Насан туршдаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, хөрвөх чадвар бүхий шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж, улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар зорьж буй Техник технологийн дээд сургууль шаталсан боловсролын тогтолцоотой гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, энд суралцагчдын хувьд мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшсэнийхээ дараа бакалавр, магистрын түвшинд дэвшин суралцах боломж нээлттэй.  

Арабын нэгдсэн Эмират улсад Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн зохион байгуулагдахад хоёр дахь удаагаа оролцсон Монгол Улс өмнөх амжилтаа хэд дахин ахиулж, хэвлэл мэдээллээр шуугиж байсан цаг саяхан. Дэлхийн ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн уг тэмцээнд улс орнууд мэргэжлийн чиг баримжаа, стандартаараа өрсөлдөж, чансаагаа тодорхойлдог уламжлал 1950 оноос хойш тогтжээ. 

2017 онд зохиогдсон дээрх тэмцээнд дэлхийд хамгийн өндөр үнэлэгддэг 51 мэргэжлээр тив тивийн 59 улс орны 1300 гаруй залуус хүч сориход Монгол Улсаас шалгарсан шилдгүүд гагнуур, цахилгаан, өрөг угсралт, сантехник, мужаан, тогооч гэсэн зургаан төрөлд өрсөлдөж, чихэнд чимэгтэй мэдээг эх орон нэгтнүүддээ дуулгасан билээ. Тодруулбал, гагнуурын мэргэжлээр 36 улсын оролцогчид өрсөлдсөнөөс Ж.Жанлав-Ойдов шагналт байрт шалгарсан нь манай улсын түүхэнд гагнуурын чиглэлээр үзүүлсэн хамгийн өндөр амжилт хэмээн бүртгэгджээ.  

Тэрбээр Техник технологийн дээд сургуулийн харъяа Техник технологийн политехник коллежийг дүүргэж, өдгөө “Оюутолгой” компанид урилгаар ажиллаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд цөөнгүй шавьтай болоод амжжээ. Ер нь тус сургуулийн төгсөгчдийн дунд хөдөлмөр эрхлэлтийн түвшин өндөр байдаг нь эднийх хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр оюутнуудаа сайтар сургаж чаддагтай холбоотой. Техник технологийн политехник коллежийн захирал Ц.Баярмаа “Манай сургуулийн оюутнууд төгсөөгүй байхдаа л ажилтай болдог” гэж хэлсэн нь ч ийм учиртай. 

Үндэсний ур чадварын тэмцээний ялагч, АНЭУ-ын Абу Даби хотод болсон “Дэлхийн ур чадвар-2017” тэмцээний шагналт байрын эзэн Ж.Жанлав-Ойдов 2017 онд ТТПК-ийг гагнуурчин мэргэжлээр төгсчээ.

Техник технологийн дээд сургууль зургаан хөтөлбөрийн дагуу долоон мэргэжлээр боловсрол олгож байна. Тухайлбал, барилгын инженер, авто замын инженер, сантехникийн инженер, архитектор, хүнсний инженерчлэл, цахилгааны инженер зэрэг мэргэжлийг нэрлэж болно. Тус дээд сургууль харъяандаа хоёр коллежтой. Эхнийх нь Техник технологийн политехник коллеж. Удаах нь Монгол Коосэн технологийн коллеж. Нийт 3000 гаруй суралцагчтайгаас 70 орчим хувь нь Техник технологийн политехник коллежид суралцаж байна. 

Техник технологийн политехник коллеж барилгын сантехникч, барилгын засал чимэглэлчин, тогооч, автомашины засварчин, гагнуурчин зэрэг 11 мэргэжлийг эзэмшүүлдэг бөгөөд эдгээр мэргэжлийн алийг ч сонгосон дээш шат ахиж, дээд сургуульд дэвшин суралцахад нээлттэй байдгаараа онцлог. Энэхүү коллежийн төгсөгч 2.5 жил суралцаж, бүрэн дунд боловсрол, мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн учраас Ази Номхон далайн бүс нутагт мэргэжлээрээ ажиллах боломжтой. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 76 МСҮТ, политехник коллеж дунд ийм боломж олгодог ганц л сургууль бий нь Техник технологийн политехник коллеж юм.  

