Дижитал эринд аливаа компанийн өсөлт, хөгжил, цаашдын үйл ажиллагааг дижитал бүтээгдэхүүнийх нь чанар чансаа тодорхойлох болсон. Тэгвэл дижитал бүтээгдэхүүний гол суурь нь UXUI дизайн гэж хэлж болно. UI (User interface) болон UX (User experience) гэсэн ойлголтуудыг нэгтгэн бий болсон, олон улсад ч харьцангуй залуу салбарт тооцогдож буй уг салбарын хөгжлөөс дотоодын мэргэжилтнүүд ч хоцролгүй урагшилж байна. Үүнийг гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Digital Product Conference -ийн хөтөлбөрийн агуулга, хэлэлцсэн сэдэв, илтгэгчдийн туршлага, ур чадвар, оролцогчдын идэвх, оролцоо зэргээс харж болохоор байв.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17 -нд “Зайсан хилл цогцолбор” -т “Design Driven Company | Product | Culture” уриан дор бүтэн өдрийн турш бүтээлч уур амьсгал дунд өрнөсөн энэхүү чуулганд дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэхэд оролцдог бүх талын төлөөлөл буюу UXUI дизайны шийдэл боловсруулагч агентлагууд, тэр дундаа UXUI дизайнер, хөгжүүлэгч, төслийн менежер, тухайн бүтээгдэхүүний эзэмшигч зэрэг 500 орчим хүн оролцсон юм. Тэдний хувьд нэгдсэн ойлголттой болж, хөгжлийн ямар түвшинд яваагаа баримжаалах, өөр хоорондоо танилцаж коммюнити үүсгэх, улмаар салбараа хөгжүүлэх зорилгын дор нэгдэхийн зэрэгцээ дотоодод болон гадаадад амжилттай ажиллаж буй шилдгүүдийн туршлага, арга барилаас суралцсан үр өгөөжтэй нэг өдөр өнгөрсөн билээ.
Digital Product Conference -ийг салбартаа хамгийн туршлагатай төдийгүй UXUI дизайн хөгжүүлэлт, процесс сайжруулалтын чиглэлээр тууштай ажиллаж буй Procraft дижитал агентлаг санаачлан зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэг, шагнал гардуулах үйл ажиллагаа, нетворкинг гэсэн гурван хэсгээс бүрдсэн юм. Өнгөрсөн жилээс уг чуулганыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёлын бүтээлч сарын хүрээнд хамтран зохион байгуулж эхэлсэн бол, энэ жилийн тухайд шилдэг UXUI шийдэл бүхий мобайл аппликэйшныг анх удаа шалгаруулж, илүү өргөн цар хүрээг хамарч чадсанаараа онцлог байв. Ингэснээр ирэх жилүүдэд салбарын хөгжлийг хурдасгах, байгууллагууд UXUI шийдэлдээ илүү анхаарч, хэрэглэгч төвтэй дизайн шийдэл бүхий дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэхэд түлхэц болно хэмээн зохион байгуулагчид үзэж буй.
Ингээд Digital Product Conference -ийн үеэр илтгэгчдийн хэлсэн зарим онцлох санаа, мөн шилдэг UXUI шийдэлтэй мобайл аппликэйшнээр шалгарсан eClinic -ийн талаар товч хүргэе. Бүтээлч салбарынханд зориулсан эвентийн илтгэгчдийн презентац өөрөө өнгөлөг, тод, бүтээлч, ойлгомжтой байсныг онцлох хэрэгтэй.
Procraft дизайн агентлагийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Золзаяа:
UXUI дизайн сайн байж чадсанаар хэрэглэгчдийн тоо өснө
Дижитал бүтээгдэхүүний хувьд хөгжүүлэлт, UXUI дизайны харьцаа 50:50 байдаг. Хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд кодоо ямар сайн бичсэн апп вэ гэж хэлэхгүй шүү дээ. Харин хэрэглэхэд амар хялбар байдлаараа л бусад апп -аас ялгарна. UXUI дизайн сайн байж чадсанаар хэрэглэгчдийн тоо өснө.
Манай компанийн хувьд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд энэ чиглэлээр тасралтгүй ажиллаж, салбар салбарын 100 гаруй төслийн багтай амжилттай хамтран ажилласан. Энэ туршлагадаа тулгуурлан өөрсдийн мэдлэг туршлага, нөү-хаугаа хуваалцаж, салбарын мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг сайжруулах зорилгоор мастеркласс бэлтгэн хүргэхээр зэхээд байна. Ингэхдээ процесс тутамд хэрэгжүүлдэг аргачлалаа нарийн хуваалцах юм. Үүний үр дүнд, UXUI дизайнерууд бидэнтэй илүү хурдтай ажиллаж, чанартай бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж бүрдэнэ.
