Италийн нэр хүндтэй United Colors of Benetton, Carpisa, Yamamay, Wycon гэх хэд хэдэн брэндийг Монголд нутагшуулахын зэрэгцээ 200 гаруй ажлын байр бий болгож, франчайзинг бизнесээ амжилттай авч яваа Н.Оюунбат гэнэтхэн хүнд үйлдвэрлэлийн салбарт хөл тавьсан нь олон хүний гайхшийг төрүүлжээ. Яг үнэндээ энэ шийдвэр тийм ч гэнэтийн биш байв. Монголд боловсруулах үйлдвэр маш цөөн. Тэдгээр цөөн үйлдвэрийн нэгийг тэр бүтээн байгуулжээ.
Үйлдвэр рүү дөхөж явна. Цэнхэр, шарыг тодруулах үйлдвэрийн барилга холоос ялгаран харагдаж эхэллээ. Тоос шороо, хүн мал бужигнасан Эмээлт орчмын гундуухан төрх байдалд барилгын өндөр орой ч, өнгө төрх ч аль аль нь эрс ялгаран харагдах нь энд ямар нэг бүтээн байгуулалт “чимээгүйхэн” өрнөж байгааг илтгэнэ.
Үйлдвэрийн хашаагаар орлоо. Цэвэр цэмцгэр орчин угтав. Барилгыг гаднаас нь харахад ус, ундаа, эсвэл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөнгөн үйлдвэр гэлтэй сэтгэгдэл төрнө. Гэхдээ байгууламжийн нэгээхэн хэсэг болох цилиндр хэлбэрийн хоёр том тосны танкер энд арай өөр зүйл үйлдвэрлэдэгийг хэлээд өгнө. “Протейн” үйлдвэр гэсэн хаяг нүдэнд тусах аж.
Үйлдвэр рүү нэвтрэв. Орох хаалганы өмнө маск, малгай, нөмрөг зэргээр “зэвсэглэлээ”. Нүргэлсэн хөдөлгүүрүүд, нүсэр том эд ангиуд угтахтай зэрэгцэн тос шаргаасан мэт хурц үнэр хамар цоргив. Энд малын хаягдал ясыг боловсруулж, шууд бэлэн бүтээгдэхүүн болгон савлах ажиллагаа ид өрнөж байлаа. Дөнгөж саяхан савласан бүтээгдэхүүнд хүрч үзэхэд бүлээхнээрээ байв. Хэрэгцээт амин хүчлүүд болон уураг, кали, кальциар нэн баялаг тэжээлийн нэмэгдэл, бордоо болгон ашиглаж болох уг бүтээгдэхүүнээ тэд 20 кг-аар савлаж, одоогоор “Түмэн шувуут”, НВЦ болон шувуу, гахай, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлж буй. Харин яс боловсруулах явцад ялгарсан тосыг дээр өгүүлсэн хоёр танкерт нөөцөлдөг нь саван, лаа болон гоо сайхны үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнуудад биржийн үнэлгээтэй, стратегийн амин чухал түүхий эд болдог. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой, экспортын потенциальтай ийм хоёр бүтээгдэхүүнийг “Протейн” үйлдвэр үйлдвэрлэж байна. Энд өдөрт 100 тонн түүхий эд буюу малын яс, бусад дайвар бүтээгдхүүнийг боловсруулдаг бөгөөд жилд 36 мянган тонн түүхий эд боловсруулж, 8000 тонн мах, ясны гурил буюу тэжээлийн уураг, 5000 тонн савангийн тос үйлдвэрлэх хүчин чадалтай.
Итали технологи, инновацын шилдэг шийдлийг шингээсэн, бүрэн автомат “Протейн” үйлдвэрт хаягдал ясыг 140 градуст чанаж боловсруулан нунтаглаж, мах, ясны гаралтай гурил буюу тэжээлийн уураг, бордоо үйлдвэрлэх үйл явц нүдний өмнө яах ийхийн зуургүй өрнөж, дараагийн түүхий эдээ “нэхэх” аж. Залгаа байрлах түүхий эд хадгалах агуулахад уул шиг овоолсон бог, бод малын яс эрийж сэрийн үзэгдэх нь таагүй харагдах ч, энэ бүхнийг эргээд баялаг, эх орны үйлдвэрлэл болгон хувиргаж буй нь баярлам.
