UA Properties компанийн борлуулалтын багийн ахлахууд буюу ажлаа хэдийнэ гартаа оруулж, мэдлэг, туршлагыг цогцлоосон борлуулалтын дөрвөлтэй ярилцлаа. Тэд бол олон тэрбумаар хэмжигдэх борлуулалтын ард зогсдог, компанийнхаа тулах хүч юм. Тэдний өгсөн хариултууд үл хөдлөхийн салбарыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд харах гүүр болж, бизнестээ шинэ мэдлэг, үнэ цэн шингээхэд тань тус болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Үл хөдлөхийн борлуулалтын компаниуд бүгд өөр өөрсдийн зарчим, арга барилаар ажиллаж, зах зээлийн өрсөлдөөнд оролцдог. Харин хамгийн сонирхолтой буюу борлуулж буй талдаа ашигтай системээр ажиллаж, бусдаас ялгарч чаддаг нь UA Properties компанийн онцлог. “Манайхаар дамжиж буй нийт үл хөдлөх хөрөнгийн 70-80 хувь нь амжилттай борлогддог” хэмээн тус компанийн ахлах борлуулагч Б.Орхон итгэл төгс хэлж байна.
Зах зээл бол тэр чигтээ борлуулалт эргэлдэж байдаг арилжааны томоохон урсгал, харин энэ урсгал дунд эргэлдэх хамгийн өндөр үнийн дүн бүхий бүтээгдэхүүн нь үл хөдлөх хөрөнгө. Гэтэл үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээг хэн ч хийж болох мэт, магадгүй ийм үйлчилгээний хэрэгцээ шаардлага ч үгүй мэт харагддаг байсан үе саяхан буюу одоогоос ердөө 10-аадхан жилийн өмнө юм. Үл хөдлөхийн салбар дөнгөж хөгжиж эхэлж байсан яг л энэ үед UA Properties компани байгуулагдаж, салбарынхаа түүхийг бичилцэж, бас стандарт тогтоож чадсан цөөн тоглогчийн нэг болсон билээ. Үүнээс гадна борлуулалтын үйлчилгээний агентуудаа олон жилийн турш хамгийн чанартайгаар бэлтгэн гаргаж, мөн тэднийг үнэлж чаддагаа харуулсан анхдагч юм.
Борлуулалтын сонирхолтой туршлага, хүчирхэг тоглолтууд өрнөдөг зах зээлийн нэг бол яах аргагүй үл хөдлөхийн салбар. Хамгийн өндөр үнийн дүн, хурд, мэдрэмж, туршлага, тооцоолол энэ орчинд жинхэнэ утгаараа буцалж байдаг. Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт цойлж, шилдгүүдийн цуглуулга болсон UA Properties компани өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг бодитоор харуулж, зах зээлд өөрийн байр сууриа бататгахын зэрэгцээ олон мянган хүний итгэлийг хүлээж, нийт 200 тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэх борлуулалтын ард амжилттай гарчээ. Үүний цаана нөр их судалгаа, уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөр, олон цагийн уулзалтууд, олон удаагийн утасны дуудлага, амжилттай үзэглэсэн гэрээнүүд бий.
Зуучлалын олон газраар дамжаад ч борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг UA Properties -ийн хамт олон борлуулж, яг л мэс засалч шиг ажиллаж чаддаг.
Энэ ч утгаараа UA Properties компанийн амжилтын нууц, бизнесийн ялгарал, ажиллах арга барил, нөү-хауг сонирхохоор удирдлагын багийнхан буюу ажлаа хэдийнэ гартаа оруулж, мэдлэг, туршлагыг цогцлоосон борлуулалтын дөрвөлтэй ярилцлаа. Ю.Мина, Б.Цэрэнноржмаа, Б.Орхон, Б.Ууганбаяр нар бол компанидаа хамгийн удаан хугацаанд ажиллаж, удирдлагын түвшинд очтолоо сайтар бэлтгэгдэж чадсан чадварлаг борлуулагчид. Бас манайх шиг жижиг, өрсөлдөөн ихтэй зах зээлд олон улсын франчайзинг бизнесүүдтэй эн зэрэгцэн амжилттай ажиллаж, олон оронтой тоогоор хэмжигдэх борлуулалтын ард зогсдог тулах хүч юм. Тэр дундаа, тансаг зэрэглэлийн орон сууц, хаус, таун хаус, оффис, объект, газар, үйлчилгээний талбайн борлуулалтад төвлөрч, Хадат Вилла, Жаргалант хотхон, Misheel City, Regis Place, Green Hill зэрэг томоохон төслийн борлуулалтыг тэд нугалдаг. “30 минутын дотор гурван байр зарагдлаа” гэх юм уу, “Сарын дотор харилцагч маань 20 тэрбумын борлуулалт хийжээ” гэх мэдээ эднийхээс дуулдаж, олны анхаарал энэ зүгт өөрийн эрхгүй хандахад хүрдэг билээ. Гэтэл сар бүр тогтмол тэрбум, тэрбумаар хэмжигдэх борлуулалттай ажиллана гэдэг гарцаагүй туршлага шаардах маш хэцүү ажил. Тиймээс ар араасаа хөврөх олон асуултад маань UA Properties компанийн удирдлагуудын өгсөн хариулт үл хөдлөхийн салбарыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд харах гүүр болж, бизнестээ шинэ мэдлэг, үнэ цэн шингээхэд тань тус болж чадна гэдэгт итгэлтэй байна.
