Танай байгууллагад хүний нөөцийн оролт, гаралт их байдаг уу? Тийм бол асуудал танай байгууллагад л байна гэсэн үг. Зөв хүнийг ажилд авч, тогтвортой ажилуулж чадахгүй байгаа нь ажилтан сонгон шалгаруулах процесс тань учир дутагдалтай байгаагийн илрэл юм.
Сонгон шалгаруулалт нь зардал өндөртэй процесс бөгөөд үүнд хангалттай ач холбогдол өгөөгүйн улмаас үүсэх сөрөг үр дагавар их тул анхнаас нь ухаалгаар төлөвлөж, зөв аргачлалаар хийх хэрэгтэй. Ийн төлөвлөж, үр дүнтэй сонгон шалгаруулалт хийхийн тулд дараах зүйлсийг анхаараарай.
Ажлын байрны тодорхойлолт
Олон байгууллага ажлын байрны тодорхойлолт гаргахдаа өөр газрынхыг хуулчихдаг нь нууц биш юм. Гэтэл тухайн ажлын байранд тавигдах шаардлага, ажилтны биелүүлэх үүрэг, эзэмших чадвар зэрэг нь тухайн алба нэгж, компанийн зорилготой нягт уялдаатай байх ёстой. Иймд үүнд заавал цаг гаргах хэрэгтэй. Мөн ажлын байрны тодорхойлолтыг гаргахдаа тухайн ажилтан хэнтэй уялдаа холбоотой, хэний удирдлага дор ажиллах, ямар шалгуураар үнэлэх зэргийг нарийн тусгаж өгөөрэй.
Ажлын зар
Ихэнх ажлын зар ерөнхий бөгөөд гүйцэтгэх үүрэг, шаардлагад гол анхаарлаа хандуулсан хэлбэртэй байдаг. Ажил олгогч болон ажил горилогч хооронд үл ойлголцол гарахаас сэргийлж, аль аль талын цагийг үрэхгүйн тулд зараа маш тодорхой бичих нь чухал. Тухайлбал, ажилтанд тавигдах шаардлагад мэргэжлийн болон техникийн ур чадвараас гадна хувь хүний зан төлөвийн хувьд ямар хүнийг хүлээж буйгаа оруулж өгөх хэрэгтэй. Түүнчлэн, тухайн ажилд орсноор өдөр тутамдаа хийх ажил, авах шагнал, урамшуулал, нээгдэх боломж зэргийг тусгаж өнгөт зураг шиг харуулах нь чухал.
Харамсалтай ажлын зар байршуулдаг талбарууд цаанаас өгсөн форматтай байх нь түгээмэл. Энэ тохиолдолд зарыг өөрийн вэбдээ байршуулж, сошиалаар түгээх эсвэл тухайн ажлын байрыг сонирхсон хүмүүсийг и-мэйлээр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг уриалах боломжтой.
Тодорхой байх асуудалд цаг хугацаа ч хамаатай. Ямар хугацаагаар зарлагдсан, хэзээ эргэж холбогдох зэргийг тодорхой дурдвал ажил горилогч ч хүлээх эсвэл өөр ажилд орох эсэхээ тооцоолох боломж бүрдэнэ.
Анкет үнэлэх явц
Зарласан ажлын байранд ирсэн анкетыг үнэлэхдээ тухайн ажилтнаас шаардах хамгийн чухал ур чадвар, зан чанаруудыг гол шалгуур үзүүлэлтээ болгоорой. Тухайлбал, ажлын туршлага, хэлний мэдлэг, компьютер дээр ажиллах чадвар зэргийг чухалчилж байгаа бол эдгээрийг гол шалгуур үзүүлэлтээ болгож 1-5 хүртэлх оноогоор үнэлээрэй. Ингэж оноогоор үнэлэх нь тухайн мөчид төрсөн сэтгэгдэл, сэтгэл хөдлөлдөө авталгүй объектив шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлнэ.
Ажилтан шалгаруулж авахдаа байгууллагуудын гаргадаг түгээмэл алдаа болоод зөв хүнээ ажилд авахад туслах аргуудыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Ганабелл институтын захирал, хүний нөөцийн зөвлөх П.Гандолгор танилцууллаа. “Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг амжилттай хийх аргууд” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Монголын Хүний Нөөцийн Институтын захирал Д.Бартанбаатар “Гүйцэтгэлийн үнэлгээ ба ур чадварын үнэлгээ” сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital