Миний анх үзэж итгэл найдвар тээн харж байсан сугалаа бол Женко компаниас зохион байгуулсан “Саятан” сугалаа юм даг. Саятан болох юм сан гэсэн хүсэл нийтээрээ ТВ-гээ үзэхэд хүргэж байсан. Анхны том хонжвортой сугалаа байлаа. Социалист системийн үед ч сугалаа байсан.Тэр ч байтугай автобусны билет хонжвортой болж байсан түүх бий. Азаа үзэх гэж цуглуулж байсан хүмүүсийн нэг нь би.
Сугалаа хүмүүсийн сонирхлыг их татдаг.
Төр хүртэл төлбөрийн баримтаар сугалаа явуулж байгааг буруутгаж чаддаггүй л юм. Аз ёндоо гэдэгт хүн бүр итгэж явдаг.
Иргэд нь хөдөлмөрлөж орлого олно гэдэг итгэл буурсан үед аз ёндоондоо найдах нь ихсэж байгаа нь хөдөлмөрийн баялаг хүртээмжгүй байгааг харуулж буй толь байж болох юм.
Аз ёндоог монголчууд “олсон хүний олз хаясан хүний гарз” гэж тайлбарлах нь ч бий. Авсан, олсон хүн аз ёндоотой ч алдсан, хаясан хүнд ямар харамсам үйлдэл билээ дээ. Хүний хаясан гээсэн ямар нэг үнэтэй зүйлийг олоод “буцааж өгөх юм сан” гэж бодохоосоо илүүтэй “миний аз ёндоо” гэж баярлан авах нь бидний үеийнхэнд түгээмэл. Тэр байтугай дэргэд нь суусан хүн хажуудаа утсаа тавиад түр мартахад л авчихна. Түүнийгээ ёндоо гэж бодно. Энэ бол аз ёндооны сөрөг тал. Үнэндээ ард түмний тархийг хордуулж ирсэн буруу ойлголт. Залуус энэ бүгдийг харин өөрөөр харж ойлгодог болсонд баяртай явдаг.
Өчигдөрхөн найз минь утсаа алдаад хамаг л чухал үнэт зүйлээ алдсандаа сэтгэлээр унаж байгааг харах хэцүү байсан. Гэтэл авсан хүн яаж баярлаж суугаа бол гэж бодохоос харамсам. Аз ёндоо гэдэг бол нэг хүний гарз, нөгөө хүний олз юм. Сугалаа цөөн хүнд аз авчирдаг ч дийлэнх нь мөнгөө өгөөд л азгүй хоцордог.
Сугалаа зохион байгуулж буй байдлаас харахад хоёр хэлбэр ажиглагддаг. Тусгай зөвшөөрөл авах ёстой гол төрөл нь нарийн бодож, боловсруулсан, олныг хамруулж, байнга явуулахын тулд хонжвор томтой, хамрагдсан хүнээс шалтгаалж хожих хүний тоо нөлөөлдөг тооцоололтой сугалаа байдаг бол нөгөө нь гэнэт зохион байгуулагдаж олноороо нийлж нэгэндээ том зүйл авч өгч буй хандивын шинжтэй сугалаа явагдаад байна.
Хэн нэгний аз ёндоо, нөгөө нэгний харамсал болдог. Хүмүүс амар хялбар байдлаар мөнгө олох гэж донтох, нэгнээ ятган залилах гэх мэт эрсдэл гарах магадлалтай учраас төр зохицуулах гэж оролдон тусгай зөвшөөрлийг бий болгосон.
Тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагаа цаасаар их хийгддэг байсан нь төрийн албан хаагчийг авлигад өртөх боломж болж ирсэн учраас сүүлийн жилүүдэд цахимаар шийдвэрлэдэг болсон.
Тусгай зөвшөөрөл авдаг, байнга явуулах зорилготой, нарийн боловсруулсан сугалааг энэ удаадаа орхиё. Харин сүүлийн үе дэлгэрч буй хандив мэт сугалааг илүүтэй тайлбарлая.
Олон хүний дунд бага мөнгө нийлүүлж “босгож” оролцогч нэгнээ “том” зүйлтэй болгоно гэдэг нь зохион байгуулалттай үйл ажиллагаа болж байна. Хандив босгож буй үйл явдалтай адилхан. Өгсөн нь төдийлөн харамсах сэтгэлтэй хоцрохгүй, авсан нь харин мөрөөдлөө биелүүлж аз ёндоотой байгаагаа мэдэрнэ. Ах дүүс хүртэл нийлж нэгэндээ том юм авч өгье гэж ээлжилж байгаа харагддаг. Гэхдээ энэ бүх үйлдэл бол ядуугийн эрхэнд нэгэндээ боломж олгож буй дэмжлэг. Сугалаа татаж хэнд өгөхөө л шийдэж байна гэсэн үг.
Олон хүн нэг дор цуглуулж чадсан хэвлэл мэдээллийн сүлжээ болон олон нийтийн танил хүмүүс бага мөнгөн дүнгээр орлого цуглуулж, сугалаагаар таарсан нэгэнд нь хонжвор олгох сугалааг ихээр хийх болжээ. Иргэдийн “бага” мөнгөөр “том” юм хожих мөрөөдлийг биелүүлж өгч байгаа бололтой. Өмнө нь телевиз, сонин гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийдэг байж. Тэд олон хүн цуглуулж, тэр хэрээр их хэмжээний мөнгө татаж чаддаг байсан. Яагаад суваг бүрээр сугалаа гарах болов оо гэж гайхдаг бол сугалаа ашигтай бизнес болжээ гэдгийг нотолж байгаа хэрэг. Ашиг нь олон зохион байгуулагчид очно. Гаргаж буй суваг нь цагийн мөнгө гээд овоо юм авна.
Яагаад суваг бүрээр сугалаа гарах болов оо гэж гайхдаг бол сугалаа ашигтай бизнес болжээ гэдгийг нотолж байгаа хэрэг.
Оролцогчдоос аз ёндоотой нь хэдэн төгрөг, эд зүйл хожно. Тэгээд хонжвор олгоод ТВ-д цагийн мөнгө болон бусад зардлаа төлөөд үлдсэн нь зохион байгуулагчийн ашиг болж байгаа. Тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь хэдэн төгрөгийн татвар төлсөн тухай мэдээллийг хэн ч зарлахгүй учраас олсон орлогыг нь хянах боломж олон нийтэд олдохгүй. Тусгай зөвшөөрөлгүй бол татвар төлөхгүй.
Одоо олон хүн дагаж байгаа сошиал инфлүзерүүдэд ийм боломж их байна. Тиймээс цаашид зөв зохицуулалт хийхгүй л бол дэлгэрсээр л байх болно.
Төр тусгай зөвшөөрөлгүй бол хууль бус үйлдэл шүү гэж хэлэхээс өөрийг хийж чадахгүй байна. Хоосон хашхираад яаж ч зохицуулж чадахгүй л сууна. Төрд шийдвэр гаргаж буй залууст туршлага, судалгаа дутаад байна. Тиймээс процессыг задалж тайлбарлая.
Сошиалаар их шуугиад ирвэл магадгүй цагдаа шалгана. Шалгахад гол нь хохирсон гэх этгээд гомдол гаргасан байх учиртай. Гомдол гаргаагүй бол цагдаа шалгах үндэслэл үүсэхгүй. Тэгээд хэн нэг гомдогч гарч ирээд шалгавал хандив шиг цуглуулаад нэгэндээ өгчихсөн үйлдлийг “Эд мөнгөний хонжворт сугалаа” зохион байгуулсан гэж үзэх үү гэдэг эхний асуудал гарна. Хариуцлага хүлээлгэх бол Эрүүгийн хуулиар шийтгэх үү, Зөрчлийн хуулиар торгох уу гэдгийг тогтоох ажил дараа нь бас гарах байх. Харин шалгуулж буй цагдаад яаж хандаж байгаагаас нь хамаарч Зөрчлийн хуулиар торгоод өнгөрч болохоор хуулийн зохицуулалт Зөвшөөрлийн хуульд бий. Зөвшөөрлийн хуулийн 9.5.2 заалт нэг иймэрхүү ойлгогдохоор үгтэй. Өмнөх хуульд ч энэ үг байсан. Ямар нь Эрүүгийн хуулиар, ямар нь Зөрчлийн хуулиар шийтгүүлэхийг тэр хуулиуд дээр нарийн тусгасан байх л даа. Хохирлын хэмжээнээс л хамаарна. Тэгэхээр 20 000 эсвэл 50 000 төгрөгөөс дээшлэхгүй мөнгө цуглуулж байгаа нь учиртай юм. 20 000 төгрөг төлсөн хүн би хохирлоо гэж О.Мөнхжингийн хохирогч бүсгүй шиг маск, малгай өмсөөд телевизүүдээр мэдэгдэл хийх хүн гарах уу. Харин олон хүн нийлээд хохирлын хэмжээгээ томруулж байж л шалгуулах магадлал өндөрсөнө. Гэвч 20 000 төгрөгийн төлөө тэгж цуглах хүн олдох уу? Тиймээс л цагдаад болон төрийн байгууллагад шалгуулах магадлал бага юм. Нэгэнт цагдаа шалгахгүй бол хууль бус үйлдэл гэж Татварын алба үзээд татвар ногдуулахгүй гэж тайлбарлаад байна лээ. Зөвшөөрлийн хуульд тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй төрийн байгууллага тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд гомдол гаргах, эсвэл шалгах үүрэггүй. Хуулийн зохицуулалт байхгүй. Харин тусгай зөвшөөрөлтэй бол цуцлах л боломж тэдэнд бий.
Татвар төлөхгүй, цагдаа шалгахгүй, хариуцлага хүлээлгэх субъект байхгүй учраас зохион байгуулагч нарт тун аятайхан орлого олох боломж олгоод байна. Хуулийн “завсар” дундаас орлого олж байгаа хэлбэр. Тэгэхээр сэргэлэн занд дуртай монголчууд энэ үйл ажиллагааг дэмжээд цааш үргэлжлүүлээд явахаар шинжтэй.
Сугалааг хүртэл ялгаатай авч үзэхээр хуульчлах ёстой нь амьдралаас харагдсаар ирсэн. Наадмын талбай дээр сугалаа хийж тоглуулж байгаа хүнийг хууль бус үйл ажиллагаа явууллаа гэж үзээд төрийн албан хаагч хөөж туувал юу болох бол доо. Нэг хүн орлого олж, нөгөө хүн аз ёндоогоо шалгаж байхад тусгай зөвшөөрөл нэхээд байх нь инээдтэй шаардлага болоод байна.
Тусгай зөвшөөрөл нэхсэнээс өндөр татвар төлөөд явуулах бизнесийн харилцаа болгох хэрэгтэй.
Ийм үйл ажиллагааг орлого олсон гэж үзээд татвар ногдуулдаг болох хэрэгтэй санагддаг юм. Тэд татвараа төлөг, тэгээд хандив мэт сугалааны үйл ажиллагаагаа явуулж аз ёндоог нь шалгаруулж байг л дээ.
Төр өөрийнхөө үйл ажиллагааг сугалаагаар шийддэгээс хойш иргэддээ энгийн энэ мэт сугалаа явуулах боломжийг яагаад өгч болохгүй гэж. Хохирогч гарахгүй байна шүү дээ. Харин ч хуулийн сиймхий нь сэргэлэн нэгэнд боломж олгоод байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн 6.5 заалтад эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Сангийн яам олгохоор хуульчилсан. Өмнө нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль үйлчилж байсан нь хүчингүй болж 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулиар энэ үйл ажиллагаа зохицуулагдаж эхэлсэн. Хуулийн нэр өөрчлөгдөх нь хэнд хамаарах вэ гэдгийг ч ойлгуулж байдаг.
Сангийн яамны сайт дахь мэдээлэлд эд мөнгөний хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 10 компани байна. Монгол Улсын хэмжээнд 10 компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй ажээ. Гэтэл яагаад хаа сайгүй сугалаа явуулдаг болов оо? Хохирогчгүй, гомдолгүй тусгай зөвшөөрөлгүй сугалаа ихэссэн гэсэн үг үү?
Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 заалтад тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрлийн ялгааг тайлбарласан байдаг. Нэг удаагийн шинжтэй явагдаж байгаа сугалаанд энгийн зөвшөөрөл авах боломжийг олгоод, нийт оролцогчид нь тодорхой учраас төлөх татвар нь ч тодорхой гарах тул татвараа төлөхийг шаардаж яагаад болохгүй байна вэ. Байж болох л шийдэл санагдана. Иргэдээ хууль зөрчигч болгох санаагүй бол олон жил хийгдсээр ирсэн зарим нэг үйл ажиллагааг хуулийн хүрээнд зөвшөөрөхөд ямар хүндрэл үүсэх билээ. Татварын хувь өндөр байвал ийм сугалаа явуулах эсэхээ шийдэх нь зохион байгуулагчдын хүлээх үүрэг болох юм. Тэдэнд өндөр татвар төлж сугалаа явуулах уу аль эсвэл өөр ажил хийх үү гэдгээ сонгох боломж олгоно.
