Business.mn сайтаас бизнесийн эзэд, удирдлага, менежер, ажилтнуудад зориулаад эдийн засаг, бизнесийн стратеги, санхүү, хүний нөөц, менежмент, маркетинг, дижитал шилжилт, хувь хүний хөгжилтэй чухал асуултуудын хариултыг #Answered булангаараа цувралаар хүргэж байна.
***
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) бол эдийн засаг хэр сайн, эсвэл муу байгааг харуулдаг хамгийн чухал хэрэглүүрийн нэг юм.
ДНБ нь бизнесүүдэд хэзээ үйл ажиллагааг өргөжүүлж, ажиллах хүчнээ нэмэх вэ гэдгээ шийдвэрлэхэд тусалж, хэр хэмжээний татвар ногдуулж, хэр их төсөв зарцуулахаа шийдвэрлэх боломжийг Засгийн газарт олгодог.
ДНБ гэж юу вэ?
Тухайн улсын бүх компани, Засгийн газар, иргэдийн үйл ажиллагааны хэмжүүр буюу хэмжих оролдлого бол ДНБ юм. Жишээлбэл, Их Британид ДНБ-ий шинэ үзүүлэлтийг сар бүр гаргадаг ч гурван сарыг хамарсан улирал тутмын үзүүлэлт нь хамгийн их анхаарал татдаг.
Өсөж, хөгжиж буй эдийн засгийн хувьд улирал тутмын ДНБ өмнөх улирлаас бага зэрэг их байдаг. Энэ нь тухайн улсын иргэд улам их ажиллаж, улам баян (дунджаар) болж буйн илэрхийлэл болно.
ДНБ өсөх нь хүмүүс улам их мөнгө зарцуулж, илүү олон ажлын байр бий болж, илүү их татвар төлөгдөж, ажилтнуудын цалин нэмэгдэж буйг илэрхийлдэг учраас ихэнх эдийн засагч, улс төрч, бизнесменүүд ДНБ-ийг тогтвортой өсөж байхыг хүсдэг.
Хэрэв ДНБ буурвал энэ нь эдийн засаг агшиж буйг харуулах бөгөөд компани, ажилтнуудын хувьд муу мэдээ болно. Хэрэв ДНБ хоёр улирал дараалж буурвал эдийн засгийн удаашрал гэж тооцогддог. Энэ нь цалингийн өсөлт гарахгүй, ажлын байр буурна гэсэн үг.
Коронавирусийн цар тахал нь сүүлийн 300 жилийн түүхэнд гараагүй хамгийн ноцтой удаашралын шалтгаан болсноор бизнес, ажил эрхлэлтэд сөрөг нөлөө үзүүлж, эдийн засгаа дэмжихийн тулд Засгийн газруудыг хэдэн тэрбум ам.доллар зээлэхээс өөр аргагүй байдалд оруулсан.
2022 оны арваас 12 дугаар сарын хооронд эдийн засаг өмнөх гурван сартай харьцуулбал 0.1 хувиар өссөний дараа буюу 2022 оны сүүлчээр Их Британийн эдийн засаг удаашралд орох дөхсөн.
ДНБ танд яаж нөлөөлдөг вэ?
Хэрэв ДНБ өсөж байвал Засгийн газар эдийн засгаа их сайн удирдаж буйн нотолгоо гэж үздэг. Үүний эсрэгээр, хэрэв ДНБ буурах юм бол эдийн засгийг Засгийн газар муу удирдаж, ажлаа муу хийж байна гэж сөрөг хүчний улс төрчид шүүмжилнэ.
Гэхдээ ДНБ зөвхөн Засгийн газар ажлаа хэр хийж байгааг харуулдаг тайлан төдий биш юм. Хэрэв ДНБ тогтвортой өсөх юм бол хүмүүс илүү их орлого олж, илүү ихийг зарцуулж байгаа учраас илүү их татвар төлнө. Ингэснээр Засгийн газар нь сургууль, цагдаа, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээнд зарцуулах илүү их мөнгөтэй болох юм.
