Өглөө эртлэн ажилдаа ирсэн нягтлан бодогч компьютероо асааж, тусгай автоматжуулалтын программ уншуулж орхичихоод кофе чанагчаас шинэхэн боргол аягалаад эргэх хооронд өдөр бүр дор хаяж нэг цагийг зарцуулан, давтан хийдэг байсан үйлдлүүд нь хэдхэн минутад амжсан байхыг сэтгэл хангалуун харж, улмаар дараагийн ажилдаа шууд шилжих болсноор технологийн дэвшлийг бодит утгаар нь мэдрэх болжээ.
Энэ бол Мобиком Корпорацийн Санхүүгийн хэлтсийн ажилтнуудын өглөөний дүр зураг. Тэд энэ чиглэлийн технологиороо дэлхийд тэргүүлэгч Америкийн UiPath компанийн хөгжүүлсэн RPA (Robotic process automation) технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр олон зуун хүн цаг хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлж чадсан байна. Энэ бүхэн 2018 оноос эхлэн корпораци даяар өрнүүлсэн “Дижитал хувьсал” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн 30 орчим төслийн ердөө ганц нь.
Ингэж үүлэн технологид эрчимтэй шилжсэнээр бүтээмж нэмэгдүүлэхээс эхлээд мэдээллийн аюулгүй байдал, ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг цөөнгүй асуудлыг шийдэж чадсан нь Ковид-19-ийн улмаас зайнаас ажиллах шаардлага үүссэн хүнд үед харьцангуй бага хүндрэл дагуулжээ. Гэхдээ технологийн энэхүү хөгжил дэвшлийг мобикомчууд зөвхөн дотооддоо ашиглахыг хүссэнгүй, харин бусад байгууллага, бизнес эрхлэгчдэд дижитал хувьслыг амжилттай нэвтрүүлэхэд нь туслахыг хүсчээ. Тиймээс үүлэн технологийн төрөл бүрийн шийдлүүдийг санал болгож эхэлснээ товчоор Solution буюу “Шийдлийн үйлчилгээ” гэж нэрлэн зах зээлд нэвтрүүлээд байна.
“Технологийн дэвшил гэдэг монголчуудаас хол зүйл биш. Харин хоцорч яваа бол тэр орон зайг ойртуулж, өдөр тутмын хэрэглээ болгоход туслах нь бидний зорилго. Технологийг үр дүнтэй ашиглаж чадвал хүнд суртал, хүнээс үүдэлтэй алдаа, шаардлагагүй зүйлд цаг зарцуулах нь багасч, ажлын бүтээмж сайжирна” хэмээн Мобинет компанийн Гүйцэтгэх захирал Баясгалангийн Мөнхзориг хэлж байна. Тэрбээр Мобиком Корпорацийн Мэдээллийн технологийн газрын захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн хавар Мобинет компанийг шинэчлэн зохион байгуулж, үйл ажиллагааны хувьд бие даах үед Гүйцэтгэх захирлаар томилогджээ. 120 гаруй ажилтнаа удирдан чиглүүлэх хариуцлагатай албанд очсон Б.Мөнхзориг “Хамт олны эрч хүчтэй, бужигнасан, нүсэр бус энэ л соёл, уур амьсгал, арга барилаа цаашид ч хадгална” хэмээн онцолсон нь олон төрлийн инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн жижиг багуудыг үүсгэж, шуурхай ажилладаг agile аргачлал бүхий компани байхыг эрмэлздэг Мобиком Корпорацийн зорилготой ч нэг цэгт давхцаж буй.
“Технологийн дэвшил гэдэг монголчуудаас хол зүйл биш. Харин хоцорч яваа бол тэр орон зайг ойртуулж, өдөр тутмын хэрэглээ болгоход туслах нь бидний зорилго”.
