зэрэг сошиал медиа платформын алинаас ч түүний албан ёсны бүртгэлтэй хаягийг хайгаад олохгүй. Харин тэр зөвхөн Twitter болон LinkedIn л маш идэвхгүй хэлбэрээр ашигладаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч барагтай бол ярилцлага өгөх сонирхолгүй. Оронд нь урдах ажлаа аль болох сайн хийж, ахиулж сайжруулъя гэж бодож явдаг нэгэн. Тиймдээ ч “Хувь хүний мөрөөдөл хийж буй ажилтай нь давхцаж байвал их гоё. Миний мөрөөдөл бол компанийн мөрөөдөл гэсэн үг. Компанийнхаа тодорхой бүтээгдэхүүнийг экспортолж, тухайн зах зээлдээ амжилттай байршуулах нь миний мөрөөдөл, бас зорилго” гэж тэр хариулсан байх.
Түүний энэ л мөрөөдөл 2000 орчим ажилтан, 36 охин компанийг нэгтгэсэн “Монос” группийн алсын хараа, цаашдын зорилго, зорилтыг бүрэн илтгээд зогсохгүй нийт моносчуудыг нэг мөрөөдөл, нэг зүгт чиглүүлэн зангидаж буй. Өнгөрсөн 30 жилийн турш эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, импорт, экспорт, судалгаа шинжилгээ, боловсрол, үйлчилгээний салбарыг хамарсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулахдаа “Монос” групп өөрийн нэрийг монголчуудын дунд тодоор тамгалж, хоногшуулж чадсан билээ.
“Манлайлагч” буландаа тус группийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн орлогч дарга Хүрэлбаатарын Анандыг бид урилаа.
Ковид-19 цар тахал дэгдсэнээс үүдэн дэлхий даяар бизнесийн байгууллагууд алдагдалд орж, эдийн засаг бүхэлдээ хямраад байна. Ийм хүнд цаг үеийг даван туулахаар жижиг, дунд болон томоохон бизнесүүд бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэлээ. Тэгвэл энэ бүхэн “Монос” группийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн бэ. Та бүхэн ямар хариу арга хэмжээ авав?
Цар тахлын улмаас бид олон сорилтыг даван туулах шаардлагатай тулгарлаа. “Монос” групп 2000 орчим ажилтантай. Тиймээс энэ үеэр нийт ажилтнууд болон гэр бүлд нь ачаалал бага үүсгэх, халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаажуулах зорилгоор хүмүүс рүүгээ чиглэсэн цөөнгүй арга хэмжээ авлаа. Тухайлбал, ажилтнуудыг амны хаалт болон гар ариутгагчаар хангах, дархлаажуулалтын бүтээгдэхүүнээр хангах, уян хатан ажлын цагт шилжих, ажлын байрны ариутгалыг тогтмол хийх, оффис бүрт амралтын болон хүүхдийн өрөөг тохижуулах зэргээр эцэг, эхчүүдийн ачааллыг бууруулсан. Мөн хамгийн чухал нь ажлын байрыг хадгалж, цомхотголоос зайлсхийсэн нь бас нэг сорилт байлаа.
“Монос” групп өөрийн гэсэн онцлогтой салбарт үйл ажиллагаа явуулж, тэрхүү салбарынхаа тэргүүн эгнээг өнгөлж явна. Танайх судалгаа, хөгжүүлэлтэд их хүч хаядаг. Жилдээ 1-1.5 тэрбум төгрөгийг судалгаанд зарцуулдаг гэсэн тоо өмнө минь байна. Харин зах зээлийн хувьд ямар онцлогтой бизнес гэж та хэлэх вэ?
