– Business.MN сэтгүүлийн 2022 оны 07 сарын дугаар (№44) -т нийтлэгдсэн ярилцлага –
Өнгөрсөн зургадугаар сарын 22 -нд “Могул сервис” компанийн олон улсын стандартад нийцсэн, өндөр хүчин чадал бүхий “Могул дата центр” үйлчилгээгээ хүргэхэд бэлэн болж буйгаа зарлан, албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан билээ. Нээлтийн арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төлөөлөл, Могул группийн удирдлага, мэдээлэл технологийн салбарынхан болон харилцагч байгууллагуудын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Могул группийн ерөнхий захирал Н.Баттулга “Монгол Улс цахим үндэстэн болохоор тэмүүлж, дата эринд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдлээ. Бид “Могул дата центр” -ээрээ дамжуулан хэрэглэгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй мэдээлэл технологийн дэд бүтэц, шийдлийг дараагийн түвшинд гаргахад түүчээлэн алхаж байна” хэмээн онцолж байв.
Хан-Уул дүүргийн хүн амын суурьшлын бүсээс зайдуу хэсэгт баригдсан “Могул дата центр” -ийн үйл ажиллагаа нь банк, санхүүгийн байгууллагууд, технологийн компаниуд болон олон улсын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд руу голлон чиглэж буй. Шинэхэн бүтээн байгуулалтын талаар “Могул дата центр” хариуцсан менежер А.Ууганбаяртай ярилцлаа.
Юуны түрүүнд, “Могул дата центр” -ийн талаар ярилцахаас өмнө дата эриний онцлогийн талаар та мэргэжлийн хүний хувьд хэрхэн тайлбарлах вэ. Улам бүр өргөжин тэлж буй зах зээл гэдэг утгаараа дата архитектур, дата менежмэнт яах аргагүй анхаарлын төвд орж ирлээ?
1990 -ээд оноос хойш буюу интернэт хөгжиж эхэлсэн үеэс цаасан дээрх мэдээлэл бага багаар цахим хэлбэрт шилжих болсон. Эхлээд цахим датаг үүсгэх нь чухал байсан бол яваандаа хадгалах нь илүү чухалд тооцогдож ирсэн. Харин үүний дараа датаг дамжуулах нь илүү чухал болсон гээд технологийн хөгжилтэй уялдан дата хэрэгцээ, түүний төрөл нь цаг ямагт өөрчлөгдсөөр байна. Өнөө цагт хувь хүн болон байгууллагууд өөрсдийн мэдээллийг хадгалах, дүн шинжилгээ хийх, хүртээмжтэй байлгах зэрэг олон шалтгаанаар датагаа байж болох бүхий л талаар ашиглахад онцгой анхаарч эхэлсэн. Ингэхээр дата боловсруулах, дамжуулах, хадгалах зэрэгт тухайн датаны онцлогт тохирсон тоног төхөөрөмж, сүлжээний дэд бүтэц, системүүд хэрэгтэй болно. Харин энэ бүхнийг нэгтгэж, цогцоор нь шийддэг газар бол дата төв байдаг. Тиймээс ч дата эринг дата төвгүйгээр төсөөлөхийн аргагүй.
“Могул дата центр” -ийн үйлчилгээ нь бизнесийн байгууллагууд, төрөл бүрийн технологи, программ хангамж, платформ хөгжүүлж буй компаниуд руу чиглэж буй.
Сүүлийн үед мэдээлэл технологийн салбарын хөгжил чухал гэдгийг хэн хүнгүй ярих болсон ч энэ салбарын гол дэд бүтэц болох дата төвийн хангамж, хүрэлцээ, хөгжил ямар түвшинд яваа талаар төдийлэн хөнддөггүй. Ер нь хэрэглэгчдийн энэ талаарх ойлголт хангалттай түвшинд хүрсэн болов уу?