Хандивын шинж агуулсан, нэг удаа явуулдаг ийм сугалааг тусгай зөвшөөрөлтэй байх ёстой гэж тайлбарлах нь Зөвшөөрлийн хуулийн тусгай зөвшөөрлийн утга санааг гажуудуулж, зохион байгуулагч нарт боломж олгож байгаа нэг тайлбар болоод байна.
Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхрийн хамт явуулсан сугалаанд 3333 хүн 50 000 төгрөгөөр оролцжээ. Хууль бус үйлдэл залилан хийлээ гээд их буруутгаж байх шиг харагдана. Хуулиа сайн үзвэл зохицуулалт нь иймэрхүү л байгаа юм. Харин тэд энэ үйл ажиллагаанаас ямар ашиг олсныг тооцож үзье.
3333*50000=166.650.000 төгрөг сугалаагаар цугларчээ.
Хонжворт 85 сая+ 65 сая үнэтэй 2 машин + 3.5 сая үнэтэй гар утас, нийтдээ 153.500.000 төгрөг хонжворт олгожээ.
Эндээс тооцохоор 13.150.000 төгрөгийн ашигтай ажилласан байна. Тэд 10 хувийн татвар төлнө гэж бичсэн байсан. Ингээд нэг өдөр зохион байгуулсан сугалаанаас 11.835.000 төгрөгийн ашигтай ажиллаж 1.315.000 төгрөгийн татвар төлөх бололтой.
Татварын байгууллага яаж хянах вэ гэвэл мөнгө төлсөн бүх иргэнд төлбөрийн баримт гаргаж өгсөн эсэхээр орлогыг нь нотлуулна.
Магадгүй дансаар нь түүнээс ч их мөнгө орсон эсэхийг нотлохын тулд дансны гүйлгээг шалгах шаардлага үүснэ. Саяхан л “Иргэдийн дансны гүйлгээг татварын алба шалгах гэнэ арай дэндүү юм” гээд уурлаад байсан даа. Ийм нөхцөл байдлаас л иргэний ч бай аж ахуйн нэгжийн ч бай дансны гүйлгээг шалгах нөхцөл үүсдэг. Дансны гүйлгээгээ шалгуулах сонирхолгүй хүн их байдаг учраас л татварын албаны энэ эрхийг буруутгах хүн олон гардаг.
Дансны гүйлгээгээр дээрх 165.6 сая төгрөг нотлогдвол олсон орлогыг машин болон гар утас борлуулалтын орлого гэж үзнэ. Тэгэхээр НӨАТ төлнө гэсэн үг. Хонжворт сугалаа гэж үзвэл тэд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан тул олсон бүх орлогыг хурааж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн хуулиар торгуулийн хариуцлага хүлээлгэнэ. Харин энэ бүх хариуцлага хэн дээр ирэх вэ гэвэл дансны эзэнд ирнэ. Тэр дансаа ашиглуулсан уу, машинаа зарсан уу гэдгийг тодруулах шаардлага үүснэ.
Машин болон утасны борлуулалтын орлогод НӨАТ төлөгч бол 151.500.000 төгрөгийн борлуулалт хийсэн гэж үзэн 15.150.000 төгрөгийн НӨАТ төлүүлнэ. НӨАТ төлөгч биш бол 166.650.000 төгрөгөөс 50 сая төгрөгийг хасаад 116.650.000 төгрөгийн НӨАТ-тай борлуулалт хийсэн гэж үзэн 10.604.545.45 төгрөгийн НӨАТ төлөх учиртай. Тэд машин болон гар утас борлуулсан шүү дээ. Хэрвээ тэр машин, гар утас авсан худалдан авалт нь НӨАТ-тай бол дээрх төлөх НӨАТ-аасаа хасуулах боломж бас байгаа.
Ингээд цэвэр борлуулалтаасаа машины өртгийг хасаад ашгаасаа 10 хувийн орлогын татвар төлөх болно. Машины өртгийг бас баримтаар нотлуулна. Татварын алба дансаараа орлого авсан хүнтэй ийм тооцоо хийх нь. Хонжвор авсан иргэд бас л татвар төлөх учиртай. За ямар байна даа. Гол нь татварын алба маань ингэж ногдуулж, хянаж чадахгүй байгаа учраас л иргэд төөрөлдөөд сугалаа зохион байгуулах ашигтай гэж бодоод байна шүү дээ.
Залилан гэж буруутгахаасаа татвар төлүүлдэг болгох нь чухал юм.