“Төслийн эдийн засгийг хөгжүүлье” олон улсын бага хурал энэ сарын 24-нд амжилттай зохион байгуулагдаж, салбар салбарын удирдагчид энэ сэдвийн хүрээнд чуулахын зэрэгцээ цахимаар оролцсон 739 хүнд мэдлэг, туршлагаа хуваалцаж, сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Энэ үеэр төслийн удирдлагын шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд 2021 оны “Шилдэг олон улсын төсөл”-өөр өнгөрсөн долдугаар сард нээлтээ хийсэн “Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл” шалгарсан бол энэхүү төслийг 12 жилийн турш удирдаж, амжилттай хэрэгжүүлсэн Н.Энхбат “Шилдэг төслийн менежер”-ээр тодорсон нь уг төслийн ач холбогдлыг улам тодруулсан алхам болсон билээ.
Ингээд шилдэг төслийн удирдагч Н.Энхбаттай төслийн менежмент болон төслийн эдийн засгийн талаар ярилцлаа. Тэрбээр төсөл амжилттай хэрэгжихэд багийн ажиллагаа хамгийн чухал гэдгийг онцолж байв. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал Монголын шинэ үеийн зуун жилийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байна.
Өнөөдрийн арга хэмжээний гол шагналуудыг та гардан авлаа. Баяр хүргэхийн ялдамд уг төслийн ач холбогдлын талаар хүмүүст таниулах үүднээс таниас зориуд тодруулъя?
“Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл” гэхээр монгол хүн бүр мэддэг ч, төсөл тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжсэн гэдгийг харин хүн бүр мэддэггүй. Энэхүү шагналыг гардсанаар төслийн ач холбогдлыг хүмүүст таниулж мэдүүлэхэд дөхөмтэй алхам болсон болов уу. Үнэхээр ч анх зээл авсан хугацаа, өнгөрсөн долдугаар сард ашиглалтад орсон зэргийг харахаар бүхэл бүтэн 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ бүхнийг хараад хүмүүс их удаан хугацаанд хэрэгжсэн төсөл гэж ойлгодог.
Төслийн санхүүжилт 2008 онд шийдэгдэх үед төсөл цаасан дээр ч буугаагүй байлаа. Тэр цагаас хойш зураг төсөл, тендерийн ажил зэрэг зэрэг өрнөсөөр явтал 2013 он гарсан. Харин үүнээс хойш төслийн бүтээн байгуулалтын ажил яг 1290 хоног буюу 43 сарын хугацаанд үргэлжилсэн. Энэ бол санхүүжилтээ барилгын ажилд шингээж, бүтээн байгуулалтаа хийж гүйцэтгэсэн хугацаа.
Өнөөдрийн хурлаар их яригдаж буй томоохон төслүүдийн 50 хувь нь хугацаандаа ашиглалтад ордоггүй. Үлдсэн хэсгийнх нь төсөв хэтэрдэг. Энэ үүднээс харвал манайх 600 сая орчим ам.долларын төсөл. Тэр дундаа яг төлөвлөсөн хугацаандаа, дээр нь зургаан тэрбум иен буюу 60 сая орчим ам.долларын санхүүгийн хэмнэлттэйгээр дуусгаж чадсан төсөл. Энэ талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Харин PMI Mongolia Chapter-ийн хамт олон үүнийг үнэлж шагнал олголоо. Энэ том төслийг удирдсан нь миний хувьд хувь зохиолын хэрэг.
“Ганц төсөл ч гэлтгүй, гэр бүл, хамт олон, цаашилбал, компани, аж ахуйн нэгж амжилттай явахад хамгийн чухал зүйл бол багийн ажиллагаа”.
“Шинэ нисэхийн” гэх тодотголтой мега төслийг хэрэгжүүлэхэд таны зүгээс баримталсан гол алхмууд юу байв?
