“Мишээл Сити” бол монгол захирлын удирдлага дор, 100 хувь монгол хөрөнгө оруулагчдын мөнгөөр, монгол инженерийн ухаанаар, монгол менежментийн багийн хөдөлмөрөөр бүтэж буй цэвэр “Монгол брэнд” юм.
Төвлөрлийн диваажин
“Мишээл Сити” төслийг бизнес хөгжил, маркетинг талаас нь хариуцаж байгаа “азтай хүн” бол тус төслийн ахлах менежер Ц.Будхүү. Өмнө нь Монголын томоохон групп компаниудад борлуулалтын чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан. Мега төслийн мэдээллийн маш том урсгал дунд холбон тоглогч шиг ажиллаж байгаа түүний хамгийн их онцолсон санаа нь “төвлөрөл”, “үнэ цэн” байв.
Үл хөдлөх хөрөнгийг үл буурах үнэ цэнтэй байлгадаг хэд хэдэн хүчин зүйл байдаг аж. Тухайлбал, гоё орон сууц эсвэл оффис бариад байж байтал яг хажууд нь өөр компани нарыг нь хаагаад байшин барьж, дэд бүтцээс нь хуваагаад эхэлвэл тэр үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн огцом унана. Монголд хэрэгжиж буй орон сууц болон оффисын олон төсөл дээд тал нь таван жилийн дараа концепци, үнэ цэн нь буурч, худалдан авсан хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалтын өгөөж нь багасдаг гэсэн судалгаа бий. Үүний нэг том шалтгаан нь төсөл хэрэгжүүлэгч компани өөрийн өмчийн газар дээр анхнаасаа бие даасан төлөвлөлт хийдэггүйтэй холбоотой.
“Мишээл Сити” төслийн хувьд энэ асуудлаас ангид бөгөөд энд үл хөдлөх хөрөнгөтэй болж буй бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгийнх нь үнэ цэн багаар бодоход 30 жил хадгалагдана гэдгийг Ц.Будхүү хэлж байлаа. Тийм ч учраас нийтийн эзэмшлийн зам, талбайгаа төлөвлөсөний дараа үлдсэн зайн дээр нь барилгаа төлөвлөжээ.
Барилгын үнэ цэнийг хадгалдаг дараагийн нэг нөхцөл нь үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангах бизнесүүд нэг дор байрласан байх. Мишээлийн хувьд барилгын материал, тавилгын худалдаа, үзэсгэлэн болон төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байдаг. Дээр нь нэмээд “Мишээл сити”-д боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, оффис болон шоу рүүмд зориулсан тус бүрдээ 20 давхар гурван цогцолбор баригдаж байна. Эдгээр цогцолбор нь компаниудын сонирхлыг хамгийн их татаж байгаа төслийн хэсэг бөгөөд 88 хувь борлогдоод дуусчээ. М3 буюу бизнес товерт 3-10 дугаар давхарт тавилга, барилгын материал, их дэлгүүрийн өргөтгөл байрлах аж. Ингэснээр одоо байгаа барилгын болон тавилгын худалдаа нь улам өргөжинө. Ингэхдээ талбайгаа шоу рүүм байдлаар бизнес эрхлэгчдэд борлуулж байгаа бөгөөд одоо бараг сул талбай үлдээгүй гэдгийг төслийнхөн хэлж байлаа. Учир нь олон төрлийн үйлчилгээ төвлөрсөн бүсэд өөрийн шоу рүүмтэй байх нь тухайн компанийн маркетингийн зардлыг хэмнэдэг. Харин 10-аас дээш давхарт оффисууд байрлана.
М2 хэмээх боловсролын товерт сургууль, цэцэрлэг, гадаад хэлний курс, бүжиг, хөгжим, бие хамгаалах урлагийн дугуйлан, IQ-гийн сургалт зэрэг боловсролын байгууллагууд байрлана.