Монголд байгаа дата төвүүдийн ихэнх нь үүрэн холбооны операторууд, банкуудын тоног төхөөрөмж, системүүдийг ажиллуулах зорилготой байдаг. Зөвхөн тухайн байгууллагын хэрэгцээнд зориулсан учраас бусад хэрэглэгчдэд дата төвийн хангамж, хүрэлцээ хангалтгүй байсаар ирсэн. Нөгөө талаар, хэрэглэгчид дата төв гэхээс илүү сервер, тоног төхөөрөмжүүдээ өөрсдөө л хариуцан ажиллах ёстой гэсэн ойлголттой байдаг болов уу. Өнгөрсөн хугацаанд ихэнх байгууллага оффисынхоо тодорхой орон зайг серверийн өрөө болгон тохижуулж, хэн нэгэнд хариуцуулж ирсэн байдаг. Энэ төрлийн уламжлалт шийдэл нь дата төвийн стандартыг хангаж чадаагүйгээс янз бүрийн асуудал, бэрхшээл тулгарах нь түгээмэл. Тухайлбал, стандартын дагуу орчныг бүрдүүлээгүйн улмаас хэт халах, цахилгаан эрчим хүчний дутагдалд орох, эрсдэлийн үеийн нөөц төлөвлөгөөгүй байх, биет болон биет бус аюулгүй байдлын хамгаалалт сул, мөн байгууллагууд тэр бүр стандарт дата төв шиг их хэмжээний хөрөнгө оруулалтыг серверийн өрөө, дата төвдөө зарцуулах боломжгүй байдаг зэргийг дурдаж болно. Үүнээс шалтгаалан тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж, сул зогсолт ихсэх зэрэг асуудлуудтай тулгарах нь бий. Энэ байдалд дүгнэлт хийх цаг нэгэнт ирсэн учраас мэдээлэл технологийн салбарт стандартын шаардлага хангасан дата төв зайлшгүй шаардлагатай болсон. Өнөөдөр ямар ч салбарт өөрсдөө бүхнийг хийх гэж оролдохоос илүү шаардлагатай зүйлүүдээ мэргэжлийн байгууллагад даатгах нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн хамгийн зөв гаргалгаа гэдгийг хүмүүс бага багаар ойлгож эхэлж байна.
Яг ийм цаг үед “Могул дата центр” ашиглалтад орсон нь Монголын мэдээлэл технологийн салбарын хөгжилд ямар ач холбогдолтой вэ. Мөн шинэхэн дата төвийн ялгарах онцлог, давуу тал юу вэ?
Дижитал шилжилтийн эринд, тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй мэдээлэл технологийн орчинд “Могул дата центр” нь Монгол Улсын цахим үйлчилгээний дэд бүтэц, суурь хөгжлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж бид үзэж байгаа. Харин онцлог, давуу талын тухайд манай дата төв хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг шингээсэн төдийгүй дэлхийд тэргүүлэгч Schneider Electric -ийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гэдэг утгаараа найдвартай, тогтвортой ажиллагааны хувьд чанарын баталгаа болдог. Мөн бизнесийн байгууллагууд, төрөл бүрийн технологи, программ хангамж, платформ хөгжүүлж буй компаниудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ ялгарна. Мөн дээр нь барилгаа барьчихаад л орхичихож болохгүй, дата төвийн хамгийн гол онцлог бол тогтвортой үйл ажиллагаа байдаг. Тиймээс бид энэ тухайд зориуд анхаарч, ахисан түвшинд мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудтай гэдгээрээ онцгойрох байх гэж бодож байна.
Энэхүү дата төвийг дэлхийн стандартад нийцсэн гэх тодотгол дагалдаж байгаа. Тухайлбал, ямар стандартуудыг хангасан бэ?
“Могул дата центр” нь Монгол Улсад баримталж буй Дата төвийн харилцаа холбооны болон бусад дэд бүтцийн шаардлагын тухай MNS 6528:2021 стандартыг хангасан. Харин ихэнх улсад дата төвийг UPTIME институтын TIER I-IV хүртэлх стандартаар эрэмбэлдэг. Одоогийн байдлаар “Могул дата центр” TIER III стандартыг бүрэн хангаад байна. TIER III -т тавигддаг үндсэн шаардлага бол бие биеэс үл хамаарах нөөц тэжээлийн үүсгүүртэй, сүлжээний хувьд мөн үл хамаарах хоёр замчлалаар холбогдсон байх ёстой. Хөргөлтийн тухайд бие биеэ нөхөж, орлон ажиллах боломжтой backup хийх (дата нөөцлөх) системтэй байх шаардлагатай. Хамгийн чухал үзүүлэлт нь 99.98 хувийн тогтвортой, тасалдалгүй ажиллагааг хангах байдаг. Өдгөө “Могул дата центр” -ийг цааш өргөтгөх, олон улсын байгууллагуудаар итгэмжлүүлэх зэрэг хугацаа шаардсан ажлууд үлдээд байна.
