Монголчууд и-спортоор дэлхийн түвшинд өрсөлдөх боломжтойг харуулсан MongolZ, Zeus тэргүүтэй багийг цахим ертөнцийнхөн андахгүй. Тэгвэл и-спортын ирээдүйд өнгө нэмэх шинэ үеийнхэн ч хүч түрсээр байна. Үүнийг анзаарсан дотоодын томоохон компаниуд и-спортын хөгжилд хувь нэмэр оруулахаар хамтран ажиллаж эхлээд буй.
Сая сая хос нүд дэлгэцэнд өрнөх тулаан, ширүүн өрсөлдөөнийг дэлхийн өнцөг булан бүрээс бодит цагаар, секундийн зөрүүгүй хүлээн авч, амьсгаа даран ширтэнэ. Виртуал орчин дахь асар их эрч хүч, оюуны хурд, ур чадвар, өрсөлдөөн, авхаалж самбааг хүмүүс анхааралтай ажиглаж, эмоцийн нэгэн хэмнэлд татагдан орох нь сонирхолтой. Дижитал эриний бүхий л онцлогийг өөртөө шингээсэн бүхэл бүтэн ертөнц цоо шинээр үүссэн нь энэ. Орчин үеийн залуусыг сая саяар нь байлдан дагуулж буй хэдэн тэрбум ам.доллар эргэлдэх, асар өндөр потенциальтай зах зээл. И-спорт.
Хурдтай өсөж буй зах зээлийг дагаад сонирхогчдоос гадна мэргэжлийн тоглогчид, асар өндөр шагналын сан бүхий шат шатны тэмцээнүүд, дээр нь үй олон үзэгчид бий болжээ. Fortnite, CS:GO (Counterstrike: Global Offensive) -өөс эхлээд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэлх олон төрлийн өрсөлдөөнийг нийт хагас тэрбум гаруй хүн үзэж сонирхдог гэсэн мэдээлэл бий. Зарим томоохон тэмцээний үзэгчдийн тоо Уимблдон, Америкийн нээлттэй тэмцээнийхийг ч давдаг. Үүнийгээ дагаад шагналын сан ч өндөрсөж, хэдэн арван сая ам.долларыг давах энүүхэнд.
“Үзэгчгүй, бас мөнгө эргэлдэхгүй бол тэнд ямар ч бизнес өсөж хөгжихгүй”.
“Үзэгчгүй, бас мөнгө эргэлдэхгүй бол тэнд ямар ч бизнес өсөж хөгжихгүй” хэмээн Renewal Gaming компанийн гүйцэтгэх захирал Г.Гантогоо хэлж байна. Түүний үзэж буйгаар яг одоо үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж буй салбаруудын нэг нь и-спорт. Тиймдээ ч санаа нийлсэн хөрөнгө оруулагчдын хамтаар энэ салбарт тэр хөл тавиад удаагүй байгаа юм. “Бид багадаа цалинтай тамирчин болж, олон улсад нэрээ гаргахыг мөрөөддөг байлаа. Хэдий тийм боломж бидэнд олдоогүй ч ирээдүйн хүүхэд залуустаа тэрхүү алдагдсан боломжийг бүрдүүлж өгөхийг хүссэн учраас албан ёсоор компани байгуулан ажиллаж байна. Монгол Улс энэ зах зээлд орох цаг нь болсон. Бид хүссэн хүсээгүй дэлхийтэй хөл нийлүүлэн алхах ёстой” хэмээн тэр тэмдэглэв. Renewal Gaming бол Монголын анхны мэргэжлийн и-спортын компани. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй ч Renewal нэрийн дор CS:Go, PUBG баг бүрдүүлж, нийт 11 тамирчинтай гэрээ үзэглээд буй.