Харин Монгол Коосэн технологийн коллежид таван жил суралцаж, дээд боловсролын дипломтой төгсөх боломжтой. Японы Коосэн боловсролын хөтөлбөрийг бүхэлд нь туршин нэвтрүүлж буйгаараа онцлог. Мөн Японы хөдөлмөрийн зах зээлд шаардагдах ур чадварыг олгож буй гэдэг утгаараа төгсөгчдийнх нь дийлэнх хэсэг ажиллах, эсвэл дэвшин суралцахаар арлын орныг зорьдог. Оюутнуудын хувьд коллежоо төгсмөгцөө хөдөлмөрийн зах зээлд ажиллах эсвэл бакалаврын хөтөлбөрт суралцах бүрэн боломжтой байдаг аж. Монгол Коосэн технологийн коллежийг төгсөгчдийн 30 гаруй хувь нь Японд ажиллаж байгаа бол, 20 хувь нь тус улсад ахисан түвшинд буюу бакалавр, магистрын зэрэгт суралцаж, үлдсэн хэсэг нь дотоодын их, дээд сургуульд суралцаж, мөн ажиллаж байна.

Техник технологийн политехник коллежийн захирал Ц.Баярмаа

Өнөөдрийг хүртэл Дэлхийн ур чадварын тэмцээнд тус сургуулийн  долоон суралцагч оролцсон нь Монгол Улсын хэмжээнд өндөр үзүүлэлт юм. Төгсөгчдөөсөө ажил эрхлэлтийн судалгаа авахад нийт төгсөгчдийн 60 гаруй хувь нь дөнгөж төгсмөгцөө ажлын байртай болсон гэх дүн бий. Харин төгссөний дараах хагас жилийн хугацааг авч үзвэл дээрх тоо даруй 80 гаруй хувь болж нэмэгдэнэ. Техник технологийн дээд сургуулийн хөдөлмөр эрхлэлтийн дундаж 86 хувь байдаг бол улсын дундаж 74 хувь орчим. Тэгэхээр энэ бол хамгийн өндөр дүн гэж ойлгож болно. Мөн сургуулиас ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс хөдөлмөр эрхлэлтийн төвийг нээн ажиллуулж, жилдээ 2-3 удаа ажил олгогчдын өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг аж. Ер  нь сургалтын байгууллага, ажил олгогч хоорондын хамтын ажиллагаа маш нягт, уялдаатай байж л цааш хөгжинө гэдгийг Ц.Баярмаа хэлж байв.

Техник технологийн политехник коллеж олон улсад магадлан итгэмжлэгдсэн учраас төгсөгчид нь Ази Номхон далайн бүс нутагт мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.

“Жигүүр гранд”, “Шангри-Ла Улаанбаатар”, “Номин констракшн”, “Эко констракшн” “Заг групп” зэрэг томоохон компанийн хувьд суралцагчдыг төгсөхөөс нь өмнө хандаж, нэг биш нэлээд хэдэн ажлын байрыг санал болгож, боловсон хүчнээ эртнээс бэлтгэхийг зорьдог болсон нь давуу тал хэмээн тус сургуулийн хамт олон онцолж байв. Харин төгсөлтийн дараа хандсан байгууллагууд хоосон хана мөргөх нь бий. Учир нь дийлэнх төгсөгчид аль хэдийнэ ажлын байртай болсон байдаг. Энэ бүхнээс ажил олгогчдын хандлага бага багаар өөрчлөгдөж байгааг анзаарч болно. “Манай компаниуд хөгжилтэй улс орнуудынх шиг хүнээ өөрөө бэлдэж, түүндээ хөрөнгө оруулалт хийдэг болчихвол илүү амар. Сүүлийн үед ингэж захиалгаар суралцан, мэргэжилтэй ажилтан болж төгсөөд шууд ажлын байрандаа очиж буй суралцагчид ч байна” хэмээн сургуулийнхан ярьсан юм. Энэ ч утгаараа тэд ажил олгогчдын хүсэж буй ур чадварыг суралцагчдадаа олгохын тулд сургалтын хөтөлбөрөө тогтмол шинэчилж, чанарыг хангасаар иржээ.    

1984 онд улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцох барилгын мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор Барилгын 5 дугаар ТМС-ийг ЗХУ-ын тусламжаар анх байгуулсан нь өнөөгийн Техник технологийн дээд сургуулийн эхлэл болжээ. Өнгөрсөн хугацаанд тус сургууль нийт 19 мянга гаруй төгсөгчийг бэлтгэн гаргаж, ажил, амьдралын гараагаа эхлүүлэх тулах цэг болсон түүхтэй. 

