“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзан, хүнд аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар тайлбар, мэдээлэл өгч, асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.
Монгол улсын аж үйлдвэрийн хөгжил 1934 оноос эхлэлтэй бөгөөд 1960-1990 онд хамгийн эрчимтэй хөгжсөн үе байлаа. Түүнээс хойших 33 жилд энэ чиглэлд дорвитой ахиц гараагүй, социализмын үед бүтээсэн үйлдвэрлэлийн үндэс суурийг ашигласан хэвээр байгаа. Харин Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь зөв бодлогын баримт бичиг болсон гэж бизнес эрхлэгчид, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хүлээн авч байна. Тэгвэл манай улсын эдийн засгийг тэтгэж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгох дөрвөн гол салбар юу вэ?
Нүүрс – Диметилийн эфир – Устөрөгч
Хэнд нийлүүлэх вэ?
Манай улсын нүүрсний нийт таамаг нөөц нь 173 тэрбум, үүгээрээ дэлхийд эхний 10-т ордог. Одоохондоо бидний гол худалдан авагч бол БНХАУ. Гэвч тус улс 2035 он гэхэд нийт нүүрсний хэрэглээгээ 30 хувиар, 2050 он гэхэд 78 хувиар бууруулж, улмаар 2050 он гэхэд нэг тэрбум хүрэхгүй болтол буулгаж, 2060 оноос нүүрсний хэрэглээгээ тэглэх зорилго тавьсан. Тиймээс бид нүүрсээ шороо болохоос нь өмнө дахин боловсруулж, өөр том зах зээлүүдэд нийлүүлэх шаардлагатай.
Тухайлбал, Монголын нүүрсийг гүн боловсруулж устөрөгч гарган авах боломжтой. Энэ бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой хамгийн ойрын зах зээл бол Япон. Тус улс одоо Австралийн хүрэн нүүрсийг устөрөгчжүүлээд, -253 градуст хөлдөөгөөд, 9000 гаруй км зам туулж усан онгоцоор тээвэрлэн авдаг. Япон улс 2030 он гэхэд гурван сая тонн устөрөгчийн хэрэглээтэй болно гэж тооцоолж байгаа учраас Монголын нүүрсийг гүн боловсруулж, устөрөгч гаргасан тохиолдолд импортолж авах том сонирхолтой. Гэхдээ эхлээд диметилийн эфир гарган авах ёстой. Энэ нь устөрөгчийг гаргахын өмнөх процесс буюу нүүрсээ хийжүүлж, тэрийгээ цэвэршүүлэх үйл явц юм. Үүнийгээ Монгол Улсын хэрэгцээнд нийлүүлж байгаад устөрөгч бий болгох, дэд бүтцээ шийдэх зэргээр цааш нь хөрөнгө оруулалт хийж, улмаар Япон улс импортолж авах бололцоотой гэсэн үг.
Нөөцийн хувьд Зүүн бүсийн хүрэн нүүрс хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан. Маш залуу нүүрс учраас задрал амархан явагдаж, устөрөгчийн гарц өндөр байна. Тиймээс Зүүн бүсийн нүүрс дээр төвлөрч диметилийн эфирийг эхний ээлжид үйлдвэрлэхэд тохиромжтой.
Технологийн хувьд дэлхий дахинд нүүрс хийжүүлэлтийн олон төрлийн зуухууд бий болсон. Бид зөвхөн нэг зуухан дээр түшиглэн тооцоолол хийж үзэхэд 189 мянган тонн диметилийн эфир гаргах боломжтой гэж гарсан. Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлыг бууруулах, дулааныхаа хэрэгцээг хангахад 247 мянган тонн хий хэрэгтэй. Тэгэхээр туршилтын үйлдвэрийн нэг зуухны хүчин чадлаар хотын хэрэгцээгээ нэлээн дөхүүлээд хангачих бололцоо бий.
Хэрхэн нийлүүлэх вэ?
