Хөрсний гүнд үндсээ дэлгэж, халуун хүйтний эрс тэс нөхцөлд амьдарч чаддаг заг модтой адил Б.Нэмэхбаатарын үүсгэн байгуулсан компани эдийн засгийн зуд, ган гачгийг ажралгүй даван туулж, нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгсөөр ирсэн. Монголын хувийн хэвшил хэмээх ойд ургасан “заг”-уудын нэгийг тэр 30 жил амжилттай услан ургуулж, эдүгээ барилга, уул уурхай, боловсрол, аялал жуулчлалыг хамарсан загийн төгөл болтол хөгжүүлжээ.
***
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихэд хүмүүс шинэ нөхцөлд амьдралаа залгуулах, анхны хуримтлал бий болгохын тулд мэргэжлээ орхиж, хүн болгон шахуу хувийн бизнес эрхлэх болсон. “Барилгын нэгдсэн трест”-д ажилчнаас эхлээд мастер, даамал, инженер, хэлтсийн дарга, Ерөнхий инженер, Трестийн дарга хүртэл бүх шатыг дамжсан Б.Нэмэхбаатар ч бас 1991 онд “Заг пүүс” нэртэй компани байгуулжээ. Гэхдээ ч түүний сонгосон чиглэл болох барилгын засвар үйлчилгээ, барилгын материалын худалдаа санасан ёсоор ашигтай байж чадсангүй.
1992 онд барилгын салбарт ажлын байр гэх юмгүй болсон учир ажилчдаа ОХУ-ын Якутск хот руу явуулан гэрээгээр ажиллуулж байв. Нэг жилийн дараа тэд цалинтай, гэрийн тавилгаа ачаад ирж байжээ. Энэ туршлагадаа тулгуурлан гаднаас ажиллах хүч авдаг улс орнуудыг судалж Солонгос, Япон руу анх удаа ажиллах хүчин албан ёсны гэрээний дагуу илгээж байв. 1998-2003 онд нийт 2000 орчим хүнийг Солонгос руу ажиллах хүчнээр илгээжээ. Мөн Чех улсад оёдол, АНУ-д зочид буудлын чиглэлээр компанийнхаа залуучуудыг ажиллуулж байжээ. Монголд ажлын байр ховор байсан тэр үед эдгээр ажил нь олон залууст ирээдүйн боломжийг олгожээ.
Үүний зэрэгцээ Б.Нэмэхбаатар 50 гаруй машинтай “Заг Кореа” нэртэй такси компани байгуулж явжээ. Түүнээс гадна Чех, Европоос машин оруулж ирэн худалдаалж, бас монгол хэрэглэгчдийн андахгүй “Choco Pie” хэмээх бүтээгдэхүүнийг 1992 онд анх удаа Монголын зах зээлд нийлүүлж байлаа. Гэхдээ энэ хооронд барилгын салбараа орхилгүй вакум цонх, хуурай хольц, зуурмагууд, явган замын хавтан гэх мэт материалыг өөрсдөө үйлдвэрлэж байсан удаатай.
Монгол хэрэглэгчдийн андахгүй “Choco Pie” хэмээх бүтээгдэхүүнийг 1992 онд анх удаа Монголын зах зээлд нийлүүлж байлаа.
2000-аад оноос худалдааны салбараас гарч барилгын бизнестээ төвлөрөн, орон сууцны төслүүдэд эргэлт буцалтгүй орсон байна. 10-аад жил унтаа байсан барилгын салбар сэргэж, хуучны барилгын трестүүдийн бааз суурин дээр бий болсон компаниудын үйл ажиллагаа эрчимжив. Төр, хувийн хэвшил барилгын норм, нормативуудаа цэгцлэх, шинэ техник, технологиудыг нэвтрүүлэх ажил эхэлжээ. Энэ дунд Заг групп хамгийн том тоглогчдын нэг болон оролцож, өнөөг хүртэл нийт 4000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулж, зам засвар, барилга бүтээн байгуулалтын 300 гаруй төсөл дээр ажилласан нь улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр болж байна. Б.Нэмэхбаатар анх компаниа 20 хүнтэй байгуулж байсан бол одоо 1000 орчим ажилтантай, барилга, уул уурхай, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг групп компани болж өргөжсөн.
