Сүүлийн жилүүдэд Дэлхийн эдийн засгийн форумаас өнөө цагийн мэргэжилтнүүдэд хамгийн шаардлагатай ур чадваруудыг эрэмбэлэхэд negotiation буюу хэлцэл, тохиролцоо хийх чадвар тогтмол дээгүүрт нэрлэгдэх болсон. Бусад олон улсын судалгаанд ч энэ талаар байнга шахам дурдагдаж буйгаас үзэхэд бид зөвхөн харилцааны ур чадвартаа анхаараад зогсохгүй хэлцэл хийх чадвараа ч сайжруулах шаардлагатай болоод буй. Нэн ялангуяа бизнесийн байгууллагын ажилтнууд үүнд гойд анхаарах шаардлагатай.
Гэрээ хэлцлийн шатанд тохиролцол гэдэг хамгийн дутуу үнэлэгдсэн ойлголт байдаг аж. Талуудын хооронд хэлцэл үүсээд л гэрээ байгуулчихдаг гэж яригддаг ч энэ дунд хамгийн их орхигддог сэдэв бол талууд тохиролцох. Үүнийг өөрөөр зөвшилцөл ч гэж хэлж болно.
Хэрэв та бизнесийн тохиролцоо, гэрээ хэлэлцээрийг систем гэх үүднээс харж тодорхой алхмуудад хуваан, тусгай техникүүдийг эзэмшиж чадвал ахиц дэвшил гаргаж, амжилт үзүүлэх боломжтой гэдгийг United Management Consulting-ийн зөвлөх Д.Асралт хэлж байна. Өөрөөр хэлбэл, тухайн тохиол бүрт өөр өөр хэлбэрээр, хувьсан ажиллана гэхээсээ илүү бизнес хэлцэл хийх арга барилаа загварчилж, системчилж чадвал илүү үр дүнтэй гэсэн үг. Тэрбээр үргэлжлүүлэн “Тохиролцоо хийнэ гэдэг бол төрмөл авьяас биш, хөгжүүлж болдог чадвар. Өнөөдөр энэ чадвараа сайжруулах эх сурвалж, мэдээлэл авах сувгууд хангалттай олон болсон. Учир нь хүн бүрийн амьдралд хэзээ нэгэн цагт тохиролцох шаардлага заавал тулгардаг” гэлээ.
Харвардын хуулийн сургуулийн профессор төдийгүй Harvard Negotiation төслийг хамтран үндэслэгч Роджер Фишер, Уильям Юрий нар Getting to Yes номондоо аливаа асуудлыг хүнээс салгаж ойлгох ёстой гэсэн гол санааг тусгаж өгсөн байдаг талаар тэрбээр мөн ярив. Заримдаа бид асуудлыг орхигдуулж, хүнд хэт их ач холбогдол өгөх байдлаар тухайн бизнесийн хэлцэл амжилттай болох эсэхийг шийдэх гэж оролддог нь буруу аж. Харин хүнээ түр орхиж, асуудалдаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэв.
Мөн бизнесийн хэлцэл, тохиролцол хийхэд дээрхээс гадна хоёр дахь чухал хүчин зүйл бол хэлэлцэж буй талынхаа албан тушаал, эрх мэдэлд битгий хэт их төвлөр. Үүнээс илүү талуудын ашиг сонирхол ямар байгаад анхаараарай. Хэлцэлд бүх талын ашиг сонирхлыг тусгаж өгсөн эсэхийг маш сайн хянаж, анзаарах ёстой. Хэрэв ингэхгүй гэвэл бизнес тань богино наслах үр дагавартай. Нэг талын л ашиг сонирхлыг гээгдүүлэхэд эргээд тодорхой хэмжээний маргаан үүсэх эрсдэлтэй байдаг.
Гуравдугаарт, тохиролцолд хүрч чадах хувилбаруудад онцгой анхаар. Товчхондоо, олон хувилбартай болж байж аливаа бизнес хэлцэлд орох хэрэгтэй. Тохиролцолд хүрэх хамгийн боломжит хувилбар буюу BATNA (Best alternative to a negotiated agreement) -г хэрхэн бэлдэх вэ? гэдэгт анхаарал хандуулаарай. Харин бизнес хэлцлийн үед win-win буюу талуудад харилцан ашигтай байх хувилбарыг сонгох нь чухал. Ийм хувилбарыг сонгон хэрэгжүүлэхэд талуудаас илүү нэлээд бүтээлч байдал шаарддаг. Тиймээс бизнес хэлцэлд орохоосоо өмнө маш сайн бэлтгэсэн байх нь давуу талыг үүсгэдэг байна. Бэлтгэлгүй, тодорхой техникүүдийг эзэмшээгүй бол алдагдалтай хэлцэл хийх магадлал өндөр.
Дөрөвт, бодитой шалгуур, стандартуудыг мөрд. Тухайн салбарын онцлогтой холбоотой дүрэм журам, стандарт, ёс зүйн кодыг судалж, тэр дагуу ажиллахад анхаарах хэрэгтэй.
Тавдугаарт, харилцааны ур чадвараа сайжруулж, сэтгэл хөдлөлөө удирдаж сур. Гэхдээ ингэхийн тулд эхлээд өөрийгөө таних нь чухал. Өөрийгөө таньчихсан хүн магадгүй сэтгэл хөдлөлөө илүү сайн хянаж чадна. Нөгөө талаар, яриа хэлцэл гэдэг харилцаанд л суурилж байдаг учраас тохиролцож буй талуудын харилцааг зөв удирдаж, зөв таньж чадвал “Бизнесийн тохиролцлыг хэрхэн амжилттай хийх вэ?” гэх асуултын гол хариулт тэр байх болно.
“Манайхан нэг гэрээний загвар гаргаж ирээд л одоохон гарын үсгээ зурчихъя гэх хандлагатай байдаг. Ерөнхий нөхцөлүүдийг хальт тохиролцсон болоод л болгочих гэдэг. Гэтэл бизнес хэлцэлд ингэж яарч, хөнгөн хандах нь дараа нь алдаа их гарах үндэс болдог. Харин тэр үед “тоглох”, тохиролцох орон зай үлдээгүй байх нь бий. Тиймээс бизнес хэлцлийг хийж буй талууд хоорондоо итгэлцэл, хүндлэлийг бий болгож чадаж байна уу? гэдэг маш чухал” хэмээн Д.Асралт онцолж байна.
Түүний оролцсон “Бизнес цэнэг” подкастын дугаарыг сонсохыг хүсвэл энд дараарай.