Тэгвэл хүчин чадал болон голлох үзүүлэлтүүдийн тухайд?
Дата төвийн гол суурь бол эрчим хүч болон сүлжээний тасралтгүй, найдвартай байдал. Эрчим хүчний хувьд бид дата төвөө хоёр эх үүсвэрт холбосны зэрэгцээ цахилгаан тасрах эрсдэлийн үед автоматаар сэлгэн залгагдаж, хэдэн ч цаг тасралтгүй ажиллах боломжтой нөөц цахилгаан эх үүсвэрт холбосон. Нэг ёсондоо, хоёр мегаватт эрчим хүч ялгаруулах цахилгаан эх үүсвэртэй гэсэн үг. Тэгэхээр “Могул дата центр” -т датагаа хадгалуулбал санаа зовох зүйлгүй, үндсэн бизнестээ анхаараад явах эрх чөлөөг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа.
Харин дата төвийн хүчин чадлын тухайд эхний хэсгийн сервер, тоног төхөөрөмж байршуулах зориулалттай зогсуурыг ашиглаж байгаа бөгөөд цаашид хэсэгчлэн нэмэгдүүлэх боломжтой. Ирээдүйд зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөхийн хэрээр тоног төхөөрөмжийн хүчин чадал ч дагаад нэмэгдэнэ. Тиймээс бид зөвхөн хүчин чадлын тухайд ч бус дата төвийнхөө барилгыг ч өргөтгөх боломжтойгоор барьсан.
“Дата эринг дата төвгүйгээр төсөөлөхийн аргагүй”.
“Могул дата центр” хэрэглэгчдэд ямар үнэ цэнийг бий болгох вэ?
“Могул дата центр” нь Могул группийн мэдээлэл, технологийн зах зээлд хүргэж буй олон олон үйлчилгээнүүдийн нэг нь. Могул групп нь 1997 онд үүсгэн байгуулагдаж, компьютер болон компьютерын дагалдах хэрэгсэл оруулж ирсэн цагаас эхлээд өнөөг хүртэл 25 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд мэдээлэл технологийн бүхий л чиглэлээр томоохон төсөл, бүтээн байгуулалтуудад гар бие оролцож, чамгүй туршлага хуримтлуулж, мэргэшсэн хамт олныг бий болгож чадсан.
Тиймээс ч бид энэ бүх туршлагадаа тулгуурлан дараагийн томоохон алхмаа хийсэн нь дата төв байгуулах төслийн ажил. Бид дэлхийд алдартай Schneider Electric брэндийн шийдлүүдээр дата төвөө бүрэн тоноглосон нь чанарын баталгаа болж чадна. Тухайлбал, хөргөлтийн систем гэхэд функц бүр нь хосолж ажилладаг учир тухайн нэг агшинд нэг төхөөрөмжийг амраах зарчмаар сэлгэж ажилладаг. Ингэснээр төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа уртсах зэрэг сайн талтай. Тог баригч системийн хувьд мөн л Schneider Electric -ийн дата төвүүдэд зориулан хөгжүүлсэн модуляр системтэй. Хэрэв хэрэглээний явцад аль нэг модуль дээр гэмтэл үүссэн тохиолдолд бүхэлд нь солих биш, хэсэгчлэн буюу зөвхөн тухайн модулийг дангаар нь засварлах боломжтой байдаг. Энэ хооронд бусад модуль хэвийн ажиллаж байх учраас сул зогсолт үүсэх эрсдэлийг хамгийн бага түвшинд хүртэл бууруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, бид найдвартай байдлыг хангах үүднээс бүхий л тоноглолыг High Profile байхаар сонгосон. Мөн бүх системээ эрсдэлийн нөөц төлөвлөгөөтэйгээр шийдсэн. Энэ ч утгаараа “Могул сервис” компани өндөр чанар, найдвартай ажиллагаа, олон жилийн туршлагаараа харилцагчдадаа үнэ цэн бий болгож чадна.
