Олон ажил олгогч ажилтнуудаа технологи суурьтай ур чадвар эзэмшиж, ялангуяа мэдээлэлд дүн шинжилгээ хийх, онлайнаар хамтран ажиллах, төслийн менежмент зэрэгт суралцсан байх шаардлагатай гэж үзэх болж.
Өнөөгийн ажлын байранд Word болон Excel-ийн үндсэн мэдлэгээр хол явахгүй.
Дүн шинжилгээ хийх, зохион байгуулах болон харилцаа холбооны технологийн тэсрэлт оффисын ажлыг бүх талаар шинэчилж байна. Борлуулалт, маркетинг, төслийн менежмент, дизайны чиглэлээр ажилладаг эсэхээс үл хамаараад бусад олон салбарт ажил олгогчид ажилтнаас өгөгдөлд дүн шинжилгээ хийж, багцлан боловсруулж, гялалзсан танилцуулга болгон хувиргахыг хүсдэг. Алсын зайнаас ажиллах нь хэвийн үзэгдэл болсон тул хүмүүс онлайн хамтын ажиллагааны өргөтгөсөн боломжуудыг мэддэг байх ёстой.
“Технологи бол байгууллага доторх бүтээлч сүйтгэл, хувирал өөрчлөлт, үнэ цэнийг зүгээр нэг идэвхжүүлэх төдий биш, харин үнэхээр хөдөлгөгч хүч нь болох тухайд ямар ч маргаан байхгүй” гэж Колумбын Бизнесийн сургуулийн декан Костис Магларас хэлж байна.
“Энэ бүхний эцэст тэд өөрсдөө технологич болохгүй ч хүмүүс ажлын байран дээрээ зарим үндсэн мэдлэгтэй байх шаардлагатай.”
Технологийн судалгаа ба зөвлөх үйлчилгээний “Gartner” фирм-ийн 2022 онд хийсэн дижитал ажилчдын судалгаагаар дундаж оффисын ажилтан ажил дээрээ 11 программ ашигладаг бол 17% нь 16 ба түүнээс дээш программ ашигладаг үзүүлэлт гарчээ. Эдгээр ур чадварын заримд нь ажил дээрээ суралцаж болно. Гэхдээ олон ажил олгогч ажилтнаа ихэвчлэн тусгай, моодонд орж буй томоохон аппликейшнуудад улам гаршиж, илүү чадварлаг болно хэмээн хүлээж, найдаж байдаг гэж ZipRecruiter онлайн хөдөлмөрийн зах зээлийн ахлах эдийн засагч Жулия Поллак хэлжээ.Өнөөдөр оффисын ажилтнуудад ямар технологийн ур чадвар хэрэгтэй, мөн тэд ажлаа хийж гүйцэтгэхэд ямар программыг мэдэж байх хэрэгтэй вэ?
Өгөгдөлтэй ажиллах
Компаниуд борлуулалт, бүтээмж болон бизнесийнхээ бусад зүйлсийн талаар өгөгдөл хуримтлуулах нь улам ихэссээр байна. Мөн тэд ажилтнуудаа энэ бүх тоог боловсруулдаг программ хангамж дээр хурдан шуурхай ажиллах болно гэж найдаж байна.Microsoft корпорацын Power BI болон Salesforce-ийн эзэмшдэг Tableau нь өгөгдлийг дүрслэн харуулах тэргүүлэгч программ болж чадсан гэж Gartner-ийн шинжээч Жо Мариано хэлэв. Жишээлбэл, Power BI Essential курсийн сургалт нь 2022 онд LinkedIn Learning дээр хамгийн их санал болгосон 13 дахь хичээл болжээ. Хэдхэн товч дарж, автоматжуулсан хиймэл оюуны /AI/ зөвлөмжийг дагаж хүснэгт, мэдээллийн сан эсвэл CRM программ хангамж гэх мэт олон мэдээллийн эх сурвалжийг ажилтнууд нэгтгэж, диаграмм болон бусад графикт хувиргаж чадна. Менежерүүд борлуулалт буурсныг бүс нутгаар, сараар, жилээр эсвэл хувь хүнээр ангилан харж болно. Хот төлөвлөгчид хот доторх хүмүүсийн урсгалыг өдрийн турш харуулсан газрын зураг бүтээж болно. Гэхдээ Microsoft Excel, Google-ийн Alphabet Inc.-ийн Google Sheets зэрэг уламжлалт программ хангамжийг мэддэг байх нь ч чухал хэвээр байна гэж LinkedIn-ийн байнгын ажил мэргэжлийн шинжээч Кэтрин Фишер хэлж байна.Ажилтнууд ердийн үүрэг даалгавруудын зэрэгцээ уламжлалт хүснэгтэд зарим зүйлийг хийх боломжийг олгодог эмхэтгэсэн хүснэгтийн (pivot table), тухайлбал, хүснэгтээс гаргаж авсан өгөгдлийн дэд бүлгүүдийг харьцуулан автоматаар тайлан эсвэл график гаргах гэх мэт Power BI эсвэл Tableau дээр хийгддэг үйлдлүүдийг хийдэг ахисан төвшний функцуудыг мэдэж байх ёстой гэж ZipRecruiter-ийн хатагтай Поллак хэлэв.
Үнэн хэрэгтээ, LinkedIn Learning дэх хүмүүсийн хамгийн их суралцдаг хоёр дахь хичээл нь Excel доторх сэдэв бөгөөд Excel-ээс Udemy онлайн сургалтын платформ дээрх оффисын бүтээмжийн шилдэг 10 ур чадварын зургаад нь суралцаж болно. Microsoft эсвэл Google алиных нь ч байсан хүснэгтийн программууд өнгөрсөн жил LinkedIn-ийн гишүүдийн профайлд нэмэгдсэн шилдэг ур чадваруудын нэг байсан гэж хатагтай Фишер хэлэв.
Сонирхолтой танилцуулга бэлтгэх
Ажилтнууд Excel эсвэл Sheets-ийн зэрэгцээ бусад уламжлалт оффисын программууд, жишээлбэл, Word, Google Docs, түүнчлэн PowerPoint эсвэл Google Slides-ыг мэддэг байх нь нэн чухал гэж Остин дахь Техасын их сургуулийн насан туршийн боловсрол ба мэргэжлийн боловсрол хариуцсан дэд захирал Арт Маркман хэлж байна. Гэхдээ дахин хэлэхэд, ажил олгогчдын хувьд ажилтнууд баримт бичиг эсвэл слайд хэрхэн боловсруулах тухай үндсэн мэдлэгтэй байх нь хангалттай бус, тэднээс программын ахисан түвшний мэдлэгийг хүлээж байдаг.
“Одоо хүмүүс бичиг баримт эсвэл танилцуулга хүлээн авахдаа илүү өндөр хүлээлттэй байдаг болсон” гэж хатагтай Поллак хэлэв.
“Тэд хүлээн авсан зүйлс нь сэтгэлд нь хүрсэн, мэргэжлийн мэт мэдрэмж төрүүлэхээр харагдаж байхыг хүсдэг.” Жишээ нь илтгэл бэлдэхдээ санаагаа илтгэхийн тулд хөдөлгөөнгүй зураг харуулахын оронд хөдөлгөөнт дүрс нэмнэ гэсэн үг юм. Ажил олгогчид, Word дээр боловсруулалт хийхэд баримтын хэсгүүдийг хооронд нь холбох, түүнчлэн хуваалцах, сэтгэгдэл бичих гэх мэт багийн ажлын функциудыг ашигласан буюу илүү өргөтгөсөн форматыг хүсэж болно гэж хатагтай Поллак хэлэв.
Харилцааны хэрэгслийг эзэмших
Алсаас уулзалт зохион байгуулах хэрэгслүүд Zoom, Google Meet, Microsoft Teams болон Salesforce Inc.-ийн Slack-ийг хэрэглэх нь цар тахлын дараагаас идэвхжсэн. Гэхдээ олон оффисын ажилтан эдгээр программыг ажиллуулах үндсэн зарчмыг л зөвхөн мэддэг.
Өнөөгийн ажиллах хүчинд зориулсан технологийн сургалтын хөтөлбөр
ЭНГИЙН УР ЧАДВАРУУД
- Ахисан түвшинд текст боловсруулах (Word, Docs)
- Нарийвчилсан хүснэгтүүд (Excel, Sheets)
- Ахисан түвшний танилцуулга (PowerPoint, Слайд)
- И-мэйлийн менежмент (Outlook, Gmail)
- Багаар ажиллах (Teams, Slack)
- Багаар санаа бүтээх (Мiro, Mural)
- Удиртгал AI (Coursera-н нийтэд зориулсан AI гэх мэт)
- Хиймэл оюун ухаантай танилцах (ChatGPT, Dall-E 2, Midjourney гэх мэт)
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРУУД
- Өгөгдлийн дүрслэл (Power BI, Tableau)
- Төслийн менежмент (Asana, Microsoft Төсөл, Трелло гэх мэт.)
- Харилцагчийн үйлчилгээний менежмент (Salesforce, HubSpot, Zoho гэх мэт)
- Бага кодтой/кодгүй автоматжуулалт (Mendix,OutSystems, UiPath, Power Automate гэх мэт)
- Программчлалын үндэс (Python, JavaScript, R, SQL, VBA)
“Бид тусгайлан Microsoft Teams-ийг авч үзэхэд, хүмүүс чат, уулзалтыг ашиглаж байна, асуудалгүй ” “Харин тэдний хийхгүй байгаа зүйл бол баг дотроо тодорхой сэдэв эсвэл төслөө хэлэлцэх сувгууд зэрэг илүү өргөтгөсөн үйлчилгээг ашиглахгүй байгаа юм” гэж ноён Мариано хэлэв.
Түүнчлэн ажилтнууд бусад апп-ыг эдгээр уулзалтын программд хэрхэн холбохыг мэддэг байх ёстой, ингэснээр тэд файл хуваалцах болон төслүүдийг удирдах боломжтой болно.
Нэмж дурдахад, ажил олгогчид хүмүүсийг бүх цаг үеийн хамгийн чухал харилцааны хэрэгслийн нэг болох и-мэйлийн өргөтгөсөн боломжуудыг мэдэж байхыг хүсдэг. Жишээ нь жагсаалт боловсруулах, масс шуудан илгээх, сэдвийн мөрөнд оновчтой нэр бичих зэрэг мэйл удирдах нь LinkedIn профайл дээрх бас нэг эрэлттэй чадвар юм.
Харилцах, холбогдох ур чадвар бол Microsoft Outlook-ын 20 дахь зэрэглэл бүхий ZipRecruiter-ийн ур чадварын индексийн хамгийн шилдэг нь байдаг.
Төсөл удирдах
Зохион байгуулалт, төлөвлөлтийн программууд нь үүрэг даалгаврын удирдлага, цаг хянах, файл хуваалцах зэрэг функцуудаар дамжуулан ажлаа чиглүүлэх хялбар боломж олгодог.
Жишээлбэл, маркетингийн компани ажлын явцыг автоматжуулах боломжтой бөгөөд ингэснээр нэг хүн даалгаврыг гүйцэтгэхэд дараагийн хүнд автоматаар мэдэгдэнэ. Эдгээр программ нь Google Drive зэрэг бусад программ үйлчилгээнүүдтэй холбогдох бөгөөд ажилтнууд удирдлагын программ хангамжид хандаж, холбогдох мэдээлэл, баримтыг шууд авах боломжтой байна.