Боловсруулах үйлдвэр гэхээр л өтгөн утаа хаялж, элдэв үнэр танар ялгаруулсан бохир орчинтой байдаг гэх ойлголт эндхийн байр байдалтай эрс зөрөлдөнө.
15 тоннын даацтай машин өдөрт 10-15 удаа энд ирж, ачсан хаягдал ясаа буулгадаг. Энэ бол нийслэлийн ойр орчмын аж ахуйн нэгжээс өдөрт гарч буй хаягдлын ердөө 10 хувь. Эмээлт орчимд хаягдал яс шатаадаг хятад голдуу эзэнтэй хэд хэдэн үйлдвэр бий ч шатаах болон чанах технологи зарчмын хувьд эрс ялгаатай. Италийн Impianti Carrera компанийн хаягдал яс боловсруулах энэхүү дэвшилтэт технологи, нөү хауг өдгөө Израиль, Испани, Аргентин, Уругвай, Бразил зэрэг дэлхийн 39 улс орны 100 гаруй үйлдвэрт нэвтрүүлээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар “Протейн” үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа нь урд хөрш рүү бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрөл олгохгүй байгаа болон дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийх нь ач холбогдол, үнэ цэнийг хараахан бүрэн гүйцэд таньж амжаагүй байгаа зэрэгтэй холбоотой. Өмнө нь хаягдал ясыг хэдхэн үйлдвэрт шатаах, эсвэл зүгээр л газарт булж, бүр болохгүй бол жалганд ил хаячихдаг байсан нь байгаль орчинд маш хортой бөгөөд хөрс, усны бохирдол үүсгэж, цаашлаад ундны ус хомсдох хүртэлх ноцтой үр дагаварт хүргэх шалтгаан болдгийг олон улсад авч хэрэгжүүлж буй дүрэм журам, стандартууд баталдаг. Дэлхий даяар малын гаралтай хог хаягдлыг биологийн зэвсэг буюу биологийн хорт бодис гэж үздэг нь ч ийм учиртай. Тэгэхээр нэг байтугай нэлээд хэдэн яс боловсруулах үйлдвэр Монголд хэрэгтэй гэдэг нь ойлгогдоно.
Олон улсад стратегийн шинжтэй ийм боловсруулах үйлдвэрээ төрөөс шат дараатай бодлогоор дэмжиж ажилладаг бол манайд бизнес эрхлэгч ганц эмэгтэй энэ талаар судалж, олж мэдэж, хөөцөлдөж, хурааж хуримтлуулсан хөрөнгөө барьцаалан зээл авч үйлдвэр босгон, бор зүрхээрээ зүтгэж яваа нь хачирхалтай ч гэмээр үзэгдэл. Европ болон Азийн хэд хэдэн орноор явж, хоёр жил гаруйн хугацаанд харьцуулан судалж, эцэст нь 60 жилийн түүхтэй Impianti Carrera компанийн технологи, нөү хауг худалдан авснаар европ стандартын үйлдвэрийг эх орондоо нутагшуулах их ажлыг эхлүүлсэн гэдэг. Монголд ийм дэвшилтэт технологи бүхий боловсруулах үйлдвэр одоогоор байхгүйг итали түншүүддээ хэлэхэд ийм олон сая малтай улсад мах, махан бүтээгдэхүүн, яс боловсруулах үйлдвэр хомс байгаад тэд гайхаж хачирхжээ.
“Үйлдвэр байгуулахаар судалж байхдаа анх үнийг нь сонсоод ухаан алдаж унах шахсан. Гэтэл хамаг чухал нь нөү хау, технологидоо л байдаг юм билээ”.
