– Business.MN сэтгүүлийн 2022 оны 09 сарын дугаар (№46) -т хэвлэгдсэн нийтлэл –
Их хотын түгжрэл, дуу чимээ, агаарын бохирдол, стресс бухимдлаас дайжиж, амралтын өдөр, чөлөөт цагаа байгалийн сайханд, цэвэр агаарт өнгөрөөх хүсэлтэй хүмүүсийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн. Үнэхээр ч завгүй, хурдтай, ачаалалтай амьдралын хэмнэлээс түр ч болов завсарлага авч, эрч хүчээ сэлбэн, ажил, амьдралын тэнцвэрээ хадгалах нь өнөө цагт хүн бүрийн өмнө тулгарч буй зайлшгүй хэрэгцээ болон хувираад буй. Энэ бүхэн эргээд эрүүл, чанартай, урт удаан амьдралын гол үндэс гэдгийг ч хүмүүс сайтар ойлгох болсон билээ.
Ийм зорилгоор хотоос хөдөлж буй хүмүүс нийслэлээс холгүй, үзэсгэлэнт байгальд тав тухтай орчин, амт чанартай хоол, найрсаг бөгөөд цогц үйлчилгээтэй газрыг эрэлхийлдэг. Эдгээр шаардлагад бүрэн нийцсэн амралтын газар хуруу дарам цөөн байдаг. Тэгвэл энэ удаа тэдгээр цөөн газрын нэг “Эх Тэрэлж” гэр бүлийн амралтыг бид онцолж байна.
2008 оноос хойш өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж буй тус амралтын газрыг тав тухтай орчинд, чанартай үйлчилгээ авахыг хүссэн хүмүүс гэр бүл, найз нөхөд, хамт олны хамт зорин очих нь элбэг. Улаанбаатар хотоос 49 км -ийн зайд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт, олны нэрлэж дадсанаар Зуун ламын агуйн ойролцоо байршилтай бөгөөд Тэрэлж орчимд байгуулагдсан анхны амралтын газруудын нэг гэдгээрээ онцлог.
Орчин үеийн интерьер, дотоод засал бүхий цомцог гэр, хаус, хосын байшин зэргээс сонгон байрлах боломжтойгоос гадна хурал чуулган, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой 10 ханатай гэр энд бий.
Уламжлал, шинэчлэл хослуулсан интерьер, дотоод засал бүхий гэр, хаус, хосын байшин зэргээс сонгон байрлах боломжтойгоос гадна хурал чуулган, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой хүлээн авалтын гэр энд бий. Зун нийт 100 хүн, харин өвөл 52 хүн хүлээн авах хүчин чадалтай дөрвөн улирлын тохилог амралтын газар юм. Оргил ачаалал нь зуны саруудад болон шинэ жил зэрэг тэмдэглэлт баярын үеэр таардаг бөгөөд гадаад, дотоодын жуулчид эн тэнцүү давтамжтай үйлчлүүлдэг.
“Эх Тэрэлж” гэр бүлийн амралтын хамт олон зорин ирсэн үйлчлүүлэгчдэдээ зориулан амар амгалан, ая тухтай орчныг бүрдүүлж, найрсаг үйлчилгээгээр угтан авахыг чухалчилдаг. Энд ирсэн хүмүүс монгол үндэсний хоол болон ази, европ хоол тэргүүтэй баялаг сонголтоос захиалан зооглож, байгалийн сайхныг тольдонгоо итали, франц дарс шимэх боломжтой.
“Эх Тэрэлж” амралтын хамт олон чанартай, эрүүл орцоор хоолоо бэлтгэхэд онцгойлон анхаарч, долоо хоногт хоёр удаа хүнсээ татан авч, шинэ, мах, ногоо, хүнсээр амт чанартай хоол бэлтгэн хүргэдэг.
Мөн гэр бүлийн амралт гэдэг утгаараа эрүүл, чанарлаг орцоор элдэв нэмэлт амтлагчгүй хүүхдийн хоолыг олон төрлийн сонголттойгоор бэлтгэн хүргэдэг нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэж, эднийхийг дахин зорьж ирэх шалтгаан болдог. “Манайхыг зорьж ирсэн хүмүүс үнэхээр сэтгэл хангалуун буцдаг. Тиймдээ ч тэдний талаас илүү хувь нь тогтмол үйлчлүүлэгчид байдаг. Ер нь хүмүүс манай амралтын газрын талаар хэн нэгнээс сонслоо гэсээр зорьж ирэх нь элбэг” хэмээн “Эх Тэрэлж” гэр бүлийн амралтын захирал Б.Болормаа хэлж байна.
Тэд хоолны нэр төрлөөс гадна чанартай, эрүүл орцоор хоолоо бэлтгэхэд онцгойлон анхаарч, сүүлийн жилүүдэд мах, ногоогоо өөрсдийн мал аж ахуй болон хүлэмжээс шууд нийлүүлэн эрүүл чанартай хоол бэлтгэн үйлчилж буй. Үүний зэрэгцээ эрүүл ахуйн стандартыг дээд зэргээр хангасан орчныг бүрдүүлснээрээ онцлог. Тухайлбал, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бэлдмэл үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Ecolab компанийн бүтээгдэхүүнийг сонгон аяга, таваг, халбага, сэрээгээ тогтмол ариутгахаас гадна зориулалтын ион аппаратаар ч ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийдэг.