“Манайхаар дамжиж буй нийт үл хөдлөх хөрөнгийн 70-80 хувь нь амжилттай борлогддог”.
Борлуулалт бол цэвэр үйлчилгээний бизнес. Харин энэ үйлчилгээг харилцагчид хүргэдэг гол холбон тоглогчид бол агентууд. Гэхдээ үйлчилгээний бизнес гэдэг харилцагчийн хэлсэн, хүссэн бүхнийг гүйцэтгэдэг гэрээт ажил хараахан биш, ялангуяа үл хөдлөхийн салбарт. Энэ талаар UA Properties компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ууганбаяр “Энэ бол харилцаа, хандлага, чанар, бас хүнлэг сэтгэлийн үр дүнд бий болдог хөрөнгийн борлуулалтыг зах зээлд байршуулж, хамтран ажиллах үйлчилгээ” хэмээн тодотгосон билээ (Тэрбээр компанийнхаа хэд хэдэн чухал албыг мөн хариуцдагийг дараа дараагийн хариултуудаас нь олж мэдэх болно).
АТГАСАН ГАР МЭТ НЭГДМЭЛ
Түм түчигнэж, бум бужигнасан их хотын хөл хөдөлгөөнөөс зайдуу орших “Ривер Гарден” хотхоны үйлчилгээний төвд байрлах UA Properties компанийн оффист дахин зочилж, Улаанбаатарын хамгийн дайчин борлуулалтын баг хэмээн нэрлэгддэг “борлуулалтын мангасууд” -тай уулзахаар зөөлөн буйданд тухаллаа. Сар гаруйн өмнө тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Урангоотой ярилцахаар ирэхэд угтсан шиг нөгөө л халуун дулаан уур амьсгал, гэртээ байгаа мэт тухлаг орчин мэдрэгдэхийн зэрэгцээ шинэ жил дөхсөнийг илтгэх мэт жүржийн анхилам үнэр хаа нэгтээгээс түгнэ. Хүн бүр шахам л баяр ёслолын байдалтай болж, ажил хэрэгч хэв маягаа түр хойш тавьдаг жилийн энэ зурвас үе тэдний хувьд эсрэгээрээ өрнөдөг. Дээр нь багаа улам өргөжүүлж, тун удахгүй хоёр ч шинэ салбар оффисоо нээж, бууриа сэлгэхээр төлөвлөсөн байхтай нь давхацсан юм.
Үл хөдлөхийн борлуулагчид ажил тарсны дараа ч, амралтын өдрүүдээр ч ажиллах нь хэвийн үзэгдэл. Товчоор, тэд бол бизнесийн ертөнцийн хамгийн завгүй, ажил хэрэгч төлөөллийн нэг. Мөн өөрийгөө дайчилж, зүтгэж, зориулж чадвал тэр хэрээрээ борлуулалтын амжилт, боломж ирдгийг ч хамгийн сайн мэдэх мэргэжилтнүүд. Баярын өдрүүдээр ажил ид өрнөж, хэний ч санаанд оромгүй үе болох цагаан сарын битүүн, шинэ жилийн өдөр буюу 12 дугаар сарын 31, наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10 -нд ч борлуулалт хийсэн туршлага тэдэнд бий. Гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаасаа ажилдаа зориулах шаардлагатай болдгоос бяцхан гэмшил тээхэд хүрдэг ч харилцагчдын хүлээлгэсэн итгэл, хариуцлага, мөн өөртөө болон ирээдүйдээ, бас салбартаа оруулж буй хувь нэмэр, хөрөнгө оруулалт энэ бүхэнтэй зэрэгцэн оршиж, бүхнээ дайчлах эрч хүчний ундарга болдог аж.