Түүнчлэн эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад хэр хэмжээний зээл авч байгаа гэдэгтээ Засгийн газрууд ихээхэн анхаарал хандуулж байдаг.
ДНБ-ийг хэрхэн хэмжих вэ?
ДНБ-ийг гурван аргаар хэмжиж болно:
- Үйлдвэрлэл: Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, барилга, үйлчилгээний салбарууд болон Засгийн газар зэрэг эдийн засгийн бүхий л салбарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнэ
- Зардал: Айл өрх, Засгийн газрын худалдаж авсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, машин тоног төхөөрөмж болон барилгад оруулсан хөрөнгө оруулалт, дээр нь импортыг хасаад экспортын хэмжээ багтдаг
- Орлого: Ашиг, цалин зэрэг нийт бий болж буй орлогын үнэ
ДНБ-ий хэмжээг яагаад дараа нь өөрчилдөг вэ?
Томоохон эдийн засагтай улсууд дундаас ДНБ-ий үзүүлэлтээ хамгийн богино хугацаанд зарладаг улсын нэг бол Их Британи юм. Тухайн улирал дууссанаас 40 хоногийн дараа тус улс ДНБ-ий үзүүлэлтээ мэдээлдэг. Энэ үед нийт өгөгдлийн 60 орчим хувь нь бэлэн болсон байдаг учраас өгөгдөл нэмж ирэх тусам тус үзүүлэлтийг шинэчилдэг байна.
ДНБ-ий сул тал юу вэ?
ДНБ-ий өсөлт нь эдийн засгийг бүрэн илэрхийлэхгүй. Статистикийн тоонд багтаагүй асар олон зүйл байдгийг дурдвал:
- Далд эдийн засаг: Аав ээж, хүүхдээ асрах, гэрийн ажил хийх зэрэг цалингүй ажил хөдөлмөр нь албан ёсны статистик үзүүлэлтэд багтдаггүй.
- Тэгш бус байдал: Хүн амын дунд орлогын хуваарилалт хэр явагдаж байгааг ДНБ харуулдаггүй. ДНБ өсөх нь хүн бүрийн амьдрал сайжрах бус харин баячууд нь улам баян болж байгааг илэрхийлж болно.
ДНБ өслөө гээд тухайн хүний амьдралын түвшин сайжирна гэж ойлгож болохгүй. Хэрэв тухайн улсын хүн амын тоо өсвөл ДНБ-ий хэмжээ нэмэгддэг. Учир нь хүн ам их байх тусам улам их мөнгө зарцуулна. Гэхдээ иргэд нь тэр бүр баян хангалуун амьдралтай болж байгааг илэрхийлэхгүй. ДНБ өсөж байгаа ч иргэд ядуурсаар байж болно.
Тиймээс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг мэдээлдэг бөгөөд эл үзүүлэлт нь ДНБ-ий үзүүлэлттэй харьцуулбал тэс өөр түүхийг өгүүлдэг юм.
ДНБ-ий хэмжиж буй эдийн засгийн өсөлт нь тогтвортой эсэх, эсвэл байгаль орчинд ДНБ сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх зэргийг тооцож үздэггүй нь сул тал гэж шүүмжлэгчид үздэг. Тиймээс ДНБ-тэй ижил төстэй өөр бусад үзүүлэлтүүд бий болсоор байна.
Зарим улс эдийн засгийн өсөлтөөс гадна сайн сайхан байдлыг хэмжиж эхэлсэн. Уг үзүүлэлт нь эрүүл мэнд, хүмүүсийн харилцаа, боловсрол, ур чадвар, хувь хүний санхүү, байгаль орчныг хэмждэг байна.
Харин эдийн засгийн өсөлт бус эрүүл мэнд, амьдралын сэтгэл ханамж зэргийг эн тэргүүнд тавьсан “сайн сайхан байдлын төсөв”-ийг анх 2019 онд Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн батлуулж байсан юм.
Хэдий олон сул талтай боловч ДНБ өдгөө ихэнх Засгийн газрын шийдвэр, олон улсын харьцуулалтад хамгийн их ашиглагддаг хэмжүүр хэвээр байна.
Эх сурвалж: ВВС