Заг групп нь Оюутолгойн бүтээн байгуулалт хэмээх мега төслийн төрөл бүрийн аж үйлдвэрийн барилга угсралтад хамгийн их оролцсон үндэсний компаниудын нэг болсон юм. Оюу Толгой компанийн захиалгаар оюутны дотуур байр, сургуулийн барилга, кэмпээс эхлээд ус цэвэршүүлэх байгууламж, түүхий усан сан, ус зайлуулах гүүрэн хоолой зэргийг барьж, нэг ч өдрөөр хоцроолгүй хүлээлгэж өгчээ. Мөн Гашуун сухайтын чиглэлийн 85 км авто замыг засвар шинэчлэлийг гүйцэтгэсэн байна. Оюутолгойтой хамтран ажилласан нь тус групп нь компанийн хувьд маш их зүйл суралцах, өсөн дэвжих, хөгжих нэгэн том хөшүүрэг болсон гэдгийг Б.Нэмэхбаатар захирал онцоллоо. 2012 онд Загийнхан Оюу Толгой ХХК-ийн шилдэг ханган нийлүүлэгч болж, одоог хүртэл бүх төсөл дээрээ сайн гэсэн үнэлгээтэй ажиллаж байна.
Загийнханд бахархан ярьдаг төсөл цөөнгүй бий. “Хотод ойрхон хотхон” гэж үздэг тансаг зэрэглэлийн Хийморь хотхон нь морин жилийн шилдэг барилгаар шалгарч байжээ. Зуслангийн байшин ба орон сууцны хослол болсон уг бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж гэдгээр өөрийн салбартаа үлгэр жишээ болсон.
Мөн 2007 онд Төрийн Ордны УИХ-ын чуулганы танхимыг маш богинохон хугацаанд бүрэн шинэчилж өргөтгөж байсан удаатай.
Заг группийн амжилтыг бататгах нэгэн тоо байдаг нь 2018 оны байдлаар нийт осолгүй ажилласан цаг нь 105 120 болжээ. Эдүгээ бүтээн байгуулалтаа хариуцаж буй “Заг инженеринг” охин компани нь 30 гаруй мэргэшсэн инженертэй, 150 гаруй ажилтантай, аюулгүй байдлын олон улсын стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Барилгын салбарын зүтгэлтэн
Б.Нэмэхбаатарт 2016 онд Монгол Улсын Гавьяат барилгачин цол олгосон шалтаануудын нэг нь тэрээр барилгын салбарт төр, хувийн түншлэлийн үр дүнтэй механизмыг бий болгосонд оршино.
2008-2009 оны хямрал барилгын компаниудад хамгийн хүнд туссан. Бүтээн байгуулалт зогсож, борлуулалт гэх юмгүй болсон үе байв. Тэр үед хүнд нөхцөлд орсон барилгын томоохон компаниудын захирлууд цугларч нэгэн шийдэлд хүрсэн нь төртэй ойр ажиллах мэргэжлийн байгууллагыг бий болгох байв. Ийнхүү Б.Нэмэхбаатар Монголын Барилгын Үндэсний Ассоциацийг (МБҮА) үүсгэн байгуулахад гол үүрэгтэй оролцож, эдүгээ уг байгууллага 170 орчим гишүүнтэй, МҮХАҮТ-ын дараа орохоор төр-хувийн хэвшлийг холбосон мэргэжлийн байгууллага болсон.
Тус байгууллагын Засгийн газартай хамтарч эхлүүлсэн анхны ажил нь ипотекийн зээлийн шугамаар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр байв. Үүний ачаар зогссон төслүүд хөдөлгөөн орж, удалгүй Оюу Толгойн хөрөнгө оруулалт орж ирсэнээр барилгын компаниуд хямралаас гарч байв.