М1 нэртэй эрүүл мэндийн товерт эмнэлгүүдийг маш нарийн шалгуураар оруулж байгаа тухай Ц.Будхүү ярилаа. Хүчил төрөгчийн нэгдсэн хоолойтой, эмнэлгийн хог хаягдлын тусгай менежменттэй, өөрийн түргэн тусламжийн хоёр машинтай, сувилагчидтай байх уг барилга Монгол дахь эмнэлгийн барилгуудын стандартын дээд түвшинд баригдана. Тиймээс зүгээр л мөнгөтэй хүмүүс орж ирээдэмнэлэг байгуулдаг биш, эрүүл мэндийн үйлчилгээний өндөр босгыг шаардана. Ингэхдээ эмнэлгүүд Сингапурт түгээмэл байдаг Эрүүл мэндийн оффис (Medical Оffice) маягаар ажиллаж, хэвтэн эмчлүүлэхээс бусад бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх аж.
Энэ гурван барилга ашиглалтад орсоноор “Мишээл Сити”-д бизнес, эрүүл мэнд, боловсрол, экспо, аялал жуулчлал, төрийн үйлчилгээ нэг дор төвлөрч үйлчлүүлэгч өөр дүүрэг рүү явах хэрэгцээ гарахгүй.
Түүнчлэн нийслэл хот баруун урагшаа тэлж байгаа. Хэрэв нийслэлийн удирдлага Яармаг дахь шинэ байрандаа нүүж ирвэл нийслэлтэй холбоотой ажил хэргээ явуулдаг бизнесмэнүүд Мишээлийг нь зорих нь ихэснэ.
Мишээл Экспогийн хувьд одоо байгаа экспогийн талбайгаа гурав дахин томруулж 6350 м.кв болгоно. Хоёр том танхимд хуваагдах энэ цогцолбор олон улсын стандартын дагуу долоо хоног тутам үзэсгэлэн яармаг, сургалт зөвлөгөөн, хурал цуглаан, спортын арга хэмжээ, шоу тоглолт зохион байгуулна.
Үл хөдлөхийг удаан хугацаанд үнэ цэнтэй байлгадаг гурав дахь хүчин зүйл нь худалдаа, зоогийн газар, үзвэр үйлчилгээний төвлөрсөн сүлжээ бүхий аялал жуулчлалын дэд бүтэц . “Мишээл Сити”-д кино театр, спортын талбай, тоглоомын төв, аялал жуулчлалын гудамж, таван одтой зочид буудал, экспо, Монголын анхны дотор байрлалтай Сёрфингийн төв, хаадын цогцолбор зэрэг нь нийлээд дээрх нөхцөлийг хангаж байна.
Дөрөв дэх нөхцөл бол яах аргагүй ногоон байгууламж, амралтын бүс. “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нь энэ тал дээр улсдаа тэргүүлэх хэмжээний бүтээн байгуулалт болжээ. Туул голын дагуу байрласан уг хүрээлэн нээгдсэнээр нийслэл орчмын агаар цэвэршиж, нүүрс хүчлийн хий багасана, хоёрдугаарт төрөл бүрийн ургамал, ан амьтан, шавж, шувууд нутагшсанаар дулаан орчин бүхий эко систем бүрдэнэ, гуравдугаарт хотын дуу чимээг бууруулна.
Ц.Будхүүгийн онцолсон дараагийн нэг зүйл бол дулаан, цахилгаан, авто зогсоол зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийдэж өгсөн байдал. “Мишээл Сити” авто машины 800 далд, 800 ил зогсоолтой байна. Мишээл дотор түгжрэл үүсгэхгүйн тулд мэдээллийн технологийн шийдэл ашиглаж, “Misheel city” аппликэйшнийг боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах хиймэл оюуны алгоритм ажиллана.
Үүнээс гадна цахилгаан машин цэнэглэх зогсоолууд, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүчийг нарны эрчим хүчээр цэнэглэх дэд бүтцийг шийдэж, эко хотын жишгийг харуулна гэдгээ төслийнхөн бахархалтай ярьж байлаа.