Эхний ээлжид Адуунчулуун буюу Дорнодын хүрэн нүүрсний ордуудаас гүн боловсруулах байдлаар устөрөгчийг гаргаад цааш нь Япон улсад экспортлох гарц хэрэгтэй. Үүнд Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын асуудал яригдана. Энэ төмөр замыг 1435 мм буюу нарийн царигаар барих нь зүйтэй. Тус замын 415 км нь Монголынхоо нутаг дэвсгэр дээр баригдана. Цаашлаад Зүүн Хатавч гэгдэх, Бичигтийн цаадах Хятадын талын боомтоос Жинжоу гэсэн Хятадын боомт хүртэл 1135 км зам туулна. Тэгэхээр Япон улсад очих нийт тээвэрлэлтийн зай 4000 орчим километр болж, Австралиас тээвэрлэхээс 5000 км-ээр дөт болно. Мөн шилжин ачилт хийх шаардлагагүй болох нь тэсэрч дэлбэрэх, шатах аюултай химийн бүтээгдэхүүнд тохирно. Ийм байдлаар энэ төмөр замыг баривал Монгол Улс экспортын маш чухал бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар эрс дээшилнэ.
Япон улс 2030 он гэхэд гурван сая тонн устөрөгчийн хэрэглээтэй болно гэж тооцоолж байгаа учраас Монголын нүүрсийг гүн боловсруулж, устөрөгч гаргасан тохиолдолд импортолж авах том сонирхолтой.
Гэвч Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замыг өргөн буюу 1520 мм-ийн царигаар барихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд орчихсон. 2014 онд Засгийн газар нарийн царигаар барих шийдвэр гаргаж байсан ч харамсалтай нь, 2020 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр үүнийг өөрчилсөн. Гэтэл өргөн цариг ашигладаг ОХУ хүртэл нарийн царигийн төмөр замаар хэдийнэ холбочихсон байна. Тиймээс бид шиг энэ замыг нарийн царигаар барих хэрэгтэй гэдэг саналыг тавьж байгаа.
Бид Замын-Үүд-Тяньжин чиглэл гэсэн далайд гарах ганцхан гарцтай байгаа. Хэрвээ Чойбалсан руу нарийн царигаар төмөр зам тавибал далайд гарах хоёр дахь гарц нь Зүүн Хатавч-Жинжоу болох юм. Ингэснээр Чойбалсан транзит ачаа, тээвэр ложистикийн асар том олон улсын төв болох бүрэн боломж бий.
Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, дэд хороо, ажлын хэсэг
Дээр дурдсан боломжуудыг хэрэгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхийн тулд Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэргэд Нүүрс гүн боловсруулах дэд хороо байгуулагдсанаас гадна ЕТГ-аас өнгөрсөн оны есдүгээр сард захирамж гаргаж, Төр хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, даргаар нь намайг Тусгай үүргийн Элчин сайд гэж томилсон. Дэд хороо, Ажлын хэсэг нь Монголын нүүрсний нөөцийг ирээдүйн шинэ түлш бий болгох судалгаа хийж, хэрэгжүүлэх зорилготой. Ажлын хэсэгт Японы Мицүй, Юнико Интернэйшнл, Ориентал консалтинг гэх мэт үндэстэн дамнасан компанийн төлөөллүүд багтсан бөгөөд Монголын төвийн болон өмнөд, зүүн хэсгийн нүүрснүүд дээр анхан шатны судалгаа хийгээд байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад айлчилж, хоёр улсын төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн болох үеэр Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн Дэд сайдын зүгээс Монголын нүүрсийг гүн боловсруулж, устөрөгч гаргасан тохиолдолд импортолж авах маш том сонирхол буйг албан ёсоор илэрхийлсэн.
Монголд одоохондоо устөрөгчийн хэрэглээ байхгүй учраас эхний ээлжид диметилийн эфир гарган авах дээр ажлын хэсэгт багтсан хоёр орны судлаачид санал нэгдээд байна. Хамтарсан судалгаагаар Адуунчулуун буюу Дорнодын хүрэн нүүрсний ордуудын нүүрс өндөр үзүүлэлттэй гарсан. Яг өнөөдөр бол Японы талтай урьдчилсан ТЭЗҮ боловсруулах гэрээ хэлцлүүд явагдаж байна. Тун удахгүй Японы талаас санал ирнэ. Ингээд урьдчилсан ТЭЗҮ боловсруулах гэрээ зурагдвал ажил маань нэлээн эрчимтэй цаашаа явна.
