– Business.MN сэтгүүлийн 2022 оны 11 сарын дугаар (№48) -т хэвлэгдсэн нийтлэл –
Цэрмаа, Дулмаа, Сүрэн, Должин, Янжинсүрэн, Чебарушка, бабушка, балаклава. Дотно, дулаан, бас сонирхолтой сонсогдох эдгээр нэрс бол EnkhEmpire Cashmere брэндийн ноолууран даашинз, цамц, малгай, ороолт, нөмрөг (шааль) зэрэг бүтээгдэхүүнийх. Брэндийн үүсгэн байгуулагч Ж.Энхбаяр “Хамгийн хээнцэр, ганган эмээгийнхээ Цэрмаа нэрийг энэ цамцандаа хайрлав”, “Эрхэмсэг, классик байдлыг илэрхийлэн бүтээсэн Янжинсүрэн даашинзаа танилцуулж байна. Энэ нэр миний хувьд, их хүндтэй, хамгийн үзэсгэлэнтэй нэрсийн нэг учраас уг даашинзаар хүндэтгэв” гэх зэргээр тайлбарлан бичсэн нь сонирхол татна. Удаан хугацааны эдэлгээ даах чанар, классик хэв маягийг шингээсэн EnkhEmpire Cashmere -ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн хүлээлтэд нийцэж, хайр, талархлыг хэдийнэ хүлээжээ. Цөөн тоогоор худалдаанд гардаг учраас дахин давтагдашгүй бөгөөд энгийн, минимал хэрнээ өөр хооронд нь хослуулан өмсөж загварлаг төрх бүрдүүлэх боломжтой байдаг тул хэрэглэгчдийн дунд цуглуулгын бүх загвараас худалдан авах сонирхол давамгайлдаг. Зарим загвар нь урьдчилсан захиалгаар л дуусчихдаг болохыг онлайн орчинд үлдээсэн тэдний цөөнгүй сэтгэгдлээс харж болно.
EnkhEmpire Cashmere брэнд Монголоос гадна Казахстан, Швейцарь, Францын хэрэглэгчдэд танигдаад буй ч зах зээлээ тэлж, томруулах нь тэдний гол зорилго биш.
Өдгөө EnkhEmpire Cashmere брэнд Монголоос гадна Казахстан, Швейцарь, Францын хэрэглэгчдэд танигдаад буй ч зах зээлээ тэлж, томруулах нь тэдний гол зорилго биш гэдгийг үүсгэн байгуулагчийн зүгээс онцолсон юм. Харин бизнесээ энэ хэмжээнд нь барьж, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулахыг чухалчилдаг бөгөөд хамгийн гол нь өөрийн гэсэн энэ бүх онцлогоо хадгалахыг хичээдэг. Ж.Энхбаяр Казахстанд биет дэлгүүр нээн ажиллуулж байсан ч Ковид-19 цар тахал дэгдсэнээс шалтгаалан хааж, цаашид гадаад, дотоодын зах зээлд зөвхөн онлайн худалдаагаар бүтээгдэхүүнээ хүргэхээр шийджээ. Жилийн талаас илүү хувийг аялж, ажиллангаа хилийн чанадад өнгөрүүлдэг түүний хувьд эрх чөлөөт байдлыг эрхэмлэж, амьдралын энэ хэв маяг нь эргээд бүтээлч байдлаа хадгалж, урам зоригтой ажиллах хөшүүрэг болдог ажээ.
EnkhEmpire Cashmere брэнд энэ жилийн намар, өвлийн цуглуулгаа тун саяхан танилцуулсны дотор брэндийн үндсэн өнгө болох хар, цагаанаас гадна шоколадыг санагдуулам бор өнгө багтаж, дулаан уур амьсгалыг бүрдүүлжээ. Эдгээр гурван өнгөний сонголттой цамц, даашинз, юбка, өмд зэрэг үндсэн бүтээгдэхүүний зэрэгцээ аксесуар (малгай, ороолт) -уудаа онцгойлон гүн ногоон, улбар шар өнгөөр урлаж, цуглуулгаа тодотгосон байв. Ж.Энхбаяр Wardrobe 7 хэмээх энэ удаагийн цуглуулгаараа дамжуулан хэрэглэгч бүсгүйчүүдээ үзэсгэлэн төгөлдөр, эрхэмсэг ялдам харагдуулахыг зорьсноо хуваалцсан юм.
