Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэдийгээр хэн нэгэн зөвлөгөө авахыг хүссэн байлаа ч таны өгсөн зөвлөгөө тийм ч үр дүнтэй байдаггүй. Тиймээс зөвлөгөөг хүнд хүртэл хэрхэн өгөх талаар зарим зөвлөмжийг хуваалцаж байна.
Та ажил дээрээ тулгарсан асуудлаа шийдэхээр ярилцаж байхад тань хэн нэгэн санал бодлоо илэрхийлэн дуугарч байсан эсэхийг эргэн сана. Та тэдний зөвлөгөөг хүлээж авч байсан уу? Бараг л үгүй байх. Та тоомсоргүй өнгөрөөж, дотроо “Ингэхэд юу болоод байгааг ер нь мэдэж байгаа хүн байна уу” эсвэл ” Эд намайг ямар бүрэн ойлгох биш” гэх мэтчилэн бодсон байж мэднэ.
Мэргэжлийн көүч, зохиолч Майкл Бангаи Станиерын үзэж буйгаар бидний ихэнх нь санал болгож буй аливаа шийдлүүдийг хэт хурдан шүүрч авах хандлагатай гэж үздэг. Тэрээр ажлын байранд зөвлөгөө өгөх нь түгээмэл үзэгдэл болсныг олж мэдээд “Зөвлөгөөний урхи” номоо бичсэн юм. Уг номдоо тэрээр амжилт бол аливаа хариултыг мэдэж байхыг хэлдэг бөгөөд ялангуяа удирдагчид туршлагаа тун өгөөмрөөр хуваалцаж зөвлөх нь тэднийг хэр үнэ цэнтэй хүмүүс болохыг илтгэдэг гэж нийгэм үздэгээс хүмүүс нэг нэгэндээ зөвлөгөө өгдөг гэж бичжээ.
Ихэнхдээ бид бусдад туслах сайн санааны үүднээс зөвлөгөө өгдөг ч Торонто хотын Бангаи Станиер бид зөвлөгөө өгөх гэж яарах болгондоо “зөвлөгч шулам” гэж түүний нэрлэсэн дотоод эго-доо хөтлөгддөг бөгөөд үүнийг зогсоох хэрэгтэй юм гэж хэлж байна. Учир нь бид яаран зөвлөгөө өгөхдөө буруу зүйл зөвлөх магадлалтай, эсвэл зөв сайн зөвлөгөө байсан ч түүнийг анхааран сонсох хоорондын харилцаа хангалттай бүрдээгүй байдаг.
“Хэн нэгний зөвлөгөөг авахыг хүссэн асуудал үнэн хэрэгтээ жинхэнэ асуудал байх нь ховор. Хэдийгээр та асуудал юундаа байгааг олж мэдсэн ч таны зөвлөгөө таны бодож байгаа шиг тийм ч сайн үр дүнд хүрэхгүй” гэж тэр хэлж байна.
Учир нь бид танин мэдэхүйн гажуудалд автан бидний зөвлөгөө зөв бөгөөд сайн, мөн бид өөрсдийгөө ухаалаг, ухаантай хүн гэдэгтээ бодит байдлаасаа давуулан итгэсэн байдаг. Хүмүүс танин мэдэхүйн олон янзын гажуудалд байдгаа анзаардаггүй бөгөөд ихэнхдээ өөрсдийн чадал, чадварыг байгаагаасаа хэтрүүлэн үнэлдэгээ мэддэггүй. Жишээлбэл, Даннинг-Крюгерийн эффект нь хүмүүсийг “мэдлэггүй байдалдаа тоомжиргүй хандахад” хүргэдэг. Өөрөөр хэлбэл, тэдний эзэмшсэн өнгөц мэдлэг, тэр байтугай бүр буруу төсөөлөл нь хүртэл тэдэнд тухайн сэдвээр ярих чадвартай гэдэгтээ итгэх итгэл суулгасан байдаг. Бангаи Станиер хэлэхдээ: “Ихэнхдээ та өөрийн зөвлөгөөнд хэр их итгэлтэй байна, тэр хэрээр буруу байх болно.” Хэрэв ямар нэгэн сэдвээр жинхэнэ бөгөөд үнэн мэдлэгтэй хүн бол “Энэ нь нөхцөл байдлаас хамаарна. Энэ бол нарийн төвөгтэй” гэж хэлэх болно.
Бид бүгдийн дотоодод “зөвлөгч шулам” оршиж байдаг бөгөөд тэр нь заримдаа маш хурдтай өдөөгдөн ажилдаа ордог гэж тэр хэлдэг. Түүнийг номхотгох эхний алхам бол хэр хурдан гарч ирэхийг нь олж анзаарах явдал юм. “Хүмүүс үүнийг ухамсарлах үедээ энэ “шулам” хэр хурдан ажилладгийг мэдээд гайхдаг” гэж тэр хэлэв.