UX Academy, UX Publishing, Philosophy.mn -ийн үүсгэн байгуулагч Б.Дөлгөөнбаяр:
Энэ жил DPC 2022 агуулга, цар хүрээний хувьд 200 хувь сайжирсан
2015 онд хуулийн салбараас UXUI -ийн салбарт хөл тавьсан. Стартап тэмцээнүүдэд анх оролцож эхлэхдээ бизнес санаа голдуу гаргадаг байсан нь ихэвчлэн мобайл апп, вэбсайтынх байв. Тэмцээний үеэр санаагаа хөрөнгө оруулагчдад танилцуулахын тулд өөрөө дизайн хийж, танилцуулж эхэлсэн. Ингэж явсаар 10 гаруй санааны дизайн гаргасныг нэг найз маань хараад UXUI дизайн гэж нэрлэдэг талаар хэлсэн. Тэгж UXUI дизайны талаар анх мэдэж авч байлаа. 2018 оноос UXUI дизайн хийж чадна гэсэн итгэл төрж, тухайн үед ажиллаж байсан бүх зүйлээ больж, энэ чиглэлээр бүрэн төвлөрсөн. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын 50 гаруй төслийн ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Сүүлийн хоёр жил сургалт, судалгаанд түлхүү чиглэж ажиллаж байна. 300 гаруй төгсөгчөөс маань 50 гаруй нь UXUI дизайнераар ажиллаж байгаа. Багш болсон хүн ч тэдний дунд бий.
Шилдэг UXUI дизайн шийдэлтэй аппликэйшн eClinic
Уг номинацийг шалгаруулалтыг субъектив сонголт хийхээс сэргийлж, хараат бус шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулжээ. Энэ хүрээнд олон улсад ажиллаж буй монгол UXUI дизайнеруудыг сонгон шүүгчдийн багийг бүрдүүлсэн бөгөөд үндсэн таван шалгуур үзүүлэлтийг харгалзан үзсэн байна. Үүнд, ерөнхий санаа, хэрэглэхэд хялбар байдал, хүртээмжтэй байдал, UXUI дизайны ерөнхий чанар зэрэг үзүүлэлт багтжээ. Энэ талаар Digital Product Conference 2022 -ийн хэлэлцүүлгийн модератор, илтгэгч Б.Дөлгөөнбаяр “Олон хүн хэрэглэдэг байлаа гээд тухайн апп сайн гэсэн үг биш. Тухайн компанийн маркетинг сайн учраас хүмүүст хүрсэн байж болно. Үүнийг үл харгалзан шүүгчид UXUI дизайны хэсгийг онцолж шүүсэн. Гэхдээ шүүж, шүүлгэхдээ гол биш. Зохион байгуулагчдын зүгээс UXUI дизайны шилдэг шийдэл хөгжүүлж чадсан залуусыг урамшуулах зорилгоор энэ шагналыг санаачилсан. Энэ жилийн тухайд анх удаа шалгаруулж байгаа гэдэг утгаараа сорилтууд тулгарч байсан ч жил ирэх тусам сайжраад, зүгшрээд явах болов уу” гэлээ.
Онцлох эшлэлүүд:
Дизайнер Г. Ариунаа:
Шалгаж, туршиж үзэх боломжоо ашиглалгүй орхигдуулж, шууд хөгжүүлэлт рүүгээ орох гээд байдаг тал UXUI дизайнеруудад ажиглагддаг. Мөн судалгааны шатыг хөгжүүлэлт хийж эхлэхээс хийвэл зүгээр байдаг.
Pinecone академийн ахлах дизайнер Том (Э.Төмөрхуяг):
UXUI дизайнерт техник ур чадвараас гадна багаар ажиллах чадвар, софтскилл чухал. Мөн судалгааны хэсгийг сул гүйцэтгэж, харилцагчдадаа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаа тал түгээмэл ажиглагддаг. Нөлөөлөх, борлуулах чадвар дутмаг байдгаас өөрийн чухалчилж үзэж буй зүйлээ үнэлүүлж чаддаггүй.
Procraft дижитал агентлагийн хамтран үүсгэн байгуулагч Э.Цогт:
UX бол ганц хүний ажил биш, харин багийн ажил.