“Манайхыг зорин ирдэг хүмүүсийн талаас илүү хувь нь тогтмол үйлчлүүлэгчид байдаг. Ер нь хүмүүс манай амралтын газрын талаар хэн нэгнээс сонслоо гэсээр зорьж ирэх нь элбэг”.
Эрүүл, аюулгүй байдал, тав тухыг цогцлоосон “Эх Тэрэлж” гэр бүлийн амралтанд алжаал тайлахаас гадна морь унаж, ууланд алхаж, гадаа цэвэр агаарт кино үзэж, амтат зоог хүртэх боломжийг бүрдүүлжээ. Мөн энд гэр бүлийн гишүүдээс гадна байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө цуглан арга хэмжээ, тусгай хөтөлбөрийн дагуу цагийг хөгжилтэй өнгөрүүлэх бүрэн бололцоотой. Тэр ч бүү хэл хосуудад зориулан тусгай багц гаргаснаа ч хуваалцаж байна. Энэ бүх хэрэгцээнд тулгуурлан хурал зөвлөгөөн зохион байгуулж, тайлан, илтгэл тавих таатай орчныг бүрдүүлж, компьютер, принтер, проектор, самбар, бичиг хэргийн хэрэгсэл зэрэг бүрэн тоноглол бүхий 60-80 хүний багтаамжтай карказан гэрийг тун саяхан ашиглалтад оруулаад буй.
Харин хүний нөөцийн хувьд тэд өмнө нь зөвхөн мэргэжлийн хүмүүс ажиллуулахыг зорьдог байсан бол өдгөө ажилтнуудаа сургаж авахыг чухалчилдаг болсноо ч дуулгасан юм. Энэ хүрээнд мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ ажилтнуудаа тасралтгүй сурч хөгжихөд нь анхаарч, сургалт тогтмол зохион байгуулах болжээ. “Үйлчилгээний салбарын ажил дуусдаггүй, байнга үргэлжилж байдаг. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлага ч цаг үеэ даган тасралтгүй өөрчлөгддөг. Тиймээс бид хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлэн үйлчилгээгээ тогтмол сайжруулж, өөрийн гэсэн тодорхой концепцтой бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд анхаарч байна” хэмээн Б.Болормаа онцолж байв.
Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр үнэт цаасны зах зээл болон үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж, олон төслүүдэд гар бие оролцож байсан бол өдгөө гэр бүлийн бизнестээ анхаарал хандуулж, өсөлт хөгжил, стратеги төлөвлөгөөгөө сайжруулахад төвлөрөн ажиллаж байгаа юм. Ингэж ажиллах зуураа тэр сүүлийн үед гэр бүлүүдэд тулгамдаж буй гол асуудал болох хотын түгжрэл, утаа, агаарын бохирдлоос хол, цэвэр агаарт, тохь тухтай нам гүм орчинд хүүхдээ салхилуулж, хооллож, тайван унтуулж, гэр бүлийн хамт цагийг өнгөрөөх газар тийм ч олон байдаггүйг анзаарчээ. Тиймээс гэр бүлд зориулсан концепцыг хөгжүүлж, энэ төрлийн амралтын газар цогцлоохоор хувийн бизнестээ түлхүү анхаарч эхэлсэн байна. Түүний гэр бүлийн хүн ч энэхүү бизнесээ өргөжүүлэн тэлэх, алсын хараа, зорилгын төлөө уйгагүй хөдөлмөрлөж, тэд хамтдаа томоохон зорилгын төлөө ажиллаж буй.
“Үйлчилгээний салбарын ажил дуусдаггүй, байнга үргэлжилж байдаг. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлага ч цаг үеэ даган тасралтгүй өөрчлөгддөг. Тиймээс бид хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлэн үйлчилгээгээ тогтмол сайжруулж, өөрийн гэсэн тодорхой концепцтой бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд анхаарч байна”.
Тэдний ирэх таван жилийн төлөвлөгөө илүү алсыг харжээ. Тодруулбал, аялал жуулчлал, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн аймгуудаас гадна хилийн чанадад салбараа байгуулахаар төлөвлөж байна. Мөн ирэх жилээс Монголыг зорин ирж буй гадаадын жуулчдад зориулсан олон улсын стандартад нийцэхүйц, үндэсний өв соёлыг мэдрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй шинэ цогцолбор барихаар төлөвлөж байгаа аж.
Хэдий аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулахаар дор бүртээ хичээж, хөдөлмөрлөж буй ч төрийн бодлого, дэмжлэг чухал үүрэгтэй гэдгийг Б.Болормаа тодотгож байсан юм. Энэ санаагаа тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Монголын эдийн засгийн чуулган” -ы хэлэлцүүлэгт панелистаар оролцохдоо ч илэрхийлээд амжжээ. Зөвхөн байгалийн баялагтаа найдалгүй, бусад салбартаа ч ач холбогдол өгч, хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулахад анхаарч чадвал дотооддоо валют татах боломжтой гэдгийг тэр онцлон тэмдэглэж байв.
– Business.MN сэтгүүлийн 2022 оны 09 сарын дугаар (№46) -т хэвлэгдсэн нийтлэл –