Business.mn сайт “Тахлын үеийн бизнес” цувралаа үргэлжлүүлж байна.
Компанийн нэр: Discover Mongolia Travel
Чиглэл: Аялал жуулчлал
Захирал: Б.Барсболд
Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш танай үйлчилгээний борлуулалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Манайх гадаадын жуулчдыг эх орондоо хүлээн авч, байгаль, түүх соёлоо үзүүлдэг компани. 2-6 дугаар сар бол захиалга, борлуулалтын чухал үе байдаг. Гэтэл 2020 оны эхээр гарсан цар тахлын нөлөөнөөс, хил хаагдсанаар аяллын захиалгууд цуцлагдаж, үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. 2019 онд Монгол Улс 570 мянга орчим жуулчин хүлээн авсан. Үүнээс багагүй хувийг 500 гаруй тур компаниуд бүрдүүлдэг. Мэдээж хэрэг энд тодорхой тооны хувиараа аялагчид ч багтаж байгаа. Эдгээр хагас сая гаруй жуулчин дэлгүүр, зоогийн газар, амралтын бааз, зочид буудал зэрэг үйлчилгээний газарт саатсанаар нийгэм, эдийн засгийн олон салбарт орлого оруулдаг. Үүнийг дагаад аяллын компаниуд төдийгүй энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн олон байгууллага, хувь хүн орлоготой болж, эдийн засгийг тэтгэдэг. Гэтэл цар тахлаас шалтгаалан эдгээр байгууллага, хувь хүн маш хүнд байдалд хоёр жилийг өнгөрүүлж байна.
Ковид-19-ийн үеэр та бүхэн ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
Манайх жилд 20 гаруй улсаас 1500 орчим жуулчин хүлээн авч, үйлчилгээ үзүүлдэг компани. McKinsey болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судлаачдын үзэж буйгаар Монголд төдийгүй олон улсад аялал жуулчлалын салбар хамгийн удаан сэргэнэ, хэвийн түвшинд очихын тулд дахин 3-4 жил зарцуулна хэмээн таамаглаж буй. Тиймээс улс орнуудын Засгийн газар болон салбарын компаниуд дотоодын аялал жуулчлалд голлон анхаарч байгаа. Монголд ч мөн дотооддоо аялах гэсэн хүмүүсийн хүсэл сонирхол ихээхэн нэмэгдсэн. Цар тахлын үе өөрөө дотоодын аялал жуулчлалыг эрчимжүүлж байна. Үүнтэй холбогдуулан аяллын компаниуд, жуулчны бааз, амралтын газрууд дотоодын аялагчдыг амраах, аялуулах зорилгоор шинэ бүтээгдэхүүн гаргах зэргээр хувьсан өөрчлөгдөж ажиллаж байна.
“Аялал жуулчлалын салбар хамгийн удаан сэргэнэ. Гэхдээ бидэнд боломж бий”.
Манай компанийн хувьд өнгөрсөн жил бүрэн тохижилттой майхан, эко шийдэл бүхий кэмпинг үйлчилгээг шинээр нэвтрүүлж, хоёр дахь жилдээ маш амжилттай ажиллаж байна. Хил хаасан учраас дотоодын аялал жуулчлал идэвхжинэ гэж тооцсон. Тиймээс сонирхолтой, шинэлэг бүтээгдэхүүн санал болгохын тулд байгалийн үзэсгэлэнт газар нүүдэллэн очиж, улмаар байршил сэлгэн нүүж суухад хялбар “Отоглоё” кэмпинг үйлчилгээг санаачилсан. Бид нэг дор 60-80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эндээс тодорхой хэмжээний орлого бүрдүүлж, гол хүний нөөцөө хадгалж үлдэх зэрэг давуу тал бий болж байгаа юм. Манай хамт олон энэ хүнд үед шинэ бүтээгдэхүүн гаргаж амжилттай ажиллаж байгаадаа урам зоригтой байгаа.