UA Properties компанийн бүтцэд өөр өөрийн онцлог бүхий UA CIA, UA Alpha Reits, UA Extension, UA Partners багууд багтдагийг оффисынх нь ханан дахь цагаан самбараас борлуулагчдын нэрсийн хамт харж болохоор байв. Б.Цэрэнноржмаа, Б.Орхон, Б.Ууганбаяр, Ю.Мина нар эдгээр багийг ахалж ажилладаг хамтран зүтгэгчид. Өнгөрсөн жилүүдэд тэд компанидаа, гүйцэтгэх захирал А.Урангоогийн удирдлага дор ажиллаж өнөөдрийн хэмжээнд үнэлэгдэхүйц туршлага, чадварыг хуримтлуулж, жирийн нэг агентаас бүхэл бүтэн баг удирдан, чиглүүлэх түвшинд боловсорч, хөгжжээ. Үүний үр дүнд, эртнээс төлөвлөсний дагуу компани дараагийн түвшинд шилжих бэлтгэлээ эхлүүлж, өнгөрсөн онд багаа хэд дахин тэлж, 50 гаруй борлуулагчийг эгнээндээ нэгтгээд байгаа юм. Эдгээр шинэхэн ажилтан дээрх дөрвөн багт хуваарилагдаж, борлуулалтын ажлыг бүхий л түвшинд далайцтай өрнүүлэхээр ханцуй шамлан ажилдаа оржээ.
Атгасан гар шиг нэгэн цул болж, хүн бүр хариуцсан ажлаа хариуцсан шиг хариуцаж, бие биеэ нөхөж, нэг нь нөгөөгийнхөө баттай, найдвартай ар тал байж чаддаг нь UA Properties компанийн хамт олны онцлог.
“Бид ажил мэргэжилдээ бүхий л мэдлэг, туршлагаа дайчлан ажиллаж, үл хөдлөх хөрөнгийн салбарыг хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ зориулдаг. Ажил маань бидний амьдралын нэг хэсэг болсныг ч сайтар ухамсарладаг” хэмээн UA Partners багийн ахлагч Ю.Мина хэлж байна. Хэдэн арван тэрбумаар хэмжигдэх борлуулалтуудыг гараасаа гаргадаг, компанийнхаа шилдэг борлуулагчдын нэг Ю.Минаг салбарынхан нь андахгүй. Өвөрмөц дүр төрх, богино шаргал үс, энгийн хөгжүүн яриагаараа хүмүүсийн анхаарлыг татах тэрбээр өдөр тутмын ажлаа танилцуулж, холбогдох төслүүдийн мэдээллийг хүргэх зорилгоор үе үе влог хийн “мэндчилж”, үзэгч, дагагчдын тоогоо өдрөөс өдөрт нэмсээр байгаа юм. “Бэрхшээл их тулгардаг ч заавал ард нь гарахаар зүтгэдэг, “боломжгүй” гэх хаалга мөргөх тусам тал бүрээс боломжийг эрэлхийлдэг шаргуу, дайчин зан маань эцсийн дүндээ томоохон дүнтэй борлуулалтад хөтөлдөг болов уу” хэмээн тэр өөрийн ажиллах арга барилаа даруухан тодорхойлов. Түүний хувьд тансаг зэрэглэлийн орон сууц, оффисын худалдаа, борлуулалт, түрээст төвлөрөн ажиллаж, удирдаж буй багаа ч энэ зүгт чиглүүлдэг. Гэхдээ түүнийг ингэж уйгагүй хөдөлмөрлөхөд өндөр үнийн дүнтэй борлуулалт гэхээс илүү үл хөдлөхийн салбарт тулгардаг бэрхшээл, хүндхэн сорилтуудыг даван гарсны дараах тэр л эрч хүч, урам зориг нь урагш хөдөлгөх хүч болдгийг онцолсон юм. Хамтран зүтгэгчид нь ч түүнтэй санал нийлж, үл хөдлөхийн салбарт урьд өмнө дуулдаж байгаагүй хамгийн сонин кейс, өвөрмөц сорилтууд зөвхөн түүнд тулгарсаар ирснийг хөгжилтэйгөөр өгүүлж байв. Энэ бүхэн эргээд адил төстэй асуудал тохиоход бусдадаа зааж, зөвлөх хэмжээнд Ю.Минаг туршлагажуулж чаджээ.
“Бид ажил мэргэжилдээ бүхий л мэдлэг, туршлагаа дайчлан ажиллаж, үл хөдлөх хөрөнгийн салбарыг хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ зориулдаг”.
