“Хэрэв би ажилдаа дурлаагүй байсан бол өдий хүртэл тэсэж, гурав, дөрвөн ажил зэрэг хийж олсон мөнгөөрөө одоогийн ажлаа болгох гэж оролдохгүй байсан. Дургүй ажлаа ял шиг хийснээс орлогогүй ч байсан хамаагүй дуртай зүйлээ хийгээд явах нь аз жаргал. Ажилдаа дурлахаар зөвхөн өнөө, маргаашаа аргацаах бус өөр ямар шинэлэг зүйл хийх вэ, цааш хэрхэн сайжруулж болох вэ зэргээр үргэлж ахиулж, онцгойгоор харж эхэлдэг. Манай багт яг л ийм, салбараа хөгжүүлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон хүн бий” хэмээн HorecaSoft компанийн гүйцэтгэх захирал Г.Гантулга хэлж байна. Зочлох үйлчилгээний салбарт хийх ажил, хөгжүүлэх зүйл их байгаа ч нэгдэн ажиллаж чадахгүй байгаад шүүмжлэлтэй ханддаг тэрбээр салбарын асуудлыг технологид суурилсан цогц программ шийдэж чадаж байгааг олон улсын жишээ татан онцлов. Хэдхэн жилийн өмнө Монголдоо №1 PMS (Property Management System) хөгжүүлэх зорилготой байсан Г.Гантулга багийн хамтаар зорьсондоо хүрч чаджээ.
Гэхдээ HorecaSoft программ тийм ч хялбар мэндлээгүйг код бичиж, прогаммаа хөгжүүлж дуусах хүртлээ нэг ч төгрөгийн орлогогүй, зөвхөн зарлага гарган ажилласан, оффис түрээслэх боломжгүйгээс нэгнийхээ гэрээс гэрт дамжин оффислож, хэд хэдэн ажил давхар хийж ирсэн тэдний түүх гэрчилнэ. Ингэж гурван жилийг өнгөрүүлээд 2019 оны зургадугаар сард анхнй харилцагч болох New West зочид буудалтай гэрээ байгуулж, улмаар 11 дүгээр сард зочлох үйлчилгээний салбарын томоохон экспод оролцсоноор нетворкинг үүсгэж, хүмүүстэй хамтран ажиллах яриа хэлцэл өрнүүлж, нааштай хариу сонсоод байх үед хэцүү нэрт тахал дэгдсэнээр үйл ажиллагаа нь тодорхойгүй хугацаагаар царцахад хүрчээ. Ковид-19-ийн сөрөг нөлөө аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынханд хүчтэй цохилт өгч, салбар тэр аяараа тэг зогсоход хүрсэн нь эдийн засгийн эргэлтийг огцом хумьсан. Гэсэн ч тэд сүүлийн жил гаруйн хугацаанд харилцагчийн тоогоо огцом нэмэгдүүлснээс гадна дотоодоос өндөр дүнтэй хөрөнгө оруулалт татаж чаджээ. Энэ тухай болон зочлох үйлчилгээний салбарын онцлог, хүндрэл бэрхшээл, олон улсын чиг хандлагын талаар Г.Гантулгатай ярилцлаа.
Ковид-19 цар тахлын нөлөө зочлох үйлчилгээний салбарт хүндээр тусч байна. Харин энэ хэцүү цаг үед танай хамт олон салбар нэгтнүүдээ сургах, ур чадварыг нь хөгжүүлэх сургалтыг тасралгүй зохион байгуулсаар байна. Эндээс ярилцлагаа эхэлье.
Манай салбарын үйл ажиллагаа саарч, доголдож эхэлсэн учраас бид салбараа хөгжүүлэх ажлуудад голлон төвлөрдөг Horeca Institute-тэй хамтран “Зочлох үйлчилгээ ба манлайлал” хөтөлбөрийг санаачилж, 21 аймгийг хамарсан томоохон цахим сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгууллаа. Гол зорилго нь хөл хорионы дараа үйл ажиллагаагаа хэрхэн сэргээх, компаниа яаж хөгжүүлэх вэ гэсэн асуултуудад хариулах. Өнгөрсөн хугацаанд бид сургалттай холбоотой олон эерэг санал сэтгэгдэл, хүсэлт хүлээн авснаас гадна сургалтаа дахин зохион байгуулах шаардлагатай тулгарсан. Тиймээс “Зочлох үйлчилгээ ба манлайлал-1, 2, 3” сургалтыг салбарын мэргэжилтнүүд, холбоодтой хамтран аймгууд болон нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулж, нийт 1000 гаруй хүнийг хамрууллаа. Ингэхдээ сургалтын агуулгаа шинэчлэн баяжуулж, сургагч, багш нараа ч тухай бүрт сольж, сэлгэж байв. Яг одоо “Зочлох үйлчилгээ ба манлайлал-4” сургалт үргэлжилж байна. Мөн бид Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Цахим Улаанбаатар” аяныг өрнүүлсэн.