Wardrobe буюу “Таны шүүгээнд зайлшгүй багтвал зохих бүтээгдэхүүн” хэмээх үндсэн концепцоо хадгалж, Wardrobe 1, 2, 3 гэх мэтээр энгийн байдлаар нэрлэсэн нийт долоон цуглуулгыг өнгөрсөн хугацаанд тэд хэрэглэгчдэдээ хүргээд байна. Шүүгээндээ өмсөлгүй хадгалах бус өдөр тутамд, ажил хэргийн уулзалтад, эсвэл онцгой тохиолдолд гээд ямар ч үед өмсөхөд тохиромжтой, биед эвтэйхэн ноолууран бүтээгдэхүүн бол EnkhEmpire Cashmere брэндийн гол онцлог.
Үндсэн бүтээгдэхүүнүүд нь дотроо хэд хэдэн загвараас бүрдэнэ. Тухайлбал, юбка гэхэд л мини, трапец хэлбэртэй, харандаан буюу шулуун, урдаа оноотой зэрэг гурван төрлийн загвартайгаар урлажээ. Мөн урт, богино кардиган, поло цамц, хоолойтой цамц (свитер), урт, богино сарпан даашинз гэх зэргээр цааш үргэлжилнэ. Зөвхөн хар өнгийн сонголттой свитер цамц нь ноос (20 хувь), ноолуур (10 хувь), торго (70 хувь) -ыг хольж бүтээсэн бөгөөд ингэж холих нь бүтээгдэхүүний эдэлгээг уртасгадаг. Бусад бүх бүтээгдэхүүн нь 100 хувь ноолуурын орцтой бөгөөд дан болон давхар утсан нэхээстэй байдаг.
Англид бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байх үед нь Ж.Энхбаярын нэрийг найзууд нь яагаад ч хэлж чаддаггүй байж. Тиймээс төстэй дуудлагатай англи үгээр орлуулж, зүгээр л Empire хэмээн дуудах болсон бөгөөд үүнийгээ “Чи Монголд очоод өөрийн эзэнт гүрнийг байгуулах учраас” гэж хөгжилтэйгээр тайлбарладаг байв. Үнэхээр ч тэрбээр эх орондоо ирээд өөрийн брэндийг үүсгэн байгуулахдаа тохирох нэр хайж, удаан бодож цөхөлгүй EnkhEmpire Cashmere хэмээн нэрлэжээ. Гэхдээ эзэнт гүрэн цогцлооё гэдэг утгаар биш, хөгжилтэй, энгийн байлгах үүднээс, мөн мэдээж өөрийн нэртэй нь төстэй сонсогддог зэргийг бодолцон ингэж нэрлэснээ тайлбарлав.
Бүтээгдэхүүн нь цөөн тоогоор худалдаанд гардаг учраас дахин давтагдашгүй бөгөөд энгийн, минимал хэрнээ өөр хооронд нь хослуулан өмсөж, загварлаг төрх бүрдүүлэх боломжийг олгодог.
