Даатгал бол хүн төрөлхтний туулдаг байгалийн гамшиг, үхэл сүйрэл, дээрэм тонуул, өвчин зовлон зэрэг хувь тавилангийн бэрхшээлүүдийн эсрэг бүтээсэн хамгийн том ололт юм. Анх 4000 шахуу жилийн өмнө Вавилоны хаан Хаммурапи аль нэг худалдаачны тэмээн жин дээрэмдүүлэхэд бусад худалдаачдын жингийн цуваануудаас нөхөн төлбөр гаргуулж эрсдэлийг хуваарилах зохицуулалтыг алдарт Хаммурапийн хуульдаа тусгаж байжээ.
Дэлхийн олон хэлэнд “Даатгал” хэмээх үгийн язгуурыг хөөхөд ч сонирхолтой зүй тогтол харагддаг. Англи хэлний “Insurance” гэсэн үгийн en + seur (sure) үе нь латин хэлний “securus” буюу аюулгүй, найдвартай гэсэн утгатай үгнээс гаралтай бол cura (анг.care) гэх хоёр дахь үе нь халамжлах, анхаарах гэсэн утга агуулдаг. Харин орос хэлний “Страхование” гэдэг үгийн язгуур нь страх буюу айдас гэдэг үг юм. Мөн хятад хэлэнд даатгалын утгыг илэрхийлдэг “保险” (баосянь) гэдэг хоёр ханз нь “Эрсдэлээс хамгаалах”, “Хэцүү цагт туслах” гэсэн холбоо үг гэж судлаачид үздэг.
1934 онд Монголд даатгалын байгууллага үүссэн түүхийг эргээд харсан ч одоогийн “Монгол даатгал” компанийн анхны нэрийг “Аюулаас хамгаалах газар” гэж өгсөн нь даатгалын зорилгыг шууд хэлээд өгчээ. Гэвч түүнээс хойш 88 жил өнгөрсөн ч даатгалын тогтолцоо Монгол Улсын эдийн засагт ч тэр, хүн зоны сэтгэлгээнд ч тэр баттай төлөвшиж чадаагүй, тун “гүехэн” хэвээр байна.
Хүний амьдралыг нэг ёсондоо бартаа ихтэй авто уралдааны замтай зүйрлэж болно. Тэгвэл энэ замаар явахдаа зүүх ёстой суудлын бүс нь даатгал юм. Даатгалын хөгжлийг гүнзгийрэлт (хураамжийн нийт орлогыг ДНБ-д харьцуулсан) ба нягтрал (нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлого) гэсэн хоёр үзүүлэлтээр хэмждэг. Манай улсын хувьд даатгалын гүнзгийрэлт ДНБ-ий 0.55-0.56% буюу дэлхийн дунджаас 13 дахин бага, даатгалын нягтралаар 25 орчим ам.доллар буюу дэлхийн дунджаас 25 дахин бага байна. Өөрөөр хэлбэл, бид аюултай замд, баталгаагүй авто машинаар суудлын бүсгүй хар хурдаараа давхиж явна. Олон улсад даатгал нь аливаа ажлыг эхлүүлэхээс өмнө заавал хийх ёстой алхам байдаг ч 2018 онд СХЗ-ноос хийсэн судалгаагаар монголчуудын 94.5 хувь нь санхүүгийн үйлчилгээ авдаг ч 70 хувь нь сайн дурын даатгалд хамрагддаггүй гэсэн дүгнэлт гарсан нь бид маш олон эрсдэлийн дунд хамгаалалтгүй амьдарч байгааг илтгэнэ.
Даатгалын нэвтрэлт олон улсаас 13 дахин бага байгаа нь нэг талаас манай даатгалын зах зээл төдий хэмжээнд тэлэх боломжтойг харуулж байна.
Даатгалын нэвтрэлт олон улсаас 13 дахин бага байгаа нь нэг талаас манай даатгалын зах зээл төдий хэмжээнд тэлэх боломжтойг харуулж байна. Гэвч нөгөө талаас бид эрсдэлээ хуваарилж сураагүй, маш олон эрсдэлийг даатгадаггүйгээсээ болж тэдгээр эрсдэлээс үүссэн хохиролд 13 дахин их мөнгө зарцуулж байна гэж хэлэхэд болно. Жишээ нь, төрийн байгууллагууд хөрөнгөө даатгуулдаггүй, даатгалын зардлаа танадаг учраас эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгөөр элдвийн хохирол барагдуулахад хүрдэг.
Монгол даатгал компани ба даатгалын зах зээл
Эдүгээ Монголын даатгалын зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ ердөө 425 тэрбум төгрөг (хураамжийн орлого 243 тэрбум төгрөг) байгаа нь 2022 онд нийслэл Улаанбаатар хотын түгжрэлтэй тэмцэхэд зориулсан төсвөөс ч бага юм. Тэгсэн ч даатгалын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах гол ажил даатгалын компаниудын нуруун дээр явна.