Мөн тэд бүтээмжийг үнэлэх эсвэл үйлчлүүлэгчдийн төлбөр тооцоог тодорхойлох зэрэг үүрэг даалгавар бүрд зарцуулсан цаг хугацааг хянах боломжтой.
Аливаа зүйлсийг автоматчилах
Ямар ч программ хангамж хэчнээн хүчирхэг байсан ч үүнийг ашиглахад яг л өмнөхтэйгөө адил товчлуур болон дүрсүүд дээрээ дахин дахин олон удаа товших, зааж өгөх шаардлагатай хэвээр байна. Процессын робот автоматжуулалт нь хүмүүст компьютерын давтагддаг үйлдлийг гүйцэтгэх ажлыг хариуцдаг робот гэж нэрлэгддэг жижиг скриптүүд бүтээх боломжийг олгодог. Жишээлбэл, робот нь баримт бичгийг чиглүүлэх эсвэл маягтыг унших, мэдээллийг өгөгдлийн санд оруулах зэрэг хүмүүсийн хийдэг энгийн алхмуудыг давтахаар программчлагдсан байж болно.
Хүний нөөц, зөвлөх үйлчилгээний “Robert Half” компанийн гүйцэтгэх захирал Майк Стейниц илүү үр дүнтэй ажиллахын тулд бид юу хийх ёстой вэ гэсэн асуултад “Маш олон зүйлийг автоматжуулах” гэж хариулав.
Робот бүтээхэд нарийн төвөгтэй ур чадвар шаардлагагүй. Олон хүн “кодгүй” гэж нэрлэдэг аргыг ашигладаг бөгөөд энэ нь та өгөгдлийн эх сурвалж, программ болон холбох үйлдлүүдийн төрлийг сонгон заагаад, товшиход л хангалттай гэсэн үг. Майкрософт компанийн кодгүй байх чадвартай Power Automate хэрэгсэл нь Udemy дээр 2022 онд хамгийн хурдан хөгжиж буй оффисын бүтээмжийн ур чадвар юм.
Зарим программчлалыг хийдэг байх
Гэсэн хэдий ч ажилтнууд зарим кодчилол сурах нь тустай байдаг гэж Колумбиа Бизнес сургуулийн профессор Сиамак Моаллеми хэлж байна. Жишээлбэл, Excel нь олон төрлийн анализийг дэмждэг боловч төвөгтэй байдлын тодорхой түвшинд хүрэхэд эсвэл өгөгдлийн хэмжээ хэт их өсөх үед Python шиг программчлалын хэлээр тооцоолох нь илүү хялбар байдаг гэж доктор Моаллеми хэлэв.
Түүнчлэн ажилтнууд мэргэжлийн кодлогч байх албагүй, учир нь тэд өөрт хэрэгтэй дүн шинжилгээ хийх зориулалттай багц гэж нэрлэгддэг нээлттэй эх кодын модулиудыг татаж авах боломжтой. Python бол LinkedIn Learning-ийн хамгийн алдартай ес дэх сургалт аж. Мөн Колумбиагийн Бизнесийн сургуулийн мэдээлснээр одоогийн оюутнуудын талаас илүү хувь нь Python-ийг хичээлдээ ашиглаж байна.
Доктор Моаллеми мөн LinkedIn Learning-ийн 15-т ордог, өгөгдлийн сангаас мэдээлэл хүсэхэд ашигладаг хэл болох SQL-г зөвлөж байна. SQL ашиглан та өөрийн хүссэн өгөгдлийн дэд багцыг гаргаж авах боломжтой. Жишээлбэл, тодорхой бүс нутагт тодорхой насны үйлчлүүлэгчид тодорхой бүтээгдэхүүнийг хэрхэн худалдан авч байгаа тухай.
Кодчлолд суралцах нь “илүү сайн хамтран ажиллах бололцоог өгдөг” гэсэн өөр бас нэг давуу талтай гэж доктор Магларас хэлж байна. Кодчиллын суурь ур чадвартай байх нь бизнес эрхлэгчдэд программистууд, өгөгдөл судлаачид, хэрэглэгчийн туршлагын дизайнеруудтай хамтран ажиллахад нь тусалдаг.