Эхлээд янз бүрийн материалаар хувцас урлаж байсан боловч эцэст нь ноолууран бүтээгдэхүүнд төвлөрөхөөр тэр шийджээ. Нэгт, байгальд ээлтэй, хөрсөнд бүрэн шингэдэг, тогтвортой хөгжих бүтээгдэхүүн. Хоёрт, түүхий эдийн нөөц арвин хэмээн онцлов. Мөн үүгээрээ fast fashion буюу хямд зардлаар, богино хугацаанд олон тооны, байгальд шингэдэггүй, хаягдал их үүсгэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзаж буй дэлхий дахины чиг хандлагатай хөл нийлүүлэхийг зорьжээ. EnkhEmpire Cashmere брэндийн бүтээгдэхүүнийг хооронд нь хэрхэн хослуулан өмсөж, дэгжин төрх бүрдүүлж болохыг хэрэглэгчдэдээ тогтмол зөвлөсөөр ирсэн Ж.Энхбаяр эргээд тэднээс суралцах болсноо ч хэлж байна. Энгийн хэрнээ эмэгтэйлэг, эрхэмсэг хэв маягийг өөрийн бүтээж буй загварууддаа шингээж, бүсгүйчүүдийн байгалийн гоо үзэсгэлэнг тодотгохыг зорьдог тэрбээр “Эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй, даруу, мэдлэгтэй, энэ бүх чанар нь дотроосоо гэрэлтдэг байгаасай” хэмээн хүсдэгээ хуваалцаад EnkhEmpire Cashmere брэндийн үнэнч хэрэглэгчдэдээ яг л ийм үнэ цэн хүргэхийг эрмэлзэж ажилладгаа онцолсон билээ.
Өнгөрсөн хугацаанд тэр Англиас гадна Өмнөд Солонгос, Япон, Франц зэрэг улсад сурч, ажилласан туршлагатай. Цөөнгүй орны соёлтой танилцаж, хэлийг нь сурч, хүмүүстэй нь найзалж нөхөрлөж ирсэн нь өнөөдрийн Ж.Энхбаярыг бүтээж, хойшид яг юу хийх ёстойгоо ойлгох гол үндэс болжээ. Тийм ч учраас загвар зохион бүтээж EnkhEmpire Cashmere брэндээ хөгжүүлэхийн зэрэгцээ ном бичиж, орчуулах зорилгоор EnkhEmpire Publishing -г үүсгэн байгуулж, өнгөрсөн жилүүдэд орчуулгын долоон номоос гадна англи хэлээр нэг ном бичиж уншигчдадаа хүргээд байгаа юм. Хүүхэд байхаасаа л загвар зохион бүтээж, бичиг цаасны ажил их хийдэг байсан Ж.Энхбаяр одоо ч тэр хэвээрээ.
“Хэрэв би зөвхөн эх орондоо ажиллаж, амьдарч ирсэн бол одоо хийж байгаагаасаа тэс өөр ажил хийгээд явж байх байсан болов уу. Монголдоо их сургууль төгсөөд корпорэйт ажил хийж, консалтинг компанид ажиллан бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч, компанийн захирлаар ч ажиллаж үзсэн. Харин 27 настайдаа бүх зүйлээ өөрчилсөн. Яг л өөрийн хүссэн зүйлээ хийх ёстой гэдгийг ойлгож, мэдрэхэд гадаадад сурсан, мэдсэн бүхэн минь тус болсон. Хууль эрх зүй, бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан атлаа яагаад энэ чиглэлээрээ ажиллахгүй байгааг минь хүмүүс надаас их асуудаг. Харин эсрэгээрээ тэр бүхнийг сурсан учраас л өнөөдөр би энэ бүх ажлыг хийж байгаа юм. Миний замнал ингэж л явах ёстой байсан юм билээ” хэмээн тэр хариулж байна.
Түүнээс энэ бүх ажлыг хэрхэн хослуулж, бүтээмжтэй ажиллаж чаддагийг нь асуухад “Хавар, зуны улиралд орчуулга, хэвлэлийн ажлаа хийж, намар, өвөлдөө EnkhEmpire Cashmere брэндийн ажилдаа анхаарал хандуулдаг” гэлээ. Мөн “Хүмүүс намайг хурдтай ажилладаг гэж их хэлдэг. Ном орчуулж, загвар гаргахдаа ганцаараа төвлөрч ажиллах дуртай. Загвар зохион бүтээх гэдэг нэг талаар урлагийн ажил. Ихэвчлэн шөнийн цагаар номоо орчуулдаг бол ноолууран бүтээгдэхүүний загвар гаргахдаа тодорхой хугацаа зааж, тэр хугацаандаа хүмүүстэй аль болох уулзахгүй, хол байхыг хичээж, өөрийгөө бүрэн тусгаарладаг. Мөн хөгжим их сонсоно. Тэгж байж л ажлуудаа гараас гаргана даа” хэмээн нэмж өгүүллээ.
