Учиртай тоонууд: 10 сая төгрөгөөс дээш цалин, 1300 иргэн, иргэдийн 99.9%, шаталсан татварын 15%, 20%
Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:
Банкны гүйлгээнээс татвар авах тухай хууль байдаггүй, ийм хуулийн талаар хаана ч яригдаагүй бөгөөд буруу ташаа мэдээлэл.
УИХ-аас 2023 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулан ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлттэй холбогдуулан олон нийтийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл тархсан учир залруулга хийе.
Энэ хуулийн өөрчлөлтөөр бол сарын арван сая төгрөгөөс дээш хөдөлмөр эрхлэлтийн орлоготой хүмүүсийн ажил олгогчоос суутгадаг татварын тухай энэ асуудал яригдаж байгаа. Сард арван саяас дээш цалингийн орлоготой хүмүүсийн хувьд арван саяас давсан хэсэгт нь 15 хувийн татвар ногдуулах өөрчлөлт орсон. Олон нийтийн сүлжээнд иргэдийн банкны дансны орлого, дансны гүйлгээнээс авна гэх мэт өөр утгатай тайлбар явагдаж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл. Банкны гүйлгээнээс татвар авах тухай хууль байдаггүй, ийм хуулийн талаар хаана ч яригдаагүй бөгөөд буруу ташаа мэдээлэл.
Энэ хуулийн босгыг тогтоохдоо бид нэлээн тооцоо судалгаа хийсэн. Нийт иргэдийн 99.9% нь энэ татварт хамаарахгүй. Нийт иргэдийн цалингийн татвар төлдөг 817 000 хувь хүнд энэ татварын ачаалал нөлөөлөхгүй. Зөвхөн 1300 орчим хүний л асуудал яригдаж байна. Дэлхийд ХХОАТ-ын системийг ашиглаж буй 160 гаруй улс байгаагаас энэхүү шаталсан татварын тогтолцоог ашигладаг 7,8 улсын нэг нь Монгол Улс. Шаталсан татварын системд шилжих нь зүйтэй хэмээн үзэж энэхүү татварын хуулийг өргөн барьж УИХ-аас баталсан.
Сарын 10 сая төгрөгөөс дээш хэмжээний цалингийн орлого авдаг 1300 орчим монгол болон гадаадын иргэн байдаг. Эдгээр хүмүүс нь банк санхүүгийн байгууллага, уул уурхайн салбарын удирдах албан тушаал хашдаг, гадаадын өндөр цалинтай техникийн ажилчид, гүйцэтгэх захирлууд. Дийлэнх иргэд 10 саяас доош орлоготой байдаг. Энд хувиараа бизнес эрхлэгчдийн бизнесийн орлого, хадгаламжийн хүү хамаарахгүй. Зөвхөн ажил олгогчоос ажилтанд олгох хөдөлмөр эрхлэлтийн орлого /суутган татвар/-д хамаарна.
- Хуулийн 14 зүйл нь цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон бол
- Хуулийн 18 дугаар зүйл нь шууд бус орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон.
- үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн;
- орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрын хөлс, түлшний зардлын төлбөр;
- үзвэр үйлчилгээний олговор;
- ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр;
- ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;
- арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
- 7. ажил олгогчийн төлсөн сайн дурын амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын болон мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамжаас бусад сайн дурын даатгалын хураамж;
- гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр;
- Монгол Улсад нүүж ирэх болон буцахтай холбогдон гарах зардлын төлбөр;
- эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл;
- адилтгах бусад орлого.
- Энэ хууль 2023 оны 1 сарын 1-нээс мөрдөнө гэж заасан байна. Энэ оны санхүүгийн жил 2023 оны 2 сарын 15 нд дуусна. Тэгэхээр энэ онд өндөр цалин авсан хүмүүс жилийн эцсээр тооцоо хийж дуусгахдаа шаталсан хувиар ногдуулах юм уу гэж асууж байна. Хуулийн нэмэлт 2023 оноос мөрдөгдөнө гэдэг нь 2023 онд авсан цалингаас эхлэн тооцогдоно гэсэн үг.
- Хувиараа орлого олдог хүмүүс дансны хуулгаас нь татвар тооцно гэж бухимдацгааж байна. Иргэдийн орлогыг тодорхойлохын тулд дансны гүйлгээг шалгах эрх татварын албанд байдаг. Түүний дагуу төлбөрийн баримт гаргаж өгөөгүй бол дансыг шалгаж орлогыг нь нотлох хуулийн заалт хэрэгжиж байна гэсэн үг юм. Хуулинд өмнө нь ч байсан заалт. Бухимдаж хэвлэлийн хурал хийж буй иргэд өмнө нь татварын тооцоо хийж байгаагүй юм байна л гэж ойлгогдохоор байна билээ.