Танай компанийнхан дата төв барих санааг 2008 оны орчмоос анх ярьж эхэлсэн юм билээ. Гэсэн ч өнөөг хүртэл хойшлуулаад л байж. 2020 онд дата төвийн төслийн ажлаа эхлүүлэх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
Өмнө нь бид 4-5 рактай серверийн өрөө ажиллуулаад явдаг байлаа. Харин дата төв барьж байгуулах тухай шийдвэр хэрэгцээ шаардлагаас үүдэж гарсан. Нэг үгээр, зөвхөн манай компанид бус бусад технологийн компанид ч серверээ найдвартай газар байршуулах хэрэгцээ байгаа, энэ эрэлт хэрэгцээ цаашид улам өснө гэж үзсэн хэрэг. Дата төвтэй байх ёстой талаар бид эртнээс ярьж, судалж байсан ч тухайн үед зах зээл бэлэн болоогүй, хүмүүсийн энэ талаарх ойлголт хангалтгүй байсан учраас хойшлуулсаар байв. Дээр нь байгууллагууд тоног төхөөрөмжөө дэргэдээ байлгаж, өөрсдөө ажиллуулах сонирхолтой байсан. Харин 2018 оноос клауд буюу үүлэн технологид суурилсан үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлснээр хэрэглэгчид дата төв, клауд технологийн талаар ойлголттой болж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн учраас бид дата төвөө байгуулахаар зориг шулуудсан.
“Могул сервис” компанийн хэтийн зорилго “Могул дата центр” -ийг public cloud дата төв болгох гэж та бүхэн өмнө нь ярьж байсан. Ийм дата төв болох нь ямар ач холбогдолтой вэ?
Бид эхний ээлжинд CO-LOCATION гэсэн энгийн үйлчилгээг санал болгож байгаа. Энэ үйлчилгээний онцлог нь хэрэглэгч өөрийн тоног төхөөрөмж, серверээ дата төвд буюу зориулалтын орчинд байршуулах боломж юм. Өөрөөр хэлбэл, серверийн доторх систем, платформ, программынхаа үйл ажиллагааг хэрэглэгч өөрөө хариуцдаг. Үүнийг private cloud дата төв гэж нэрлэдэг. Харин public cloud -ийн тухайд хүн бүрийн мэдэх Google, Amazon, Microsoft корпорацуудийн Google Cloud, AWS, Azure зэрэг үүлэн технологийн дэд бүтцийн үйлчилгээг ерөнхий байдлаар нэрлэж байна гэж ойлгож болно. Тиймээс бид энэ зүгт чиглэж ажиллахаар олон улсын байгууллагуудтай хэдийнээ холбогдоод харилцаад эхэлсэн. Товчоор, хэн ч хэзээ ч хандсан нөхцөл шаардлага, хэрэгцээнд нь тохирсон дэд бүтцийн үйлчилгээг санал болгохоор ажиллаж байна. Дараа жил гэхэд public cloud дата төв болох эхний шатны үйл ажиллагаа маань хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдсөн. Public cloud дата төв болсноор бид дэлхийд үйлчилгээгээ хүргэх юм. Тухайлбал, Facebook, Google -ийн сервер “Могул дата центр” -т байршсанаар Монголын хэрэглэгчид дэлхийн үйлчилгээг сүлжээний хамгийн өндөр хурдаар, хоцрогдол багатай авах боломж бүрдэнэ. Одоо бол Монголтой хамгийн ойр буюу Хонконг, Сингапурт байрлах олон улсын сүлжээнд холбогдож байж, дэлхийн компаниудын үйлчилгээг авч байгаа. Тэр хэрээрээ хоцрогдол (delay) нэмэгддэг. Иймээс шат ахиж, урагшлахын тулд хэдий их сорилттой ч бид “Могул дата центр” -ийг public cloud дата төв болгохоор зорьж байна.
Могул дата центрийн талаар дэлгэрэнгүй нийтлэл унших:
Могул Сервис: Таны өгөгдлийг дата төвийн дэд бүтцээр хангана
Мундаг байна. АМЖИЛТ.