Атгасан гар шиг нэгэн цул болж, хүн бүр хариуцсан ажлаа хариуцсан шиг хариуцаж, бие биеэ нөхөж, нэг нь нөгөөгийнхөө баттай, найдвартай ар тал байж чаддаг нь энэ хамт олны гол онцлог. “Шинэ, төлөвшиж буй хамт олны хувьд багийн дотоод цөм бүтэц зөв байж чадвал энэ инерцээ хадгалж, цааш өргөжин тэлэх үед ч саадгүй урагшилдаг гэж боддог. Бидний хувьд багийн ажиллагааг эн тэргүүнд тавьж, үргэлж сайжруулахыг зорьдог. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчмаар ажилладаг гэх үү дээ. Хоёрт, компанийн суурь ёс зүйг маш их эрхэмлэдэг. Харилцагч байгууллага, хувь хэрэглэгчтэй хамтран ажиллахдаа ч бизнесийн соёл, ёс зүйгээ баримтлахыг хичээдэг. Энэ ч утгаараа манайтай холбоотой гомдол санал тэр бүр ирдэггүй” хэмээн UA Extension багийн ахлагч Б.Ууганбаяр хэлж байна. UA Properties компанийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй уг баг томоохон төслүүд, орон сууцны хотхон зэрэг цогц бүтээн байгуулалт, мөн хаус төслүүдэд төвлөрөн ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Б.Ууганбаяр Жаргалант хотхоноос эхлээд Jade Villa, Green Hill Villa, Landmark зэрэг хотхоны төслүүдэд амжилттай ажиллаж, туршлага хуримтлуулсан бөгөөд зарим нь одоо ч үргэлжилсээр байгаа юм. Мөн зөвхөн борлуулалт гэлтгүй хаус хотхон барихаар төлөвлөж буй хувь хүн, байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, төсөл эхлэхээс дуусах хүртэлх бүхий л үйл явцад гар бие оролцох болжээ. Түүний ажлын онцлох арга барил бол маш сайн сонссоны эцэст хариулах. Үүнийгээ “Хамгийн гол нь хэрэглэгчийн юу хүсэж байгааг сайн сонсож, мэдэрч, түүндээ тулгуурласан үйлчилгээг санал болгох нь эргээд өндөр үр дүн дагуулдаг” хэмээн тайлбарлав. Харилцагчидтайгаа ажил хэргийн хамтрагч гэхээс илүү ойр дотно болж, найз нөхдийн харилцаатай үлдэх тохиолдол ч их байдгийг тэр онцолсон юм.
Эндээс үл хөдлөх хөрөнгө борлуулах нь FMCG (Fast-moving consumer goods) буюу богино хугацаанд борлогдож, хурдан гүйдэг жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн борлуулахаас тэс өөр, илүү урт хугацааны үнэ цэн бий болгоход төвлөрдөг, тууштай зүтгэлийн үр дүнд бий болдог өвөрмөц ажил гэдэг нь анзаарагдана. Тиймээс борлуулагч өөрийн үнэ цэнийг бүтээхээс гадна тухайн үл хөдлөх хөрөнгөд хэрхэн үнэ цэн шингээж, эргэлтэд оруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй болдог. Дээр нь ихэнх хүн амьдралдаа тоотой хэдхэн удаа л үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг. Тэр дундаа эрүүл мэнд, боловсрол болон бусад материаллаг хэрэглээндээ зарцуулдгаас хавьгүй их хөрөнгийг зөвхөн үл хөдлөх хөрөнгөд зориулдаг. Харин үнийн дүн өсөх тусам тухайн үл хөдлөхийг сонирхох хүмүүсийн тоо буурч, сонголт хийхдээ илүү няхуур хандаж, зарцуулах хугацаа нь ч нэмэгддэг. Энэ ч утгаараа борлуулагчаас өндөр хариуцлага, уйгагүй ажиллагаа, хичээл зүтгэл шаарддаг гэсэн үг. Энэ талаар Ю.Мина “Өндөр үнийн дүнтэй, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалтад нарийн мэдрэмжтэй хандаж, харилцагчийн хэлээгүйг харцнаас нь уншиж, үйлдлээс нь ойлгодог байх хэрэгтэй” гэлээ.