“Монос”-ыг хүмүүс хүнсний компани шиг л ойлгоод байгаа нь анзаарагддаг. Хүнсний компанийн бүтээгдэхүүн, тухайлбал, сүү, талхыг хүмүүс өдөр тутамдаа авч хэрэглэдэг. Харин эм, эмийн бүтээгдэхүүнийг дунджаар жилд нэг удаа л авч ууна. Үүнээс урт хугацаагаар хэрэглэдэггүй хүн ч байгаа. Тэгэхээр энэ бол ашигтай бизнес биш. Гурван сая хүн гэдэг том зах зээл ч биш. Гэхдээ олон байгууллага хоорондоо өрсөлдөж, үнийн дайн хийдэг учраас. Тэгэхээр манай зах зээл эрүүл өрсөлдөөн дунд байдгаараа давуу талтай. Өрсөлдөөн үүсэх тусам чанар, стандарт дагаад сайжирна гэсэн үг.
Манай “Монос фарм” компанийн эмийн үйлдвэр гэхэд л 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангаж чадсанаараа Монголд анхдагч. Энэ үйлдвэрээс гарч буй эмийн бүтээгдэхүүн эдийн засгийн хувьд гурван сая хүнд ахдахаар хэмжээтэй. Хөрөнгө оруулалтаа бид 15 жилийн дараа нөхөхөөр байгаа. Эмийн үйлдвэр шинээр байгуулсан маань бүтээгдэхүүнээ экспортлох гол зорилготой. Араас нь бусад үйлдвэр маань ч GMP (Good Manufacturing Practice) болж, олон улсын стандартыг хангаж эхэлж байна. Бид Монголын экспорт, импортын бүтээгдэхүүний харьцаа 20:80 байгааг 25:75 болгон өөрчлөхөөр зорьж байна.
“Монос” группийн компаниуд бүгд хэвтээ удирдлагатай.
Бүтээгдэхүүнээ экспортлоход нэлээд анхаарч байна гэлээ. Одоогоор хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолж байгаа вэ?
Бид өмнөхөө бодвол илүү туршлагажиж, бүтээгдэхүүнээ хэрхэн гадаадад бүртгүүлэхийг сурчихлаа. Харин одоо тухайн улсынхаа зах зээлийг хэрхэн мэдэрч, маркетингийн ямар бодлого баримтлах, аль сувгаар борлуулах, хэнтэй хамтран энэ бүхнийг хийх вэ зэрэг асуудал дараагийн сорилт болж байна. Тухайлбал, ОХУ руу экспортолж буй “Нефромон” бөөр хамгаалах бэлдмэлийн найрлагад зөвхөн Монголд л ургадаг нарийн навчит цахилдаг хэмээх эмийн ургамал багтдаг. Одоо бид “Нефромон”-ыг зөвхөн Санкт-Петербург хотын хэдхэн эмийн санд нэг удаа тараагаад л Монгол Улсын хэмжээнд ургадаг нарийн навчит цахилдагийн жилд ургадаг нөөц хэмжээ дуусдаг. Хэрэв бид экспортын гарцаа нэмье гэвэл нэмж тариалах шаардлагатай. Зөвхөн ОХУ-ыг бүхэлд нь хангахын тулд улсын хэмжээнд ургадгаас бараг 100 дахин их хэмжээтэй тариалж байж сая зохих тоо буюу 70-80 тоннд хүрнэ. Нарийн навчит цахилдгийг зөвхөн зуны цагт тариалах боломжтой бөгөөд өртөг маш өндөр. Том талбай, цөлөрхөг газар шаардана. Тэгэхээр говьд ургуулах уу, эсвэл өөр газар хайх уу, хилийн чанадад боломжит бүс нутагт тариалах уу гэх зэргээр бид тохиромжтой аргыг хайж, судалсаар байна.
Ер нь “Монос” групп Хятадад косметикийн бүтээгдэхүүн, Япон, Солонгос болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад хүнсний органик бүтээгдэхүүн, ОХУ болон Зүүн Европт эмийн бүтээгдэхүүнээ хүргэе гэсэн төлөвлөгөөтэй. Урд хөршид гэхэд “Биомон” брэндийн үсний шампунь, нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ амжилттай бүртгүүлсэн. Одоо Хятадын зах зээлд хэрхэн амжилттай байршуулах вэ, аль мужийн аль хотоос эхлэх вэ зэрэг дараа дараагийн алхмууддаа анхаарал хандуулж байна. Эдгээр бүтээгдэхүүн Taobao, Alibaba платформоор дамжуулан маш бага хэмжээгээр борлогдож буй. Бид зах зээлээ туршаад л байна гэсэн үг. Японд амжилттай бүртгүүлж, тэндхийн зах зээлд туршигдаж буй бүтээгдэхүүнүүд ч байна. Хаана борлуулахаас шалтгаалаад дотооддоо үйлдвэрлээд экспортлох уу, эсвэл тухайн улсдаа шууд үйлдвэрлээд зардлаа хэмнэж, өрсөлдөх чадвараа сайжруулаад явах уу гэсэн сонголтууд мөн тулгарч, бид судалсаар байна.