Үнэхээр ч Монгол Улс 70 гаруй сая малтай, хөдөө аж ахуйн орон гэгддэг ч энэ салбарт хөрөнгө оруулалт маш бага байдгаас зарим секторын хөгжил сул, төрийн бодлого ихээр үгүйлэгддэг. Манайд жилд дунджаар 22 сая толгой малыг хүнсний хэрэглээ болон махны экспортод зориулан нядалдаг гэсэн статистик тоо бий. Нэг малын амьдын жинг бог малд шилжүүлэхэд ойролцоогоор нэг сая орчим тонн болдогоос 55 хувь нь яс, арьс, толгой, шийр, цус гэх зэрэг биологийн хаягдал болдог байна. Үүн дээр цөөнгүй тооны мал элдэв хорогдлоор нэмэгддэг нь өнгөрсөн оны байдлаар нэг сая гаруйд хүрчээ. Эдгээр биологийн хаягдлыг бүрэн боловсруулан ашиглаж чадвал эдийн засаг болоод байгаль орчинд өгөөжтэй ч өнөөдөр дийлэнх хэсэг нь хаягдал болж, орчны бохирдолд ихээхэн нөлөөлж буй. “Хүчит шонхор” зах дээр гэхэд л өдөрт 40-50 тонн малын яс хаягддаг гэх тооцоо бий.
“Үйлдвэр байгуулахаар судалж байхдаа анх үнийг нь сонсоод ухаан алдаж унах шахсан. Гэтэл хамаг чухал нь нөү хау, технологидоо л байдаг юм билээ. Үйлдвэрээ босгох гэж их ажил болсон доо. Энэ тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрт захиалж хийлгэх гэж чамгүй хугацааг зарцуулсан. Бэлэн болсон тоног төхөөрөмжөө харахаар байсхийгээд л Итали руу ниснэ. Яс боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж том, овор ихтэй учраас Италиас зөөж тээвэрлэхээс авахуулаад хүндрэл бэрхшээл их тулгарсан. Ийм том боловсруулах үйлдвэрийн тээвэр, гаалийн ажил гэж сүртэй юм болдог юм билээ. Тоног төхөөрөмжөө Монголдоо авчирсны дараа угсралтын ажил гэж нэлээд бужигнасан. Бас л их ажил. Итали мэргэжилтнүүдтэй өдөр шөнөгүй мөр зэрэгцэн ажиллаж байж үйлдвэрээ жигдрүүлж босгосон доо” хэмээн Н.Оюунбат ярьж байна.
Нэгэн сонирхолтой баримт дурдахад, үйлдвэр ажиллаж эхэлснээс хэдхэн сарын дараа яс бутлагч машин эвдэрснийг засахаар Италиас ирсэн мэргэжилтнүүд монгол малын яс маш хатуу, нягт учраас эвдрэл үүссэн гэдгийг оношилж, дахин тусгай тохиргоо хийж өөрчилснөөр асуудал шийдэгдсэн түүхтэй. Үйлдвэрээс гарч байгаа тосоо хийх савгүй сандарч байгаад дахин зээл авч, тос хадгалах сав буюу тосны танкераа саяхан барьснаа ч учирлав.
“Асуудлын чухал, томоос шүүрч аваад тойролгүй дайрч гарах хэрэгтэй”.
Боловсруулах үйлдвэр гэхээр л өтгөн утаа хаялж, элдэв үнэр танар ялгаруулсан бохир орчинтой байдаг гэх ойлголт эндхийн байр байдалтай эрс зөрөлдөнө. Бүр үйлдвэрээсээ хэдхэн алхмын зайд цэвэр, тохилог цайны газар бүхий хоёр давхар ажилчдын байр барьснаас нь энэ бүхэн харагдана. Ээлжээр ажиллаж, хонох шаардлага гарвал ажилтнууд нь энд байрлачихдаг. Халуун ус, шүршүүр, ор дэр гээд хүн түр хугацаанд тав тухтай байрлах бүхнийг энд бүрдүүлсэн байв. Н.Оюунбат өөрөө ч оройтож ажиллах шаардлага гарвал энд, өөрийн өрөөндөө хоноглочихдог. Энд үйлдвэрийн чимээ шуугиан үгүй, нам гүм. Үүнээс гадна үйлдвэр дотроо дуу тусгаарлагч ашигласан ажилчдын байрлах хэсэгт бялдаржуулах төхөөрөмж, ширээний теннис зэргийг байрлуулсан бөгөөд нэг сул өрөөгөө ирээдүйд лаборатори болгон тохижуулахаар судалж байгаа хэмээн тайлбарласан юм.