Монголд үйл ажиллагаа явуулж буй даатгалын 17 компанийн хамгийн ууган нь болох 88 жилийн түүхтэй Монгол даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэбулгантай даатгалын талаар, мөн тус компанийн өнөө болон ирээдүйн тухай ярилцсан юм. Тэрээр “Хүмүүсийн хариуцлагын мэдрэмж, хариуцлага хүлээх чадвар хөгжих нь даатгалын зах зээл хөгжих үндсэн нөхцөл. Тиймээс хариуцлагатай хүний хураамж багасдаг байх ёстой” гэж ярианыхаа эхэнд онцолж хэллээ.
Өнөөгийн даатгалын салбарын хүний нөөцийн ихэнх нь Монгол даатгал компаниар дамжиж гарсан бөгөөд голдуу удирдлагын түвшинд ажилладаг. Энэ нь нэг талаас даатгалын мэргэжлээр дээд боловсрол олгодоггүй байсантай ч холбоотой. Уг зах зээлд олон тоглогч бий болж, өрсөлдөөн ширүүсэж байгаа ч энэ компанийн хувьд зах зээлд эзлэх хэмжээ гэхээс илүү бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарт төвлөрөн ажиллаж байна. Монгол даатгал ХК нь хамгийн олон буюу даатгалын 76 төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Ингэхдээ 33 салбар нэгж, 600 гаруй төлөөлөгчөөс бүрдсэн улсдаа хамгийн том даатгалын үйлчилгээний сүлжээгээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. Тийм ч учраас даатгалын ач холбогдлыг нийгэмд таниулах тал дээр илүү хариуцлагатай ажиллахыг зорьж буйгаа О.Эрдэнэбулган захирал ярилаа.
Монгол даатгал ХК-ийн нэг гол онцлог нь бусад компанийн тэр бүр хүрч чадахгүй сегментүүдэд чиглэж ажилладаг. Тухайлбал, орон нутаг дахь сүлжээгээрээ дамжуулан малын индексжүүлсэн даатгалыг хийсээр иржээ. Мөн “анхны” гэсэн тодотголтой арилжааны даатгалын олон бүтээгдэхүүнийг бий болгожээ. Жишээ нь, уул уурхайн салбарт зориулсан даатгал, олон улсын эрүүл мэндийн даатгал, буухиа даатгалыг улсдаа нэвтрүүлж, анх удаа иргэдийн даатгалын 24 цагийн дуудлагаар үйлчлэх шуурхай албыг ажиллуулдаг болжээ.
О.Эрдэнэбулган нь нийт даатгалын зах зээл хөгжихөд мэдлэгийн, инновацын, технологийн гэх мэт хөрөнгө оруулалтууд шаардлагатай байгааг онцлов.
Монгол даатгал ХК нь одоогоор нийт зах зээлийн тавны нэгд нөлөөлдөг, 255 мянга орчим даатгуулагчтай, жил тутмын нөхөн төлбөрийн хэмжээгээр (9 тэрбум орчим төгрөг) тэргүүлэх байр суурьтай, Монголдоо хамгийн том нөөц сантай (21 тэрбум гаруй төгрөг) компани юм. “Гэхдээ бид тооноос илүү чанарт анхаарч, хамгийн чухал нь харилцагчдын эрсдэлээ оновчтой удирдах соёлыг бэхжүүлэх, тухайн салбарын стандарт нормыг сахих нь ямар чухал гэдгийг таниулахад ихэнх хүчээ дайчилж байна” гэж О.Эрдэнэбулган хэлэв. Тиймээс ААН-үүдтэй хамтран болзошгүй эрсдэлээс даатгуулсан эсэхээс үл хамаарч эрсдэлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх ёстой гэсэн зарчмаар ажилладаг. Энэ нь Монгол даатгал ХК корпорэйт харилцагчдын дунд илүү нэр хүндтэй болоход нөлөөлжээ. Тэдгээр харилцагчийн төлөөллийг И-Март, Сүү ХК, ИНЕГ, ЦЕГ, Мобиком, Хаан банк, Мөнххада, Говь, Шунхлай групп, АПУ, Энержи ресурс, Шангри-Ла, Ньюком групп, Таван богд интернэшнл гэсэн үндэсний томоохон компаниуд бүрдүүлж байна.
Даатгалын бүтээгдэхүүний чанар гэдэгт мэдээж нөхөн төлбөр олгох үйл явц багтдаг. Монгол даатгал ХК-д энэ тал дээр бахархах зүйлс их бий. Тухайлбал, И-Март дэлгүүр, Говь үйлдвэрт гарсан гал түймэр, шинэ нисэх буудлын үер зэрэг даатгалын томоохон тохиолдлууд дээр нөхөн төлбөрийг хурдан шуурхай шийдэж, даатгуулагчид үйл ажиллагаагаа цаг алдалгүй сэргээж байв.