ҮЛ ХӨДЛӨХИЙН ШИГТГЭЭ
Зуучлалын олон газраар дамжаад ч борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг UA Properties -ийн хамт олон борлуулж, яг л мэс засалч шиг ажиллаж чаддаг нь гарцаагүй үнэн гэдгийг ахлахууд хэлж байна. Мөн тухайн объектын зах зээл дэх давуу болон дутагдалтай талыг тодорхойлж, үнэ цэн, үнэлгээ тогтоох амаргүй ажлыг ч тэд гарддаг. UA CIA багийн ахлагч Б.Цэрэнноржмаа өөрийн 16 жилийн туршлагадаа тулгуурлан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, компанийнхаа энэ хэсгийг хариуцан ажиллахын зэрэгцээ багийн хамтаар үйлдвэр, үйлчилгээний зориулалттай томоохон объектод төвлөрөн ажиллаж байна. Энэ төрлийн объектыг хүмүүс тэр бүр худалдан авах боломжгүй, шаардлагагүй байдаг нь түүний ажил хэчнээн адармаатай болохыг илтгэх ч, хийж буй ажилдаа тун дуртай, бас адал явдал, өрнөл ихтэй, сонирхолтой санагддагийг хуваалцаж байв. Судалгаа, судалгаа, бас дахин судалгаа. Түүний ажлыг товчоор ингэж тодорхойлж болно. Үйлдвэр, үйлчилгээний объектыг худалдан авах зах зээл, харилцагчид бэлэн биш учир тэр өөрөө судалж, боломжит харилцагчийг хайж олж, борлуулах хэрэгтэй болдог гэдэг утгаараа хугацаа их шаарддаг, ажиллагаа ихтэй гэдгийг ч онцолсон юм. Тийм ч учраас үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт энэ чиглэлээр дагнасан, тухайн объектын зах зээл дэх бодит үнэлгээг тодорхойлж, үнэлж чаддаг түүн шиг хүн тун цөөн. Нэг үгээр, Б.Цэрэнноржмаа бол UA Properties компанийн шигтгээ гэж хэлж болно. Бусад зуучлагчид болон барилгын компаниуд UA Properties -ийн үнэлгээг харж, үнээ тогтоодог үзэгдэл байгааг ч ахлахууд энэ үеэр хэлж байв.
Нөгөө талаар, эдийн засгийн савлагаанд хамгийн мэдрэг салбаруудын нэг учраас олны бухимдал, дургүйцэл үл хөдлөхийн зах зээлийг чиглэх нь элбэг. Тухайлбал, үл хөдлөхийн үнэ өсөхөд зуучлагчид нөлөөлж байна гэх хандлага хүмүүсийн дунд их байдаг ч энэ бүхэн олон хүчин зүйлээс шалтгаалдгийг тэд тайлбарлаж байна. “Үл хөдлөхийн үнэ өсөхтэй уралдаж худалдан авалт хийдэг буюу хүмүүсийн цагийг нь тулгадаг хандлага үнийг улам хөөрөгдөхөд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, үнэ ханш гэдэг эрэлт нийлүүлэлтийн харьцаан дээр л тогтдог. Тиймээс хэн ч хүчээр хааж боож, үнэ ханшийг зориуд өсгөх боломжгүй. Эрэлт нэмэгдэхэд нийлүүлэлт хангалтгүй бол үнэ дагаад л өснө”. Мөн борлуулагч тухайн үл хөдлөх эзэмшигчтэй харилцан ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр зах зээлд байж болох хамгийн боломжит үнийг тогтоодог учраас дур мэдэн үнэ нэмэх эрх мэдэл үгүй, ёс зүйн хувьд ч боломжгүй гэдгийг онцолж байв.
Харин яг одоо бол Ковид-19 цар тахал, хөл хорио зэргээс үүдэн хумигдсан эдийн засаг эргэн сэргэж эхлэхтэй зэрэгцэн тэсрэлт болж буй, мөн ипотекийн зээлийн хүү буурсан зэрэг нь үл хөдлөхийн үнийн өсөлтөд нөлөөлжээ. Гэхдээ энэ бүхнээс үл шалтгаалан орон сууцтай болох, үл хөдлөх эзэмших гэсэн хүний анхдагч хэрэгцээ хэзээд хэвээр байдаг тул зах зээлд эрэлт үргэлж байдгийг тэд тодотгож байна. Тиймээс UA Properties компанийн хамт олон хөөсөрч, хөөрөгдсөн үнэтэй үл хөдлөх борлуулах саналаас татгалзаж, хэзээд зах зээлийн үнийг нарийн баримталж, ёс зүйтэй ажиллахыг эрмэлзэж иржээ.
Хамгийн өндөр үнийн дүн, хурд, мэдрэмж, туршлага, тооцоолол үл хөдлөхийн салбарт жинхэнэ утгаараа буцалж байдаг.