Бид зөвлөгөө өгч эхлэхдээ дотоод дахь ‘зөвлөгч шуламдаа’ бүрэн эзэмдүүлдэг.
Бусдад зөвлөдөг зан чанараа хянах өөр нэг арга бол зөвлөгөө хүлээн авагч талын өөртөө итгэх итгэл, бие даасан байдлыг нь хэрхэн алдагдуулж болохыг эргэцүүлэн бодох юм. Хүсээгүй зөвлөгөө өгөх нь дарамтад оруулж болох бөгөөд хэн нэгэн аливаа зүйлийг илүү сайн хийх аргыг санал болгох нь шүүмжлэл мэт ойлгогдох талтай.
Маш зөв зүйтэй зөвлөгөө атал яагаад буруу болчихдог билээ?
Бусдад зөвлөгөө өгөх хандлагаа тогтоон барих нь хэцүү байдаг, учир нь бид энэ үедээ өөрсдийнхөө тухай өндөр сэтгэгдэлд огт анзааралгүйгээр автдаг бөгөөд энэ нь бидэнд таатай байдаг. Тэр тусмаа биднээс зөвлөгөө авахыг хүсэх үед бүр илүү сайхан санагддаг. Зөвлөгөө өгөх нь хүлээн авагчаас илүү өгч буй хүнд үргэлж ашигтай байдаг гэдгийг олон судалгаагаар тогтоосон байна. Жишээлбэл, 2018 оны судалгаагаар зөвлөгөө өгөх нь зөвлөгөө авахаас илүү урам зориг өгч, итгэлгүй байдлаа даван туулахад нь оролцогчдод тусалдаг болохыг тогтоожээ.
“Хэн нэгэн биднээс зөвлөгөө хүсэх нь бидний эго-г хөдөлгөдөг. Энэ нь далдуураа бидний нэр төр, байр суурь, эрх мэдлийн шунал хүслийг хангаж байдаг. Мөн зөвлөгөө өгөхөд гарах эрсдэл гэж бараг байхгүй” гэж Бангаи Станиер хэлж байна.
Сингапурын менежментийн их сургуулийн туслах профессор Майкл Шейрерын хийсэн судалгаагаар зөвлөгөө өгөх нь тухайн хүний өөрийн хүчирхэг байдал, хүч чадлын мэдрэмжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Нэгэн судалгаагаар Америкийн их дээд сургуулийн оюутнуудаас эрх мэдлийг хэр үнэлдэг, тэд хүчирхэг байхын төлөө зүтгэдэг эсэх талаар асуулга бөглүүлсний дараа тэднийг аль мэргэжлийг нь сонгохоо шийдэж чадахгүй байгаа зохиомол оюутан руу мессеж бичихийг хүсжээ. Нэг хэсэг оюутанд тэдний зөвлөгөөг сонсож дагах болно гэж хэлсэн бол нөгөө хэсэгт нь сонсохгүй байх магадлалтай гэж хэлсэн байна. Дараа нь оролцогчдоос өөрийн хүчтэй байдлаа хэр мэдэрсэн талаар асуужээ.
“Эрх мэдэл, хүчирхэг байдлыг илүү үнэлсэн оюутнууд нь илүү их зөвлөгөө өгсөн” “Мөн тэдний хэр их зөвлөгөө өгсөн нь тэдний өөрийн хүчтэй байдлаа хэр мэдэрч байгаатай нь холбоотой байв. Гэхдээ тэдний зөвлөгөөг дагах болно гэсэн хэсгийн оюутнууд өөрийн хүчтэй байдлаа илүү мэдэрсэн байсан” гэж Шейрэр хэлэв.
” Хүмүүс зөвлөгөө өгөгч төлөвт хэр хурдан шилждэг болохоо олж мэдэх үедээ үргэлж гайхдаг ” – Майкл Бангаи Станиер
Түүнийг хамгийн их гайхшируулсан зүйл бол зөвлөгөөг нь хүссэн, эс хүссэн аль нь байсан ч хамаагүй тухайн хүний хүч чадлын мэдрэмжийг ямагт нэмэгдүүлж байдаг явдал байв.
Хэзээ ч хэн нэгэн бүх хариултыг өгөх боломжгүй
Өнөө үед технологийн хөгжлийг дагаад бидний ажиллах арга барил, шаардлагатай ур чадвар өөрчлөгдөж байгаа тул удирдагчид бүх хариултыг мэдэж байх бодит боломж байхгүй.
Францын Ницца хотын EDHEC Бизнесийн сургуулийн удирдлагын профессор, Манлайллын дасгалжуулалтын олон улсын төвийн захирал, доктор Жулиа Милнер “Удирдагчийн хувьд өөрт хамаатай бүх зүйлдээ эксперт байх ямар ч боломжгүй, энэ зүгээр л боломжгүй. Өөртөө ийм дарамт шахалт өгөх ч маш их асуудал үүсгэх бөгөөд бүх хүнийг асуултаар өөртөө оосорлох болно.” гэж хэлэв.