Өнөөдөр МБҮА-ийн гишүүн компаниуд Улаанбаатар дахь бүтээн байгуулалтын 80 орчим хувийг хийж байна. МБҮА байгуулагдсан цагаасаа салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулахад асар том хувь нэмэр, хөшүүрэг болсон. Барилгын төслүүд нь тусгай зөвшөөрөл, тендертэй холбоотойгоор хамгийн их авлигын эрсдэл дагуулдаг чиглэл. Тиймээс Б.Нэмэхбаатар болоод түүний нөхдийн нэг том зорилго нь тусгай зөвшөөрлийг цэгцлэх байв. Энэ асуудал олон сайд дамжин яригдсаар 2018 онд биеллээ олж тусгай зөвшөөрлийг яамнаас биш, мэргэжлийн байгууллагаас олгодог болсон.
Гэхдээ тендертэй холбоотой асуудал байсаар байгаа. Тендер авах зорилгоор “цүнхний компани” буюу ажилтнууд байхгүй, ямар ч түүхгүй шинэ компани байгуулдаг хачирхалтай практик бий. Харин 2021 онд МБҮА-аас авдаг тусгай зөвшөөрөл бүрэн цахимжсанаар энэ эрсдэл алга болж байна. Ингэснээр тендерт оролцож буй тухайн компанийн бүртгэл, татвар, нийгмийн даатгал, тендерт оролцсон түүхийн мэдээллийг төрийн мэдээллийн цахим сангаас татаж хараад цүнхний компани мөн эсэхийг тэр дор нь тогтооно.
МБҮА-д цаашид төрийн байгууллагуудтай хамтран хийх олон ажил байгааг Б.Нэмэхбаатар хэллээ. Тухайлбал, 1970-аад оноос хойш өөрчлөгдөөгүй байгаа, жил бүр инфляциас хамаарч нэмэгдээд явдаг төсвийн үнэ бүрдэлт, норм нормативыг шинэчилж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай. Мөн тус байгууллагаас барилгын салбарт тулгамдаад байгаа хот суурин газрын төлөвлөлт, дагуул хотын төлөвлөлт, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт гэсэн дөрвөн асуудлын хүрээнд Стратеги төлөвлөгөө боловсруулан танилцуулаад байна.
Мөрөөдлийн гүүр
“Ажилтанд хандахдаа тэр хүнийг ажиллуулж, ажлын байраар хангаж байна гэхээсээ илүү өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, хэрэгцээ, ертөнцтэй хувь хүн гэдэг талаас нь хүндлэх хэрэгтэй. Тэр хүнийг би биш, харин тэр хүн намайг тэжээж байна гэж харах ёстой” хэмээн Б.Нэмэхбаатар захирал компанийнхаа хүний нөөцийн талаар ярихдаа хэлэв. Түүний хувьд 30 гаруй жил олон зуун хүнийг ажилд авч сургаж байсны хувьд “компанийн ажилтан гэж хэн бэ” гэдэг дээр хамгийн үнэтэй зөвлөгөө өгөх хүмүүсийн нэг. Хэдийгээр барилгын салбарт материал, техникийн оролцоо их байдаг ч бизнесийн гол түлхүүр нь хүн юм.
2000 онд Заг групп боловсролын салбар луу орж, 2003 онд Политехникийн коллежийг хувьчилж авсан. Б.Нэмэхбаатар энэ тухайгаа “Миний хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалт” гэж тодорхойлов. Монголын анхны барилгын мэргэжлийн жишиг сургууль байгуулна гэсэн зорилгоор Мянганы Сорилтын Санд төсөл бичин уг сургуулийг хувьчилж авсан бөгөөд өнөөдөр энэ зорилгодоо бараг хүрээд буй.
Техник технологийн дээд сургууль олон залуучуудын хувьд мөрөөдөлдөө хүрэх орон зай болсоор байна.
Одоо Техник технологийн дээд сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү сургууль олон улсын боловсролын тогтолцоонд гарч буй өөрчлөлт, чиг хандлагын дагуу мэргэжилтнүүд бэлдэж байна.