“Гадаадын энэ төрлийн байгууллагуудтай ижил түвшинд ажилладаг учраас сэтгэл хангалуун байгаа” хэмээн Renewal CS:Go багийн гишүүн, и-спорт сонирхогчдын дунд Dobu нэрээрээ танигдсан Б.Ган-Эрдэнэ (22) хэлсэн бол Н.Ууганбаяр (21) буюу Neuz “Монголд и-спортын тэмцээн нэг их зохиогддоггүй, шагналын сан ч өндөр биш. Дотоодын өрсөлдөөн бага. Дээр нь хүмүүс спорт гэж төдийлөн хардаггүй. Харин ч и-спорт сонирхдог залуусыг зүгээр л донтсон мэтээр харж, ойлгодог. Гэтэл энэ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн спорт. Тэмцээнүүд нь ч шагналын сан өндөртэй. Тийм болохоор монгол багт орохдоо юу хүлээж байгааг мэдээгүй, ямар байх бол, хэр дэмжих бол гэсэн хүлээлттэй л байсан. Гэтэл төсөөлснөөс минь илүү байгаад зогсохгүй гадаадын байгууллагад, тэндхийн багт ажилладагтай ижил түвшинд, дүйцэхүйц хэмжээний цалин хангамж санал болгож, найрсаг, нөхөрсөг уур амьсгалаар хүрээлүүлсэн” гэлээ. Тэдний ярианаас и-спорт ажил болон хувирч, тамирчид гадаад багт уригдан тоглох, гэрээт тамирчин болж тогтмол орлого олох боломж бүрдсэнийг ойлгож болно.
Хэрэв и-спортын ертөнц рүү лавхан шагайж харвал уламжлалт спортод байдаг үндсэн шинжийг бүгдийг өөртөө агуулсан болохыг та ойлгоно. Өдөр алгасалгүй шаргуу бэлтгэл хийж, ахисан түвшинд хичээллэх тамирчдын ард шинжээч, зөвлөх, дасгалжуулагч, сэтгэл зүйчээс бүрдсэн бүтэн баг ажилладаг. Энэ бол мэргэжлийн и-спортын компаниудын олон улс дахь нийтлэг дүр зураг, тогтсон жишиг.
Renewal Gaming компанийн зүгээс ч олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахыг зорьж буйгаа тодруулсан бөгөөд тамирчид хоёр сэтгэл зүйч, хоёр аналист, мөн израйль дасгалжуулагчийн зөвлөгөө, дэмжлэгийг зайнаас авч, бэлтгэлээ базааж байна. Үүн дээр гадаад хэлний багш нар, фитнессийн дасгалжуулагч, эмч тэргүүтэй арын албаныхан мөн нэмэгдэж буй. Тамирчид тодорхой хуваарийн дагуу бэлтгэл хийж, сэтгэл зүйчтэй ярилцаж, аналисттай өрсөлдөөний тактикаа боловсруулан өдрийг завгүй өнгөрүүлдэг. Энэ бүхний ачаар тэд ур чадвар, потенциалиа 100 хувь дайчилж, өндөр үр дүн үзүүлж чадах юм.
Одоогоор Монголын и-спортынхон Азидаа эхний наймд эрэмбэлэгдэж буй. Хэдхэн сарын өмнө болж өнгөрсөн Азийн аваргын төлөөх оноо цуглуулах тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд нийт 100 гаруй багаас гурван монгол, таван хятад баг шалгарсны дотор тэд багтсан нь амжилт хол биш гэдгийг харуулна. Дургүй ажлаа хийж, хүссэн цалингаа авч чадахгүй өдөр хоногийг өнгөрөөх бус өөрийн сонирхдог чиглэлээрээ замнах боломжийг залуучуудад олгож буй нь и-спортын шинэлэг тал. “Манай тамирчид дунд эцэг эхийнхээ цалин, байрны зээлийг дарж буй нь ч бий. Өнгөрсөн хугацаанд Монголын цахим спортынхон бор зүрхээрээ явж ирсэн ч, чамгүй амжилт үзүүлж, гаднын багуудад гэрээгээр тоглож, цалинждаг болсон. Товчхондоо, хоббигоо ажил, ажлаа спорт, спортоо бизнес болгоод эхэлсэн” хэмээн Г.Гантогоо хэлж байна. Тэдний хувьд энэ жилдээ багтаан Dota багтай болохоор төлөвлөж буйгаа онцолсон нь и-спортыг зөвхөн сонирхогчийн түвшинд бус ажил, карьераа болгохоор зорьж буй залуусын хувьд чихэнд чимэгтэй мэдээ. Харин ирэх жилд багтаан компанийнхаа дэргэд и-спортын академи байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, тамирчдыг багаас нь бэлтгэж, мэргэжлийн багт элсүүлэх, олон улсад холбож, дэлхийн зах зээлд гаргах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.