2001 онд тус корпорацид Мобинет интернэтийн хэлтэс байгуулагдаж, байгууллагын зах зээлд өндөр хурдны интернэт болон VPN интернэтийн сүлжээний үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Яван явсаар 2009 онд уг хэлтсийг бие даасан охин компани болгох төслийн багт “Мобиком”-ын Шинэ бизнес хөгжлийн албанд ороод удаагүй шинэхэн ажилтан Б.Мөнхзориг ажиллаж таарчээ. Айлуудын хаалга тогшин судалгаа бөглүүлж, зах зээлийн орчныг судлан, бизнес төлөвлөгөө гаргаж, компани үүсгэн байгуулахад шаардагдах бүхий л ажлыг эрвийх дэрвийхээрээ хийн гүйж явжээ. Үүнээс хойш тэрбээр бизнес хөгжүүлэлт, стратеги төлөвлөлт, менежмент, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг болон мэдээллийн технологийн чиглэлээр корпораци дотроо сэлгэн ажилласаар яг 12 жилийн дараа хэлтсээс бие даасан компани болгосон “Мобинет”-дээ эргэн ирээд байгаа юм. Энэ талаар тэр “Мобиком Корпорацид юуг хэрхэн хийх дүрэм журам нь маш тодорхой, ил тод, шударга байдаг. Мөн хүн өөрөө л хичээл зүтгэл гаргаж чадвал карьераа өсгөх, хүссэн ажлаа хийх, шинэ зүйл туршиж үзэх боломж хэний ч өмнө үргэлж нээлттэй байдаг. Хамгийн чухал нь гараанаас гарахдаа л компанийн засаглалыг сайтар төлөвшүүлж чадсан нь алхам тутамд мэдрэгддэг” хэмээн онцолсон юм.
Өдгөө шинэ технологиуд эрчтэй хүч түрж, зах зээл бүхэлдээ өөрчлөгдөхийн зэрэгцээ Ковид-19 цар тахлаас үүдэлтэй шинэ эгэл(new normal) дэх интернэтийн хэрэглээ, цахим орчны зан төлөв эрс хувьсаж буй энэ үед Мобинет компани шинэ төслүүдэд төвлөрөхийн зэрэгцээ нэвтрүүлээд удаагүй байгаа интернэтэд суурилсан видео стриймингийн VOO үйлчилгээндээ анхаарч, зах зээлд баттай байршуулахыг зорьж байна.
Интернэтийн хурд хангалттай бус, үйлчилгээний уян хатан сонголтгүйгээс гадна үе үе доголддог зэрэг уламжлалт телевизийн үйлчилгээний хэрэглэгчдэд тулгардаг асуудлыг нэг мөр шийдэх, энэ зах зээлийг либералчлах зорилгоор тэд VOO-г анх санаачилжээ. Энэхүү үйлчилгээнд олон давуу тал, онцлог бий. Тухайлбал, контент үзэх бүртээ төлбөр төлдөггүй., харин “Нэг төлөөд бүгдийг үз” буюу сард нэг удаа үндсэн төлбөрөө төлөөд л телевизийн бүх суваг, бүх видео контентыг үзэх боломж бүрдэнэ. Дээр нь суваг нэмж, хасах боломжтой бөгөөд үүнийгээ “Үзэхийг хүссэн контентдоо төлбөр төлж, үзмээргүй байгаа контентдоо төлөхгүй байх уян хатан боломжийг олгохыг зорьсон” хэмээн тайлбарласан билээ.
Энэ бүхэн 20 жил найдвартай, түргэн шуурхай, чанартай, аюулгүй үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэсээр ирсэн Мобинет-ийн хувьд зөвхөн эхлэл гэж хэлж болно. Тэд цаашид хоёр арван дамнан олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, хүн хүч, мэдлэг оюуны үр дүнд бий болсон хүчирхэг дэд бүтэцдээ тулгуурлан зах зээлээ тэлэх, интернэтэд суурилсан шийдлийн үйлчилгээг байгууллагуудад хүргэх ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөж байна.