Олон зүйл дурдах хэрэгтэй болно. Гэхдээ тоймлоод хэлбэл, ганц төсөл ч гэлтгүй, гэр бүл, хамт олон, цаашилбал, компани, аж ахуйн нэгж амжилттай явахад хамгийн чухал зүйл бол багийн ажиллагаа. Энэ бол миний итгэл үнэмшил. Багийн ажиллагааг хаана сайн хэрэгжүүлж чадна, тэр айл өрх, улс, аж ахуйн нэгж амжилттай байж чаддаг гэж би үздэг.
Миний хувьд шинэ нисэх буудлын төслийг хариуцаж ажиллахдаа эхнээсээ л багийн эд эс, ширхэг болсон гишүүн бүрээ өөрөө сонгон шалгаруулж авсан. Тухайн үед ажил өрнөөд явж байхад хэн нь болж байна, болохгүй байна, бүгд нэг зүгт харж чадаж байна уу гэдгийг дүгнэж чадаж байсан гэж өөрийгөө хардаг. Төслийг удирдахаар ганцаараа томилогдсоноос хойш 10 мянган хүнтэй том баг бүрдэх хүртэл ажилласны хувьд тэр олон хүнийг нэг чигт харуулж, нэг зорилго дор зангидан ажиллуулахын тулд хийж байсан алхмууд маань зорилгодоо хүрсэн юм болов уу. Тийм ч учраас бүтээн байгуулалтын ажил хугацаандаа төсвийн хэмнэлттэйгээр дууссан.
Мега төслүүд хөдөлж, улмаар амжилттай хэрэгжих нь улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой. Таны удирдаж, амжилттай хэрэгжүүлэн, хүлээлгэж өгсөн төслийн хувьд ч ялгаагүй ийм хэмжээнд яригдахуйц. Тэгвэл Монголд мега төслүүд амжилттай хэрэгжихгүй байх гол шалтгаан юу вэ?
Хамгийн түрүүнд төр засгийн бодлого тогтвортой байх асуудал яригдана. Бодлого, шийдвэр тогтвортой байвал түүнийг дагаад төсөл хэрэгжих суурь ганхахгүй. Дээр нь үүнийгээ дагаад төслийн ажилтнууд тогтвортой ажиллаж чаддаг. Энэ мэтээр төслийн талаар гаднынхантай анх ярьж эхэлсэн хүн тодорхой үе шатуудыг бодит байдалд хүртэл нь тогтвортой ажиллахад өмнө ярьж, хэлэлцсэн ажлуудаа ойлгож, бүтээхийн төлөө явдаг. Манай улс энэ тал дээр тогтворгүй учраас төслийн багийнхан солигддог. Эхний хүний ярьж байсныг дараагийн хүн нь үгүйсгэдэг. Нэг бол өөрчилдөг. Бид томоохон төслүүдийн санхүүжилт, хэрэгжүүлэлтийн хувьд ч алдаа гаргаад байдгийн шалтгаан энэ.
“Дээхэн үед атар газар эзэмшинэ гэж ярьдаг байсан шиг Хөшигийн хөндийг эзэмших ажлыг энэ төсөл эхлүүлснээрээ томоохон ач холбогдолтой”.
Мега төсөл гэдэг агуулгаар нь харвал тэнд ажиллаж буй хүмүүсээс гадна түүнийг дагасан маш том бүтэц үүсдэг. Энэ ч үүднээс бид мега төслүүдээ сайн дэмжиж чадвал дагалдах жижиг төслүүд бойжих боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, мега төслийн шүхэр дор эдгээр жижиг төсөл багтсанаар бизнес нь эрүүл, тогтвортой, баталгаатай үргэлжилнэ. Нэг үгээр, орлого нь баталгаажиж, тогтворжино гэсэн санаа. Үүний цаана нийгмийн дундаж болон чинээлэг давхарга гээд бүгд л санхүүжилт авч чадна. Нийгэмд өгдөг үр ашгийг энэ гинжин хэлхээгээр харвал мега төслийн үр нөлөө, ашгийг маш томоор харж болно. Тиймээс манайхан төслийг нэг, хоёр хүн удирдана гэхээс илүү тогтвортой байлгаж чадвал эдийн засаг, ард иргэддээ тухайн төслийн үр нөлөөг хүргэх, дамжуулах боломжтой гэдгийг маш сайн ойлгох ёстой.