Ж.Энхбаяр загвар зохион бүтээж EnkhEmpire Cashmere брэндээ хөгжүүлэхийн зэрэгцээ ном бичиж, орчуулах зорилгоор EnkhEmpire Publishing -г үүсгэн байгуулж, өнгөрсөн жилүүдэд орчуулгын долоон номоос гадна англи хэлээр нэг ном бичиж уншигчдадаа хүргээд байна.
Урлагийн бүтээлүүд, тэр дундаа хөгжмөөс урам зориг, мэдрэмжээ хөглөх бүтээлч эрчмийг авдаг түүний хувьд өглөөг хөгжмөөр эхлүүлж, орой унтах хүртлээ ч хөгжим сонссоор байдгаа ч хуваалцсан юм. Рик Оуэнс, Александр Маккүин, Вивьен Вествүүд зэрэг алдарт дизайнерын бүтээлд шимтдэг тэрбээр загвар зохион бүтээхдээ харин элдэв загварын шоу үзэж, сэтгүүл эргүүлж суухаас эрс татгалзаж, бүр зугтдаг гэдгээ ч хэлж байв. Учир нь тэнд буй бүтээлч санаа ямар нэг байдлаар өөрт нь нөлөөлнө гэж үздэг.
Нэгэнтээ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд консалтинг үйлчилгээ үзүүлдэг байсан түүнээс бизнесээ дөнгөж эхлүүлж буй хүмүүст ямар нэг зөвлөгөө өгөхийг хүсэхэд “Энд тэнд олон төрлийн сургалт, зөвлөгөө, мэдээлэл, эвент их харагдах болсон байна. Гэхдээ тийм зөвлөгөө авахаас илүү хүн өөрийнхөө хүссэн зүйлийг хийхэд ядардаггүй, ажил хийж байгаа мэт санагддаггүй. Яг үүнтэй адил бизнес эрхлэгчид багаа бүрдүүлэхдээ хийж буй ажилд тань дуртай хүн байна уу, тантай нэг зүгт харж, цааш хамт ажиллах хүн мөн үү гэдгийг маш сайн ялгаж таньж чадвал хэчнээн жижиг баг байсан ч инерцээрээ амжилттай явна. Хоёрт, бодит байх хэрэгтэй. Хэтэрхий гял цал, хүнд хүрэхгүй маркетингт хөрөнгө мөнгө зарцуулдаггүй хэрнээ амжилттай байж чаддаг компаниуд бий. Гадаад, дотоод ямар ч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бай хүний мэдрэмжийг ойлгож чадвал тухайн компани амжилтад хүрнэ. Хэрэглэгчийнхээ мэдрэмжийг ойлгож чадахгүй байгаа компани эхний хэдэн сар боломжийн түвшинд үйл ажиллагаа явуулж магадгүй. Харин урт хугацаанд, хол явъя гэвэл бодитой ажил хийж, түүнийхээ төлөө маш үнэнчээр зүтгэх хэрэгтэй. Заавал хол үсэрч, том байх албагүй. Аливааг жижгээс эхлэх хэрэгтэй. Ялангуяа хөрөнгө багатай компаниуд том хөрөнгө оруулалт аваад дампуурах магадлал өндөр байдаг. Тиймээс бага багаар, алхам алхмаар бодитой ажиллаасай. Би өөртөө ч бас ингэж хэлдэг. Ийм зарчмаар ажиллахад алзахгүй” хэмээн тэр хариулсан юм.
– Business.MN сэтгүүлийн 2022 оны 11 сарын дугаар (№48) -т хэвлэгдсэн нийтлэл –