Монголчуудын хувьд чадварлаг и-спортын тамирчдын тусламжтай контент, стриминг хийж эх орныхоо нэрийг цахим ертөнцөд цуурайтуулах боломж бий. Энэ боломж, орон зайг олж харсан учраас залуус Renewal Gaming нэрийн дор нэгджээ.
Renewal багийн хувьд эх орондоо, нэг дор байрлан амьдарч, көүч, дасгалжуулагч, сэтгэл зүйч, аналисттай хамтран ур чадвараа дэлхийн түвшинд сойж, албан ёсоор тамирчин хэмээгдэн салбарын жишигт нийцсэн цалин авч ажиллаж буй нь Монголдоо анхных. Тамирчдын өмнөх амжилт, үзүүлэлтүүдийг харгалзахаас гадна ирээдүйгээ үнэхээр и-спорттой холбон харж, өөрийгөө зориулж, зүтгэж чадах эсэхэд үндэслэн шалгаруулжээ. Мөн нас мэдээж чухал. И-спорт сонирхогчдын 80 гаруй хувийг 35-аас доош насныхан эзэлдэг гэх олон улсын судалгаа бий. Харин мэргэжлийн тамирчдын нас дунджаар 16-аас эхэлдэг. “Тухайн мөчид түргэн сэтгэж, дараагийн шийдвэрээ гаргах ёстой болдог нь тамирчнаас ихээхэн хурд, тактик шаарддагийг илтгэнэ. Тиймээс ч ихэнх амжилттай багийн ахлагч, тоглогчид шатар нүүх зэрэг стратеги шаардсан оюуны үйлд гаргууд хүмүүс байх нь бий. Энэ утгаараа и-спорт оюун ухааныг тэлдэг. Гэхдээ мэдээж тоглох цагаа зохицуулж чадвал” хэмээн Renewal Gaming-ийн ерөнхий менежер онцолсон юм.
Залуучууд дийлэнх хувийг бүрдүүлдэг онцлог нь шинэ үеийнхэн дунд зах зээлээ тэлэх гэсэн брэндүүдийг и-спортын ертөнцөд даллах болжээ. Энэ ч утгаараа дэлхийн томоохон компаниуд маркетинг, борлуулалтаа уг зах зээлд түлхүү хандуулж буй. Сурталчилгааны компаниуд ч залуу үеийнхнийг байлдан дагуулахын тулд и-спортын зах зээлийг онцгойлон авч үзэхээс аргагүй болсон юм. Өргөн далайцтай, өсөлттэй зах зээлд зохион байгуулагдаж буй тоглолтуудыг шууд болон шууд бусаар дамжуулах платформ, тэднийг дагасан спонсор, зар сурталчилгааны нүсэр арми ингэж үүсчээ. Хөрөнгө оруулалт, шууд дамжуулалтын эрхүүд, төрөл бүрийн эвентийн тасалбарууд, биет болон биет бус хувцас хэрэгслийн худалдаа зэргээс энэ салбарын гол орлого төвлөрдөг. Мөн дагалдах ложистик, эрүүл мэнд, энтертайнмент үйлчилгээ ч тасралтгүй хөгжсөөр байгаа юм. Үүний үр нөлөөгөөр салбарын далайц тэрбум ам.долларын хэмжээнд яригдах болж, и-спортын топ тоглогчид эхнээсээ саятны эгнээнд шилжээд буй.
И-спортын далайц тэрбум ам.долларын хэмжээнд яригдах болж, салбарын топ тоглогчид эхнээсээ саятны эгнээнд шилжээд буй.