Шинэ мянганы босгон дээр Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас “Боловсрол яг нийгэмд үүргээ гүйцэтгэж чадаж байна уу” томоохон судалгаа явуулсны үр дүнд “Чадахгүй байна” гэсэн дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, суралцагчдад мэдлэг өгч байгаа ч чадамж олгохгүй байна гэж үзсэн байна. Түүнээс хойш дэлхий дахинд “Чадамжид суурилсан боловсрол” хэмээх ойлголт бий болсон.
Чадамж гэдэг нь хүн олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрэглэж чадаж байгааг хэлнэ. Тэгвэл өнөөгийн Монголын боловсролын тогтолцооны нэг том дутагдал нь чадамж сул, хоосон дипломтой хүмүүс бэлдэж буйд оршино. Техник технологийн дээд сургууль чадамжийн концепциор ажиллаж, Монголд “супер” инженерүүдийг бэлдэх зорилготой гэж Б.Нэмэхбаатар хэллээ. CDIO хэмээх олон улсын инженерийн боловсролын шилдэг санаачлагад Монголоос хоёр сургууль нэгдэн орсны нэг нь (нөгөө нь ШУТИС) Техник технологийн дээд сургууль. Өөрөөр хэлбэл, тус сургуулийг дүүргэсэн инженер ажлын талбарт шаардагдах бүх ур чадварыг эзэмшсэн, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг бүрэн хангасан байх юм.
Тийм ч учраас энэ сургуулийн төгсөгчид 100 хувь ажилд ордог тухай Б.Нэмэхбаатар бахархан ярив. Эдний төгсөгчид барилгын томоохон ААН-үүдээс гадна МАК, Оюу толгой, Эм Си Эс зэрэг үндэсний компаниудад ажиллаж байна. Түүгээр барахгүй Батлан хамгаалах яам ч барилгын цэргүүдээ илгээн сургадаг. Дээд сургууль жилдээ 300-400 төгсөгчийг барилга, замын чиглэлээр бэлдэн гаргадаг бөгөөд энэ чиглэлээрээ Зүүн Азид магадлан итгэмжлэгдсэн техникийн чиглэлийн Монголын анхны сургууль болжээ.
Дээд сургууль болон коллежоос бүрдсэн боловсролын шаталсан тогтолцоог нэвтрүүлсэн нь чадварлаг мэргэжилтнүүд бэлдэх нэг хөшүүрэг болжээ. Дээд сургуулийн харъяанд хоёр коллеж ажилладаг. Техник технологийн политехник коллеж 11 чиглэлд мэргэжилтэн бэлддэг. Коллежийг дүүргэсэн төгсөгч мэргэжлээс үл хамаарч дээд сургуульдаа дэвшин суралцаж болохоос гадна Ази Номхон далайн бүс нутагт мэргэжлээрээ ажиллах эрхтэй. Үүгээрээ энэ коллеж Монголын МСҮТ-үүд дундаас цорын ганц нь.
Харин Японы Коосэн боловсролын хөтөлбөрийн дагуу ажилладаг Монгол Коосэн технологийн коллежийн хувьд таван жил сургаж, дээд боловсролын диплом олгодог. Эндхийн төгсөгчид Японы хөдөлмөрийн зах зээлийн шаардлага хангахуйц ур чадвар эзэмшдэг учраас тал хувь нь ажиллах эсвэл цаашид суралцах зорилгоор Япон явдаг байна.
Заг групп “… таны мөрөөдөл хүрэх гүүр байна” гэж алсын хараагаа томъёолсон байдаг. Техник технологийн дээд сургууль ч олон залуучуудын хувьд мөрөөдөлдөө хүрэх орон зай болсоор байна. Тухайлбал, 2017 онд Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээнд Техник технологийн политехник коллежийн суралцагч Ж.Жанлав-Ойдов гагнуурын төрлөөр оролцож тусгай байранд шалгарсан билээ. Энэ нь нэгдүгээрт монгол залуучуудын ур чадварыг харуулж, хоёрт мэргэшсэн боловсролын нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал болсон.