“Эцсийн дүндээ манайх үйлчилгээний байгууллага. Гэтэл харилцагчийн хүсэл хязгааргүй. Тэрхүү хязгааргүй хүслийг хязгаарлагдмал нөөцөд нийцүүлэх үйл явц ихээхэн ур чадвар, туршлага шаарддаг. Хоёр талын хүсэл, хэрэгцээг нэг цэгт аваачиж, огтлолцуулна гэдэг борлуулалтын хамгийн хүнд хэсэг. Хэчнээн урьдчилж тохиролцсон ч талуудын хооронд маргаан үүсэх тохиолдол байдаг учраас байж болох бүхий л эрсдэлийг үргэлж тооцоолж, харилцагчийг мэдээллээр бүрэн хангах, тэр бүү хэл сэтгэл зүйг нь ч бэлдэх ёстой” гэдгийг Б.Ууганбаяр хэлж байна. Нэг ёсондоо, мэдээллийн асар их урсгал дунд бүрэлдэх сонголтуудаас хамгийн боломжтой, зөв шийдвэр гаргахад харилцагчид тусалж, зөвлөх нь борлуулагч хүний гол үүрэг юм. Өөрөөр хэлбэл, тухайн объектыг ямар өнцгөөс хэрхэн сурталчилж, зах зээлд хүргэх вэ, яаж илүү хурдан шуурхай, зөв үнээр хэрэглэгчийн гарт хүргэх вэ гэдэгт төвлөрөн ажиллаж, өөрийн туршлагадаа тулгуурлан том давуу талыг үүсгэж чаддаг онцлогтой. Эндээс л үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой томоохон шийдвэр гаргахдаа яагаад туршлагатай, мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй вэ гэдэг асуултын хариулт гарч ирдэг. Гэтэл албан бус тоогоор 2000 гаруй хүн ажилладаг энэ зах зээлд ганц нэгхэн хүний хариуцлагагүй, ур чадваргүй байдлаас болж, салбар тэр чигтээ алдаа дутагдалтай мэт харагдаж, олон нийтэд тэр мэт ойлголт төрүүлдэгт эмзэглэж явдгаа тэд нуусангүй.
Энэ талаар Б.Цэрэнноржмаа “Магадгүй энэ салбарт ажиллаж буй агентуудад шалгуур тавих хэрэгтэй байх. Борлуулагч гэдэг хэн дуртай, завтай нь чөлөөт цагаараа хийдэг ажил биш. Энэ бол маш их хичээл зүтгэл, хөдөлмөр, сэтгэл, ур чадвар шаарддаг ажил. Үйлчилгээний бизнест бүтээгдэхүүнээс илүү тухайн ажил, үйлчилгээ, бизнесийг зах зээлд хүргэж буй хүний нөөц, ажилтнуудын ур чадвар хамгийн чухал. Гэтэл зарим агентууд аль хэдийнэ сурч, мэдээд авчихсан байх ёстой зүйл дээр дахин дахин алдаж, салбарыг нэр хүнд муутай, хариуцлагагүй харагдуулж байгаа нь таагүй санагддаг” гэлээ. Харин UA Extension багийн ахлагч төдийгүй комплаинс хариуцсан ажилтан Б.Ууганбаяр “Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж, бүх гүйлгээ, санхүүгийн үзүүлэлтүүдээ Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнахаас гадна хувь хүн зуучлал хийхийг хуулиар хязгаарлаж эхэлсэн нь том дэвшил. Ер нь борлуулалтын төлөө гэхээс илүү салбарынхаа ирээдүйн хөгжилд тулгуурласан сонголтуудыг хийвэл зүгээр болов уу” хэмээн нэмж хэллээ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээл бүхэлдээ итгэлцэл дээр тогтдог гэвэл хол зөрөхгүй. Тиймдээ ч UA Properties компанийг зориод ирсэн хүмүүсийн итгэлийг алдалгүй дааж ажиллах, сэтгэл хангалуун үлдээж, урмын үг сонсох нь тэдэнд урагш алхах том хөшүүрэг болдог ажээ. “Борлуулалт гэдэг хүмүүсийн итгэлтэй салшгүй холбогддог болохоор амарч чаддаггүй”, “Нойр хүрдэггүй”, “Надад итгэл, хариуцлага хүлээлгэсэн учраас тухайн хүний хөрөнгийг өөрийн мэт хайрлаж, цаг зүтгэлээ харамгүй зориулах ёстой” зэрэг үгс тэдний ярианд үе үе дурдагдаж байв. Мэдээж хэрэг амжилттай борлуулалтын гол хэмжүүр болох харилцагч, хэрэглэгчийн итгэлийг даахын зэрэгцээ багийн гишүүд, хамт олны уур амьсгал ч өөрөө итгэлцэл дээр тогтох ёстой.
