Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд олон жилийн туршлагатай, чадварлаг, мэргэшсэн зөвлөхүүдийн үүрэг тун чухал. Энэ ч утгаараа төслийн удирдлага, төслийн эдийн засгийн тухай ойлголт аливаа улс орны хөгжилтэй нягт холбогддог. PMI Mongolia Chapter ГҮТББ -аас жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурал энэ жил “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” сэдвийн дор зохион байгуулагдсан нь ч ийм учиртай. Тус ТББ-ын ерөнхийлөгч, Монголын ногоон санхүүгийн корпорацийн гүйцэтгэх захирал Магваны Болдоотой товч ярилцлаа.
Сүүлийн үед төслийн эдийн засаг хэмээх шинэ ойлголтын талаар их ярих боллоо. Төслийн эдийн засагт яагаад ач холбогдол өгөх ёстой вэ?
Төслийн эдийн засаг гэсэн нэр томъёо бий болоод ердөө хоёр жил болж байна. Олон улсын төслийн удирдлагын институт буюу PMI -аас санаачлан боловсруулсан. Энэ нь чадварлаг төслийн удирдагчдад түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн тухай ойлголт юм. Учир нь эдийн засгийн хөгжлийг хүн л бий болгож, бүтээн байгуулдаг. Тэр дундаа, мэргэжлээ гүнзгий түвшинд эзэмшсэн, өмнөх ажлаа амжилттай гүйцэтгэж, ард нь гарч чаддаг мэргэжилтэн, удирдагчдыг бэлдэх тухай л яриад байгаа юм. Ийм хүмүүсийн чадварт тулгуурлаж л төслийн эдийн засаг хөгждөг гэсэн санааг PMI -аас дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж байна.
Тухайн төслийг хэрэгжүүлэх тогтсон стандарт, арга зүй гэж бий. Өнгөрсөн 50 гаруй жил дэлхий даяар хуримтлагдсан туршлагыг нэгтгэн цэгцэлж, төслийн удирдлагын стандартыг боловсруулсан. Бичил, дунд, том ямар ч хэмжээтэй төслийг амжилттай гүйцэтгэхэд хэрэглэдэг аргууд гэсэн үг. Эдгээр стандарт, аргачлалыг гүнзгий судалж, өөриймшүүлж, түүнийгээ тухайн нөхцөл байдалд тохируулан уян хатан байдлаар хэрэглэж чаддаг ур чадвартай хүнийг төслийн удирдагч гэж нэрлэж байгаа. Бидний дунд хамгийн их яригддаг төслийн жишээ гэвэл Дарханы замыг нэрлэж болно. Эндээс юуг анзаарч болох вэ гэвэл төсөл амжилттай хэрэгждэг, мөн амжилтгүй болох тохиолдол ч бий. Тэгвэл яагаад амжилтгүй болж байна гэхээр тухайн төслийг хийж гүйцэтгэх ур чадвар байхгүйтэй л холбоотой. Эдгээр нь хүн ойлгохын аргагүй, асар хэцүү, эзэмших боломжгүй зүйлс огт биш, харин ч маш энгийн. Гэтэл бид мөрддөггүй. Эдгээрийг мөрдүүлэх гэж стандартжуулсан хэлбэрийг төслийн удирдлага гэж ойлгож болно.
Монголчууд долоо хэмжиж, нэг огтол гэдгийн адил төслийн удирдлага бол 49 хэмжиж нэг огтлох нарийн ажилбарууд юм. Өөрөөр хэлбэл, тухайн төслийг хэрэгжүүлэхийн тулд 49 талаас харж, тооцож байж амжилттай хэрэгжүүлдэг.
Харин төслийг товчоор бүтээн байгуулалт гэж хэлж болно. Цахилгаан станц, шинэ нисэх буудал барих, гадаад, дотоодын зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэр бүү хэл цагаан сарын бууз хийх ч төсөл. Аливаа төсөл эхлэлтэй, төгсгөлтэй, тодорхой зорилттой, мөн тодорхой үр дүнтэй байх ёстой. Тэгэхээр төслийг заавал аварга хэмжээтэй, мега төслүүдээр төсөөлөх хэрэггүй гэсэн үг.
