Өнгөрөгч даваа гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулганыг Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Анх удаа зохион байгуулагдаж буй уг чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо, Азийн сан хамтран зохион байгуулсан юм.
Улс орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгч эмэгтэйчүүд хуран чуулж өөрсдийн бизнес, эрхэлж буй үйл ажиллагаандаа учирч буй хүндрэл бэрхшээлийг ярилцаж, хамтын гарцыг хайсан чуулга уулзалт болж өнгөрсөн. Чуулганд оролцогсод эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага зэрэг дөрвөн илтгэл сонсож, өөрсдийн эдийн засгийн оролцоо болон орчин, жендерийн байдал, хүний нөөцийн асуудлууд, цахим эдийн засаг дахь оролцоо, хариуцлагатай бизнес хөгжүүлэхэд оролцоо, зөвлөмж зэрэг сэдвийн дор таван хэлэлцүүлэг хийж зөвлөмж гаргалаа.
Өмнө нь өнгөрсөн оны есдүгээр сард “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”, энэ оны тавдугаар сард “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөгөөн, Ерөнхий сайдын ивээл дор “Монголын эдийн засгийн форум” зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж байсан билээ. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бараа үйлчилгээний үнийн өсөлт буюу инфляцын түвшин манай улсад сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ огцом буурснаас гадаад валютын орж ирэх урсгал багасаж, төгрөг америк долларын эсрэг тодорхой хэмжээгээр сулрах суурь шалтгаан болж байна. Мөн түүнчлэн олон улсын байгууллагуудын судалгаагаар цар тахлын эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө манай бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү мэдрэгдсэн гэсэн дүгнэлт гарсан болохыг цохон дурдлаа. Мөн үгийнхээ төгсгөлд “Өнөөдөр энэ танхимд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, холбогдох яам, агентлагын удирдлага, албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн учир та бүхэн санаа бодлоо чөлөөтэй хэлж, ажил хэрэгч санал, санаачилга гарган, илэн далангүй, нээлттэй ярилцаж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсэж байна” гэсэн юм.
Монгол Улсын хувьд өнөөгийн байдлаар 1.2 сая орчим хүн албан ёсоор ажил эрхэлж байгаагаас 46.5 хувийг нь эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм. Тэдний дийлэнх нь эрүүл мэнд, боловсрол, худалдаа, санхүү, даатгал болон зочид буудал, байр, орон сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарт түлхүү ажилладаг. Өнөөгийн байдлаар эмэгтэйчүүдийн 65.5 хувь нь цалин хөлстэй ажил хийдэг бол 13.1 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 21.3 хувь нь малчин хэмээн бүртгэгдсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн оргил үе нь 35-55 нас байдаг бол үүнээс өмнөх үед ихэнх нь сурч, хүүхдээ төрүүлж, өсгөхөд ихэнх цагаа зарцуулдаг. Тэдний энэ үеийг зөв зохицуулж, шийдвэрлэж чадвал эдийн засгийн өсөлтөд ихээхэн эерэг үзүүлэлтийг авчрах боломжтойг судлаачид танилцууллаа.
Эмэгтэйчүүдийн 65.5 хувь нь цалин хөлстэй ажил хийдэг бол 13.1 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 21.3 хувь нь малчин хэмээн бүртгэгдсэн байна.
Аливаа улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эхчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал үүрэгтэй байдаг. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг жендерийн тэгш байдлыг хэрхэн хангаснаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна. НҮБ 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалдаа жендерийн тэгш байдал, ижил боломжийг олгохыг гишүүн орнууддаа уриалж, албан ёсоор тунхагласан байдаг.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд анхаарал татах нэгэн тоон үзүүлэлт бол тэдний ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш хэт зөрүүтэй болсон явдал. Хамгийн сүүлийн судалгаагаар буюу өнгөрсөн зургаадугаар сарын эцсийн байдлаар эрэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин 68 орчим хувьтай байгаа бол эмэгтэйчүүд тэднээс 16 орчим пунктаар бага буюу 52 хувийн үзүүлэлттэй байна. Үүнтэй холбогдуулан “Азийн хөгжлийн банк”-наас хийсэн судалгааны зөвлөмжид бид дээрх зөрүүг арилгаж чадвал 30 жилийн дотор улсынхаа эдийн засгийг 16 хувиар тэлэх боломжтой болохыг дурджээ.
Одоогоор дэлхийн 46 улсад эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнесийг дэмжсэн хууль хэрэгжиж байна. Эдгээрээс тодруулбал, Энэтхэг улсад зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилдэг, зээлийн хүү багатай, эргэн төлөлтийн хугацаа урт зээл олгодог бол Турк улсад жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж хугацаанд нь зээлээ төлж чадсан тохиолдолд зээлийн хэмжээгээр нь буцаан олголт хийх зэргээр дэмжин ажилладаг байна. Гэтэл манай улсын хувьд “Жендерийн тэгш байдлын тухай хууль”-ийг УИХ-аас батлаад 10 жилийг үдэж байгаа хэдий ч 2019 онд жендерийн тэгш бус байдлаар 189 орноос 71 дүгээрт эрэмбэлэгдэж, өдгөө ч “бизнес эрхлэгч эмэгтэй” гэх тодорхойлолт үгүй байгаа нь харамсалтай. Мөн үүнээс гадна 2020 онд “Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих хууль” баталсан бөгөөд хүн амын арав хүрэхгүй хувь нь энэ хууль батлагдсан болохыг мэдэж байгаа нь хуулийн сурталчилгаа, танилцуулах ажиллагаа дутмаг байгааг мөн харуулж байна. Харин 2008 онд УИХ-д өргөн баригдсан “Хөдөлмөрийн тухай хууль” сунжирсаар өнгөрсөн чуулганаар л нэг батлагдсан билээ.
Өнөөгийн байдлаар бид ур чадвартай ажилтан бэлтгэх чадвараараа 142 улсаас 140-д, төгсөгчдийн хувьд 142-оос 119-д жагсаж байна.
Уг чуулганд оролцогсод манай боловсролын салбар хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад хүрэхүйц мэргэжилтэн бэлтгэж чадахгүй байгаа, сургаад авъя гэсэн ч ажиллах хүчин хэт хомсдолтой байгааг тодотгож байлаа. Өнөөгийн байдлаар бид ур чадвартай ажилтан бэлтгэх чадвараараа 142 улсаас 140-д, төгсөгчдийн хувьд 142-оос 119-д жагсаж байна. Олон улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх гурван үндсэн арга байдаг. Үүнд:
- Сургалтын байгууллагаар дамжуулж
- Ажил олгогч өөрсдөө гүйцэтгэх замаар
- Ажилд орсон хүн өөрөө өөрийгөө бэлдэх арга багтдаг.
Жендерийн хэвшмэл ойлголт, хөдөлмөр эрхлэлтийн баталгаагүй байдлаас үүдэлтэй эмэгтэйчүүд санхүүгийн хувьд бусдаас хараат байдалд байсаар байна. Иймээс бизнес эрхлэгч болон бизнес эрхлэх эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг дэмжин ажилласнаар тэдний санхүүгийн хараат байдлыг арилгах боломж бүрдэх юм. Үүнтэй холбогдуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцооны талаар хуулийг баталснаар аж ахуй эрхлэгчдийн хүйсээр ангилсан албан ёсны статистик бүртгэлийн мэдээллийн сантай болж, бодлого хэрэгжүүлэх суурийг бүрдүүлж өгөх юм. Мөн тэднийг чадавхжуулах сургалт, судалгаа, санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлж тэдний хамтран ажиллах бололцоог бүрдүүлж өгөх эерэг талтай.