Баруун Австралийн Be Media-д техникийн ахлах захирлаар ажиллаад гурван жил болж буй Шейн Поллардын хувьд тэрээр компанийнхаа “бүх асуудлыг шийдэгч” болж хувирчээ. Тэр ажилд орсноосоо хойш мэргэжил нэгт 45 нөхдийнхөө ихэнхэд нь ямар нэг зүйлийн талаар үргэлж зөвлөгөө өгсөөр ирсэн байна. Гэвч тэрээр бүр шавхагдаж шантарсан байна.
Эхэндээ түүний ажил үүрэгтэй холбоотой техникийн асуултууд ирдэг байсан ч сүүлдээ “нэг л биш” болж ирэв. Оффис даяар ‘Хөөе Шэйн, би энэ мэйлд хэн хэнийг оруулах вэ?’ ‘Би үйлчлүүлэгч рүүгээ мэйл илгээхдээ менежертээ хуулбар явуулах ёстой юу?’ гэх мэт зүйлсээс эхлээд мэргэжлийн карьер, хөгжлийн зөвлөгөө, тэр байтугай санхүүгийн зөвлөгөө авахаар ханддаг болжээ.
“Зөвлөгөө өгөх нь хоёр талдаа үзүүртэй жад юм” “Тийм ээ, бусдад туслах нь сайхан л даа, гэвч бусад маань асуудлаа өөрсдөө шийдэх хариуцлага үүрэхгүй байгаад нь би бухимдсан. Угтаа тэднийг надад түшиглэх биш өөрсдийг нь хүчтэй байлгахыг хүссэн.” гэж Поллард ярив.
Поллардын кейсийн хариулт бол дасгалжуулалт /коучинг/ юм гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь бусдад зөвлөгөө өгөх бус харин асуулт асуух замаар өөрсдийн шийдлийг гаргахад нь туслах явдал юм. “Энэ нь хүмүүст юу хийхийг нь хэлж өгөхөөс илүү урам зориг өгдөг” “Дасгалжуулалт /коучинг/-ийн эхний үе шатанд манлайллын өөр хэв маягт дасан зохицохыг шаарддаг тул арай илүү цаг хугацаа ордог.” гэж Милнер хэллээ. “Гэхдээ урт хугацаандаа дасгалжуулалт цаг хэмнэнэ, учир нь хүмүүс жижиг зүйлсийн хариулт авах гэж хөөцөлдөхийг зогсоодог.” Дасгалжуулалт нь баг болон ахлагчдын урам зоригийг сэргээж, бүтээмжийг дээшлүүлдэг болохыг түүний судалгаагаар тогтоожээ.
Коучинг хийх нь хурдан бөгөөд ажил хэрэгч үйлдэл гэдгийг Бангаи Станиер хүлээн зөвшөөрчээ. Түүний өмнөх ном болох “Дасгалжуулалтын дадал”-д дасгалжуулалт хийх нь удирдагчийн нэмэлт үүрэг хариуцлага гэхээс илүү удирдагчийн өөрийн хандлагыг өөрчлөх тухай болохыг тайлбарлаж, багууд тодорхой эрх мэдэлтэй, бие даан ажиллах чадвартай болдог учраас үнэндээ цагийг чөлөөлдөг гэсэн байна.
Гэсэн хэдий ч удирдагчид энэ өөрчлөлтийг хийхдээ дурамжхан байдгийг дээрх хоёр судлаач хоёул онцолсон байна.“Удирдлага ямар байх талаар тодорхой ойлголт байдаг. Дасгалжуулалт нь бусдын эрх мэдэл, хүч чадлыг чадавхжуулахад оршдог, тэгэхээр энэ нь миний нөлөө, эрх мэдлийг багасгаж байгаа хэрэг юм биш үү гэж зарим хүн боддог.” гэж Милнер өгүүлэв. Тэрээр “Удирдлага бүх талаар дасгалжуулалтын горимоор ажиллах ёстой биш, жишээлбэл, тулгамдсан нөхцөл байдлын үед энэ арга барил тохирохгүй. Энэ аргаар хэзээ хэрхэн ажиллах ёстойг зохих сургалтаар мэдэж авч болно.” гэв.
Bungay Stanier-ийн өгч буй сүүлийн зөвлөгөө нь: Хэрэв та зөвлөгөө өгөхөө үргэлжлүүлэхээр шийдсэн бол нөгөө хүн үүнийг тоохгүй орхисон ч болох байдлаар байрлуулах хэрэгтэй. “Та “Эдгээр санаанууд надад тусалсан, гэхдээ танд тохирохгүй байж ч магадгүй. Би үүнийг ширээн дээр орхилоо, хэрвээ хэрэгтэй зүйл байвал сайн хэрэг. Үгүй байсан ч бас зүгээр” гэж хэлж болно.