Монголчууд аливаа төслийг хэрэгжүүлэхдээ гаргадаг нийтлэг алдаа юу вэ? Товчхондоо, төсөл амжилтгүй болдог гол шалтгаан?
Тухайн төслөө цогцоор хардаггүй. Тухайн төслийн цар хүрээ, зорилтоос хальж, гол ажлаасаа өөр зүйлд анхаарал хандуулах зэрэг дутагдал манайханд ажиглагддаг. Гэтэл төслийг хэрэгжүүлэхийн тулд олон хүн, олон дэд хэсгийг нэгдсэн удирдлагаар хангах ёстой. Мөн ямар ч төслийг хэрэгжүүлэхэд эрсдэлийн удирдлага, чанарын удирдлага, зардлын удирдлага зэрэг чухал зүйлс бий. Үүнийг монголчууд орхигдуулдаг. Жишээлбэл, бид зорилт тавьдаг ч зардлаа төлөвлөдөггүй. Нэг бол хэтрүүлдэг, эсвэл зардал хүрэхгүй байх зэрэг асуудал үүсдэг. Гэтэл энэ бүхэн төслийн удирдлагын зөвхөн нэг л бүрэлдэхүүн хэсэг. Үүнээс гадна төсөлд оролцож буй талуудын удирдлага гэж ойлголт бий. Төсөлд оролцож буй талуудаа орхиж, хайнга хандах байдал бидэнд ажиглагддаг. Ингэж талуудын санаа бодол, хүсэл эрмэлзлийг орхигдуулснаас ойлгомжгүй байдал бий болж, төсөл хэрэгжүүлэх үйл явцыг удаашруулж, хүндрүүлдэг. Тэгэхээр энэ мэт асуудлыг нэгтгэж, тусгай аргачлал боловсруулж, нарийвчлан задалсан 49 ажилбар буюу төслийн удирдлагын стандартыг эхлээд эзэмшиж, сурч, өөрийн болгох ёстой. Энэ бүхнийг цогц байдлаар хэрэгжүүлж байж, төслийн удирдлага амжилттай хэрэгжих үндэс бүрэлдэнэ. Монголчууд долоо хэмжиж, нэг огтол гэдгийн адил 49 хэмжиж нэг огтлох нарийн ажилбарууд гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн төслийг хэрэгжүүлэхийн тулд 49 талаас харж, тооцож байж амжилттай хэрэгжүүлдэг. Бид энэ аргыг эзэмшихгүй монголчилно, бор зүрхээрээ ажил хийнэ гэж явсаар өөх ч биш, булчирхай ч биш юм хийчихдэг. Тэгээд сэтгэл хангалуун салаад явдаг. Гэтэл энэ бол үеэ өнгөрөөсөн хандлага. Ийм хандлагаар цааш дэлхийн түвшинд өрсөлдөх боломжгүй.
Бид төслийн менежментийн аргыг огт мэдэлгүйгээр монголчилно, бор зүрхээрээ ажил хийнэ гэсээр өөх ч биш, булчирхай ч биш юм хийчихдэг. Энэ бол үеэ өнгөрөөсөн хандлага.
Дотоодын компаниуд дунд төслийн удирдлагын стандартыг хэрэгжүүлж буй байгууллагын тоо нэмэгдэх хандлага хэр их байна вэ? Төслийн удирдлагыг хэрэгжүүлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?