Зэсийн “чөдөр” болсон заалт
Монгол улс 37 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэсэн геологичдын судалгаа бий бөгөөд энэ тоо судалгааны явцад өсөх нь дамжиггүй. Тиймээс бидэнд зэс рүү чиглэсэн тогтвортой бодлого хэрэгтэй. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт, Оюутолгой ба бүтээн байгуулалт хийгдэж буй Цагаан суварга, Хармагтайн хоёр төсөл бий.
Жилд 320 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх тооцоотой Цагаан суваргын төслийг 2025 оны эцсээр ашиглалтад оруулна. Хармагтайн төсөл нэлээд эрчимтэй явж байна. Энэ дөрвөн орд ирээдүйд нийт жилдээ 2.7 сая орчим тонн баяжмал үйлдвэрлэхээр байна. Энэ үед зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Монгол Улсад зайлшгүй барих ёстой болно. Учир нь жилд нэг сая тонноос давсан зэсийн баяжмал үйлдвэрлэдэг бол ийм үйлдвэр барих нь эдийн засгийн үр ашигтай болж ирдэг олон улсын жишиг бий. Бидний одоогийн олборлож буй баяжмалын хэмжээ уг болзлыг хангасан гэж үзэж байна. Зэсийн хэрэгцээ дэлхий даяар эрчимтэй өсөж байгаа энэ үед манай улс нэмүү өртөг шингэсэн зэс утас, кабелиас эхлээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно.
Гэвч зэсийн салбарын хөрөнгө оруулалтыг тушиж буй хуулийн нэг заалт бий. 2009 онд “Оюутолгой”-той Тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа АМНАТ буюу роялтыг дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн өөрчлөлтөөс үл хамааран тогтвортой 5% гэж зааж өгсөн. Гэтэл үүнийхээ эсрэг хуулийг УИХ 2010 онд баталсан. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтөөс хамааран роялтыг тогтоох ба тонн зэсийн суурь үнэлгээ нь 5000 ам.доллар хүртэл байвал 5%, харин 5000-аас нэгхэн цент өсөхөд 5+ 11, 6000-аас нэгхэн цент өсөхөд 5+12 гээд 5+15 хүртэл буюу нийт борлуулалтын орлогын 20 хувийг АМНАТ-д төлөх хэрэгтэй болдог. Энэ заалтаас үүдээд зэсийн эрэл хайгуул хийх нь эдийн засгийн үр өгөөж бага тул хэн ч хөрөнгө оруулах сонирхолгүй байна. Уг заалт 13 жилийн турш огт өөрчлөгдөөгүй.
Нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарахын тулд …
Монголын нефтийн салбарын байдал гэвэл одоогоор Алтанширээд 1.5 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэр барьж байна. Нөгөө талаас Дорноговь, Өмнөговийн өмнөд хэсэг, Хэнтий, Сүхбаатарын нутагт газрын тосны бүтээгдэхүүн хуваах 13 гэрээ бий. Эдгээр гэрээг шинэчлэх шаардлагатай. Учир нь заримыг нь дотоодын компаниудтай байгуулсан бол газрын тосны хайгуулын лиценз авчихсан гаднын компаниуд ч бий. Тиймээс татварын бодлого, холбогдох хуулийн заалтуудыг илүү уян хатан болгож бүтээгдэхүүн хуваах 13 талбайн геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
Сайн мэдээ гэвэл Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дагуух лицензтэй компаниуд хүндэвтэр буюу чанар нь ахисан тосны нөөц илрүүлээд байгаа. Энэ салбарт уян хатан бодлого хэрэгтэй. Ингэвэл Алтан ширээгийн нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг найдвартай хангах бололцоо бүрдэж, нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарч, цаашилбал экспортлох боломж гарах юм.
Гангийн үйлдвэр
Гангийн чиглэлээр чиглэлээр Аж үйлдвэржилтийн үндэсний хороон дээр Дэд хороо байгуулагдсан. Эхний ээлжид хаягдал төмрийг боловсруулдаг, Япон улсын барьж өгсөн гангийн үйлдвэрт технологийн шинэчлэл, өргөтгөл хийх шийдэлд хүрч байна. Дотооддоо ган үйлдвэрлэдэг болчихвол гадагш урсах валютын урсгалыг зогсоохоос гадна, цаашид автомашины эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх боломжтой болно гэж үзэж байгаа.