2020 оны тавдугаар сард гурвуулаа хамтран баг бүрдүүлж, Азийн аваргаар тодорч байсан бол өдгөө Renewal CS:Go багийн тамирчин болоод буй Г.Есөнтөмөр буюу Nin9 (23) “Багадаа ахынхаа видео тоглоом тоглохыг харсаар байгаад л сурсан. Таван жилийн өмнөөс идэвхтэй тоглож эхэлсэн ч тамирчин болъё гэх зорилго тавиагүй. Яваандаа чадах юм шиг санагдаж, тоглож явсаар багт орж, тоглож эхэлсэн. Бусдыгаа бодвол нэлээд хожуу тоглож эхэлсэн гэсэн үг. Өнгөрсөн сарын эхээр бид DreamHack Open June 2021 Asia тэмцээнд амжилттай оролцож, аваргын эзэн болсон. Мөн тун саяхан “Монголын и-спортын холбоо”-ноос зохион байгуулсан MESA Pro Series тэмцээнд Team Renewal баг маань өрсөлдөгчөө 3:0 харьцаатай буулган авснаар Израйль улсад зохиогдох IeSF World Championships 2021 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөх эрхтэй болж, бэлтгэлээ базааж байна” гэлээ. Түүний хувьд санхүү менежментийн чиглэлээр их сургуулиа төгссөн ч, хүсэл сонирхлоо дагахыг илүүд үзжээ. Гэрийнхнээсээ анх нууж байсан ч, яваандаа мэдэгдэж, гэр бүлийнхэн нь халуун дотноор дэмжсэн нь түүнд урам өгчээ. “Өөрөө хэчнээн сонирхолтой, чадвартай ч гэр бүл, ойр дотнынхон нь дэмждэггүйгээс тоглож чаддаггүй хүүхдүүд олон байдаг. Сонирхогчийн түвшинд ихэнх нь гэр гэрээсээ, эсвэл тоглоомын төвд очиж, хамтдаа бэлтгэл хийдэг. Гэхдээ зардлаа өөрсдөө гаргадаг, тогтмол бэлтгэл хийхэд хүндрэлтэй зэрэг цөөнгүй асуудал тулгардаг. Хажуугаар нь хичээл ном, ажлаа хийнэ. Тэгэхээр анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаггүй. Харин хоббигоо ингээд мэргэжил болгоод явна гэдэг нэг талаар их гоё. Мэргэжлийн түвшинд ажиллахад боломж ч дагаад өсдөг” хэмээн тэр ярьсан юм. Г.Есөнтөмөрийн хувьд Renewal CS:Go багт орсноор и-спортдоо бүрэн төвлөрөх боломжтой болж, өөрийн давуу, сул талаа илүүтэй танин мэдэж, ур чадвараа улам бүр сайжруулахад анхаарч эхэлжээ. Онлайнаар олон нийтийн өмнө тоглож байгаа учраас дэлхийн өнцөг булан бүрээс үзэгчид тухайн тоглогчийн тоглолт, үзүүлэлт, ур чадварыг нээлттэй ажиглан харж байдаг. Энэ нь эргээд ажлын санал авах, мэргэжлийн багт уригдах зэрэг олон боломжийг тоглогчийн өмнө нээдэг.
Монголчуудын хувьд ч ялгаагүй чадварлаг и-спортын тамирчдын тусламжтай контент, стриминг хийж эх орныхоо нэрийг цахим ертөнцөд цуурайтуулах боломж бий. Үүгээр зогсохгүй дэлхийн томоохон хотуудад мянга мянган үзэгч, фэнүүдтэй зохион байгуулагддаг олон улсын чанартай тэмцээнүүдийн адилаар Монголдоо эвент зохиож, олон улсын и-спорт сонирхогчдыг эх орондоо татах зэргээр эвент дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг ч Renewal Gaming компанийнхан онцолж байв. Энэ боломж, орон зайг олж харсан учраас Renewal (Шинэчлэл, сэргэн мандалт) нэрийн дор залуус нэгджээ. Үнс нурмаас ахин амилагч, үхэшгүй, мөнхийн галт шувуу (финикс)-ны дүрсийг логондоо тодотгон оруулсан нь ч ийм учиртай. Тэд үүгээрээ Монгол Улс дахин мандах цаг ирсэн гэдгийг илэрхийлэхийг хүсчээ.