Эдгээр стандартыг баримталж буй газар маш цөөн. Баримталж байгаа газрууд гэвэл ихэвчлэн хувийн хэвшлийнхэн байна. Тэр дундаа, хувийн хэвшлийн тэргүүлэгч компаниуд төслийн удирдлагын ач холбогдлыг ойлгож, аргачлал, стандартыг нь хэрэглэж байна. Тэр хэрээрээ тэдгээр компани амжилттай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төслийн удирдлагын аргачлал гэдэг олон улсын бизнесийн соёл, хэл юм. Олон улсын түвшинд л төслөө хэрэгжүүлж байж бид бусад тал, түншүүдтэйгээ нэг хэлээр ярилцах боломжтой. Тухайлбал, дотоодын компани гадаадын компанитай хамтран төсөл хэрэгжүүлье гэвэл нэг ижил бизнесийн хэлээр ярих ёстой. Тэрхүү бизнесийн хэл нь төслийн удирдлагын арга зүй. Нэг нэр томъёо, нэг үзэл баримтлал, нэг аргачлалтай байна. Үүнийг компани, хувь хүн, улс гүрэн гээд аль нь ч хэрэглэж болно. Гол нь уг стандартыг хэрэглэж буй хувь хүн, компани, улс гүрэн өндөр хөгжилтэй болж, амжилтад хүрч чадаж байна.
Төслийн удирдлагын аргачлал гэдэг олон улсын бизнесийн хэл, соёл. Нэг үгээр, төслийг олон улсын түвшинд хэрэгжүүлж байж л гадаад, дотоодын түншүүдтэйгээ нэг хэлээр ярилцах боломжтой.
Бид Япон, Сингапур яаж ингэж өндөр хөгжив, хэрхэн дуурайх вэ гэж ярьдаг. Гэтэл үүнд нууц гэж үгүй. Харин өмнөх ажлаа олон улсын түвшинд чанартай гүйцэтгэх ур чадвар гэж л бий. Манай улсад ийм ур чадвартай хүн олон болчихвол бид яриад байгаа өндөр хөгжилтэй улс орнуудын түвшинд хүрнэ. Тэд урдаа тавьсан зорилгоо чанарын өндөр түвшинд хэрэгжүүлж чаддаг. Ярьдаг биш хийдэг. Хийхдээ норм журмын дагуу хийдэг. Тэдгээр стандартыг хэрэгжүүлэх аргууд цаасан дээр бичээстэй бий. Түүнийг өөрийн болгож, ямар ч нөхцөлд чадамгай хэрэглэж сурах чадах уян хатан чадвартай байх ёстой. Үүнийг л төслийн удирдлага, төслийн эдийн засаг гэж нэрлээд байгаа юм.
Төслийн удирдлагыг хувийн секторт ихэвчлэн хэрэгжүүлдэг бол улсын төсвөөр хийгдэж буй ажлууд удааширдаг, хойшилдог, зардал хэтэрдэг. Эдгээр ажлыг чанаржуулахын тулд төслийн удирдлагын хэрхэн хэрэгжүүлж, хэвшүүлэх вэ?
Төрийн хэмжээнд, улсын түвшинд бол төслийн удирдлагын стандартыг хэвшүүлэхийн тулд төрийн нэг манлайлагч хэрэгтэй. Ерөнхий сайд, Сангийн сайд гэдэг ч юм уу. Манлайлагчаас гадна ямар нэг бүтэц байж болно. Тухайлбал, төрийн хэмжээнд, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төслүүдийг олон улсын төслийн удирдлагын арга зүйгээр хэрэгжүүлдэг тусгай агентлаг, алба, эсвэл тусгай газрыг байгуулах хэрэгтэй. Цаашлаад тухайн газар төслийн удирдагчид, төсөл авьяаслаг хэрэгжүүлэгчдийг ажилд авч, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төслүүдийг нарийн шүүж, төслийн удирдлагын арга зүйд нийцэж байгаа эсэхийг ялгаж салгах шаардлагатай. Нийцэхгүй байгаа тохиолдолд тусгай алба, үүрэг бий болгож, заавал нийцүүлдэг болох ёстой. Харин компанийн хэмжээнд төслийн удирдлагын нэгж гэж бий. Яг үүнтэй адил Засгийн газрын түвшинд үүнтэй төстэй зориуд байгуулсан функц байх ёстой гэсэн санаа. Тэгж байж төслийн бүх хэсгийг нэг нүд, нэг стандартаар харна.