Үүний нэг жишээ бол өнгөрсөн онд олон улсын инженерийн боловсролын хамгийн шилдэг CDIO (Conceive-Design-Implement-Operate) санаачлагад нэгдэн орж, энэхүү санаачлагын гишүүн болсон хоёр дахь монгол сургууль (нөгөө нь ШУТИС) болсон юм. Үр дүнд суурилсан боловсролын зорилгыг хэрэгжүүлж, ирээдүйд ажлын талбарт гарах инженер ямар ур чадвартай байвал зохих вэ? гэсэн асуултад хариулдаг нь уг арга зүйн гол онцлог. Өөрөөр хэлбэл, шаардлагатай ур чадваруудыг тодорхойлсны дагуу сургалтын агуулгаа бэлтгэж, үр дүнгээ урьдчилан төлөвлөдөг арга зүй гэж хэлж болно. Өмнө нь улсаас боловсруулсан стандартын дагуу ажиллаж ирсэн ч шинэчлэгдэлгүй удсан учраас төгсөгчид ажлын байрандаа зарим ур чадварт суралцах шаардлагатай тулгардаг байсныг энэ бүхэн эрс өөрчилж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг бүрэн дүүрэн хангасан мэргэжилтнүүдийг төрүүлэх бололцоог нээж буй. 

Техник технологийн политехник коллежийн зургаан оюутан, Монголын ижил салбар дахь 42 мянган суралцагчаас шалгарч, Дэлхийн ур чадварын 43, 44, 45 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, байр эзэлж байв.

Мөн сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, “Алсын хараа 2050” болон бусад баримт бичгээс үзэхэд Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах өндөр ур чадвартай, мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэхэд түлхүү анхаарч байгаа нь мэдэгдэнэ. Цаашлаад эдгээр баримт бичигт улсын хөгжил дэвшил, эх орны бүтээн байгуулалтыг нуруундаа тээж явах гол хүчин бол мэргэжилтэй, орлоготой монгол хүн байна гэдгийг онцлон тэмдэглэж буй. Монгол Улс хөгжиж буй орон учраас цаашид салбар бүрт бүтээн байгуулалтууд идэвхтэй өрнөж, барилга, төмөр зам, авто зам, цахилгаан дулааны станц шил шилээ даран баригдах нь дамжиггүй. Энэ үед эдгээр бүтээн байгуулалтыг гардах мэргэжилтнээс эхлээд цахилгаан, сантехник, автоматжуулалт гээд дэд бүтцийн асуудлыг цогцоор хариуцах мэргэжилтэй боловсон хүчнүүд хэрэгтэй болно. Тиймээс энэ орон зайг нөхөж, ирээдүйг дөтлөх зорилгоор салбартаа үнэ цэнтэй мэргэжилтэн бэлтгэх нь Техник технологийн дээд сургуулийн гол чиг, алсын хараа юм. 

Техник технологийн дээд сургуулийн хөдөлмөр эрхлэлтийн дундаж 86 хувь байдаг бол улсын дундаж 74 хувь. 

Энэ бүхний зэрэгцээ Монгол Улсад хэрэгжиж буй гаднын томоохон төсөл, хөтөлбөрүүд техник технологийн салбар руу чиглэж байгаа нь ч нэгийг өгүүлнэ. Тухайлбал, 2009-2014 онд Мянганы сорилтын сангаас зарласан тендерт шалгарч, 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар улсдаа барилгын мэргэжлийн жишиг сургууль болж чадсан нь Техник технологийн дээд сургуулийнхны нэгэн бахархал. Энд барилгын чиглэлээр шилдэг техник тоног төхөөрөмжтэй сургалтын орчин бүхий жишиг төв байгуулагдсан нь ирээдүйн мэргэжилтнүүдийн хувьд томоохон хөрөнгө оруулалт юм. Гэхдээ энэ бүхэн зөвхөн нэг л жишээ бөгөөд Техник технологийн дээд сургууль гадаад харилцаагаа байнга өргөжүүлж, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж, одоо байгаа түвшнээ үргэлж ахиулахын зэрэгцээ ирээдүйд ихийг хийж, бүтээх дэлхийн түвшний мэргэжилтэй ажилтныг бэлтгэхийг зорин ажиллаж байна. 