“Ер нь асуудлын чухлыг сүүлд нь шийднэ гэж байхгүй. Харин ч аль болох чухал, томоос нь шүүрч аваад тойролгүй дайрч гарах хэрэгтэй гэж боддог. “Протейн” үйлдвэрээ байгуулсан шалтгаан маань ч энэ. Бид ирээдүй үедээ, үр хойчдоо бохирдсон хөрс, ус, овоорсон хог, цөлжсөн газар үлдээх учиргүй гэж хүн бүр шахам ярьдаг ч ажил хэрэг болгох нь ховор. Тэгвэл би ядаж нэг ажил эхлүүлэн бусдыгаа уриалъя гэж бодсон учраас энэ бүхнийг хийж байна. Амьтан, ургамал хөрснөөс үүсээд хөрсөндөө шингэх жамтай. Энэ нь хүн төрөлхтөн байгалийнхаа зүй тогтлоор амьдрахыг л хэлээд байгаа юм. Идсэн, уусан, хэрэглэсэн бүхнээ дахин боловсруулж, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах нь хүн бүрийн үүрэг. Яагаад гэвэл энэ дэлхий дээр ганцхан би амьдраад дуусахгүй, амьдрал үргэлжилнэ. Бидний үр хүүхэд, ирээдүй хойч маань зуу зуу, мянга мянган жил амьдрах эрхтэй шүү дээ.
“Буянт малынхаа амьсгалаас бусдыг ашигладаг байсан бид одоо яаж байна? Хаяад л, булаад л. Энэ ч үүднээс малаас гарч буй энэ сайхан эрдэнээ боловсруулахаар зүтгэж явна даа”.
Дэлхий дээрх амьдралыг авч яваа, түүнгүйгээр оршин тогтнож чадахгүй салбар бол хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, газар тариалангийн салбар. Монгол хүн мах, гурилаа идэхгүй амьдрах уу. Энэ амин чухал салбараа бид тордож, гамнаж, өнгөлж явах учиртай. Ядаж л буянт малынхаа амьсгалаас бусдыг ашигладаг байсан бид одоо яаж байна? Хаяад л, булаад л. Тийм ч учраас хөрс шороо, уух усаа бохирдуулахгүйн төлөө малаас гарч буй энэ сайхан эрдэнээ боловсруулахаар зүтгэж явна даа. Биологийн хаягдлыг боловсруулахгүйгээр газарт булна гэдэг үнэхээр ирээдүйгээ бодоогүй, харгис хатуу гэмт хэрэг. Манай оронд жилд хэчнээн гол мөрөн, булаг шанд, рашаан ширгэдэг вэ гээд статистикаас харвал аймшигтай тоо гарна. Энэ бол жинхэнэ аюул. Амьд бүхэнд уураг, кальци хэрэгтэй. Харин бидний үйлдвэрлэж буй бордоо уураг, кальци, фосфор, азот болон микро, макро элементүүдээр баялаг. Манай бордоогоор бордсон хөрс шороо үржил шимээ хадгалж, “амьдарна” л гэсэн үг шүү дээ. Тиймээс бид малын ясыг боловсруулж, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь биологийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд эергээр нөлөөлж чадна” хэмээн Н.Оюунбат өгүүллээ. Түүний байгуулсан шиг Италийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэр Азид хоёрхон байдгийн нөгөө нь Израйль улсад буй.
“Хүн боломжоо хүлээх биш, харин бүтээж амьдрах нь чухал”.
Хаягдал гардаггүй учраас эко үйлдвэр хэмээн нэрлэгддэг ийм төрлийн үйлдвэр малын гаралтай био хаягдлыг бууруулах, гахай, шувуу, мал амьтан, газар тариаланг химийн нэгдэл агуулаагүй органик тэжээлийн уураг, бордоогоор бордох боломжийг бүрдүүлснээр экологийн тогтвортой эргэлтийг бий болгоход эергээр нөлөөлдөг. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтэд ашигладаг олон улсын жишиг ч бий. Өөр нэг чухал ач холбогдол нь импортын тэжээлийн уургийн хэмжээг багасгаж, эсрэгээрээ гаднын улс орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох, цаашлаад дотоодын эдийн засгийн эргэлтийг сайжруулах давуу талтай. Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Харин “Протейн” үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлвэл гахай, тахианы эрчимжсэн аж ахуйд ашиглах тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах боломж бүрдэнэ. Италичууд энэхүү бордоогоор усан үзмийн модоо бордсоноор сайн чанарын дарс гарган авах эх үндэс болдог гэх. Яс боловсруулах үйлдвэрээс гарч буй бас нэгэн чухал түүхий эд нь түрүүн дурдсан малын гаралтай тос. Энэ тос бол жилдээ 40 гаруй мянган тонн саван импортолдог Монгол Улсын хувьд байгалийн гаралтай, органик саван дотооддоо үйлдвэрлэж, импортыг бууруулах боломж. Дэлхий даяар эко хэрэглээг эрэлхийлж, өнгө, үнэр оруулагч зэрэг химийн найрлага ихтэй бүтээгдэхүүнээс татгалзах болсон энэ цаг үеийн нийтлэг зорилготой нь энэ бүхэн давхцаж буй.
