Учиртай тоонууд: 40 их наяд, 379 бүртгэлгүй автомашин, 340 мянган тонн нүүрс
***
Түүхий нүүрс. Монгол Улс экспортынхоо 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрдүүлдэгээс Тавантолгойн ордоос олборлож буй нүүрс дангаараа талыг нь нийлүүлж бидний “гол идэш” болдог. Ирэх оны улсын төсвийг 18 их наяд төгрөгөөр батлахдаа тал идэшнийхээ үнийг тонн тутамд нь 408 ам.доллар байхаар тооцоолсон. Улиран одож буй 2022 оны төсвийг батлахдаа 36.7 сая тонн нүүрс экспортолно хэмээн тусгаж байсан хэдий ч төсвийн тодотголоор 18 сая тонн болгон бууруулсан. Харин оны төгсгөлд өмнөд хөршийн боомтод үүсэх гацаа цөөрснөөр нүүрсний экспортод сэргэлт авчирч сүүлийн хоёр сард огцом өсөлт үзүүлсэн. Улмаар 11 дүгээр сарын байдлаар манай нүүрсний экспортын хэмжээ төлөвлөгөөнөөс давж, улмаар 24.4 сая тоннд хүрсэн юм. Зөвхөн 11.25-12.01 буюу ганцхан долоо хоногийн хугацаанд 7 220 автомашин, 1 648 чингэлэгээр нийт 985.4 мянган тонн нүүрс экспортлосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр нүүрсний экспорт ийнхүү эргэн сэргэж буй нь бидэнд эерэг дүнтэй мэт харагдаж буй хэдий ч сүүлийн арав гаруй хоногийн жагсаал, “но”-той мэдээллүүд иргэдийн бухимдлыг төрүүллээ.
Жагсагчид нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, тэдэнд хатуу хариуцлага тооцохыг шаардсан. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагын төлөөлөл тухайн асуудлыг өргөн хүрээнд шалгаж, шууд болон шууд бусаар холбогдох этгээдүүдээс мэдүүлэг, байцаалт авна хэмээн хариу мэдэгдсэн. Тэдний хариу мэдэгдэл жагсагчдын бухимдлыг бууруулж чадалгүй, нэрсийг яаралтай зарлахыг шаардсан хэвээр. Үүнтэй холбогдуулан АТГ-аас нүүрсний хулгайд холбогдсон 17 хүний нэрийг мягмар гарагт зарласан хэдий ч жагсагчдын болон дэмжигчдийн санаанд бүрэн нийцэж, бухимдлыг нь дарж чадсангүй.
Улмаар жагсагчдын бухимдлыг багасгах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төрийн нууцад хамаарах оффтейк гэрээнүүдээс есийг нь ил болгосон. Эдгээр оффтейк гэрээг УИХ-д мэдэгдэлгүй зөвхөн ҮАБЗ-ийн хурлаар батлан хэрэгжүүлсэн болохыг мэдэгдсэн нь “гал дээр тос нэмэх”-тэй адил явдал болсон юм. АТГ-ын мэдэгдэлд ҮАБЗ-ийн гишүүн асан ганц, өнөөгийн УИХ-ын таван гишүүн болон өдгөө улс төрөөс холдсон нөхдийн нэрс багтсан нь тэдэнд итгэх итгэлийг багасгаж жагсаал үргэлжилсээр байна. Нэрлэгдсэн УИХ-ын таван гишүүн болон зарим этгээд уг мэдэгдлийг үгүйсгэж, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн хариу мэдэгдэл гаргасан.