Жижиг, дунд бизнесийг хөрөнгөжүүлнэ
МҮХАҮТ-ын 2019 оны судалгаанд монгол компаниудын 60 орчим хувь нь түрээсийн байр ашигладаг гэсэн тоо байна. Тэд ажлын байр, түрээсийн талбай, тоног төхөөрөмжөө л нэмээд байхаас өөрсдийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болж чаддаггүй. Үүний нэг шалтгаан нь Монголд банкны зээлээр үл хөдлөх хөрөнгийг ашигтай худалдаж авахад хэцүү байдагтай холбоотой.
“Мишээл Сити” төсөл нь нийт 1000 компанийг байршуулж, 20 000 хүнийг ажлын байраар хангах эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл. Тиймээс төслийн баг бизнес эрхлэгчидтэй хийх хамтын ажиллагаан дээр тэс өөр, илүү алсыг харсан зарчим баримталж байна. Тэдний нэг том зорилго нь түргэн хугацаанд ашиг хийх биш, харин компаниудыг үл хөдлөхтэй болгож хөрөнгөжүүлэх. Ингэхдээ тухайн компани “Мишээл Сити”-д байрлах оффисоо таван жил буюу 60 сарын хугацаатай, сар бүр хувааж төлөх нөхцөлтэйгээр өмчилж авна. Тодруулбал, тухайн компани ханшийн зөрүү, инфляцийн эрсдэл, банкны хүүгийн зардалд санаа зовохгүйгээр өөрийн оффистой болно. Ийм систем нэвтрүүлснээр Мишээл групп нь үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын шинэ зарчмыг санаачилсан компани болж байна.
Компаниуд “Мишээл Сити”-д байрлах оффисоо таван жил буюу 60 сарын хугацаатай, сар бүр хувааж төлөх нөхцөлтэйгээр өмчилж авна.
Төслийн ахлах менежер Ц.Будхүү “Бид шинэ бизнесүүд, ялангуяа үндэсний баялгийг бүтээж буй залуучуудыг дэмжих бодлого барьж байгаа учраас M2 товертаа залуу, шинэ бизнес эрхлэгчдийг дэмжих оффисын системийг бий болгоно” гэж хэллээ. Хамтран ажиллаж буй компаниудыг хөрөнгөжүүлэх, бизнесийнх нь үнэ цэнийг хадгалах өөр нэг бодлого бол ижил төстэй үйлчилгээг оруулахгүй байх. Энэ мэт саналууд нь бизнесүүдийн жинхэнэ “загатнасан газрыг” маажив.
Төслийн нэг томоохон хэсэг бол “Бичил Венеци” (Little Venice) хувцасны их дэлгүүр. Энэ нь шоппинг хийх дуртай хүмүүсийн очих дуртай газар болно гэж тооцоолж байна. Италийн Венеци хотыг дуурайсан загвартай уг их дэлгүүр нь 11 000 м.кв талбайд байрших бөгөөд 200 дэлгүүртэй, дунджаас дээш 1000 орчим брэндийг багтаах аж.
Мишээл Сити бол эдийн засгийн 60-70 хувийг үүрч явдаг, хөдөлмөрлөдөг, татвар төлдөг 35-45 насны, дундаж орлоготой хүмүүсийг дэмжсэн төсөл. Тиймээс түрээсийн тал дээр ч илүү таатай хандаж байна. Түрээсийн үнэ м.кв тутамдаа 55 000 байх бөгөөд орлогоос нь шимтгэл авахгүй гэдгийг хэллээ. Сонгох брэндүүдийн хувьд ч дундаж давхаргад зориулсан бүтээгдэхүүн давамгайлах аж.