Н.Оюунбат “Би юуны төлөө, ямар үнэ цэн бий болгохын тулд энэ ажлыг хийж байна вэ?”, “Миний хувьд энэ ажил ямар утга учиртай вэ? Заавал хийх шаардлагатай юу?” гэж өөрөөсөө үе үе асууж, түүндээ хариулж, дараа дараагийн хийх ажил, зүг чигээ тодорхойлохыг хичээдэг. Үүнийг л мөрдлөг болгон зүтгэж явна даа” хэмээн хэлсэн юм. Тэр хэрхэн хатуу ширүүн бизнесийн ертөнцөд хөл тавьж, амжилтыг бий болгож чадав?
Дэлхийг бүрхсэн солонго буюу United Colors of Benetton
Дайны дараах дүнсгэр Европыг солонгоруулсан Бенеттоны түүх тод шар өнгийн ноосон цамцнаас эхлэлтэй.
“Манай бизнесийг хийх сонирхол чамд байна уу?”. Италийн тэрбумтан Н.Оюунбатаас ингэж асуух үед тэд гурав, дөрөвдүгээр хорооллын гудамжаар алхаж таарав. Хувийн онгоцоо хөлөглөн Монголд ирээд ердөө ганцхан хонох шахуу хуваарьтай явсан итали бизнесмэний гэнэтийн асуулт бүсгүйг багагүй сандаргажээ. Буржгар цагаан үс, гүн цэнхэр нүдтэй, эрч хүч цацруулсан, ажил хэрэгч итали эрийг 70 хол гарсан гэхэд хэн ч үл итгэнэ. Тэр Монгол орныг үзэхээр ирсэн ч ясны бизнесмэн хүний зангаар Төв Азийн өндөрлөгт орших, сонирхолтой газар зүйн тогтоцтой, хүн амын дийлэнх хэсгийг нь залуучууд эзэлдэг, франчайзинг бизнес хараахан идэвхтэй нэвтэрч эхлээгүй энэ л улсад салбараа нээхийг хүсчээ. Энэ үйл явдлаас гурван жилийн дараа тэдний зогсон ярилцаж асан тэр л гудамжид дэлхийд алдартай United Colors of Benetton брэндийн Монгол дахь анхны салбар нээгдсэн нь үйлчилгээний салбарт олон улсын чанар, стандартыг нэвтрүүлж, хэвшүүлэх эрс өөр үүд хаалгыг нээсэн юм. Ингэж дэлхийн 120 улсад салбартай, 55 жилийн түүхтэй итали брэндийн 6254 дэх салбар Монгол Улсад нээгдсэн түүхтэй.
Энэ бүхнээс харахад Н.Оюунбат тус брэндийн үүсгэн байгуулагч Лучиано Бенеттонд ямар хариулт өгснийг таахад тийм ч хэцүү биш. Тэрбээр гадагшаа явах тоолондоо дэлхийн брэндүүд нэрийн дэлгүүртээ үйлчилгээний соёл, стандартыг хэрхэн нэвтрүүлж, хэвшүүлснийг, дэлгүүрийн ерөнхий уур амьсгал, бараа бүтээгдэхүүнийхээ дэглэлтийг хэрхэн шийдсэнийг анхааралтай ажиглаж, “Манайх хэзээ ийм болох бол?”, “Эх орондоо ийм л үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх сэн” гэж нууцхан мөрөөдөх болсон гэдэг. Яг л энэ бодлыг нь олж мэдсэн мэт асуултыг Бенеттон түүнд тавьсан нь дэлхийн стандартыг Монголдоо нэвтрүүлэх, соёлын гүүр болох эхлэлийг өрджээ.