Энэ соёл нь Монгол даатгал ХК-д сүүлийн жилүүдэд томилогдон ажиллаж буй менежментийн багийнхны ажлын үр дүн юм. О.Эрдэнэбулганы хувьд Гүйцэтгэх захирлаар томилогдоод ганцхан жил болж байгаа ч үүнээс өмнө хоёр жил үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж, компанийн соёлыг шинэчлэх, ил тод байдлыг төлөвшүүлэхэд мэдлэг, ур чадвараа зориулжээ. “Нуулгүй хэлэхэд компанийн ажилтнууд харилцагчдаас хураамж авахдаа ямар нэг байцаагч шиг загнаад сууж байдаг тийм үе ч байсан. Үйл ажиллагаа хариуцаж авсны дараа тийм хандлагыг арилгахын тулд хүний нөөцийн тал дээр томоохон өөрчлөлт хийхээс өөр аргагүй байсан” гэж О.Эрдэнэбулган ярив. Эдүгээ Монгол даатгал ХК шударга, ил тод байдлыг компанийн соёлын үндсэн зарчим болгож чаджээ.
О.Эрдэнэбулган нь Монгол Улсын даатгалын салбарын түүхийн гол төлөөлөл болсон компанийг удирдаж байгаа гэхэд эхэндээ даруухан хүн мэт санагдавч менежментийн туршлагаараа бол салбарынхаа шилдэг боловсон хүчин. Санхүүгийн менежментийн мэргэжил эзэмшсэн тэрээр Монгол даатгал ХК-д ирэхээсээ өмнө Монголын болон олон улсын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн удирдлагаар 17 жил ажилласан туршлагатай аж.
Менежментийн баг сайжрахын зэрэгцээ компанийн засаглалд ч том шинэчлэл гарч байна. Монгол даатгал компани 2019 оны 12 дугаар сард хувьцаат компани болж хөрөнгийн зах зээлд гарсан билээ. Эхлээд хувьцааны үнэ 670 төгрөг байсан бол эдүгээ 3500 төгрөгийн үнэ хүрчээ. Энэ нь тус компани зах зээлд ямар байр суурьтай, харилцагчдын хувьд хэр итгэл хүлээлгэдгийн илрэл юм. Монгол даатгал компани ойрын жилүүдэд нэмэлт хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг О.Эрдэнэбулган дуулгалаа. Ингэснээр хувьцааны төвлөрөл буурч, компанийн засаглал, хөгжил улам бэхжих юм.
Даатгал бол хэмнэж болдоггүй зардал
О.Эрдэнэбулган нь нийт даатгалын зах зээл хөгжихөд мэдлэгийн, инновацын, технологийн гэх мэт хөрөнгө оруулалтууд шаардлагатай байгааг онцлов. Ялангуяа мэдлэгийн хөрөнгө оруулалт бол даатгалын салбарт хамгийн их дутагдаж буй зүйлсийн нэг.
Даатгалын өөрийнх нь утга учир мөнгө хийхдээ бус нийгэм дэх аливаа эрсдэлийг бууруулж, нийтээрээ тогтвортой хөгжих бололцоог өгдөг аюулгүйн тор ч гэж нэрлэгддэг. Хүмүүст мөрөөдөлдөө хүрэхэд замд нь учирч болох эрсдэлүүдээс хамгаалж айл өрхийн амьдралын чанарыг хамгаалах, бизнесүүдийн зорилгодоо хүрэх амжилтын баталгаа болдог гэдгээрээ буянтай бизнес юм. Манай нийгэмд тулгамдаад буй маш олон асуудлыг даатгалын системээр дамжуулан шийдэх боломжтойг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ утгаараа даатгалын компани “Ийм хэмжээний ашиг оллоо” гэхээсээ илүү “Улс орны эрсдэлийн түвшнийг тийм хэмжээнд буурууллаа” гэх нь амжилтыг илтгэх гол үзүүлэлт байх ёстой. Монгол даатгал компанийн хэтийн зорилго чухам энэ үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Үүнээс гадна хүн эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах, ажил хэргээ санаа зовохгүй явуулах чухал нөхцөл бол даатгал юм гэсэн ойлголт манай нийгэмд маш сул байгаа. Үндсэн хуульд заасны дагуу монгол хүн эрүүл, аюулгүй амьдрах язгуур эрхтэй ч одоогийн систем энэ нөхцөлийг харамсалтай нь хангаж чадахгүй байна. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар жишээ авахад иргэн тав хүртэлх сая төгрөгийн хамгаалалт авдаг. Тухайн хүний эрүүл мэндэд болон түүний хөрөнгөд хохирол учирвал энэ мөнгөнөөс 80 хувийг л эрүүл мэндэд нь зарцуулдаг. “Өөрөөр хэлбэл, монгол хүнийг дөрөвхөн сая төгрөгөөр үнэлээд байгаа юм шиг санагддаг” хэмээн О.Эрдэнэбулган ярилаа.