Барилгын материалын үнэ өссөн ч гэрээгээ өөрчлөхгүй
Энэ том нүсэр төслийн барилга, байгууламжуудыг хэн барьж байгаа нь сонирхолтой санагдлаа. Тэр хүний нэр бол Н.Нямдорж. Тэр төрийн албанд олон жил зүтгэж 2006 оноос хувийн хэвшилд зөвлөх инженерээр ажиллах болжээ. “Мишээл Сити” төслийн 127 000 м.кв талбай дээр өрнөж буй бүтээн байгуулалт Н.Нямдорж инженер болоод түүний удирдлагад буй 280 орчим хүний хичээл зүтгэлээс шууд хамаарна.
Тэд 2022 оны гуравдугаар улирал гэхэд төслөө дуусгах ёстой гэдэг анхны төлөвлөгөөнөөс гажих ёсгүй хэмээн зүтгэж байна. Цар тахлын улмаас барилгын компаниудын 70 хувийнх нь ажил тасалдсан ч Мишээлийнхэн зогсолтгүй барьсаар байгаа.
Оффисууд газар хөдлөлтийн 9 балл, орон сууц 8 баллд тэсвэртэй байх аюулгүй байдлын стандарттай учраас нэг м.куб-д орох арматурчлалын хэмжээ хамгийн их, цутгалтын нарийн ажил шаардаж байгаа гэдгийг Н.Нямдорж ярилаа.
Хэдийгээр ковидын нөлөөгөөр арматураас эхлээд олон төрлийн барилгын материалын үнэ өсч байгаа ч “Мишээл Сити” төслийн багийнхан байгуулсан гэрээнүүддээ өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай байна. “Монгол эзэнтэй, монгол инженерүүд хийж байгаа учраас хөрөнгө оруулагч том алдагдалд орчихлоо гэдэг зүйлийг хойш тавьж, төслөө хэлсэндээ, хугацаандаа дуусгахын төлөө ажиллаж байна” хэмээн Н.Нямдорж инженер онцоллоо. Тэд ханшийн зөрүү, үнийн хөөрөгдлийн эрсдлийг өөр дээрээ авч, хамгийн багадаа 30 жил хадгалагдах үнэ цэн бүтээнэ гэсэн алсын хараатай ажиллаж байна.
“Мишээл”-ийн торгон цэргүүд
Удахгүй сард 250 000 хүн орж гарах, мянга мянган компанийн олон зуун тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг хүнтэй бас уулзмаар санагдлаа. Тэр хүн нь Мишээл групп ХХК-ийн харуул, хамгаалалтын албаны менежер Ч.Отгонцэнгэл.
Анх 2010 онд постон дээр харуулаар ажилд ороод энэ төрлийн мэргэжлийн карьерын үе шат болгоноор дамжсаар өнөөдөр менежерийн түвшинд ажиллаж байна. Мишээл группийн хувьд хамгаалах, харж хандах талбай, объектууд, эд хөрөнгийн хэмжээ Монголдоо хамгийн томд орно.
Мишээлд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг олон зуун түрээслэгч, харилцагч орой бүр ажлаасаа тарахдаа Ч.Отгонцэнгэл болон тэдний багийн 40 гаруй хүнд өөрийн эд хөрөнгөө найдаж үлдээдэг. Өдрийн цагаар замын хөдөлгөөн зохицуулахаас эхлээд ачаалал нэмэгддэг. Ялангуяа үзэсгэлэнгийн үеэр халаасны хулгайчид ихэсдэг учир хорооны цагдаа нарын ажилд тусалдаг.
“Мишээл Сити” төсөл дуусах үед тэдний ачаалал, хариуцлага, ажлын хамрах хүрээ илүү өргөн болж нийт 80-90 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болно гэж тэр ярилаа. Харуул, хамгаалалтын ажилтнуудад тавигдах мэргэжлийн шаардлага ч өснө.
“Би компаниараа бахархдаг. Учир нь ийм том үйлчилгээний газрын үйл ажиллагаа хэвийн явагдах, хүмүүс саадгүй, санаа зовох зүйлгүй үйлчлүүлэх нь биднээс шалтгаалдаг” гэж Ч.Отгонцэнгэл хэллээ.