“Олон улсын туршлагыг дотоодын нөү-хаутай хослуулан зөвхөн Монголын онцлогт тохирсон программыг бид хөгжүүлж чадсан”.
Тэрчлэн зуны улирлыг угтан зочид буудал, жуулчны баазууд идэвхжиж эхлэхтэй зэрэгцэн боловсон хүчний хомсдолд ордог. Үүнтэй холбогдуулан ресепшн болон зочин ирэхээс өмнөх түвшинд бэлдэх дөрвөн шатны 10 гаруй хичээлтэй сургалтыг санаачилж, хүмүүсийг бэлтгэж байна. Сургалтын зардал болох 250 мянган төгрөгийг сайн суралцсан тохиолдолд манайхаас даахаар шийдсэн. Эхэндээ бид 100 шижигнэсэн залууг сургана гэж төлөвлөсөн ч бүртгэл эхлэхэд энэ тоог хол давсан. Тиймээс хүмүүсээ шигшиж, чанаржуулах шаардлагатай болсон. Хэрэв бидэнтэй хамтын ажиллагаатай зочид буудалд боловсон хүчин хэрэгтэй болбол сургасан хүмүүсээсээ санал болгоно. Ингэхдээ ямар нэг төлбөр авахгүй. Энэ бол цэвэр салбараа дэмжих үүднээс хийж буй алхам.
Та бүхний хөгжүүлсэн HorecaSoft системийг ашиглан зочид буудал, амралтын газрууд тулгарсан асуудлаа шийдэж буй талаар мэдээлсэн байсан. Тухайлбал, ямар асуудлуудаа шийдэж чадаж байгаа вэ?
Нэн түрүүнд шийдсэн асуудал бол зочид буудлын дотоод бүртгэл, уялдаа холбоо. Зочид буудлын барилга олон давхар учраас дээгүүр, доогуур хэн юу хийгээд яваа нь мэдэгдэхгүй байх тохиолдол элбэг. Хэдүүл хэдүүлээ сууж хуралдаад ч хоорондоо ойлголцохгүй, маргалдах тохиолдол бий. Хамгийн энгийн жишээ гэвэл манайд ресепшнүүд ээлж хүлээлцэхдээ хонож өнждөг. Хэрэв тухай бүртээ бүртгэлээ зөв хийчихвэл ээлж хүлээлцэх ямар ч шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, энэ бүх ажлыг программ хүний өмнөөс хийнэ гэсэн үг. Тухайн зочин хэд хоносон, хэдэн төгрөгийн үйлчилгээ авсан, нэмэлт үйлчилгээ захиалсан уу гэх зэргээр ажилтан тус бүрийн тооцооноос эхлээд зочин угтах зэрэг асуудлыг HorecaSoft программ шийдэж байна. Нэмээд өрөөнүүдийн захиалга, ирэх зочдын жагсаалт, өглөөний цайнд орох хүмүүсийн тоо зэрэг байж болох бүхнийг төлөвлөж харуулдаг.
“Боломжийг хүлээх биш эрэлхийлэх нь илүү чухал”.