UA Alpha Reits багийн ахлагч Б.Орхон “Компанидаа ажиллаад таван жил болох хугацаанд би үргэлж дээшээ, шат ахиж явсан. Над шиг гэр бүлсэг хүний хувьд компанийн уур амьсгал хамгийн чухал. Манай компанийн бүх ажилтан нэгэн дуугаар хэлдэг. Үнэхээр гоё уур амьсгалтай, маш ойр дотно хамт олон гэж. Хэрэглэгч бидэнд итгэдэг шиг бид ч бас нэг нэгэндээ итгэдэг. Хамгийн чухал зүйл бол итгэл. Энэ бүхэн л UA Properties компани олон жил тууштай, үр дүнтэй ажиллахад нөлөөлсөн болов уу” гэв. Компанийнхаа анхдагч агентуудын нэг тэрбээр тансаг зэрэглэлийн орон сууц, зуслангийн хаус борлуулалт, түрээст төвлөрөн, 10 гаруй борлуулагчтай багаа удирдан ажилладаг. Харин түүний хажуугаас Б.Цэрэнноржмаа “Удирдлагын зүгээс ч биднийг үл хөдлөхийн зах зээлд хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байж, өсөж хөгжих бүхий л боломжоор хангадаг. Үргэлж ажилтнуудынхаа төлөө байдаг учраас өдөр бүр шинийг сурч, туршлагажиж, хөгжиж чаддаг. Энэ бүхэн биднийг эргээд компанидаа тогтвортой ажиллах үндэс болохын зэрэгцээ хүн бүр манай компанид татагддаг гарцаагүй шалтгаан мөн. Миний урам зориг авдаг гол хүн бол А.Урангоо захирал. Биднийг дундрашгүй эрч хүч, мэдлэг, алсын хараагаараа үргэлж гайхшруулж, бахархуулж явдаг хүн. Захирлаасаа тасралтгүй суралцдаг” гэлээ. Тэдний яриаг сонсож суухад А.Урангоогийн “Борлуулалт бол багийн тоглолт” гэх үг өөрийн эрхгүй санаанд орж байв. Б.Ууганбаяр яриаг үргэлжлүүлж, “Захирал биднийг маш сайн чиглүүлдэг. Аливааг урьдчилж харж чаддаг учраас өгсөн зөвлөгөө нь үнэхээр зөв байдаг” хэмээн тодруулав. “Баг, хамт олон ойр дотно, эвтэй найртай байж, эвлэлдэн нэгдэж ажиллавал сайн борлуулалтууд ар араасаа төрдөг” гэж Ю.Мина мөн тодотгосон нь UA Properties компанийн хамт олны уур амьсгал, амжилтын нууц биш нууцыг бидэнд хэлж өгч байна.
Гэхдээ тэд ингээд зогссонгүй, салбараа том зургаар харж, үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш шинийг эрэлхийлж, шинийг нэвтрүүлж, шинийг цогцлоож байсан шигээ дараагийн боломж, дараагийн орон зайг бий болгохоор тэмүүлж байна. Энэ бүхнийг өнгөрсөн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ урсгал бий болж, томоохон үнийн дүн бүхий гүйлгээнүүд бартер солилцооны хэрэгслээр дамжиж, үүнд үл хөдлөх хөрөнгийг түлхүү ашиглах болсон тул энэ төрлийн борлуулалтыг хийхээс гадна оновчтой үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах замаар хөрөнгө оруулалтын үйлчилгээгээ эхлүүлж, эрэлт хэдийнэ үүсээд байсан ч зах зээлд огт байгаагүй шинэ орон зайг дүүргэсэн зэрэг олон талт ажлуудаас нь харж болно. Нэг талаас эрсдэл, нөгөө талаас тоооцоолол шаардсан уг үйлчилгээгээ тэд хоёрдогч зах зээлээс анхдагч зах зээлд шилжүүлж, төслийн үйл явц үргэлжилж, ид баригдаж буй үл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийж эхэлснээр яваа яваандаа менежментийн үйлчилгээ үзүүлэх шинэ чиглэлийг ч зурж эхэлсэн. Зураг төсөл, интерьер дизайны үйлчилгээгээ тэлж, оффис, үйлчилгээний барилга барих зэргээр барилгын салбарт хөл тавьж, зөвхөн зуучлалаар тогтохгүй энэ салбарын хөгжил, чанарт анхаарч, илүү цогц байдлаар ажиллаж эхэлсэн нь тэдний алсын харааг давхар илтгэнэ. Энэ бол өдөр тутмын асар завгүй хэмнэлийнхээ хажуугаар ухаан бодлоо уралдуулж, үргэлж урагшаа тэмүүлдэг хамт олны эрмэлзэл, ирээдүйн хөгжлийн төлөөх итгэл, сэтгэл юм.