Гэрээнүүд сүүлийн зургаан жилийн туршид буюу МАН төрийн эрх барьж буй он жилүүдэд батлагдсан. 2016 оноос хойш ҮАБЗ-д Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гэх дөрөвхөн хүний нэр л энд багтана. ҮАБЗ-ийн нэг л гишүүн татгалзсан хариу өгвөл уг асуудал хүчингүйд тооцогдоно. Тэгэхээр 2016 онд ҮАБЗ-ийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс бусад нь бүрдүүлж тэд бүгд зөвшөөрөн уг оффтейк гэрээнүүдийг байгуулжээ. Уг гэрээнд нүүрсийг хамгийн хямд үнэ, хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авах боломжийг тусгаж эдийн засагт ихээхэн хохиролыг учруулсан. Өмнө нь төлбөрөө урьдчилан авч нүүрсээ тогтсон ганц ханшаар нийлүүлж ихээхэн хохирол амсч байсан тохиолдол, туршлага үе үеийн эрх баригчдад байдаг.
Оффтейк гэрээнүүдийг УИХ-д мэдэгдэлгүй ҮАБЗ нууцаар баталсан.
Оффтейк гэрээнүүдийг байгуулах үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-д багтаагүй байсан учир түүнтэй холбоогүй байж болох юм. Тэрээр гэрээг эсэргүүцэн жагсагч, дэмжигчдэд хандан “Авлига бол Монголын төрд голомтолсон “хорт хавдар”. Эмчлэхгүй бол ардчилсан монгол төрийн аминд хүрэх аюултай. Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болох ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг мөн. Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно” хэмээн мэдэгдлээ. Тиймээс ч Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож өөрийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон. Энэ хугацаанд тус компанийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн ТУЗ болон Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан билээ. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Миний хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хилийг давж 340 мянган тонн нүүрсийг уурхайн ашиглалтын талбайгаас олборлосон асуудлыг шалгана. Хоёрдугаарт, 379 машиныг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудлыг шалгана” хэмээн мэдэгдсэн.
Ж.Ганбат: Уурхайгаас 379 автомашин бүртгэлгүй хил давуулсан асуудлыг шалгана.
Одоогоор тус уурхайгаас яг хэдий хэмжээний нүүрс алдагдсан нь бүрэн тогтоогдоогүй бөгөөд нийтдээ 40-45 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний нүүрс алдагдсаныг нотолно хэмээн УИХ-ын нэгэн гишүүн мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдлийн тоог ДНБ-ий хэмжээтэй харьцуулахад арай л худал, сенсаци дэгдээх зорилготой гэж дүгнэхэд хүргэж байна. Эрх баригчдын зүгээс ч үүнийг үгүйсгэж зөрүүтэй тоог нэгтгэх зорилгоор Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” компани зэрэг байгууллага АТГ-д хандаад байгаа юм. АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн компанитай холбоотой хулгай дээрмүүд их гарч байна. Тиймээс төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай болгох хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн намын санхүүжилт, томилгоо, тендер шахаа гээд маш олон зүйлтэй холбоотой. 2.3 их наяд төгрөг буцаан төлөгдөж байгаа нь нэг талдаа сайн хэрэг ч нөгөө талдаа реформыг шаардаж байна” хэмээн мэдэгдлээ.
Нүүрстэй холбоотой нэгэн эерэг мэдээлэл гарсан нь Засгийн газраас “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан явдал. Журам батлагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын нүүрсний 30 хувийг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан ил тод, нээлттэй байдлаар 2023 оны 7 дугаар сарын 1-ийг хүртэл арилжаална. Арилжааг нээлттэй болгосноор үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлж, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, хяналт тавих боломж бүрэн бүрдэх юм.
Ерөнхий сайд өчигдөрхөн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд “Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ. Тийм ч учраас уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна. Энийг л би нам дамнасан МАНАН бүлэглэл гэж томъёолж байгаа юм” хэмээн хэллээ. Түүний дээрх мэдэгдлүүд оффтейк гэрээнүүдийг илчилж, МАНАН бүлгийн эсрэг зогсож чадах эсэхээс Л.Оюун-Эрдэнийн хэн болох, цаашид түүхэнд хэрхэн бичигдэн үлдэх нь удахгүй тодорхой болох юм.