“Монос хүнс” компани IPO хийгээд удаагүй байна. Нээлттэй компани удирдах нь хариуцлага, арга барил талаасаа өмнөхөөс хэр ялгаатай байна вэ. “Монос” группээс IPO хийхээр төлөвлөж буй өөр компани бий юү. Ер нь яагаад IPO хийхээр болов?
Манай группийг гэр бүлийн, монополь гэх зэргээр гадуур ярьдаг. Харин бид бүх компаниа олон нийтийн болгохоор төлөвлөсөн. Юун түрүүнд үйлдвэрлэл явуулж буй гурван компани болох “Монос хүнс”, “Монос фарм”, “Монос косметик”-ийг олон нийтийн болгохоор төлөвлөсний дагуу “Монос хүнс” амжилттай IPO хийж, эхний жилдээ буюу 2019 онд ашигтай ажилласан учраас цэвэр ашгийнхаа 20-30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэсэн. Хангалттай тогтворжиж, өсөлт үзүүлснийх нь дараа л дараагийн үйлдвэрээ нээлттэй болгох ажил руу орж, шат дараатай явна.
Эхлээд “Монос хүнс” компани IPO хийсэн нь хүнс өөрөө цааш өргөжих боломж хамгийн ихтэй, томоохон зах зээл учраас тэр. Одоогоор “Монос хүнс” компани “Аами Таами” ундаагаа pouch хэлбэрийн савлагаанд шилжүүлснээс гадна хүүхдэд зориулсан аарцтай бүтээгдэхүүний таглааг тоглоомтой болгож эхэлж байна. Мөн ургамлын бүтээгдэхүүнийг халааслаад явах боломжтой шот хэлбэрээр үйлдвэрлэж эхэллээ. “Цэнэг” бүтээгдэхүүнийхээ савлагааг сайжруулж, тагтай болгож байна. Дээр нь “Экос” усны савлагааг шинэчилж, газтай болон газгүй, витаминтай, витамингүй гэх зэргээр төрлийг нь баяжуулж, цаашид олон шинэлэг бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн.
“Монос хүнс” компани бол миний анхны төсөл.
Компаниа олон нийтийн болгохын нэг давуу тал нь группийн хэмжээнд удирдлагын түвшинд ирэх ачаалал харьцангуй багасдаг. Учир нь олон нийт өөрсдөө хяналтаа тавиад явчихаж байна. Группээс тухайн компанийн стратегийг боловсруулах, дэмжлэг үзүүлэх зэрэгт оролцож, нэг ёсондоо зүгээр л хувьцаа эзэмшигч болж байна гэсэн үг. Удирдлага бол биш. Хэдий хувьцаат компани ч гэлээ бидэнд “Монос” гэх нэг стратеги байх ёстой.
Багш, ачигч, зөөгч гээд л олон янзын ажил та хийж байсан. Бүр “Ямар ч найраагүй багш” гэсэн хоч ч зүүж явсан гэдэг. Юм юм хийж үзье, суралцъя гэсэн хувь хүний сонирхлоос л энэ бүхэн үүдэлтэй гэж та тайлбарлаж байсан. Тэгвэл “Монос” групп дэх ажлын гараагаа хаанаас эхлүүлсэн бэ?
Төслийн менежерээс. Том, жижиг олон төсөл дээр ажиллаж байлаа. Одоогийн “Монос хүнс” компани бол миний анхны төсөл. Цаасан дээр буулгахаас эхлээд бүхнийг өөрөө бие даан, гардаж хийсэн. Чацарганаар ямар шинэлэг бүтээгдэхүүнүүд хийж болох вэ хэмээн эрэлхийлж, төслөө “Чацаргана” гэж нэрлээд байв. Зөвхөн чацарганаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцоолж үзэхэд ямар ч ашиггүй байхаар байсан. Чацаргана өөрөө маш өртөг өндөртэй түүхий эд. Тэгээд “Ер нь бид хүмүүсийг өвдсөнийх нь дараа эмчлэх бус, урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл хүнс болон хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ яагаад ирээдүйд экспортолж болохгүй гэж?” гэж бодсон Ингэж л бид шинэ төслийнхөө ажлыг шууд эхлүүлж байлаа. 2010 оны л үед. Энэ бүхэн “Монос хүнс” компанийн эхлэл болсон.
Харин хэзээ удирдах албан тушаалд анх очиж байв. Мэдээж багагүй бэрхшээлтэй тулгарсан байх?
Төслийн захирлаар ажиллаж байхдаа бусад харъяа компанийн төслийн менежерүүдийг манлайллаараа удирдах зарчмаар нэг төсөл, нэг баг, хамт олон болгохыг зорьсон тэр үе л юм даа. Яагаад гэвэл “Монос” групп маань бусад байгууллага шиг босоо удирдлагатай биш. Би хэдий группийн гүйцэтгэх захирал ч гэлээ харъяа компанийнхаа удирдлага, эсвэл менежерийг очиж удирдах, зааж зааварлах эрхгүй гэсэн үг. Энэ соёл маань надад их гоё санагддаг юм. Тэгэхээр би харъяа компаниудынхаа зөвхөн гүйцэтгэх захирлуудтай л харилцаж, стратеги, бодлого, дүрэм журамд нь хяналт тавьж, чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх л үүрэгтэй. Түүнээс биш компаниудынхаа өдөр тутмын асуудалд оролцоод байдаггүй. Ер нь бид барууны засаглалын арга барилыг бага багаар суурьшуулж, компанийнхаа засаглалыг улам сайжруулахыг хичээж байна. “Монос” группийн компаниуд бүгд хэвтээ удирдлагатай. Одоо бол манай группийн хэрэгжүүлж буй аль нэг төслийн менежер хамтран ажиллагсдаа “Энийг хий, тэрийг хий”, “Ингэ, тэг” гэж захиргаадахаас илүүтэй тэднийг нэгтгэн, синержи үүсгэх замаар манлайлж, ажлыг гараас гаргаж байна.
Харъяа компанийнхаа гүйцэтгэх захирлуудын удирдлагын арга барилыг та хэрхэн хянадаг вэ. Магадгүй таны хэрэгжүүлэхийг хичээдэг арга барилаар тэд ажиллаж чадаж байна уу гэх эргэлзээ төрсөн үед хэрхдэг вэ?
Хүнд итгэж сурах хэрэгтэй. Өөрөө бүгдийг хийе гэвэл амжихгүй шүү дээ. Энэ тал дээр Монголд жаахан дутагдалтай байдаг болов уу. Бид нэг нэгэндээ итгэдэггүй, бүгдийг өөрөө хийх гэдэг. Гэхдээ сайн гүйцэтгэх захиралд итгээд, хамтдаа нэг зүгт харж, бие биеэ дэмжин хамтарч ажиллаж чадвал асуудалгүй. Жижиг компанийн захирал бүх ажил руугаа ороод явахад болчихоод байгаа юм. Харин дунд түвшний компанийг менежмент нь, том компанийг соёл нь удирддаг. Одоогийн байдлаар “Монос” групп дунд түвшний менежментээрээ удирдлагаа сайн авч явж байна.
Төслийн захирлаар ажиллаж эхлэхэд удирдах арга барилтай холбоотой ямар асуудлууд тулгарч байв?
