Хил хаахаар хамгийн түрүүнд нарийн ногоонууд дэлгүүрийн лангуунаас алга болж үлдсэн ногооны үнэ нь өснө. Махнаас ч үнэтэй ногоо гэсэн гомдол хаа сайгүй байна. Дэлгүүрийн лангуун дээрх “монгол” нэртэй нарийн ногоонууд алга боллоо.
Бид хэрэгцээнийхээ ногоог ч тарьж чаддаггүй гэж үү? Дөрвөн улиралтай ч сүүлийн үед хавар нь уртсаад намар нь богиносоод ногоо тарихад хүндрэлтэй. Өвлийн хэрэгцээгээ хангалттай нөөцөлж чаддаггүйгээс Хятадаас авдаг байлгүй гэж бодохыг хичээсэн ч гайхам их газар нутагтай байж яагаад хадгалах зоорь, ядаж л жилийн 3 улиралдаа тариалах боломжийг өнөөг хүртэл бий болгоогүй юм бол гэх мэт асуултдаа ээрэгдэж сууна.
Жилд хэчнээн хэмжээний ногоо импортоор авдаг вэ энэ асуултад статистикийн мэдээллийн сайтаас хариултаа олов. Харин хэрэгцээнийхээ хэдэн хувийг дотоодоосоо хангадаг болохыг ХХААХҮ-ийн яамны сайтаас хайлаа.
Статистикийн мэдээллийн сангаас 2018-2021 оны импортын мэдээнээс хамгийн ихээр импортолсон ногоог байцаа тэргүүлж байна. Дараа нь сонгино сармис ордог юм байна.
Харин хэрэгцээнийхээ хэдэн хувийг гаднаас авдаг тухай мэдээлэл олсонгүй, магадгүй би сайн хайсангүй задгай мэдээг боловсруулах гэж хичээсэнгүй. Гэхдээ ХХААХҮ-ийн яамны сайт дээр 2020 оны нэг сонирхолтой мэдээ байна. Энэ мэдээг үндэслээд өөрөө тооцоолж үзэв.
Манай улсын 2020 оны зохистой хэрэгцээ нь төмсний хувьд 115.2 мянган тонн, хүнсний ногооны хувьд 249.6 мянган тонн байдаг ажээ.
Эндээс харьцуулж тооцвол төмсний хэрэгцээ 115.2 мянган тонн бол 2020 онд импортолсон төмс 8.9 тонн байгаа нь тухайн жилийн хэрэгцээний 0.01 хувь орчим болж байна. Бид хэрэгцээнийхээ төмсийг тарьж чаддаг юм байна.
Харин хүнсний ногооны хэрэгцээг авч үзэхдээ статистикийн дээрх 16 төрлийн ногооноос илүү өргөн хүрээнд авсан эсэхээс хамаарч харьцуулалт өөр болох юм. Энэ удаад дээрх хоёр эх үүсвэрийн тооноос авч үзвэл импортоор оруулсан хүнсний ногооноос төмсийг хасаад нийлбэрийг тооцвол 74.9 мянган тонныг импортолжээ. Энэ нь хэрэгцээт 249.6 мянган тонн ногооны 30 хувийг гаднаас оруулж ирж байна гэсэн үг аж. Дотоодоосоо 70 хувиа хангаж байна.
ХХААХҮ-ийн яамны тооцоогоор манай улсын хүн амын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний зохистой хэрэгцээг 2020 оны байдлаар тооцож үзвэл, улсын хэмжээнд жилд нийтдээ 182.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 153.6 мянган тонн сүү, 172.8 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 96.0 мянган тонн гурил, 172.8 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 48.0 мянган тонн будаа, 31.7 мянган тонн сахар, чихрийн зүйл, 115.2 мянган тонн төмс, 249.6 мянган тонн хүнсний ногоо, 38.4 мянган тонн буурцагт ургамал, 192.0 мянган тонн жимс, жимсгэнэ, 19.2 мянган тонн өндөг, 22.1 мянган тонн ургамлын тос, 9.6 мянган тонн цөцгийн тосны хэрэгцээтэй байна.
ХХААХҮЯ-ны сайт дээр “дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны 60.7 хувийг дотоодоосоо хангаж байна” гэжээ.
Эрэлт нийлүүлэлтийн хуулиар бол эрэлт их байна. Нийлүүлэлт нь хүрэлцэхгүйгээс гаднаас нэмж ногоо авч байна. Гэтэл нийлүүлэлтийн эзэд болох ногоочид яагаад зээлээс зээлийн хооронд зун намрын богинохон хугацаанд тарьсан ногоогоо хямд ченжүүдэд зардаг юм бэ? Ногоочид хэрэглэгч хоёрын дунд “ченж” гэгч яагаад бий болов?
