Хүн бол үнэ цэн, баялгийг бүтээхийн зэрэгцээ эрсдлийг бий болгож байдаг бизнесийн онцгой нөөцүүдийн нэг билээ. Харин тэрхүү эрсдлийг бууруулахад жинхэнэ профессионал буюу мэргэжлийн ажилтнууд чухал үүрэгтэй. Байгуулага ийм ажилтныг нэг бол headhunt хийж олж авдаг эсвэл бүтээдэг. Гэвч байгууллага бүрд шилдгүүдийг цуглуулах боломж байхгүй тул ажилтнуудынхаа хөгжилд анхаарах шаардлага гарна. Тэгвэл ажилтнуудаа хэрхэн хөгжүүлж, авъяас, чадамжийг нь бүрэн дүүрэн дайчлах вэ?
Дотоод хөгжлийн хөтөлбөрүүд
Ажилтныг хөгжүүлэх хамгийн эхний болоод энгийн аргууд бол байгууллагын дотоод сургалт, хөтөлбөр, төрөл бүрийн төслүүд болон көүчинг зэрэг билээ. Гэхдээ аливаа сургалтыг тодорхой давтамжтай, тогтмол хийж байж үр дүн гарна гэдгийг санах хэрэгтэй. Хааяа нэг ажилтнуудынхаа урам зоригийг сэргээх лекц сонсгох нь тэдний хандлагад өөрчлөлт оруулахуйц нөлөө үзүүлж чадахгүй.
Ажилтныг сургаж, хөгжүүлэх аливаа төсөл, хөтөлбөрүүдэд удирдлагын дэмжлэг чухал үүрэгтэй байдаг. Эдгээр санаачлагын тухай удирдлагууд мэддэг, итгэл хүлээлгэдэг, үр дүнг нь хянадаг байх хэрэгтэй. Нөгөө талаас мөн ажилтнуудын идэвх, оролцоог онцлох нь зүйтэй. Байгууллага л үргэлж санаачилж, татаж чангааж байх ёсгүй бөгөөд ажилтнууддаа өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, идэвх санаалчага гаргах боломжийг нь олгоорой. Аливаа төсөл, хөтөлбөрийн нэг хэсэг болоод ирэхээрээ хүн өөрөө идэвхжиж, цаашид улам хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилтэйгээр ажлаа хийж эхэлдэг.
Идэвхжүүлэлт ба сэдэлжүүлэлт
Хүн удирдаж буй хүн бүр ажилтнаа идэвхжүүлж, сэдэлжүүлэхэд анхаарч, тогтмол хэрэгжүүлдэг байх ёстой. Учир нь идэвхжсэн ажилтан компанийн ирээдүйн өсөлтөд санаа тавьж, бүрэн потенциалаараа ажиллаж эхэлдэг. Цалин, урамшуулал хэдий хүчтэй идэвхжүүлэгч мөн ч гэлээ материаллаг бус идэвхжүүлэлтийн ач холбогдлыг мартаж болохгүй. Ажилтныг байгууллагадаа хэр үнэ цэнтэй болохыг нь үргэлж сануулж, магтан урамшуулж, сэтгэл ханамжтай байгаа эсэхэд нь анхаарах хэрэгтэй.
Ажилтны хөгжил нь байгууллага ба ажилтны хамтын ажиллагааны үр дүн байх ёстой.
Гэхдээ магтаж сайшаахад учир бий. Ажилтандаа урам өгч, сэдэлжүүлэх гэж байгаа бол хувь хүнийг нь бус сайшаалтай үйлдэл, зан чанарыг нь онцлох хэрэгтэй. Нөгөө талаас ажилтны өөрийгөө сэдэлжүүлэх чадвар чухал үүрэгтэй байдаг. Иймд эл хүчин зүйлийг сонгон шалгаруулалтын үед мөн анхаарах нь зүйтэй.
Ажилдаа гаршиж, тав тухын бүсд орсон ажилтнууд байгууллага бүрд байдаг. Ийм хүмүүсийг сэдэлжүүлэх үр дүнтэй арга бол хариуцлага хүлээлгэх юм. Ажлын цар хүрээг нь нэмэгдүүлж, илүү их итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлснээр тухайн хүнд ажлаа илүү сайн хийх сэдэл төрдөг. Магадгүй танай байгууллагад олон жил ажиллаж, хамт босголцсон хүмүүст компанийнхаа хувьцааг эзэмшүүлэхийн зэрэгцээ үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлж болох юм.
Хөгжих хүсэлгүй ажилтныг яах вэ?
Байгууллагын зүгээс ямар ч санал санаачлага гаргасан дэмждэггүй, сурч хөгжих эрмэлзэлгүй ажилтнуудыг тэгвэл яах вэ? Ийм төрлийн хүмүүст нөлөөлөхөд “Та сайхан амьдрахыг хүсэж байна уу?” гэдэг асуулт хамгийн үр дүнтэй байдаг. Сайхан амьдрахын тулд хүн хөгжин дэвших хэрэгтэй, үүний тулд өөрчлөгдөх шаардлагатай. Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө болон өөрчлөлтийн матриц үүнд ихээхэн тус болдог.
Өөрчлөгдөх хэрэгцээ, өөрчлөгдөх арга, өөрчлөлтийн зориулалт зэргийг өөрчлөлтийн матриц дээрээс харж болно. Хэрэв ажилтан өөрчлөгдөхийг хүсэхгүй, тийм шаардлага байхгүй гэж үзэж байвал өөрчлөгдөхгүй байхын эрсдэл нь юу болохыг нь мөн тодхон харуулаад өгнө. Бодит байдлаа харсан хүнд өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэсэн сэдэл өөрийн эрхгүй төрдөг. Түүнчлэн, хувь хүнийхээ хөгжилд ахиц дэвшил гаргасан байх гэх зэрэг үзүүлэлтийг урамшууллын системд оруулж өгөх нь үр дүнтэй аргуудын нэг болдогр.
Ажилтны хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс болон идэвхжүүлэлтийн аргуудыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Менежментийн зөвлөх Г.Батханд танилцууллаа. “Ажилтны карьер хөгжил, сэдэлжүүлэлтийн аргууд” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт sanhuuch.mn-ийн үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх Ч.Мөнхбадрах “Санхүүгийн зөв бүртгэлээр дүрмийн сангаа нэмэгдүүлэх нь” сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital