Business.mn сэтгүүл СТАРТ компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Золбоотой СТАРТ компанийн үйл ажиллагаа, технологийн гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.
– СТАРТ компанийн бизнес загварыг тайлбарлавал?
СТАРТ нь Venture Builder загвараар ажилладаг компани юм. Бид технологийн гарааны бизнесүүдийн бүтээгдэхүүн, зах зээл тэлэлт, scalable бизнес загвар дээр хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалт хийж ажилладаг. Энэ төрлийн үйл ажиллагаа нь олон улсын зах зээл дээр Венчур хөрөнгө оруулалт гэхээсээ илүү “Venture Builder” гэсэн ангилалд багтдаг.
Дэлхий даяар дижитал эдийн засаг, дижитал бүтээгдэхүүн дэлгэрэхийн хэрээр гарааны бизнесүүдийг хөгжүүлдэг хурдасгуур компани (accelerator), Венчур хөрөнгө оруулалтын сангууд технологийн компаниудыг дараагийн түвшинд гаргахын тулд тухайн компаниудын хөгжлийнх нь шатлал бүрд бизнес хөгжүүлэлт хийдэг болж байна. Тэгэхээр Venture Builder загвар нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд шинэлэг загвар гэсэн үг.
-Танай портфоли компаниудын үнэлгээ 8 тэрбум төгрөг давсан. Портфолийн үнэлгээг хэрхэн хийдэг вэ?
СТАРТ-ын портфолио бол хөрөнгө оруулалтын багц юм. Өөрөөр хэлбэл үнэлгээг нь зах зээлийн үнэ цэнээр тооцож гаргадаг гэсэн үг. Тухайн технологийн компанийн үнэлгээ хамгийн сүүлд авсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч тогтоно. Тэндээс бий болж буй компанийн үнэлгээгээр нийт портфолийн үнэлгээг гаргадаг.
Манай портфолиод төрөл бүрийн салбарт технологийн шийдэл боловсруулж буй гарааны бизнесүүд байдаг. Бид эхлээд өөрсдийн бүтээгдэхүүнээ туршаад, тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болсон гарааны бизнесүүдээ олон нийтэд танилцуулаад явдаг. Хамгийн сүүлд хөрөнгө оруулалт авсан компани гэвэл онлайн худалдааны салбарт автоматжуулалтын технологи хөгжүүлэгч Zochil платформыг дурдаж болно. Тус компани маань “Ондо”-гийн үүсгэн байгуулагч Анар Шаркаас 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч, үнэлгээгээ хоёр тэрбум төгрөгт хүргээд байна.
Мөн Монголын хамгийн анхны онлайн сургалтын аппликэйшн Melearn-ыг хэрэглэгчид мэднэ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Melearn АйСиТи групп ХК-аас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан.
Дээрх хоёр компани маань өмнө нь хэд хэдэн удаа амжилттай хөрөнгө оруулалт босгож байсан. Тухайн хөрөнгө оруулалтаараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын хүлээлтийг давуулан биелүүлж өөрсдийн санаагаа scalable бизнес гэдгийг батлан харуулсан юм.
-Scalable бизнес загварын онцлогийг жаахан дэлгэрүүлээч
Технологийн гарааны бизнесүүдийг хөгжүүлэх гол нууц нь зөвхөн бүрэн ажиллагаатай апп, эсвэл цахим платформ гаргахдаа биш. Гол онцлог нь хэрэглэгчийн асуудлыг шийдэж буй өвөрмөц шийдэл мөн үү гэдэгт байдаг. Тэгвэл scalable гэсэн ангилалд багтахын тулд тухайн компанийн шийдэл нь бусад зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байхаас гадна систем архитектурын хувьд оновчтой технологийг ашиглаж, компанийн менежмент, хөрөнгө оруулагчийн бүтцийн хувьд чадвартай байх ёстой. Мөн компанийн үсрэнгүй хөгжлийг хязгаарлахгүй байх нь чухал.
– Тэгвэл Монголын гарааны бизнесийн экосистемийн хөгжлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
Ерөнхийдөө Монголд технологи дээр суурилсан компаниудын бизнесийн орчин сайжирч байгаа. Ялангуяа цар тахлын нөлөөгөөр дижитал эдийн засаг тэлж бизнесийн орчныг өргөжихөд түлхэц болсон. Харин бусад салбарын гарааны бизнесүүдийн хувьд экосистем сайжрахгүй хэвээр байна. Энэ нь экосистемийг бүрэлдүүлж өгдөг хандлага, сэтгэлгээ маш дутмаг байгаатай холбоотой. Үүнээс болж гарааны бизнес, тэр дундаа технологийн гарааны бизнес болон хөрөнгө оруулагчдын хооронд хүлээлтийн зөрүүтэй байдал үүсэх асуудал гардаг.
-Таны бодлоор дижитал эдийн засгийн хөгжлийг хурдасгах, экосистемийг сайжруулахын тулд төрөөс ямар бодлого, арга хэмжээ авах шаардлагатай вэ?
Төрийн үйлчилгээг e-Mongolia-руу оруулж байгаа нь маш сайн хэрэг. Гэхдээ төрийн дэмжлэгийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарладаг тендерүүдээр хязгаарлаж ойлгуулаад байгаа нь дутагдалтай санагддаг. Ийм нөхцөл байдалд технологийн компаниуд, инженерүүд маань тендерийн ажил, эсвэл захиалгын апп хөгжүүлж амиа зогоохоос өөр аргагүй болдог.
Төрийн дэмжлэгийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарладаг тендерүүдээр хязгаарлаж ойлгуулаад байгаа нь дутагдалтай санагддаг.
Тиймээс төр 10-15 жил баримтлах урт хугацааны бодлогоо тодорхойлж, боловсруулах хэрэгтэй. Хамгийн оновчтой арга бол төр технологийн компаниудтайгаа хамтран ажиллаж, дижитал эдийн засаг, гарааны бизнесийн орчныг хязгаарласан бодлого баримтлахаас зайлсхийх явдал. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, боловсон хүчнээ бэлтгэх нь чухал.
-Та гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэхэд хандлага, сэтгэлгээ маш дутмаг байна гэсэн. Яагаад хөрөнгө оруулалтын хувьд хандлага, сэтгэлгээ чухал байдаг вэ?
Хэдийгээр хөрөнгө оруулалтын хэмжээ, үр өгөөж, эрсдэл гэх мэт техник шинж чанартай хүчин зүйлүүд чухал ч гэлээ технологийн гарааны бизнест хөрөнгө оруулах нь хүнд хөрөнгө оруулж, хүнээр баялаг бүтээлгэж байгаа гэдгээрээ тодорхой стандарт дагаж мөрддөг уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулахаас ялгаатай. Үүнийг хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрч, “Бид хандлага, арга барилаа өөрчлөх ёстой юм байна” гэдэг. Гэвч явцын дунд хандлага нь хараахан бэлэн болоогүй байгаа нь ажиглагддаг. Хэн нэгний хандлага, сэтгэлгээг өөрчилнө гэдэг хялбар зүйл биш. Хэдэн ном, нийтлэл уншаад, эсвэл ярилцах төдийд өөрчлөгдөхгүй нь тодорхой. Харин амжилттай болон амжилтгүй хөрөнгө оруулалтын жишээ, туршлага, боломжууд бидний өмнө бодитоор харагдсан цагт хүмүүсийн хандлага өөрчлөгдөх боломжтой болно.
-Та яагаад гарааны бизнесийн салбарт хөл тавихаар шийдсэн бэ?
Дэлхий даяар банк санхүүгийн салбарт гарч буй технологийн хувьсал нөлөөлсөн гэхэд болно. Тодруулбал, банкны салбарын өдөр тутмын үйл ажиллагаа, нэр томьёо, үг хэллэг нь хэвшмэл учраас тус салбарыг бүхэлд нь автоматжуулах боломжтой. Ялангуяа миний ажиллаж байсан хөрөнгийн удирдлага, арилжааны чиглэлийн ажлууд маш хурдацтай автоматжиж байсан. Иймд технологийн дэвшлийг даган эдийн засгийн салбаруудад гарч буй өөрчлөлтийн нэг хэсэг болохын тулд гарааны бизнесийн салбарт орохоор шийдсэн түүхтэй. Түүнчлэн, хөрөнгө оруулалт, багцын удирдлагын тал дээрх туршлагаа ашиглан технологийн гарааны бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулах боломж байгааг олж харсан юм.
Үүнээс гадна, гарааны бизнесүүдтэй ажиллахад их сонирхолтой байдаг. Учир нь янз бүрийн мэргэжлийн хүмүүстэй харилцаж, шинэ зүйлсийг сурахаас гадна анхдагч технологийн нэг хэсэг болох боломжийг олгодог юм. Дижиталчлалтай холбоотой ажил мэргэжил, ажлын байрны орчин, боловсон хүчний хомсдол гээд ярих юм бол маш олон сонирхолтой сэдвүүд бий. Жишээ нь манай портфолио компаниуд хөрөнгө оруулалт аваад жилийн дотор үйл ажиллагаагаа хэд дахин тэлдэг. Тэр болгонд зөвхөн программ хөгжүүлэгч гэлтгүй чадвартай, туршлагажсан, өөрийгөө сорих хүсэлтэй, төрөл бүрийн салбарын боловсон хүчний эрэлт байнга гардаг.
Хэрэв над шиг технологийн салбарт хөл тавихыг хүсэж байвал санаа зовж суулгүй шийдвэрээ хурдан гаргаж, ямар нэгэн алхам хий гэж зөвлөх байна. Би хувьдаа энэ бол мэргэжлийн салбараа өөрчилж буй бус, хувь хүний түвшинд мэргэжлийн салбартаа дижитал шилжилт хийж байгаа алхам гэж ойлгодог.
-Бусад орноос хөрөнгө оруулалт татахад гарааны бизнесүүдэд ямар бэрхшээл тулгардаг вэ? Гадаадын хөрөнгө оруулагч нар ямар шалгуур тавьдаг вэ?
Энэ бол хүн бүрийн сонирхдог асуулт. Гадаадын хөрөнгө оруулагч нар илүү өндөр шалгуур тавьдаг уу гэвэл бас дандаа тийм биш. Эхлээд Монголдоо бүтээгдэхүүнээ туршиж, гэрийн даалгавраа хийснийхээ дараа гадаадын хөрөнгө оруулагч нараас санхүүжилт хүсэх хэрэгтэй. Хэрэв Монголын зах зээл дээр таны бизнес санаа амжилттай хэрэгжиж чадсан бол төсөөтэй зах зээл дээр ч бас амжилт олох магадлал өндөр. Тэгэхээр “Танай гарааны бизнес өөрийн бүтээгдэхүүнээ хамгийн сайн мэддэг, танил тал болон хүрээлэл сайтай, бага зардалтай дотоодын зах зээл дээр хангалттай туршчихаад гадаадын зах зээл рүү нэвтрэх гэж байна уу?” гэсэн асуулт гарч ирж буй.
Хэрэв тийм бол гадаадын хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар шинэ зах зээл руу нэвтрэх боломжтой. Бусад орны зах зээл рүү нэвтрэхэд технологийн компаниудад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас гадна тухайн зах зээл дээр стратегийн хувьд тус болж чадах хөрөнгө оруулагч хэрэгтэй болдог. Монголын гарааны бизнесүүдэд тулгардаг нийтлэг асуудал бол бусад зах зээл рүү гарах оролдлого хангалттай хийж, стратегийн чанартай хөрөнгө оруулагчтай урт хугацааны харилцаа үүсгэхгүйд учир байна. Хөрөнгө оруулалтыг эцэслэх хүртэл талууд бие биеэ танин мэдэж, ажиглаж судлахад хугацаа ордог. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдын нүдээр харах юм бол хараахан сайн танигдаагүй Монголын зах зээлээс гарч ирж буй технологийн компаниудад илүү өндөр шалгуур, урт хугацааны судалгаа хийх шаардлага тулгарах нь тодорхой.
Танай уншигчдад хандаж хэлэхэд туршлага, хандлага нь бүрэлдсэн хөрөнгө оруулалтын орчны төсөөллөө Америк, Сингапур гэх мэт орнуудаар бүү хязгаарлаарай. Тэдгээр орнуудад ч гэсэн технологийн гарааны бизнест хөрөнгө оруулж үзээгүй, Венчур зах зээлийн туршлагагүй, зөвхөн тодорхой стандарт бүхий тогтмол өгөөжтэй бизнест хөрөнгө оруулдаг хүмүүс бий. Нөгөөтээгүүр монголчуудын хувьд гарааны бизнест хөрөнгө оруулах боломж харьцангуй нээлттэй болж эхэлж байна. Түүнчлэн СТАРТ компанитай холбогдоод гарааны бизнесүүдийн талаар мэдээлэл авч болохоос гадна хөрөнгө оруулагчдын хандлага, сэтгэлгээ, хөрөнгө оруулах арга зам гэх мэт сэдвүүдээр зөвлөгөө авч болно.