Ченжүүд ногооны үнийг дамлаад өндөр үнээр зардаг гэж ногоочид ярьцгаадаг. Ногоогоо хурдан борлуулах зорилгоор асар бага үнээр бөөндөж зардаг гэлцэнэ. Ногоочдод хадгалах зоорь байхгүй, зардлаа санхүүжүүлэх, зээлээ төлөх гэх мэт шалтгаан их байна.
Ченж гэх нөхөд яагаад ийм их эрх мэдэлтэй болж хүнсний ногооны үнийг зах зээл дээр тогтоож байна вэ? Тэдэнд ийм боломжийг хэн бий болгов?
Энэ асуудлыг яаж зохицуулах вэ гэж бодож буй хүн олон л байгаа. Хариултаа зөв олоогүйгээс өнөөдрийг хүртэл энэ асуудлыг зохицуулж чадахгүй яваа болов уу. Тиймээс би өөрийнхөө бодож явдаг нэг саналыг энд бичих гэсэн юм.
Хүнсний ногооны бизнес татварын хуулиар хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль (22.5.10 а), Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (23.2.2)-д тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлөлт эдэлдэг бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (13.1.15)-иар чөлөөлөлт эдэлдэг.
Татвараар зохицуулах механизм ажиллахгүй байгаа нь ченжүүдэд боломж олгож, ногоочдод баяжихгүй байх нөхцөл бүрдүүлээд байна.
Хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж байгаа нь олсон орлогоо тайлагнахгүй байх боломжийг бий болгоод байна уу даа гэж ажиглагддаг. Саяхан би олон жил ажиллаж буй нэг үрийн дэлгүүрээс үрсэлгээ авсан юм. “И-баримт авья” гэтэл “Тэгвэл 10 хувь нэмнэ шүү дээ” гэдэг байгаа. Түүний энэ хариулт нь л баримт өгөхгүй байхыг хичээсэн тайлбар болохоос тайлагнах талаар огтоос мэдлэггүй байгааг харуулж байгаа юм. НӨАТ-аас чөлөөлөгддөг бараа зарж байж 10 хувь нэмнэ гэдэг нь хачирхалтай байгаа биз дээ. Хажууд зогсож байсан настай эгч “баримт ер нь өгдөггүй юм шүү дээ” гэж цөхөрсөн дуугаар учирлаж байх нь бас өрөвдөлтэй.
Хүнсний ногоо тариаланчид татвараас хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхээс гадна яамнаас олон хөнгөлөлт, урамшуулал олгож хөнгөлөлттэй зээл төсөл хэрэгжүүлдэг. Хүнсний ногоо үйлдвэрлэгчдийг дэмжих талаар олон ажил зохиодог. Хүнс бол яах аргагүй чухал хэрэгцээ. Тиймээс олон төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал байх нь зөв юм.
Гэтэл борлуулалт нь тодорхой бус, бэлэн мөнгөөр явагддаг гол зах зээл бол энэ салбарт их байдаг. Далд эдийн засгийн том орон зай ч гэж харж болохоор санагддаг.
Цахим төлбөрийн баримтын систем бий болсноор ресторан, дэлгүүрийн эздийн хамгийн их борлуулагддаг бараа нь и-баримт өгдөггүй хэмээн хасагдах зардлуудаа яаж бүртгэх вэ гэсэн олон гаргалгаа хайсан захирал нягтлангууд байсан. Эхнээсээ шийдэл олоод байгаа ч шийдэл олоогүй асуудал байсаар л байна.
Яамнаас хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөр зээл тусламжид ихэнх ногоочин хамрагдаж чаддаггүй. Аж ахуйн нэгж байгуулсан ч “Х” тайлан өгнө. Санхүүгийн хариуцлагагүй байдал нь яамны шаардлагад нийцдэггүй байх боломжтой.
Иргэнээрээ борлуулалтаа хийгээд орлого олоод байгаа ч ногоо тарьдаг гэдгийг нь санхүүгийн тайлагналаар нь батлах боломжгүй. Тиймээс л тэр олон хөнгөлөлт тусламжид хамрагдах болзол хангадаггүй болов уу.
Тайлангаа илгээгээд, татварын хөнгөлөлтөө эдэлчихвэл яамнаас олгож буй тэр их зээл тусламжид үйл ажиллагааны цар хүрээ, олж буй орлого, гарч буй зардлаас нь хамааруулж зээл, тусламж, хөнгөлөлт, урамшуулал асуудалгүй олгох боломжтой сон. Даанч энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд аж ахуйн нэгж нь татварын тайлагналд хамрагдах нь муу гэдгийг татварын албаны гаргасан мэдээнээс харж болно. Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс 2021 оны тайлангаар ердөө хоёрхон нь 63 сая төгрөгийн татвараа хөнгөлүүлж төлсөн татвараа буцаан авахаар болсон тухай мэдээлсэн байсан. Бүхэл улсын хэмжээнд хоёр аж ахуй нэгж хамрагдсан гэхээр тун сонин. Эндээс юу гэж дүгнэж болох вэ гэвэл тариаланч ногоочид төлбөрийн баримт өгдөггүй. Орлогоо тайлагнахгүй байна гэдэг нь батлагдах юм.
