“Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн”-гээс 60 орчим байгууллага, 12 мянга гаруй хүнийг хамруулсан “Ажилтнууд байгууллагаас юу хүсдэг вэ?” судалгааг 2017- 2019 оны хооронд буюу 3 жилийн турш үргэлжлүүлэн хийж, нэгтгэн боловсруулсны эцэст маш сонирхолтой үр дүнд хүрчээ.
Дэвид Жеймисон, Жули О’Мара нарын 2000 онд хамтран хийсэн, дэлхийд алдартай Managing Workforce 2000: Gaining the Diversity Advantage судалгааны аргачлалаар уг судалгааг боловсруулсан бөгөөд орчуулгын бус өөрсдөө зохиосон асуултуудыг оруулсан нь монгол хүн ойлгоход ойр, дөхөм болж чаджээ. Энэхүү судалгааны үр дүнд ажилтнууд байгууллагаас дараах 9 зүйлийг нэн түрүүнд хүсдэгийг олж илрүүлсэн байна.
-
Цалин хөлс нь амьдралд хүрэлцэхүйц, эдийн засгийн хямрал-инфляцид өртөх вий гэж санаа зовоохооргүй байх,
-
Чадварыг нь шударга үнэлдэг байх (Ажилтын төрөлхийн авьяас билэг, ур чадвар),
-
Хүний хувьд хүндэтгэж харьцдаг байх (Ямар албан тушаалтай байхаас үл хамааран),
-
Оролцоог дэмжих буюу санал бодлыг нь сонсдог байх.
-
Тухайн ажилтны хийж буй ажлаар хүмүүс бахархаж, урам өгдөг байх (Учир нь хүмүүст ажил мэргэжлээрээ, өөрөөрөө бахархаж, улмаар хүндлүүлэх, магтуулах хэрэгцээ байдаг).
-
Гэр бүл, амралтад зориулсан чөлөөт цагтай байх (Ажлын цагийн хуваарь нь ажил амьдралын тэнцвэрийг хангасан байх).
-
Ажлын орчин нөхцөл нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байх.
-
Өөрийгөө хөгжүүлэх боломжтой байх (Тэд ажлаа хийнгээ давхар хөгжихийг хүсдэг. Тиймээс ямар нэг байдлаар хөгжихгүй, зогсох вий гэдэгт их санаа зовдог).
-
Тодорхой хэмжээнд бие дааж ажиллах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх.
Хүний нөөцийн бодлого, баримтлах зарчимдаа энэ 9 үзүүлэлтийг шингээж, бүх түвшний удирдлагууддаа энэ талаар ойлгуулж, цааш хэрэгжүүлэхэд анхаарч чадвал тухайн байгууллагын өсөлт хөгжилд маш чухал нөлөөтэй. Эдгээр нь хэт онолын биш, амьдралаас ургасан практикт ойрхон гэдгээрээ онцлог хэмээн “Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн”-гийн захирал, зөвлөх багш Г.Тэгшбүрэн хэлж байна.
Аливаа байгууллага бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцдөө хэрхэн анхаарах шаардлагатай вэ? гэсэн асуултад;
Тухайн байгууллагын үйл ажиллагааг бүтээмжээр нь тодорхойлохын тулд хэрэглэх маш энгийн загвар нь “Гарц:Орц” гэсэн харьцаа юм. Орц нь хүний нөөц, санхүүгийн нөөц, материал, түүхий эдийн нөөц болон мэдээллийн нөөц, харин гарц нь бүтээгдэхүүн, үйлчилгээ хоёр юм. Тэгэхээр бүтээмжийг нэмэгдүүлэх буюу бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, тоо хэмжээг байнга сайжруулахын тулд Хүний нөөцийн удирдлагын загварыг дараах бүрдлээр бүрэн хангасан байх ёстой. Үүнд:
-
Хүчтэй үзэл баримтлал, хүний нөөцийн бодлоготой байх
-
Оновчтой бүтэц-зохион байгуулалттай байх
-
Нягт багийн ажиллагаатай хамт олныг бүрдүүлсэн байх (Оновчтой бүтэц нь багийн ажлын хуваарилалт, уялдааг сайн болгодог).
-
Багаа сайн чиглүүлж, зохион байгуулж, асуудлыг шийдвэрлэх ур чадвар бүхий удирдах ажилтантай байх.
-
Тухайн удирдлагад мэргэжлийн туслалцаа үзүүлж ажиллах хүний нөөцийн мэргэжилтэнтэй байхад анхаарах хэрэгтэй хэмээн тэрбээр хариулж байна.