Монголын маркетингийн салбарын хамгийн том чуулган SMART 2022 MARKETING CONFERENCE есдүгээр 28 -ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд салбар бүрийн маркетингийн мэргэжилтэн, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын (creative industry) төлөөлөл, оюутнууд тэргүүтэй 1000 оролцогч оролцож, Steppe Arena -д хуран чуулав.
2015 оноос хойш “Монголын маркетингийн холбоо” -оос уг арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байв. Салбарынхан дундаа өндөр хүлээлт үүсгэсээр ирсэн уг эвент энэ жил ч олон улсын түвшинд зохион байгуулагдаж, оролцогчдын талархлыг хүлээсэн юм.
SMART 2022 MARKETING CONFERENCE -ийн гол илтгэгчид дэлхийн болон Азийн маркетинг, бүтээлч салбарын мэргэжилтнүүд, мөн олон улсын шилдэг маркетингийн агентлагуудын бүтээлч захирлуудын төлөөллөөс бүрдэж байснаараа онцлогтой байв. Их Британи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапураас урилгаар хүрэлцэн ирж оролцсон эдгээр шилдэг мэргэжилтэн салбарын шинэ трэнд, цаашдын чиг хандлага, ололт амжилтын талаар өөрсдийн туршлагад тулгуурлан сонирхолтой илтгэл тавьж, шинэлэг санаа, бүтээлч уур амьсгалаар Монголын маркетеруудыг цэнэглэсэн юм.
SMART 2022 MARKETING CONFERENCE -д үндсэн илтгэлүүдээс гадна маркетеруудад зориулсан сонирхолтой воркшопуудыг хөтөлбөртөө шингээж, Smart экспо зохион байгуулсан нь шинэлэг төдийгүй цаг үеэ мэдэрсэн шийдэл байв. Мөн салбарынхантайгаа танилцаж, хүрээллээ тэлэх боломжийг бий болгох зорилгоор Networking lounge хэсгийг үйл ажиллагаандаа тусгайлан багтаасан нь маркетеруудын хувьд шинэ санаа, үзэл бодлоо солилцох таатай орон зай болон хувирсан юм.
Ингээд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн оролцогчид болон илтгэгчдийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонирхлоо.
KVUR сурталчилгааны агентлагийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ума Чиа:
(Тэрбээр маркетинг, бүтээлч салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Ковид-19 цар тахал ид дэгдэж байх үеэр KVUR агентлагийг хамтран үүсгэн байгуулж, өдгөө Hilton зочид буудал, Johnson & Johnson зэрэг томоохон байгууллагатай хамтран ажиллаж, олон улсын түвшинд амжилттай үйл ажиллагаа явуулж буй энтрепренер юм)
Манай агентлаг Web3 -д суурилсан ажлуудад төвлөрч, олон шинэ технологийг салбартаа туршиж, нэвтрүүлэхийн зэрэгцээ аль болох ажайл (agile) арга барилаар ажиллахыг зорьж байна. Монголын зах зээлийг ажиглахад энэ бүс нутагтаа хамгийн хурдацтай өсөж байгаа төдийгүй зонхилох хэрэглэгчдийн нас маш залуу, Gen Z үеийнхэн түлхүү байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын дараах ертөнцийн маркетинг, сурталчилгааны салбарынхан бүтээлч ажлаа энэ үеийнхэнд голлон чиглүүлэх хэрэгтэй. И-спорт, Tiktok зэрэг залуучуудыг байлдан дагуулж буй платформууд бол байрших ёстой гол орон зай. Тухайлбал, сүүлийн үед гоо сайхны болон загварын брэндүүд гэхэд л и-спортын зах зээл рүү хүч түрэн орж ирж байна. Тэдний гол хэрэглэгчид эдгээр платформыг идэвхтэй ашиглаж байгаа учраас тэр. Тэгэхээр хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол, хэрэгцээнд тулгуурлаж, ямар сувгаар маркетинг, сурталчилгаа хийхээ сонгох нь чухал. Мөн уламжлалт хэв маягаас татгалзаж, тогтсон дүрмүүдийг заавал дагалгүй, аль болох шинийг эрэлхийлж, зоригтой алхмуудыг хийж, анхдагч байхыг эрмэлзэх хэрэгтэй. Учир нь шинэ тутам хурдтай хөгжиж буй Монголын зах зээлд маш их боломж байна.
LuponWXC и-спортын компанийн ерөнхий менежер Деннис Лим:
(Онлайн видео стратегич, дижитал контентын продюсер тэрбээр өргөн нэвтрүүлэг (broadcasting) -ийн салбарт 2000 оноос хойш ажиллаж буй бөгөөд Филиппиний брэндүүд, алдартнууд, инфлюнсерүүдтэй хамтардаг. Өдгөөр Деннис Лим и-спортын салбарт төвлөрөн ажиллаж буй)
Тухайн видео контентыг ямар зорилгоор бүтээж байгаагаас шалтгаалан хэмжээ нь урт, богино байх эсэх нь хамаардаг. Тухайлбал, богино видеонууд голдуу чалленж, аливаа шинэ зүйлийг туршсан, шинэ трэндийн хүрээнд бий болж, ямар нэг гүнзгий утга санаа агуулаагүй байдаг. Гэвч энэ бүхний эцэст хэрэглэгч тухайн брэнд, бүтээгдэхүүний талаар ямар мэдрэмж, сэтгэгдэлтэй үлдэх вэ гэдгийг бодолцох нь чухал. Хэрэв ямар нэг арга мэх, чалленж, viral видео ашиглалгүйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хоногшуулахыг хүсвэл илүү утга учиртай контент бүтээхэд төвлөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн борлуулалтаа өсгөх тухай биш, брэндээ хоногшуулж, хэрэглэгчидтэйгээ сэтгэл хөдлөл, эмоцын түвшинд холбогдсон контент хийх тухай ярьж байна гэсэн үг. Үүний тулд, контентын үргэлжлэх хугацаа, хэмжээнд бус, ямар мессэжийг хүргэж буй зорилгодоо төвлөрч, контент стратегидаа суурилсан алхмуудыг хийх хэрэгтэй.