Сүүлийн үед төслийн эдийн засаг гэх шинэ ойлголтын талаар ярих боллоо. Таны хувьд төслийн эдийн засгийг хэрхэн тайлбарлах вэ. Мөн таны удирдсан төсөл Монгол Улсын эдийн засагт эерэг үзүүлэлтүүдийг бий болгох вэ?
ТЭЗҮ боловсруулах, санхүүжилт авахаас л төслийн эдийн засаг гэх ойлголт эхэлнэ байх. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг төсөлд оруулбал, ийм бүтээн байгуулалт өрнөж, эргээд зээлээ төлж, цаашид урт хугацаандаа ашигтай ажиллана гэсэн эдийн засгийн үндэслэлд заасан хугацааныхаа дагуу явах ёстой. Товчхондоо, төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх ёстой. Харин дараа нь хугацаандаа ашиглаж эхлэх шаардлагатай. Хэрэв ингэж чадвал анхны зорилго сайтар хэрэгжинэ. Өнөөдөр манайхтай зэрэгцэн MCS International компанийн хэрэгжүүлсэн төсөл шилдгээр шалгарлаа. Хоёр төслийн аль аль нь төслийн эдийн засгийн хувьд хэрэгжилтийн дараах буюу ашиглалтын шатандаа асуудалтай байгаа. Учир нь Оюутолгойн хувьд бид бүхний мэдэж байгаачлан Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилж байна.
“Нийгэмд өгдөг үр ашгийг миний яриад буй гинжин хэлхээгээр харвал мега төслийн үр нөлөө, ашгийг маш томоор харж болно”.
Харин манай төслийн хувьд бид 2017 онд ашиглалтад өгсөн барилга байгууламжийг оператор компаниа сонгон шалгаруулж чадахгүйн улмаас гурван жил хадгалж, дээр нь Ковид-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан ахин нэг жил хойшилсон зэргээс шалтгаалан нийт дөрвөн жил хадгалсны эцэст ашиглалтад өгч байна. Энэ хугацаанд хадгалж буй жилийн зардал нь гэхэд л 10-15 тэрбум төгрөг. Дөрвөн жилийн хугацаанд 50-60 тэрбум төгрөгийн үргүй зардал гаргаж байна. Ийм хэмжээний хөрөнгийг эргээд өгч байх ёстой байгууламж өөрөө авдаг, мөнгө сордог болчихоор төслийн эдийн засагт тун сөргөөр нөлөөлдөг. Ашиг өгөхгүй, мөнгө идэх хэмжээнд хадгалж байна гэдэг маш харамсалтай. Энэ бүхэнд төр засаг, шийдвэр гаргагчдын тогтворгүй байдал ихээхэн нөлөөлсөн. Тиймээс төр засгийн тогтворгүй байдал, бодлогын залгамж халаа зэрэгт бид анхаарал хандуулж ажиллах ёстой.
Төсөл эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэж байна. 12 жилийн өмнө нисэх онгоцны шинэ буудал баригдахаас өмнө Төв аймгийн энэ хөндий эзгүй хээр, морин уралдааны газар байсан. Гэтэл одоо тэр газар томоохон борлуулалттай, үнэтэй газар болон хувирч байна. Дээр нь Улаанбаатар хот дагуул хотоо үүсгэх бодит боломж бүрдэж эхэллээ. Хүн амын суурьшил, эдийн засгийн хувьд ч анхны шанг татсан учраас хүмүүс яваа яваандаа тийш ажлаа амжуулж, бизнесээ хийх гэж очих болов уу. Ийм эцсийн зорилгыг бий болгосноор дээхэн үед атар газар эзэмшинэ гэж ярьдаг байсан шиг Хөшигийн хөндийг эзэмших ажлыг энэ төсөл эхлүүлснээрээ томоохон ач холбогдолтой.