Хамгийн том асуудал бол намайг Хүрэлбаатарын хүү гэдгээрээ мундагдана гэсэн хүлээлт хүмүүсийн дунд байсан. “Чадах уу?” гэсэн харцаар их харж байв. Тиймээс би өөрийн ажил хэргээ захирлын хүү гэдэг нэрээс салгаж, өөрөө санаачлан төсөл хэрэгжүүлж, үр дүн гаргахын төлөө илүү анхаарч ажилласан. Өв залгамжлагчийн хүү гэх хандлагад би маш дургүй. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал байсан. Гол нь би хийж байгаадаа, ажилдаа маш дуртай. Сайн ажиллахын зэрэгцээ их зүйл сурч, сурснаа бусдад сургах, үлгэр жишээ үзүүлэхэд их анхаардаг байлаа. Одоо ч тэр. Ер нь би компанийнхаа ажилтнуудыг өөрийнхөө ментор гэж хардаг байсан. Тэднээс тусламж, дэмжлэг авч, их зүйлийг суралцаад л цааш алхсан даа. Манай “Монос”-ын ажилтнууд их гоё. Бид нэг гэр бүл гэж өөр хоорондоо ярьдаг юм. Монослог гэж бас их ярина. “Монос” группт нэг ажилд орсон хүн маш олон жил ажилладаг. Тэгэхээрээ л их монослог болчихдог (инээв).
Аав тань компаниа цааш залж, чиглүүлэн удирдах тухайд ямар үнэ цэнтэй зөвлөгөөг танд өгдөг вэ?
Миний хамгийн том ментор бол яах аргагүй аав маань. Би багаасаа л аав, ээжийг ажилдаа явахад нь дагаж очдог, эсвэл хичээлээ тараад ажлаар нь орж гардаг, хурлын ширээнд суугаад л хичээлээ хийнгээ хожим хэрэг болох тэр л яриаг сонсдог байж. Тухайн үед зах зээл, эдийн засаг хүнд байсан учраас ийм асуудал тулгардаг юм байна, энэ үед ийм арга барилаар ажилладаг юм байна гэдгийг сонсоод л, хүнтэй ингэж харьцдаг юм байна гэдгийг мөн харж өссөн дөө. Аав, ээж хоёр маань бизнесийн сургуульд сураагүй. Компаниа өөрсдийн гараар бүтээн байгуулж, сайнтай, муутай явсаар өнөөг хүрсэн. Багаасаа л “Монос” хэмээх компани хэрхэн өсөж өндийж, хөгжиж цэцэглэж байгааг харж өссөн нь хожим групп компаниа удирдан авч явахад дөхөм болсон байх.
Хоёрдугаарт, ааваасаа маш ихийг сурч байна. Одоо ч гэсэн суралцсаар байна. Долоо хоногт хэд хэдэн удаа очиж, ааваасаа зөвлөгөө авдаг. “Удирдагч хүн хэн нэг ажилтнаа хамт олных нь өмнө загнаж, зэмлэж, буруушааж болохгүй. Хэрэв тэгж зэмлэж загнамаар байгаа бол тусад нь уулзах хэрэгтэй. Гэхдээ зүгээр нэг зэмлээд өнгөрөх биш, гарц гаргаж өгч, зөвлөх ёстой. Харин ажилтнаа магтаж урамшуулах гэж байгаа бол хамт олных нь дунд магт, урамшуул. Ер нь заавал загнаж, зандарч хүмүүсийг удирдах биш, урамшууллын аргаар удирдах нь хамгийн зөв”. Энэ бол ааваасаа сурсан, миний хэрэгжүүлдэг удирдахуйн ухааны зарчим. Бас “Дельфин сургагч” гэж номын тухай аав байнга ярьдаг юм. Дельфин буюу далайн гахайг зодож занчиж, ингэ тэг, үсэр гэвэл хэзээ ч таныхаар болохгүй. Харин эсрэгээрээ загас өгч урамшуулахад далайн гахай улам хичээдэг. Яг л ийм маягаар далайн гахайг сургаж, гаршуулдаг тухай өгүүлдэг, бизнесийнхэнд их хэрэгтэй, гоё ном. Дээр үед л хэвлэгдэж байсан юм. Аав бид хоёр ер нь маш их ном уншдаг. Тэдгээрээс бизнесийн арга барилын хувьд суралцаж, шинээр нэвтрүүлэх зүйл байна уу, бидэнд сайжруулах шаардлагатай хэсэг байна уу гэх зэргээр их дүгнэн ярилцаж, аливаад нээлттэй хандахыг хичээдэг дээ. Мөн аавын зөвлөдөг зүйл бол хүнд итгэж сурах. Манай групп 2000 орчим ажилтан, 21 гүйцэтгэх захиралтай. Энэ арван хэдэн компанийн бүхий л үйл ажиллагаа, ажилтан, захирлуудад аав бид хоёр итгээд явж байгаа учраас л “Монос” групп өнөөдрийн түвшинд хүрсэн.