Даатгал нь эрсдэлийг хуваалцаж байгаа болохоос хүнийг хариуцлагаас мулталдаг тогтолцоо биш. Тиймээс даатгалын сангийн мөнгө бол даатгалын компанийн мөнгө биш, даатгуулагчдын мөнгө юм.
Үүн дээр нэмээд хэлэхэд эмчилгээний зардлаа олохын тулд хандив гуйж байгаа олон жишээг бид харж байна. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын системийг оновчтой ашиглаж чадвал энэ мэт санхүүгийн асуудлыг шийдэх боломж бүрэн бий. Улсын эрүүл мэндийн даатгалын хураамжийн талыг нь л даатгалын компаниудад хуримтлуулахад манай эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо цоо шинэ түвшинд хөгжих боломжтой талаар хэлж байлаа. Монголчууд жилд нэг их наяд төгрөгийг зөвхөн хохирлоо барагдуулахад зарцуулдаг гэсэн тооцоо бий. Монгол даатгал ХК нь энэ байдлыг халахын төлөө ажиллаж байгаа. Учир нь бидэнд монгол хүний эрүүл мэнд, монгол хүний амь нас хамгийн эрхэм чухал юм.
Харин энэ том зорилгод хүрэхэд саад бэрхшээл багагүй байгааг О.Эрдэнэбулган хэллээ. Эндээс хамгийн төвөгтэй нь “Даатгал бол хүнээс зүгээр мөнгө авдаг, буцаад юу ч өгдөггүй” гэх олон нийтийн дундах буруу ойлголт. Даатгал нь эрсдэлийг хуваалцаж байгаа болохоос хүнийг хариуцлагаас мулталдаг тогтолцоо биш. Тиймээс даатгалын сангийн мөнгө бол даатгалын компанийн мөнгө биш, даатгуулагчдын мөнгө юм. Даатгал нь хувь хүн, байгууллага, улс орныг хэлж ирдэггүй, хийсэж ирдэг элдвийн эрсдэлээс хамгаалдаг гол зэвсэг учраас олон улсад даатгалыг хэмнэх ёсгүй зардал гэж үздэг. Тийм ч учраас Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаа эхлэхээс өмнө заавал даатгуулдаг бөгөөд энэ нь уг зах зээлийн бусад оролцогчдод сайн жишээ болж байна.
Олон улсад хариуцлагын төрлийн даатгалууд ихэнх нь албан журмын болсон байдаг бол Монголд ганцхан жолоочийн хариуцлагыг даатгадаг. Гэвч энэ нь ганцдахгүйгээр жолооч нар ба замын цагдаагийн хоорондох маргааныг арилгаж, өчнөөн олон аавын хөвгүүдийг хэцүү нэртэд суухаас сэргийлж, үнэлгээ, хохирол нөхөн төлөх процессыг шинэ шатанд гаргаснаас гадна даатгалын гүнзгийрэлт 0.4 хувь байсныг 0.55 хувь болгосон. Эндээс энэ салбарт хийгдсэн ганцхан шийдвэр нийгэм, эдийн засагт хэчнээн том өөрчлөлт авчирч болох нь харагдана.
Мэдлэгийн чиглэлд гарч буй өөр нэг чиг хандлага бол хүний амьдралын хэв маягийн өөрчлөлтийг дагаад даатгалын бизнесийн загвар ч хувьсаж байгаа явдал. Орчин үеийн дэлхийд хүмүүс баян чинээлэг амьдарна гэхээсээ эрүүл, амар амгалан, байгальдаа хор хөнөөлгүй амьдрах нь чухал болж байна. Тогтвортой хөгжлийн энэхүү үзэл баримтлалаар амьдрагч хүмүүсийн тоо олширч, бас технологи хурдацтай хөгжих болсноор үүнийг дагаад даатгалын бизнес ч өөрчлөгдөж байна. Монгол даатгал ХК-ийн стратегийн нэгэн зорилт бол өгөгдөлд суурилсан үйлчилгээ. Тодруулбал, тухайн хүний амьдралд гарч болох бүхий л эрсдэлд анализ хийсний дүнд тэр хүний эрсдэлийн профайлыг үүсгэж, зөвхөн тухайн хүнд зориулсан даатгалын үйлчилгээг өгдөг шийдлийг нэвтрүүлэх юм.