Манай харилцагчдын дийлэнх нь энэ мэт бүртгэлийн асуудлаа гар ажиллагаагаар шийддэг байсан болохоор “Өмнө нь яаж программгүйгээр болгодог байсан юм бол оо?” гэж сэтгэгдлээ илэрхийлэх нь түгээмэл. Мөн Facebook хуудсаараа танилцуулга л хүргэдэг байсан бол одоо HorecaSoft системээр дамжуулан захиалга хүртэл авдаг болсон. Манай систем яах аргагүй Монголдоо тэргүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд хөгжүүлсэн бүтээгдэхүүнийхээ гол онцлогийн талаар танилцуулахгүй юү. Мөн ойрын хугацаанд зах зээлд ямар бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
2022 он дуусахад бид таван төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлнэ гэж зорьж байна. Үүнээс дотроо гурван төрлийн багцтай хоёр бүтээгдэхүүнийг бүрэн хөгжүүлж гаргасан. Эхний Surprise багцаа цар тахлаас үүдэн бэрхшээлтэй тулгарсан зочид буудал, амралтын баазуудад ирэх оныг дуустал тодорхой түвшинд үнэгүй ашиглуулахаар шийдсэн. Үр дүнд нь, олон янзын файл, нооргийн зөрсөн дүнгүүдээ хүчээр шахам тулгадаг байдлыг автоматжуулж, тэдгээр бүх ажлыг нэг платформд нэгтгэнэ гэсэн үг. Хоёр дахь Standard багцад PMS буюу дотоод бүртгэлийн систем бүхэлдээ багтаж буй. Гурав дахь Premium багцад дотоод бүртгэлийн системээс гадна онлайн борлуулалтын программ багтсанаараа онцлог.
Харин ирэх ондоо багтаан сувагчлалын удирдлагын болон орлогын менежментийн программыг бид нэвтрүүлнэ. Мөн гар утасны аппликэйшн хөгжүүлэхээр төлөвлөсөн. Нэг үгээр, бидний санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэхэд улам л хялбар, ойр дөхөм болох юм. Сувагчлалын удирдлагын программын хувьд борлуулалтын гол түлхүүр болж өгдөг. Novotel, Ibis Styles зэрэг олон улсын томоохон сүлжээ зочид буудал сувагчлалын удирдлагадаа сайтар анхаарч, маш сайн ашиглаж чаддаг. Түүнийхээ хүчинд, хамгийн хямд өрөө нь 250 мянган төгрөгийн үнэтэй ч олдохгүй байх хэмжээнд өндөр борлуулалттай байдаг бол хажуухан талд нь байрлах ийм аргачлалыг нэвтрүүлээгүй зочид буудлын 70 мянган төгрөгийн үнэтэй өрөөнүүд захиалгагүй, хоосон байх жишээтэй. Сувагчлалын удирдлага сайтай газруудыг интернэтээс хайхад хаанаас л бол хаанаас мэдээлэл, танилцуулга нь олддог учраас олон мянган хүнд хүрч ажиллаж чаддаг. Мөн зөвхөн борлуулалт гэлтгүй бүхий л үйл явцыг автоматжуулж өгдөг нь сувагчлалын удирдлагын программын гол онцлог.
Бусад төстэй системээс HorecaSoft-ийн ялгарах онцлог, давуу тал юу вэ?
Бидний гол онцлог бол зочид буудлын системээр дагнаж, төрөлжсөн маань. Мөн салбартаа асар туршлагатай мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилладаг. Дээр нь олон улсын туршлага болон Монголын нөү-хауг хослуулан программдаа шингээсэн. Үүгээрээ гаднын системүүдэд байдаггүй, зөвхөн Монголын онцлогт тохирсон функцүүдийг хөгжүүлж чадсан. HorecaSoft бол зочид буудлын үйл ажиллагааг автоматжуулдаг систем. Манай концепцын өөр нэг онцлог бол захиалгыг интернэт гарцтай шийддэг. Тиймээс OTA (Online travel agency) компаниуд цугласан датаг ашиглах боломжтой гэсэн үг. Мөн манайх дотоодын ийм төрлийн бүхий л компанитай холбогдох боломжтойгоор системээ шийдсэн. Харин энэ жилдээ багтаан Booking.com, Agoda.com тэргүүтэй олон улсын онлайн аяллын томоохон платформуудтай холбогдохоор ажиллаж байна. Бидний хөгжүүлсэн зочид буудлын дотоод системийн тусламжтай буудлууд интернэт гарцтай болсноор захиалгын менежерүүд болон операторуудын ажлыг хөнгөвчилж, зардал болон хүн цагийг асар их хэмнэж байгаа. Ер нь өнөө цагт зочид буудлын борлуулалт, менежмент зэрэг анхаарах шаардлагатай чухал асуудлын гол суурь нь программ болсон. Орж ирэх 10 зочныг хүлээж суухын оронд найман тэрбум хүнд хүрэх боломж байна уу, яаж холбогдох вэ зэргээр эрэлхийлэх нь илүү чухал.