Украйнд гутлын технологич мэргэжил эзэмшиж ирээд Гутлын үйлдвэрт чанар шалгагчаар хэдэн жил ажиллаж байтал нийгмийн шилжилтийн үе эхэлж, үйлдвэр тарж бутарснаар Н.Оюунбат ажилгүй болжээ. “Тэр айхтар нийгэмд ажилгүй болно гэдэг тэнгэр ниргэх шиг л байсан даа” хэмээн дурсав. Гэхдээ тэр шантарсангүй, угийн л ямар нэгийг дотроо төлөвлөчихсөн, сэдчихсэн, хийнэ, болгоно бүтээнэ гээд л явж байх. Тиймдээ ч аавынхаа зөвлөснөөр, найз нөхөд, танил тал, ах дүүсийнхээ дэмжлэгтэйгээр төд удалгүй гахайн аж ахуй хувьчилж фермтэй болоод авчээ. Дөнгөж төвхнөмөгцөө Хархорин сумандаа орос хэлний багшаар давхар ажиллах болж. Ийн хэдэн жилийг өнгөрүүлээд Улаанбаатар хот руу нүүх шийдвэрийг гаргаж, дүүгийнхээ оёсон юбкийг зарж борлуулж, тохиролцооны лангуунд бусдын бараа бүтээгдэхүүнийг зарах ажил ч хийж үзэв. Солонгос руу ганзагын наймаанд явж, найзтайгаа хамтран “Выставка”-д лангуу түрээсэлж ч байв. Энэ зуур алдах нь онохоосоо их байсан ч, үзэж туулсныхаа хэрээр туршлага хуримтлуулж байсан нь үнэ цэнтэй байлаа. Ингэж явсаар хэд хэдэн салбарт бизнес эрхлэх болсны нэг нь аялал жуулчлалын салбар байв. Чухам энэ салбарт ажиллаж байхдаа л тэр Лучиано Бенеттонтай танилцах хувь тохиожээ.
United Colors of Benetton-ий өнгөлөг, загварлаг, цэвэр хөвөн даавуун хувцаснууд монголчуудын таалалд дорхноо нийцэж, нээгдээд удаагүй атал олны хөл тасардаггүй, хүмүүс зорьж очиж үйлчлүүлдэг, байсхийгээд л бараа бүтээгдэхүүн нь дуусчихдаг дэлгүүр болон хувирчээ. Энэ бүхэн тэдэнд дараа дараагийн салбараа хурдтай нээх урам зориг, хөшүүрэг болж өгсөн байна. Монголд орж ирснээсээ хойш 10 жилийг үдэж буй тус брэнд өдгөө Улаанбаатар хотод дөрвөн салбар дэлгүүртэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлж чаджээ. Мөн үүгээр зогссонгүй, өнгөрсөн жилүүдэд Италийн дотуур хувцасны Yamamay, чемодан болон цүнхний Carpisa, мэргэжлийн нүүр будалт, арьс арчилгааны Wycon, Туркийн алмаз, үнэт эдлэлийн Aris брэндүүдийг албан ёсоор оруулж ирээд байна.