UA PROPERTIES КОМПАНИЙН БОРЛУУЛАЛТЫН БАГУУД:
UA CIA багийн ахлагч Б.Цэрэнноржмаа: “Тууштай ажиллаж, тасралтгүй суралц”
Хүн өөрийгөө өөрчилж чаддаг байх нь тун чухал. Тиймээс багийнхандаа боломж олгож, сэтгэлийн дэм өгч, урам хайрлаж, зөвлөж чиглүүлэхийг хичээдэг. Мөн ажилдаа чин сэтгэлээсээ хандах, үйлчлүүлэгчийг хүндэтгэх, хариуцлагатай байх, зөвхөн ярьдаг төдийгүй хийдэг байхыг шаарддаг. Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч байна гэдэг хүн бүхний хийж чаддаг ажил биш, урт хугацаандаа л үр дүн гардаг учраас багийнхны сэтгэлээр их дэмжинэ ээ. Өөрийн явах замаа нэгэнт тодорхойлчихсон хүн тууштай байж, тасралтгүй суралцаж, мөрөөдлөө биелүүлж чадна шүү дээ. Ямар ч бизнес хүнээ хөгжүүлвэл цаашдын зам нь тод гэрэлтдэг. Би ингэж л ажилладаг.
UA Alpha Reits багийн ахлагч Б.Орхон: “Санаж явбал бүтнэ”
Хүний итгэлийг алдахгүйн төлөө бүхнээ зориулж ажилладаг нь манай багийн онцлог. Багахан алдаа гаргахыг ч хүсдэггүй учраас багийн гишүүдийнхээ ажлын гүйцэтгэлийг нягт нямбай байлгахад их анхаардаг. Мөн цагийг ягштал барьж, бүхнийг цагт нь буюу цагийн ажлыг цагт нь дуусгах зарчмыг баримтлан ажилладаг.
UA Extension багийн ахлагч Б.Ууганбаяр: “Бидний зорилго бол таны зорилгыг биелүүлэх”
“Надаас авах зүйлээ ав. Гэхдээ өөрийн гэсэн борлуулалтын арга барилыг олох хэрэгтэй” гэж багийнхандаа хэлдэг. Анх UA Properties -д ороод удаагүй байхдаа А.Урангоо захирал, Б.Орхон ахлахыг хараад энэ хүмүүсийн борлуулалтын арга барилаар явах юм байна гэж ойлгож байсан ч, дандаа бүтэлгүйтээд байсан. Одоо эргээд харахад бусдын хайрцганд орчихсон байснаа ойлгосон. Тиймээс өөрийн хувийн онцлогийг ойлгож, түүнийгээ хөгжүүлснээр амжилт үзүүлж эхэлсэн. Анх учраа олохгүй явсан үе надад олон бий. Зарж чадах болов уу, бүтэх болов уу гэсэн олон эргэлзээтэй асуудлын дундуур явж байж хүн өөрийн арга барилыг олдог. Мөн багийнхандаа “Өндөр үнийн дүнтэй төслөөс битгий айгаарай, аль болох ханцуй шамлаад ороорой. Өнөөдрийн бүтэлгүйтэл, айдас хожим энгийн зүйл, хэвшил болж, ажил гарт орж эхэлнэ” гэж захидаг.
UA Partners багийн ахлагч Ю.Мина: “Хийж буй ажилдаа дурлавал үр дүн заавал ирнэ”
Би тоонд бус гүйцэтгэлд их анхаардаг. Нэг борлуулалтын ард хамгийн багадаа таван хэрэглэгч байдаг учраас тухайн борлуулалтынхаа гүйцэтгэлийг 100 хувь ба түүнээс дээш, маш өндөр хувьд хүргэж байж сая сайн борлуулалтад тооцдог. Зуучлалын хөлсөө авах нь гол бус дараа нь тухайн харилцагчтай эргээд уулзахад сайхан харилцаатай, нүүр бардам байж чадахуйц хэмжээнд гүйцэтгэлтэй байхыг зорьдог. Тиймээс багийн борлуулагчдаа ч өндөр гүйцэтгэлтэй байхыг шаарддаг.
Amjilt zaluusaa
Хэтийдсэн маркетинг ПР-тайгаа таарсан үйлчилгээгээ үзүүлмээр бнаа. 2 удаа хандаж захиалга өгч үзсэн сэтгэлд ерөөсөө хүрээгүй
Хэтэрхий уянгын халилттай, мэдлэг олчихмоор юмгүй ярилцлага болж. Гадарлаж биш, доторлож бичвэл.