Том аж ахуйн нэгжүүдэд тайлангаа хугацаандаа ирүүлээгүйн төлөө 4 сая төгрөгийн хариуцлага хүлээлгэх нь жижиг тоо мэт байж болох ч, бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд төлөх татвараас нь ч их тоо юм.
***
Бага орлоготой иргэдээ дэмжих төрийн бодлоготой улс шүү дээ гэж бодохоор ийм дүнгээр тайлангаа хоцроосон гэж бичил, жижиг аж ахуйн нэгжийг торгох нь хүн чанаргүй мэт. Үнэндээ том аж ахуйн нэгжийн хувьд торгуулийг компани биш нягтлан нь төлөх хариуцлага үүрдэг. Тэгэхээр тэднийг 400 мянган төгрөгөөр л торгоно.
Торгуулийн ачаалал үнэндээ бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд л ирдэг. Тэд бизнесээ босгох гэж “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” тамираа тасартал зүтгэж байгаад тайлангаа мартаж эцсийн өдөр гэнэт санадаг. Татварын тайланг нэг өдөрт гаргаад өгөхөд амархан шийдэлтэй. Он дуусаад НӨАТ-аа гаргачихаад энэ жил төлөх татвараа тооцоод гаргаж болдог. Систем нь энэ боломжийг өгч байгаа. Гэтэл баланс бол тийм амархан хийхгүй. Дансны харьцаа хийж, давхар бичилтээ хааж заавал нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй хүнийг гуйх хэрэгтэй болно. Тэгээд нягтлангийн үнэ цэн эндээс бий болдог. Гэрээт нягтлан гэдэг ойлголт зах зээлд хүч түрж гарч ирсэн нь ч энэ торгуультай холбоотой.
Бичил, жижиг компанийн захирлууд тайлангийн сүүлийн өдөр гэнэт л баланс тайланг нь гаргаад өгөх нягтлан хайдаг. Тэр ч байтугай он дуусангуут “Нягтлан ажилд авна” гэсэн зар их гарна. Цалин овоо өндөр. Гэвч тайлан дууссаны дараа халагдах тохиолдол их гэж дуулдах болов. Сүүлийн өдрөө баримт материалаа өгсөн захирлууд гэрээт нягтланд өндөр үнэ төлж, гуйж хийлгэнэ. Нэгэнт өндөр хөлс авсан нягтлангууд яаж ийж байгаад өдөртөө багтаагаад шивэхийг хичээнэ. Гэвч балансын систем нь тэр өдрүүдэд зүгээр л гацаж нягтлангууд жилийн жилд шар махтайгаа хатна. Харин төрийнхөн нь “Хугацаандаа хийх нь яасан юм” гэж тавлаж, торгууль тавих гэж яарна.
Хэрвээ Сангийн яамны тайлангийн тоон мэдээний статистик сүүлийн 10 жилээр гардаг бол сонирхолтой дүгнэлт хийж болох юм. Дээр нь бас ямар тайлан сүүлийн өдөр илүү их шивэгдэж байгааг харуулахад ч сонирхолтой мэдээлэл болно. Ямар орлоготой аж ахуйн нэгж торгууль төлөгч болж үлддэг вэ. Бас сүүлийн жилүүдэд торгууль төлүүлсэн аж ахуйн нэгжийн тоо хэд хүрч байна вэ? Энэ асуултад хариулт авмаар байна.
Цахим систем хөгжиж, тайлан өгөх нь хялбар болж дэвшил гарч байна. Түүнтэй зэрэгцүүлэн торгуулийн хэмжээг төлбөрийн чадварт нь нийцүүлэн өөрчлөх нь илүү нааштай үр дүнтэй арга байж болох юм. Харин татвар төлдөггүй, татвараас зугтагсдад оноох хариуцлагыг чангатгах хэрэгтэй байгаа нь сүүлийн үед илэрч буй олон асуудлаас харагдаж байна. Томоохон хэрэг хийснээ шийтгэдэггүй атал жижгүүддээ л хатуурхаад байдаг энэ систем бидний хөгжлийн гацаа байж мэднэ.
Жижгүүдээ тултал дэмжиж, томуудаа сайтар хянах нь санхүүгийн системийн гол үндэс болоод байна. Бичил жижгүүдэд ирэх торгуулийн болон тайлагналын ачааллыг бууруулах, төлбөрийн баримт өгдөг, авдаг болгож хэвшүүлэх зорилгоор татварын хөнгөлөлтийн бодлогыг цогц хэрэгжүүлэх нь томуудаа хянах хөндлөнгийн хяналт болох нэг арга юм.
“ХУДЛАА” БАЛАНС
Тайлан гаргадаг хэнд ч танил найз нөхдөөс нь “Хэдэн тоо тавиад тайлан, баланс хийгээд өг” гэх гуйлт элбэг ирдэг байх. Мэргэжлийнхээ мөн чанарыг хамгаалах гэж оролдож буй сайн нягтлангууд олон бий. Гэвч сайны хажуугаар саар нь их болж байна. Үүнийгээ бид салбараасаа яаж шахах вэ гэж бодох хэрэгтэй. Чанартай сайн хийсэн нь илүү үнэтэй байна гэх зарчмыг барьсаар байвал “Хямд хийгээд өгнө” гэх хэн нэгэн элбэг болж ирнэ. Манай систем бүхэлдээ “ХУДЛАА” харагдах тоон мэдээн дунд эргэлдэж байна.
Бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн тайлан ач холбогдлоо алдсаар байна. Тэд төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлдэг ч нийт татвар төлөгчдийн 80 орчим хувийг эзэлдэг олонх юм. Магадгүй тайлан шивэх хариуцлага муутай хэсэг нь тэд болов уу.
Санхүүгийн тайлан зээл авах, тендерт орох гэх мэт хөрөнгө хэрэгтэй үед хэрэг болдог байлаа. Одоо зээл авахад хэрэггүй болж байна. Тендерт ороход л хэрэгтэй хэвээр байна.
Байгаа хэдэн баримтынхаа хүрээнд л гаргуулж байгаа баланс үнэн байж чадах уу? “Зохиолгосон” баланс бичил, жижиг компанийн захиралд ямар ач холбогдолтой вэ?
Үнэ цэнэтэй зүйл ямар үед үнэ цэнээ алддаг вэ гэдгийг бидний 30 жилийн санхүүгийн тайлагналын талаар баримталж буй бодлого харуулсаар байна.