Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд Кашимер” ХХК өөрийн нэрийн барааны дэлгүүрээ АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотноо нээжээ. Тус дэлгүүр нь Burberry, Prada зэрэг дэлхийн брэндүүдийн дунд байрлаж буй бөгөөд Монгол Улсын нэрийн хуудас болсон зуун хувь ноолууран сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүнүүд худалдаалж буй юм.
“Ханбогд Кашимер” ХХК нь ноолуур угааж, самнах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол сүлжмэлийн үйлдвэрээ өнгөрсөн онд ашиглалтад оруулж, дотооддоо төдийгүй хилийн чанадад нэрийн дэлгүүрүүдээ нээгээд байна. Тэд цар тахлын энэ үед бизнесийн хүрээгээ тэлж, өсөлтөө амжилттай хадгалж яваа цөөн бизнесийн нэг юм. Ковид-19 вирус дэгдэлтийн үед Улсын их дэлгүүрт хоёрдахь салбараа нээж байсан бөгөөд өдгөө АНУ, Бельги, Герман, Санфранциско, Солонгос, Хятад зэрэг оронд нэрийн дэлгүүрээ нээн ажиллуулж байна.
Өнөөдөр амжилттай ажиллаж, цар тахлын үед оршин тогтнож буй нь салбарын бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж чадсаны илрэл гэдгийг харилцагч байгууллагын төлөөлөл хэлсэн. Тухайлбал, “Blue Sky” кашимертай тэд менежментээр нэгдэн хонь, сарлаг, торомны ноосон даавуу үйлдвэрлэж, даавуугаа экспортлон пальто хийх гэнэ. Мөн сарлаг, торомны ноосон даавуугаар “Ханбогд” брэндийн пиджак үйлдвэрлэх аж.
Тогтвортой ноос ноолуурын эвслээс олгодог “Хаан ширхэгт” сертификат, “Sustainable” буюу “Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал” С003-ийн стандартын Мөнгөн батламжийг “Ханбогд кашимер” хүртээд байгаа юм. Тус шагналыг Тогтвортой ноос ноолуурын эвслийн Англи дахь төвөөс олгосон бөгөөд олон улсын байгууллагатай хамтран тогтвортой ноолуур боловсруулж, шалгуур үзүүлэлтийг хангаснаар манай улсаас Sustainable Fibre анхны үйлдвэрлэгч болжээ.
Тус эвслээс тэдэнд одоогийн амжилтаа ахиулахын тулд ноолуур угаасан саарал усаа дахин цэвэрлэж, байнгын хэмнэлт, тогтвортой байх гэсэн шаардлагыг тавьж байгаа бөгөөд тэд шаардлагыг хүлээн авч аравдугаар сард үйлдвэрийнхээ дэргэд цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулжээ. “Цаашид бид “Sustainable”-ийн алтан сертификатын болзлыг хангахын төлөө хичээн ажиллана. Энэ нь байгалийн ширхэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компанийн хувьд маш том боломж гэж харж байна” хэмээн “Ханбогд Кашимер” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Нямтунгалаг ярилаа.