Экспорт Монгол 2021 арга хэмжээний үеэр HiPayment Solution ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Наранбат “Экспорт ба хил дамнасан онлайн худалдаа” сэдвээр илтгэл тавьснаас гол дүгнэлтүүдийг хүргэж байна.
Онлайн худалдааны хэмжээ дэлхий дахинд 2015 онд 300 сая тэрбум ам.доллар байсан бол 2020 оны эцсээр 900 тэрбум ам.доллар болжээ. Цаашдаа хил дамнасан онлайн худалдаа нь үндэсний зах зээлүүд дээрх худалдааны эргэлтээс хоёр дахин хурдан тэлэхээр байна. Мөн жижиглэн худалдаа эрхлэгчдийн 70 орчим хувь нь хил дамнасан худалдаанаас ашгаа олох төлөвтэй байна. Хил дамнасан онлайн худалдааны энэ их өсөлтийн 60 гаруй хувийг АНУ, Их Британи, Хятад улсууд эзэлж байгаагаас ирээдүйд Азийн зах зээлд жинхэнэ амьдрал буцлахаар харагдаж байна.
Улс хоорондын цахим худалдаа хөгжихөд нэгэн түлхүүр хүчин зүйл нь цахим төлбөр тооцооны хялбар шийдлүүд. Монгол улсын хувьд нийт жижиглэн худалдааны дөнгөж 1.6 хувийг онлайн худалдаа эзэлж байгаа нь дэлхий нийтэд бараг 18 хувь байгаатай харьцуулахад хангалтгүй юм. Энэ нь Монгол Улс олон улсын онлайн худалдааны дэд бүтцэд интеграци хийн нэгдэж чадаагүйтэй холбоотой. Бид гадаадаас бараа, бүтээгдэхүүн цахимаар захиалж авч болдог ч өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулж тэр болгон чаддаггүй.
Эхлээд Монгол Улс We Chat, AliPay, GrabPay, Qiwi Wallet, Yandex Money зэрэг олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байж хил дамнасан онлайн худалдаанд ахиц гарна. Одоогоор Монголбанк, Худалдаа хөгжлийн банк, HiPay гурав We Chat-тай хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа.
Гэхдээ онлайн замаар экспортыг нэмэгдүүлэхийн тулд оффлайнаар маш том дэд бүтцийг бэлдэх хэрэгтэй болно. Жишээ нь, Улаанбаатар болон Замын – Үүдэд зориулалтын агуулах барьж, мөн Хятадын агуулахуудад Монголын компаниуд бараа байршуулахад зуучлах үйлчилгээг нээх шаардлагатай.
Хил дамнасан цахим худалдаа эрхлэгчдийг чадавхижуулахад:
- Цахим хөгжүүлэлт
- Экспортын менежмент
- Дизайн, брэндинг
- Барааны чанарын хяналт
- Барааны тайлбар
- Савлагаа
- Экспортын мэдүүлэг
- Экспортын санхүүжилт
- Гаалийн тариф, татвар зэрэг олон талын бодлого, арга хэмжээг хөгжүүлж, олон улсын стандартын дагуу экспорт хийж сурах хэрэгтэй.
Дүгнэн хэлэхэд хил дамнасан онлайн худалдаа нь экспортыг нэмэгдүүлэх нэгэн том боломж юм. Үүнд үндэсний банкууд болон финтекүүд олон улсын төлбөр тооцооны системд нэгдэх нь чухал үүрэгтэй.