“Дэлхийн банкир” хэмээн Business.mn сэтгүүлээс онцолж байсан Лувсандоржийн Дулмаазул Их Британийн Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж эхэллээ. Тэрбээр энэ оноос эхлэн Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санхүүжилтийг хянан боловсруулж тус улсын Засгийн газарт зөвлөгөө өгч тайлагнах өндөр үүрэг хүлээж байна. Мөн Ерөнхий сайд Борис Жонсоний 12 тэрбум фунтстерлингийн амлалт өгөөд буй ногоон үйлдвэрийн хувьсгал хийх арван цэгийн төлөвлөгөө болон “NETZERO 2050” төслүүд дээр ажиллахаар болжээ.
Л.Дулмаазул нь Прагийн Карлын их сургууль, Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөн. Мөн Оксфордын их сургуулийг Санхүүгийн бодлого чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргэн үргэлжлүүлэн Оксформдын Бизнесийн сургуульд сурч, Executive MBA хамгаалсан нэгэн.

2010 оны эхээр Дулмаазул монголын хэд хэдэн том компанитай SMBC банкыг холбож өгч, улмаар тус банк 100 сая ам.доллараас дээш өртөгтэй мега төслүүдийг санхүүжүүлэх, цаашдаа салбараа нээх сонирхлоор Монголд төлөөлөгчийн газраа нээж байжээ. Тухайн үед Moody’s болон Standart and Poor’s зэрэг зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын зэрэглэлийг бууруулж байхад SMBC банк “Монголд ирээдүй бий” гэж дүгнэлт хийж байсныг тэрбээр манай сэтгүүлд ярьж байлаа.
Оксфордын Бизнесийн сургуулийн Executive MBA хөтөлбөрт суралцагчдын профайлд бичсэнээр Дулмаазул SMBC банканд ажиллах хугацаандаа Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад нийт 20 гаруй тэрбум ам.долларын төслүүдийг хариуцан ажиллаж, Дундад Ази, Орос, ТУХН-ийн орнуудад төслийн анхан шатыг эхлүүлжээ. Мөн Дэлхийн банк, АХБ, ОУСК зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай ажил хэргийн ойр харилцаатайг дурджээ. Түүнчлэн, түүний хэрэгжүүлсэн төслүүдээс Euromoney, Project Finance сэтгүүлүүдийн шилдэг төслөөр шалгарч байжээ.