Мөн аж үйлдвэрлэлийн хувьсгал, дижитал шилжилтийн эрин үед мэдээлэл харилцаа, технологийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг шинээр нэмж, дата олборлогч, хиймэл оюун, тооцоологч инженерийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд тэд 2021-2025 оныг дуустал хэрэгжүүлэх таван жилийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг STEM, SWOT, PEST зэрэг шинжилгээг ашиглан боловсруулсан байна. Ингэхдээ хөгжлийн зорилгоо дараах таван чиглэлд тодорхойлжээ. Нэгт, сайн багшийг татах, тогтвор суурьшилтай ажиллуулах, ур чадварыг нь тасралтгүй хөгжүүлэх. Үүний тулд, хүний нөөц, нийгмийн бодлогыг хангасан цогц хөтөлбөр боловсруулах. Хоёрт, сургалтын хөтөлбөрөө байнга сайжруулан шинэчилж, бусдаас ялгарах, өөрийн гэсэн онцлогийг бий болгох, мөн шаталсан хөтөлбөрүүдээ өөр хооронд нь илүү уялдуулж, залгамж холбоог нь хангахад анхаарах. Гуравт,  оюутнууд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг учир суралцах таатай орчныг бий болгох, улам сайжруулах. Дөрөвт, хамтын ажиллагаа, түншлэлээ бүхий л түвшинд улам бүр хөгжүүлэх. Тавдугаарт, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулж, насан туршийн боловсролын үнэ цэнийг нэмэгдүүлэх, байнга суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар тус тус төлөвлөжээ. 

Салбартаа үнэ цэнтэй мэргэжилтэн бэлтгэх нь Техник технологийн дээд сургуулийнхны гол чиг, алсын хараа юм. 

Ковид-19 цар тахлын хөл хорионы үед бүх шатны боловсролын байгууллагуудын хаалга хаагдаж, анги танхим нь эзгүйрч, оюутнууд нь гэр гэртээ зайнаас хичээлээ судлах шаардлагатай болсон нь багагүй бэрхшээл дагуулсныг бид бэлхнээ мэднэ. Ихэнх сургуулийн хувьд гэнэтийн онцгой нөхцөл байдалд хэрхэн ажиллах тал дээр бэлэн байдал дутагдаж байсан бол Техник технологийн дээд сургуулийн хувьд байдал өөр байв. 2013 онд тэд сургууль дээрээ мульти медиа төв байгуулж, цахим хичээл бэлтгэдэг мульти медиа дизайнеруудыг үндэсний хэмжээнд бэлтгэсэн байсан нь хүнд цаг үед ихээхэн тус болсон байна. Эдгээр дизайнер цахим хичээл, цахим хэрэглэгдэхүүнийг хэрхэн боловсруулах талаарх анхан, дунд шатны сургалтыг тасралтгүй зохион байгуулж ирсэн учраас тус сургуулийн багш нар цахим хичээл заах арга зүй, технологийг эзэмшсэн байж. Тиймээс ч хөл хорионоос үүдэлтэй хичээлийн завсарлага, агуулгын хоцрогдол үүсээгүй гэдгийг Ц.Баярмаа тэмдэглэж байв. Хэдий лекц, семинарыг ингэж зайнаас орох боломжтой ч, ур чадвар олгох сургалтыг хэрхэн зайнаас зохион байгуулах вэ гэдэг асуудал тулгарна. Энэ тухайд тэд нэлээд эрэл хайгуул хийсний үр дүнд үндэсний хэмжээнд жишиг болохуйц цахим хичээл бэлтгэж, өөрийн суралцагчдаас гадна бусад сургуулийнханд мөн түгээжээ. Үүнээс гадна өөрийн Eschool платформоор дамжуулан оюутнууддаа цахим хичээл тасралтгүй хүргэсээр байгаа юм. 

Ийнхүү Техник технологийн дээд сургуулийнхан боловсролын салбарт ажиллаж буй өндөр хариуцлагаа ухамсарлан бүхий л түвшинд шинэчлэгдэн хөгжлийн төлөө тэмүүлсээр, урагшилсаар байна. Ингэж тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд нийгэмд томоохон хөрөнгө оруулалт хийж, эргээд түүнийхээ үр өгөөжийг хүртдэг нь боловсролын салбарын онцлог гэдгийг тэд онцолж байлаа. 

(Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2021 оны гуравдугаар сарын дугаар (№28) -т “Гурван зүтгэл, нэг зорилго” гарчигтайгаар нийтлэгдсэн болно)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Ногоон үйлдвэрлэлд хувьсгал хийх 10 цэгийн төлөвлөгөө

Previous article

Буудай брэнд: Шинэ бизнесийн овжин мэх

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like