LinkedIn сургалтын үзэлтэд тулгуурлан гаргасан 2022 оны хамгийн алдартай эхний 20 курсын бараг тал хувь нь технологийн сэдэвтэй (тодруулсан) эсвэл технологийн элементүүдтэй (налуу) байна.
- Зорилго тодорхойлох: Зорилтууд ба гол үр дүн
- Excel Essential сургалт (Office 365/Microsoft365)
- Хувь хүн хоорондын харилцаа
- Өсөлтийн сэтгэлгээг төлөвшүүлэх
- Төслийн менежментийн үндэс
- Шүүмжлэлт сэтгэлгээ болон сониуч занг хөгжүүлэхийн тулд асуулт ашиглах
- Багийн хамтын ажиллагааны үндсэн зарчим
- Өрөөсгөл ойлголтууд
- Python-д суралцах
- Өөртөө итгэлтэй харилцах
- Өөртөө итгэлтэй, үр дүнтэй ярих
- OWASP шилдэг 10-т суралцах
- Power BI Essential сургалт
- Стратеги сэтгэлгээ
- SQL үндсэн сургалт
- EQ хөгжүүлэхХарилцааны үндэс
- Agile-ийн үндэс
- Дижитал маркетингийн үндэс
- Шүүмжлэлт сэтгэлгээ
Эх сурвалж: LinkedIn
Ажлыг хиймэл оюун ухаан руу буулгах
Текст, код үүсгэх ChatGPT, зураг бүтээх Stable Diffusion ба Midjourney зэрэг хэрэгслийн тэсрэлтээр зарим түвшний AI /хиймэл оюун / нь хүн бүрд хүртээмжтэй боллоо.
Тухайлбал, Майкрософт ажлын байрны аппликейшнууд дээр нь байдаг ChatGPT-ийн үндэс болсон OpenAI-ийн GPT-4 технологи буюу хиймэл оюуны загваруудыг нэвтрүүлсэн Copilot үйлчилгээгээ саяхан зарлав.
Жишээ нь, Word болон Outlook программ нь баримт бичигт байгаа мэдээлэл дээр үндэслэн автоматаар текст үүсгэх буюу эсвэл PowerPoint нь хэрэглэгчийн эх хэл дээрх заавар, бусад баримт бичиг дэх материалд тулгуурлан танилцуулга үүсгэх боломжтой. Үүний зэрэгцээ, Salesforce-ийн Slack нь OpenAI-ийн технологийг ашиглан харилцан яриаг нэгтгэн дүгнэж, зурвасууд бичихэд туслах болно.
ChatGPT-г 11 дүгээр сарын 30-нд нэвтрүүлснээс хойш Udemy-ийн багш нар тус хэрэгслийг ашиглан баримт бичгүүдийг нэгтгэн дүгнэх, кодын алдааг тогтоох зэрэг 300 гаруй хичээлийг явуулсан байна.
IBM болон Amazon Web Services-д хиймэл оюуны бизнесийг удирдаж байсан AI-ийн хөрөнгө оруулагч, зөвлөх Алли К.Миллерийн хэлснээр олон хүн AI-ийн өндөр түвшний зарчмуудыг сурах ёстой бөгөөд Coursera-гийн хамтран үүсгэн байгуулагч Эндрю Нг-ийн “Бүгдэд зориулсан хиймэл оюун” зэрэг хичээлээс үүнийг сурч, ажил хэмнэхийг амлаж буй шинэ хэрэгслийг туршиж үзэх хэрэгтэй аж.
“Байнга хийдэг зүйлсийнхээ талаар бодож үзээд, хиймэл оюуныг энэ ажилдаа татан хэрэгжүүлэхэд ажлын үр ашиг 80% өсөхийг хараарай.