Танай компанид хүний нөөцийн асуудал үүсэж, доголдож эхэлснийг анзаараагүй яваа юм биш биз? Байгууллагын удирдлагууд уур уцаартай болж, ядарч, стресстэж, цаашлаад деппрестэж эхэлбэл энэ бүхэн улаан гэрэл ассаны дохио. Эндээс л хүний нөөцийн үйл ажиллагааны эрсдэлүүд үүсэж эхэлдэг.
“Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн”-гийн захирал, зөвлөх багш Г.Тэгшбүрэн дараах эрсдэлүүдийг нэрлэж байна.
- Ажилтны тогтвор суурьшил багасч, орж, гарах эргэц хөдөлгөөн ихсэх. Үүнээс шалтгаалан хүмүүсийн сэтгэл санаа тавгүйтэж, бүтээмж буурч, улмаар тухайн байгууллагын хүний нөөцийн зардал өсдөг (Компаниуд анзаарч, тооцдоггүй ч нэг хүн ажлаасаа гарч, түүний оронд ажилд орсон хүн өмнөх ажилтантай ижил түвшний гүйцэтгэлтэй болох хүртэлх зардал ажилтан орж, гарах бүрт үржигдэн өссөөр маш өндөр зардлыг үүсгэдэг аюултай. Ийм алдагдал монгол компаниудын дунд түгээмэл гардаг).
- Байгууллагын түлхүүр болсон ур чадвартай ажилтнуудын хомсдол үүснэ.
- Удирдах албан тушаалтнуудын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, удирдах ур чадварын дутагдал бий болно.
- Хууль, дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй түвшинд буюу муу хэрэгжинэ.
- Мэргэжлийн бус байдал ноёрхоно.
- “Цус ойртолт” буюу танил тал, хамаатан саднаа ажиллуулах нь ихэснэ. Хүний нөөцийн салбарт үүнийг непотизм гэж нэрлэдэг.
- Маргаан, зөрчил тасрахаа байж, хамт олон фракцад хуваагдана. Эвсэг хамт олон гэсэн ойлголт үгүй болж, нэр төдий үлдэнэ.
- Ёс зүй, сахилга бат маш муу болно.
- Санаатай үйлдсэн луйвар, залилангийн ажлууд ихэснэ.
- Ажил таслалт өндрөө авч, ажлаас хоцорч, таслах нь жирийн үзэгдэл болно.
Цалин урамшуулал, сургалт хөгжил, ажилтнуудын нийгмийн асуудалд зориулсан гурван бүлэг зардал хүний нөөцтэй холбогдон гардаг ч хамт олны тогтвор суурьшил алдагдвал эдгээр зардал хэд дахин нугардаг. Тиймээс ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд том бодлого хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн эргээд хүний нөөцийн менежментийн суурь ойлголтуудад хөтөлнө гэсэн үг. Тэдгээр суурь ойлголтын талаар тодорхой өгүүлсэн зөвлөмжийг та энд дарж уншаарай.