Бид синержи үүсгэн манлайлах замаар ажлаа урагшлуулж байна.
“Монос” группт байгууллагын соёл сайн бүрэлдэж, тогтсон учраас ажилтнууд нь тогтвор суурьшилтай ажилладаг болов уу гэж ойлгогдож байна. Гэвч энэ бүхэн өдгөө удирдлагын түвшнийхний хувьд тулгамдсан асуудал болоод байх шиг?
Манай групп банкнаас авсан зээлээ цаг тухайд нь төлж, хэзээ ч удааж байгаагүйгээрээ их бахархдаг. Санхүүгийн хувьд сахилга баттай байна гэсэн үг шүү дээ. Нөгөө талаар бид ажил олгогч учраас цалингаа яг цагт нь тавьдаг. Энэ компанийг захирлууд босгоогүй, харин ажилтнууд, фронтд зүтгэж яваа энэ хүмүүс л босголцож байгаа. Тийм ч учраас эднийхээ цалинг аль болох нэмье, урамшуулал өгье, ажилтан бүртээ хувьцаа олгоё гэдэг талаас их анхаардаг. Энэ ч үүднээс “Монос хүнс” компани IPO хийсний дараа манайх ажилтан бүртээ хувьцаа бэлэглэсэн. “Монос”-т ажилд орсон хүмүүс сургалтын компанид орчихсон юм шиг гэж ярьдаг. Групп дотроо бид санхүүгийн, англи хэлний, спортын гэх зэрэг олон клубтэй. Дийлэнхийг нь ажилтнууд, менежерүүд өөрсдөө санаачлан авч явдаг. LOT буюу Leaders of Tomorrow гэж ТББ гэхэд л ахлах менежер, дэд захирлуудаа сургах, төсөлд хамтран ажиллуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах жишээтэй. Хэрэв тухайн клубийн ажил үр дүнтэй байж, группийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдвөл санхүүжүүлж ч болдог. Ер нь бид аль болох л хүмүүс рүүгээ, ажилтнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг зорьдог.
Манай охин компаниудын гүйцэтгэх захирлууд бүгд дотроосоо сонгогдсон байдаг нь энэ онцлогийн маань нэг илрэл болов уу. “Монос фарм” эмийн үйлдвэрийн маань гүйцэтгэх захирал М.Одгэрэл гэхэд л “Монос” группт няраваар анх ажиллаж эхэлсэн байдаг. Үүнээс 10 жилийн дараа тэр гүйцэтгэх захирлаар томилогдсон. Манлайлал, менежментийн арга барилаа сайтар эзэмшсэн байхад мэргэжлийн сайн баг бүрдүүлээд ажиллахад асуудалгүй байдаг. Ер нь компанийн соёлыг захирлууд, ажилтнууд нь бий болгодог. Захирал сайн байж чадвал үүнийгээ дагаад хамт олон ч байгууллагын соёлоо өөриймшүүлэн өвлөн авч, цааш сайжруулаад явдаг юм болов уу.
ТУЗ-ийн орлогч даргын хувьд “Монос” группийн ТУЗ хэр сайн ажиллаж байгаа гэж та дүгнэх вэ?