“Монголын маркетингийн холбоо” -ны удирдах зөвлөлийн гишүүн, контент маркетер Д.Гэрэлт-Од:
Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил завсарласнаас хойш анх удаа зохион байгуулагдаж буй биет эвент гэдэг утгаараа энэ удаагийн Smart Marketing Conference -д хүмүүс тун их ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна. Манай холбооны зорилго бол Монголын маркетеруудыг ур чадварын хувьд дэлхийн түвшинд хүргэх, шат ахиулах, олон улсын зах зээлд ажиллах боломжийг бий болгох. Тиймээс бид Дэлхийн маркетингийн холбоо, Азийн маркетингийн холбоонд гишүүнээр элсэж, Cannes Lions, Азийн Spike Asia зэрэг наадмын биет төлөөлөгчөөр ажилладаг. Энэ чиглэлээр олон жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан учраас дагаад нетворкинг ч сайжирсан.
Монголын бүтээлч салбар өөрчлөгдөж, шинэ зүйл хийх, турших боломж бололцоо урьд урьдынхаас илүүтэй бүрэлдсэн байна. Гол нь тэр бүхнийг хүлээн зөвшөөрч чадах, тухайн маркетингийн төсөл, санаачлагыг баталж чадах сайн захирлууд хэрэгтэй байна.
Үүний үр дүнд, салбартаа туршлагатай, чадварлаг илтгэгчдийг эх орондоо урьж, тэдний мэдлэгийг дотоодын маркетинг болон бизнесийн салбарт ажиллаж буй хүмүүст хүртээмжтэй болгох үүднээс уг арга хэмжээг 2015 оноос хойш зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, илүү ахисан түвшний, хаа нэгтээгээс хайж олох боломжгүй мэдлэгийг Монголын маркетерууд, энэ чиглэлийг сонирхдог хүмүүст олгохыг бид зорьж ажилладаг. Нэмж онцлоход, жил ирэх тусам урьж оролцуулж буй илтгэгчдийн маань чансаа сайжирч байна. Сүүлийн жилүүдэд бид Монголд хэрэгтэй байгаа, дутагдаж буй ур чадваруудын талаар хамгийн сайн илтгэж чадах хүмүүсийг сонгож, урьж ирүүлэх түвшинд хүрсэн нь олзуурхууштай.
Бизнесийн эзэд, гүйцэтгэх захирлууд харах өнцгөө өөрчлөх шаардлагатай гэж хувьдаа хардаг. Тийм хэрэгцээ шаардлага ч бодитоор тулгарсан байна. Тухайлбал, маркетингийн менежерээр ажиллуулахаар ажилд авсан хүнээрээ зарлагын шинж чанартай ажлууд хийлгэх нь энүүхэнд. Нөгөө талаар, Монголын бүтээлч салбар өөрчлөгдөж, шинэ зүйл хийх, турших боломж бололцоо урьд урьдынхаас илүүтэй бүрэлдсэн байна. Гол нь тэр бүхнийг хүлээн зөвшөөрч чадах, тухайн маркетингийн төсөл, санаачлагыг баталж чадах сайн захирлууд хэрэгтэй байна. Өмнө нь хийдэг байснаа одоо ч ажиллана гэдэгт итгэж дахин давтаад л байвал өмнөх үр дүнгээ л авсаар байх болно.
“Макс Эксим” компанийн маркетингийн албаны дарга Б.Ган-Эрдэнэ:
Манай компани “Макс” группийн охин компани. Бид Смарт экспо хэсэгт түншээр ажиллаж, Австралиас албан ёсоор оруулж ирдэг Yellow tail брэндээрээ оролцож байна. Энэ жилийн арга хэмжээ нэлээд өвөрмөц болж байна. Илүү өргөжихийн зэрэгцээ зохион байгуулалтын хувьд ч маш өндөр түвшинд очсон байна. Энд маш олон маркетер хүрэлцэн иржээ. Зохион байгуулагчдадаа талархаж байна. Дэлхий хаашаа явж байна, трэндүүд аль зүгт чиглэж байна гэх зэрэг сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг бид эх орондоо, байгаа газраасаа дэлхийн шилдгүүдээс олж сонсоно гэдэг ховорхон завшаан. Гадаадад зорьж очиж сонсоход цаг хугацаа зарцуулахаас гадна зардлын хувьд ч өндөр. Эндээс залуучууд тархиа цэнэглэж, гоё, шинэлэг мэдээлэл авч байна. Гол нь зүгээр нэг сонсоод орхих бус бодитоор хэрэгжүүлж, Монголынхоо маркетинг, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна.