Дэлхийн нэгдүгээр дайны дараа үндэс суурь нь тавигдсан арбитр нь өнөө үед олон улсад арилжааны маргаан шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэлд тооцогдох болсон. Арбитр нь шүүхээр маргаан шийдвэрлүүлэх нарийн, ээдрээтэй үйл ажиллагаатай харьцуулахад цаг хугацаа, зардлыг нэлээд хэмжээгээр хэмнэх боломжийг олгодог.
Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхийн давуу тал;
- Иргэний шүүх нь анхан, давж заалдах болон хяналтын гэсэн гурван шат дамждаг бол арбитр нь хэрэг маргааныг нэг үе шаттай шийдвэрлэдэг.
- Талууд тухайн маргааныг шийдвэрлэх арбитрчийг зөвшилцөн сонгох боломжтой байдаг.
- Тухайн хэрэгтэй холбоотой хууль, журам, арбитрын ажиллагааг ямар хэлээр явуулах, зохион байгуулах газар зэргийг тохиролцож, сонгох боломжтой.
- Дийлэнх улс орнуудад арбитрын дүрэм нь иргэний хэрэг шийдвэрлэх процесстой харьцуулахад уян хатан, хялбар байдаг.
- Арбитрын ажиллагаа нь тухайн бизнестэй холбоотой нууцлалыг хангаж чаддаг
- Арбитрч нь тодорхой чиглэлээр мэргэшсэн хуульч байдаг учраас тухайн хэрэг, маргаан дээр төвийг сахисан шийдвэр гаргаж чаддаг.
Өдгөө дэлхийн 170 орчим улсад арбитрын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байна. Шүүхээс гадна бизнесийн хэрэг, маргааныг шийдвэрлэх энэхүү арга зам нь улс орнуудын хувьд дотоодын бизнесийн орчинг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөтэй байдаг. Харин олон улсын арбитрын үйл ажиллагаа нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр үүссэн маргааныг шийдвэрлэх хамгийн тохиромжтой, гол арга болоод байна.
Олон улсад, бүс нутгийн түвшинд нэлээд олон тооны арбитрын институт үйл ажиллагаа явуулж байна. Зарим нь тодорхой нэг улс, эсвэл бүс нутагтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг бол зарим нь тодорхой салбарын хүрээнд эсвэл олон улсын хэмжээний маргаан шийдвэрлэхэд дагнан үйл ажиллагаа явуулдаг.
Олон улсын хэмжээнд хамгийн нэр хүндтэй арбитруудаас онцлоход;
- Олон улсын худалдааны танхим (ICC)-ын Олон улсын арбитрын шүүх
- Лондонгийн Олон улсын арбитрын шүүх (LCIA)
- Маргаан шийдвэрлэх олон улсын төв (ICDR)
- Сингапурын олон улсын арбитрын төв (SIAC)
- Хонконгийн Олон улсын арбитрын төв (HKIAC)
- Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв (ICSID)
Харин Монгол Улсын хувьд МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр (МОУС) нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитрын үйл ажиллагааг 21 аймагт салбар арбитртайгаар үзүүлдэг.
Манайд иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргийн тоотой харьцуулахад арбитраар шийдвэрлэж байгаа хэргийн тоо бага байна. 2019 оны байдлаар 47 мянган хэргийг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэснээс тал хувь нь бизнесийн хэрэг, маргаан байгаа юм. Харин МОУА-ын хувьд 2016 онд хамгийн өндөр буюу 100 хэрэг хүлээн авч байжээ. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар мөн 90 гаруй хэрэг хүлээн аваад байна. Үүнээс харахад, бизнесийн хэрэг, маргааны 1 хувь ч хүрэхгүй хэрэг арбитраар шийдвэрлэгдэж байгаа юм.
Арбитраар шийдвэрлэгдэж буй хэргийн тоо бага байгаа нь арбитрын үйл ажиллагааг иргэд, ААН-үүд төдийлөн сайн мэдэхгүй байгаатай холбоотой.
Нөгөө талаас бизнес нь илүү төлөвшсөн байгууллагууд арбитрын арга, туршлагыг түлхүү сонгож, хэрэглэдэг болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Мөн талууд бизнесийн гэрээ, хэлцэл байгуулахдаа аливаа маргаан үүссэн тохиолдолд арбитраар шийдвэрлүүлэх тухай гэрээндээ урьдчилан тусгасан тохиолдолд эдгээр хэргүүдийг арбитраар шийдвэрлэдэг байна.
Монголд ч төдийгүй бусад улс орнуудад арбитраар шийдвэрлэж буй хэргийн тоо төдийлөн өндөр байдаггүй. Тухайлбал, БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны комисс (CIETAC)-д жилд дунджаар 3000 орчим хэрэг, маргааныг шийдвэрлэдэг байна. Гэхдээ Монгол Улсын хувьд сүүлийн таван жилд арбитраар шийдвэрлэгдсэн хэргийн тоо өссөөр байгааг МҮХАҮТ-ын дэргэдэх МОУА-ын дарга С.Энхцэцэг хэлсэн. Тухайлбал, энэ жил арбитраар шийдвэрлэсэн хэргийн тоо 2019 онтой харьцуулахад 30 орчим хувиар өссөн байна. Мөн 2017-2019 оны хооронд нийт 128.7 тэрбум төгрөгийн нэмэхжлэлийн дүн бүхий 230 гаруй хэргийг шийдвэрлэжээ. МОУА-аас гаргасан статистик мэдээллээс харахад, эдгээр хэргүүдийн 9.5 орчим хувийг олон улсын хэрэг, маргаан эзэлж байгаа бол арбитраар шийдвэрлэгдсэн маргааны дийлэнх хувийг худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан эзэлж байна .
Монгол Улсад 1960 оны үед худалдааны танхим анх байгуулагдаж байжээ. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд 2003 онд Арбитрын тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн баталж, 2017 онд шинэчилэн найруулжээ. МОУА нь нийт 95 арбитрчтай, үүнээс 30 гаруй арбитрч нь ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонконг, Польш зэрэг улсын мэргэжилтнүүд байдаг.