Тариаланч ногоочид НӨАТ-аас чөлөөлөгддөг. Ченжүүд харин НӨАТ төлнө.
Гэтэл бүх ногоог нь ченжүүд нь бөөндөөд авчихсан байдаг. Тэд төлбөрийн баримт өгөх, бас авах огт сонирхолгүй. Баримт өгөөд эхэлбэл ченжүүд илүү их татвар төлөх болно. Ченжээс баримт нэхвэл баримт өгөхгүй эсвэл бараагаа өгөхгүй л гэх байх. Иргэд тэднээс баримт гаргуулах гомдлыг татварын албанд илгээж байвал төлбөрийн баримт өгдөг ч болох юм билүү, оролдоод үзэх хэрэгтэй юм. Тэднийг татвар төлүүлэх шаардлага хүчтэй тавьж чадвал “ченж” гэх бизнес байхгүй болно. Тэднийг дагасан олон асуудал бас алга болно.
Харин ченжүүдийг дагаж ногоочид тариаланчид баримт өгөхгүй байвал ченжүүд зах зээл дээр ноёлсоор үлдэж, ногоочид хуулиар олгосон боломжийг эдэлж чадахгүй хоцорсоор байх болно.
Тариаланч ногоочид маань орлогоо тооцож сурах хэрэгтэй байна. Бас гаргасан зардлаа ч бодитой мэдэж, ашгаа зөв тооцоолж сурмаар байна. Хэрвээ ингэж чадвал ченжүүд зах зээлээс гарах боломжтой. Ногоочид “төлбөрийн баримт”-аа гаргадаг болчихвол ресторан дэлгүүрийн эзэд таны байнгын худалдан авагч болно. Тэд зарж буй ногоондоо найдвартай байдлыг хэрэглэгчдэдээ амлаж чаддаг болно.
Ногоочид татварын тайлан гаргаж хуульд байгаа хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлж сурснаар “ченж” хэмээх дундын наймаачдыг зах зээлээсээ байхгүй болгох боломжтой. Ченжүүд танаас их татвар төлөх учраас ногоочин та баримт гаргаж өгснөөрөө тэдний зардлыг баталгаажуулж байгаа юм. Зардал гаргасан хүн орлогоо тайлагнах ёстой болно. Эндээс л татварын байгууллагын хяналтын ажил эхлэх учиртай. Манай Сангийн яам, Татварын алба хөнгөлөлт чөлөөлөлт эдэлдэг салбарын тоон мэдээн дээр “онцгой” ач холбогдол өгдөггүй байдал нь нөлөөлдөг байх талтай. Уг нь бол маш чухал санагддаг юм. Даанч “тэр яах вэ” гэсэн хандлага байдаг. Хэсэгхэн хугацаанд ажиллахдаа энэ чиглэлийн эхлэл тавих алхам хийсэн минь үргэлжилж байгааг анзаарч л сууна. Татварын алба “татвараас зайлсхийж” буй нөхдийг олж илрүүлэхэд хуулиар олгосон хөнгөлөлт чөлөөлөлтийг ашиглах учиртай. Тиймээс татварын албанд иргэдийн өгч буй гомдол бүр зах зээлийг эрүүлжүүлэх боломж болох ёстой юм.
Хэн ч их татвар төлөхийг хүсдэггүй. Тиймээс бага татвар төлөх боломжийг хайж зах зээл дэх байр сууриа өөрчилж байдаг нь зүй тогтол юм. Ченжүүд тэгж өөрчлөгдөж байж л бага татвар төлнө. Харин яг одоогийнх шиг хэн ч татвар төлөхгүй бол ченжүүд бага зардлаар илүү их ашиг олж амар суухыг хүсэх нь зах зээлийн бас зарчим.
ТАТВАР гэхээр л манай ногоочид тариаланчид “хамаг мөнгөө өгөх нь” гэж ташаа ойлгосноос ченж хэмээх “хувалз” өөртөө бий болгож хөдөлмөрөө шимүүлж байх шиг санагддаг. Тэд л илүү их ашиг олох зорилгоор гаднаас хямд ногоо оруулж ирэн “монгол” гэж нэрлэн зах зээл дээр дутагдаж буй эрэлтийг нөхөж ногоочдын тарьсан ногоотой өрсөлдүүлж үнийн бодлогод нөлөөлж суугаа.