Цаашдаа Монгол Улсад барилга, зам тээвэр, эрчим хүч, металлург зэрэг салбаруудад улам их бүтээн байгуулалт хийгдэх учир Ж.Жанлав-Ойдов шиг чадварлаг мэргэжилтэн, инженерүүд хэрэгтэй болно. Тиймээс энэ орон зайг нөхөх нь Техник технологийн дээд сургуулийн алсын хараа гэж Б.Нэмэхбаатар онцоллоо.
Залуучууддаа итгэ, дэмж
Б.Нэмэхбаатар олон хүүхэдтэй айлд өссөн. Аав, ээж нь бусдад тун тусархүү хүмүүс байжээ. Түүнийг бага байхад аав н.Баяртогтох холоос, уулын мухраас мод татаж ирчихээд түлшгүй болсон айлын гадаа буулгачихдаг хүн байв. Тиймээс тэр “Бусдын хэрэг бүтвэл бусдын хэрэг бүтнэ” гэсэн сургаалийг аав ээжээсээ өвлөж, түүнийгээ хувийн амьдрал болоод бизнестээ мөрдөж явдаг.
Тэрээр ажилтнуудаа ажиллах орчноор бүрэн хангаж, барилгын талбай дахь оффис хотын төв дэх оффисоос ялгарах зүйлгүй, ажилчдын кэмп тухлаг, тохьтой байх ёстой гэдэг дээр хатуу зогсдог. Компанийнх нь хамт олон голдуу залуучуудаас бүрдэх учир амьдралд хөлөө олоход нь туслахыг хичээж жилдээ хоёр хүнд байр өгдөг. Одоогоор 50 гаруй хүнд байр өгөөд байгаа аж.
Ажилтнууд, тэр дундаа залуучуудтай ажиллахдаа тухайн хүнд итгэл үзүүлж, бие даалгаж, янз бүрийн шахалт, хавчилт, дарамтгүйгээр өөрийнх нь бололцоогоор чөлөөтэй ажиллуулахыг гол зарчмаа болгодог. Тэрээр сүүлийн жилүүдэд мэргэжлийн хүмүүсийн тусламжтай компанийнхаа засаглал, менежмент, үйл ажиллагааны процессыг системийн түвшинд төлөвшүүлж жигдлээд удирдлагыг залуучууддаа шилжүүлж өгсөн. Одоо түүний анхаарал барилгын салбарын эрх зүйг сайжруулах, сургуулиа улам хөгжүүлэхэд чиглэж байна.
Түүнчлэн олон жил тоглож буй гольфийн спортдоо нэлээдгүй цаг зарцуулж байна. Монголын гольфчдийн дундаа тэр анхдагч бөгөөд 2002 онд Монголд анх удаа Тэрэлжид “UB resort” гольфийн талбай байгуулж байв. Тэр үед гольф тоглодог хүний тоо Б.Нэмэхбаатартай нийлээд гарын таван хуруунд багтахаар байсан бол одоо 200 гаруй болжээ.
Гольф нь тухайн хүний сэтгэл зүйн тэсвэр тэвчээрийг шалгадаг спорт. “Гольф бол бизнесийн түншээ олох, тухайн хүнтэй хамтарч болох эсэхийг мэдэхэд маш тустай спорт” хэмээн Б.Нэмэхбаатар ярьж байв.
Түүнийг найз нөхөд, түншүүд болоод барилгын салбарынхан 30 жилийн турш бизнесээ аажмаар тогтмол тэлж, компаниа өсөлтөд хүргэсэн гэж үнэлдэг. Тиймээс түүний бизнесийг заг модтой зүйрлэж болно. Хөрсний гүнд үндсээ дэлгэж, халуун хүйтний эрс тэс нөхцөлд амьдарч чаддаг заг модтой адил Б.Нэмэхбаатарын үүсгэн байгуулсан компани эдийн засгийн зуд, ган гачгийг ажралгүй даван туулж, нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгсөөр ирсэн. Монголын хувийн хэвшил хэмээх ойд ургасан “заг”-уудын нэгийг тэр 30 жил амжилттай услан ургуулж, эдүгээ барилга, уул уурхай, боловсрол, аялал жуулчлалыг хамарсан загийн төгөл болтол хөгжүүлжээ.