ТУЗ бол хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг зөв зохистой ашиглаж байна уу гэдгийг хянахаас гадна гүйцэтгэх захирлыг томилох үүрэгтэй. Товчхондоо, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал хоорондын гүүр гэсэн үг л дээ. Тэгэхээр гүйцэтгэх захирал сайн ажиллаж байна уу, эсвэл үгүй юү гэдгийг бас дүгнэнэ. Дээр нь гүйцэтгэх захирлыг маш сайн дэмжиж, чиглүүлдэг байх ёстой. ТУЗ-ийн өөр нэг үүрэг бол сайтар бодож, боловсруулсан төлөвлөгөө гаргах.
Манай группийн дотоод засаглал яагаад сайжирсан гэхээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) -аас 20 гаруй тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авч, үйлдвэрүүдээ GMP болгосонтой холбоотой. Ингэхээр E&Y-оос эхлээд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, аудит хийлгэх, мөн ЕСБХБ-аас ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Чарльз Глорр гэх хүнийг томилсон зэрэг алхам их нөлөөлсөн. Бид ТУЗ-ийн эрх, үүргийг сайтар ойлгох, засаглалаа сайжруулах чиглэлээр эдгээр байгууллага, хувь хүнээс суралцсан гэж ойлгож болно. Харин одоо бид ЕСБХБ-аас өөрийн хувиа худалдаад авчихсан учраас тэндхийн хараат бус гишүүн байхгүй ч компанийн засаглалаа улам сайжруулсаар байна. Тиймээс “Монос”-ын ТУЗ хангалттай сайн ажиллаж байгаа гэж би хэлнэ.
Захирал хүний нуруун дээр маш их үүрэг хариуцлага ирдэг. Мөн хэчнээн сайн төлөвлөсөн ч төлөвлөөгүй олон бэрхшээл өдөр тутам тулгарч байдаг болов уу. Тэгвэл энэ бүхнээс сэргийлэх, хурдхан ангижрах стресс менежментийн арга барил танд бий юү?
Мэдээж хэрэг бий. Жишээлбэл, өчигдөрхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монос” групп руу дайрсан шинжтэй, баталгаатай эх сурвалжгүй мэдээлэл цацагдлаа. Ер нь ийм зүйл манай группийн компани бүрт сар болгон шахам тохиолдож байдаг. Тэгэхээр “Хэрхэн гал унтраах вэ?”, “Дахиж ийм зүйл хэрхэн гаргахгүй байх вэ?” гэдэг талаас зайлшгүй анхаарах шаардлагатай болдог. Бэрхшээл гарч ирэх тусам тэр хэрээрээ даван туулахыг хичээж, өөрийгөө илүү ирлэдэг гэх үү дээ. Бас суралцдаг. Түүнээс биш бэрхшээл тулгарах бүрт сэтгэл санаагаар унаж, стресстээд байвал гүйцэтгэх захирал байхын хэрэг байна уу?
“Ажлаасаа гарсан л бол ажлаа март. Гэрийнхээ хаалганы гадаа ажлаа орхиод ор” гэсэн үг бий. Энэ үг таны хувьд хэр сайн хэрэгжиж чаддаг вэ?
Жишээлбэл, миний хувьд өчигдөр нэлээд хүнд өдөр байсан. Тэгмэгц би орой гэртээ харьж, хоолоо идчихээд эхнэртэйгээ хамт Netflix-ээс өөрийн үзэж буй цувралынхаа хоёр ч ангийг гүйцээсэн. Уг нь ном уншихаар төлөвлөж байсан ч ажлаас хангалттай чөлөөлж чадахгүй гэж үзээд кино үзэхээр шийдсэн. Ер нь би чөлөөт цагаа гэр бүлдээ зориулж, эхнэртэйгээ, хоёр настай бяцхан хүүтэйгээ цагийг аль болох их өнгөрүүлэхийг хичээдэг. Хэдий гэр бүлтэйгээ хамт байхад өөрийгөө хөгжүүлэх цаг тодорхой хэмжээгээр багасдаг ч гэлээ надад тэр цаг л хамгийн үнэ цэнтэй, сайхан санагддаг даа.
Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.