Лучиано Бенеттон Н.Оюунбатыг олон улстай холбогдох гүүр болоод зогсохгүй урлаг соёлын ертөнцийг өөртөө шинээр нээх нандин түлхүүрийг атгуулжээ. Тиймдээ ч “Хүн боломжоо хүлээх биш, харин бүтээх хэрэгтэй гэдгийг би тэр л хүний тухай бодох болгондоо ахин дахин ухаардаг” гэж тэр хэлсэн болов уу. Лучиано Бенеттон Imago Mundi хэмээх олон улс орны зураачдын уран бүтээлийг нэгдсэн санд багтааж, нүүдлийн үзэсгэлэн хэлбэрээр дэлхийг тойрон аялуулж, үзэгчдэд танилцуулах төслийг санаачилсан нь жил ирэх бүр цар хүрээгээ өргөжүүлэн тэлсээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар уг үзэсгэлэнд 173 улсын 26427 уран бүтээлчийн бүтээл хадгалагдаж байгааг ном, үзэсгэлэн, мөн цахим хэлбэрээр дэлхийн мянга мянган үзэгчдийн хүртээл болгож буй. Хамгийн гайхалтай нь, эдгээр орнуудын тоонд Монгол Улс багтаж, монгол уран бүтээлчдийн бүтээлийг нэгтгэсэн хоёр ч ном уг төслийн хүрээнд хэвлэгдэн дэлхийгээр аялах болжээ. Энэ санаачлагыг Н.Оюунбат дэвшүүлэн хэрэгжүүлж, 300 гаруй мэргэжлийн зураачдын бүтээлийг тус эмхэтгэлд багтааж чадсан нь “Unexplored Territory”, “Mongolia: Spirit of the Gobi” нэртэйгээр, монгол, англи, итали хэлээр хэвлэгдэн гарсан юм. Imago Mundi үзэсгэлэнгийн онцлог нь энд багтсан бүх бүтээл 10×12см хэмжээтэй байдагт оршино. Бүгд ижил хэмжээтэй атлаа сэдвийн хувьд чөлөөтэй байдлаар ингэж шийдсэн нь олны анхаарлыг багагүй татаж чаджээ. “Ер нь бизнесийн ертөнцийнхөн урлагийг удаан хугацаанд, ямар нэгэн ашиг орлогогүйгээр тэр бүр дэмжээд байдаггүй. Ийм бизнесмэн ховор” хэмээн тус үзэсгэлэнд хамрагдаж чадсан зураач Б.Номин хэлсэн юм. Imago Mundi үзэсгэлэн зураачдад эдийн засгийн болон уран бүтээлийн хувьд олон үүд хаалга нээгдэх эхлэл болж өгчээ. Мөн дэлхийн дүрслэх урлагийн олимп 56 дугаар Биеннальд Монгол Улс анх удаа албан ёсоор оролцоход “Промон трейд” компани дэмжин ажилласан юм. Тэд гадагш чиглэсэн үйл ажиллагаа явуулаад зогсохгүй дотооддоо “Нэг дэлхий”, “Мөрөөдөл” хүүхдийн гар зургийн үзэсгэлэнг зохион байгуулж, олон зуун авьяаслаг хүүхдэд ур чадвараа нээн харуулж, олон нийтэд таниулах боломж олгож, урам зориг хайрлаж, дэмжиж байв.
“Амжилт гэдэг зөвхөн ажлын нэр хүнд, эсвэл олсон ашгаар хэмжигдэх зүйл биш. Харин хайр дүүрэн, халуун сэтгэлээр амьдрахыг хэлдэг болов уу. Хүн аливааг хийхдээ чин сэтгэлээсээ ханддаг байгаасай гэж би хүсдэг. Тиймээс ч ямар нэг зүйлийг сэтгэл зүрхнээсээ хийхийг чухалчилдаг. Хэн нэгэн надаас “Хэрхэн амжилттай байх вэ?” гэж асуувал “Хамаг бүхнийг чин сэтгэлээсээ хайр дүүрэн хий” л гэж би хариулна. Бас аливааг маргааш болъё гэж хойшлуулдаггүй. Өнөөдөртөө л багтааж хийхийг хичээдэг. Ер нь хүн маш их хичээх хэрэгтэй дээ”. Ийн хэлсэн цөөн хэдэн өгүүлбэрээрээ Н.Оюунбат өдийгөөс төдий хүртэл даван туулж, цогцлоон босгож ирсэн ажил, амьдралын замнал, амжилтад хөтөлсөн зарчмаа хураангуйлав. Үргэлж нэгийг бодож, сэтгэж, төлөвлөчихсөн явдаг түүний хувьд цаашдын ажил хэргээ энэ л зарчмаасаа удирдан явуулж, өөрийн алхаа гишгээ шигээ хурдан, зоримог урагш ахиулах биз ээ.
/Энэхүү ковер нийтлэл Business.MN сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын дугаар (№23)-т нийтлэгдсэн болно/
Илүү их амжилт хүсье
[…] ярилцаж, бэлтгэсэн хөрөг нийтлэлийг уншихыг хүсвэл энд […]
Илүү их амжилт хүсье.