Дотоодын аялал жуулчлал идэвхжиж байгаа ч манай зах зээл өөрөө хязгаарлагдмал. Жилдээ 570 мянга гаруй жуулчинд үйлчилснээр манай эдийн засагт ордог 1.5 их наяд төгрөгийн орлогын урсгалыг нөхөх боломжгүй. Энэ салбарт ажилладаг мянга мянган хүмүүс орлого олох боломж бүрдэхгүй. Учир нь монголчууд үүргэвчээ үүрээд, машиндаа суугаад өөрсдөө аялаад явах нь түгээмэл. Нийт аялж буй хүмүүсийн 95 хувь нь жуулчлалын байгууллагаар үйлчлүүлдэггүй, ингэж өөрсдөө аялдаг гэсэн МУИС-ийн судалгаа бий. Гэхдээ мэдээж орон нутгийн эдийн засагт тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа. Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын зүгээс дотоодын аялал жуулчлалыг дэмжих үүднээс дэд бүтцийг хөгжүүлж, таатай нөхцөлийг бүрдүүлэх бодлого дутагдаж байна. Үүнээс шалтгаалан байгаль орчин доройтох, хариуцлагагүй аялал гэх мэт сөрөг тал хэдийнэ үүсээд эхэлсэн.
Тэгвэл төрөөс ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлбэл танай бизнест эерэгээр нөлөөлөх вэ?
Сүүлийн үеийн судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 30 хувь нь хаалгаа барьсан гэх мэдээлэл бий. Эдгээр компанийн хэдэн хувь нь үйл ажиллагаагаа сэргээж, эргэн ажиллаж эхлэх вэ гэдэг өөрөө асуулт. Ийм үед дэлхийн улс орнууд Ковид-19-ийн сөрөг нөлөөнд аялал жуулчлалын салбар хамгийн их өртсөн гэдэг утгаар энэ салбарынхныг хөнгөлөлттэй зээлийн бодлого, мөнгөн тусламж зэргээр дэмжиж байна. Харин манайд энэ бүхэн хараахан хэрэгжиж чадахгүй байна.
Өнгөрсөн хугацаанд жуулчлалын салбарын нийт ажиллах хүчний 50-60 хувь нь ажлын байраа алдсан. Бидний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажилчдынхаа 30-40 хувийг цомхотгосон. Хэрвээ шинэ бүтээгдэхүүн гаргах зэргээр хувьсаж ажиллаагүй бол бүр хүндрэлд орох эрсдэлтэй байв.
“Цар тахал дотоодын аялал жуулчлалыг эрчимжүүлж байна”.
Гэхдээ вакцинжуулалттай холбоотойгоор энэ намраас аялал жуулчлалын салбар сэргэх дүр зураг харагдаж эхэллээ. Авиа компаниуд ч идэвхжиж, гадаад, дотоодын нислэгүүд үйлдэж эхлээд байна. Тиймээс ирэх жил гэхэд салбар маань тодорхой хэмжээгээр сэргэх болов уу гэж харж байгаа. Харин тэр хүртэл аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд эдийн засгийн тодорхой дэмжлэг хэрэгтэй байна.
Нэгт, 2019 оны байдлаар аялал жуучлалын салбар 88 мянга гаруй ажлын байр бий болгосон байдаг. Гэтэл цар тахлаас улбаатай ажилгүйдэл их болсон. Эдгээр хүмүүсийн ард гэр бүлийнхэн нь бас бий. Тиймээс ажлын байраа хадгалан үлдэхийн тулд НДШ-ээс тодорхой хэмжээгээр чөлөөлж өгөхийг бид хүсэж байгаа.
Хоёрт, цар тахлын уршигт хамгийн их өртсөн аялал жуулчлалын салбарынханд хөнгөлөлттэй зээл олгоосой гэж хүсэж байна. Засгийн газраас ажлын байрыг дэмжих дэмжих гурван хувийн зээлийг олгож буй ч манай салбарын байгууллагууд шалгуурыг нь хангаж чадахгүй байгаа учраас зээл авч чадахгүй байна. Өнгөрсөн хоёр жилийн турш орлогогүй байсан, салбарын ойрын ирээдүй хэрхэх эсэх нь бүрхэг, мөн барьцаа хөрөнгө багатай зэрэг шалтгаанаар АБД зээл аялал жуулчлалын салбарынхны хувьд хүртээмжгүй хэвээр байна.
Гуравт, аялал жуулчлал дэлхийн хэмжээнд 10 ажлын байрны нэгийг бүрдүүлдэг том салбар. Монголын экспортод жинэтэй хувь нэмэр оруулдаг, эдийн засгийн чухал салбар. Тиймээс аялал жуулчлалын салбарынханд тодорхой хэмжээний тусламж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Бага боловч дэмжвэл салбар маань эргээд сэргэнэ.