Брайн Фанг, Клэйр Даффи
Илон Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдан авч, тус компанийг ажилтан, хэрэглэгчидтэй нь хамт толгой эргүүлсэн бөөн эргүүлэг, сорилтоор туучуулснаас хойш нэг жил өнгөрчээ.
“Х” компанийн алсын харааг “бүх зүйлийг багтаасан апп” гэж онцолж буй ч тус компани дахин хэрхэн алдар нэр, олны хүндлэлийг хүлээх вэ, И.Маскийн асар их хөрөнгө оруулалтыг хэрхэн нөхөх вэ гэдгээ олж чадаагүй л явна.
Арван хоёр сарын дараа тус компани өмнөхөөсөө тэс өөр болсон нь И.Маск нэрийг нь “Х” болгож өөрчлөн, олны танил цэнхэр шувуутай логог нь үгүй хийснээс болсон гэхэд учир дутагдалтай. Олныг төөрөгдүүлсэн мөн гэнэтийн ээлж дараалсан өөрчлөлтүүдийн эцэст шинэ мэдээлэл, улс төрийн санал сэтгэгдлийн дэлхийн тэргүүлэх эх сурвалж гэгдэж байсан ашигт ажиллагаатай компанийг И.Маск өрөнд бариулж, ашиг алдагдал нь арайхийн тэнцсэн, олон түмний элэг доог болсон платформ болгож хувиргажээ. Түүнчлэн спам, хуурамч мэдээлэлтэй тэмцэхдээ маруухан, хамгийн том зар сурталчилгааны гэрээлэгч, зарим чухал хэрэглэгчээ үргээсэн, эрхэм зорилгоо эрж хайсан байгууллага болоод байна.
И.Маск болон шинэ Гүйцэтгэх захирал Л.Яккарино нар “Х” компанийн алсын харааг “бүх зүйлийг багтаасан апп” гэж онцолж буй ч тус компани дахин хэрхэн алдар нэр, олны хүндлэлийг хүлээх вэ, И.Маскийн асар их хөрөнгө оруулалтыг хэрхэн нөхөх вэ гэдгээ олж чадаагүй л явна.
Эл өөрчлөлтөд ажилтнуудаа олноор халсан, ажилтнууд ажлаасаа гарсан, бодлогын эрс өөрчлөлтүүд болон бүтээгдэхүүний танилцуулгаа муу хийсэн, биелүүлээгүй амлалтууд нь маш их нөлөөлсөн. Хуучин ажилтнуудаас эхлээд гэрээт гүйцэтгэгч, түрээслүүлэгч нарын хуулийн зарга тус компанийн имиж, нэр хүндэд цохилт болж байна. Мөн АНУ-ын Худалдааны хороо, Үнэт цаас, биржийн хороо, Европын холбооны албаныхны олон тооны шалгалтын бай болж буй “Х” компани энэ бүхнээс үүдэж асар их торгуульд (байгууллага өөрөө болон И.Маск) унаж болзошгүй юм.
Хэрэглэгчдийн engagement нэмэгдэж байгаа гэж “Х” мэдэгдсэн ч тэд И.Маск худалдаж авахаас өмнө ашиглаж байснаас ялгаатай хэмжих үзүүлэлт ашиглаж байгаа учир бодитой харьцуулалт хийхэд хэцүү юм. Өнгөрсөн есдүгээр сартай харьцуулахад компанийн вебсайтад хандагчдийн тоо 14 хувиар буурсан нь тус салбарын дундаж үзүүлэлтээс (3.7 хувь) хэд дахин илүү байна гэж интернет мониторингийн Similarweb фирм мэдээлсэн.
“Х-ийн амжилтын төлөө баг хамт олныхоо хийж буй ажлаар асар их бахархаж байна” хэмээн Л.Яккарино өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. Тэрбээр сүүлийн нэг жилд гаргасан зарим шинэ бүтээгдэхүүн, функц, тухайлбал компаниуд ажлын зар оруулах, илүү урт пост оруулах, Premium ангиллын хэрэглэгч нар аудио, видео дуудлага хийх боломжтой болсон талаар онцлон дурдсан. “Хуулийн хүрээнд хүн бүр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой платформ бол Х” хэмээн тэрбээр өгүүлээд хэрэглэгчдийн аюулгүй байдал “хамгийн чухал” гэж нэмж хэлсэн.
“Хэрэв бид 12-хон сарын дотор ийм амжилтад хүрснийг бодож үзвэл ирэх жил бидний амбиц ямар далайцтай том байхыг төсөөлөөд үзэгтүн” хэмээн Л.Яккарино уг мэдэгдэлдээ дурдсан байна.
NPR, PBS зэрэг агентлаг твиттерийг бүрмөсөн орхисон.
Шинэ удирдлагатай болсон тус компани Израил-Хамасын дайны үеэр хамгийн том сорилттойгоо тулгараад буй. Уг дайны талаар “Х” платформ дээр хуурамч мэдээлэл, суртал ухуулга ихээр гарч буйг технологийн маш олон watchdog байгууллага, иргэний нийгмийн бүлгүүд анхааруулж байна. Ирэх жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг үйл явдал нь хуурамч мэдээлэл тархаах айдсыг улам нэмж байгаа учир нийгэмд “Х” компанийн өгч буй үнэ цэн улам бүр эргэлзээтэй болж магадгүй.
Энэ бүхэн тус компанид ердөө 365 өдрийн дотор өрнөжээ. Гэвч Threads, Mastodon, BlueSky зэрэг бусад платформ руу шилжихээс өөр аргагүй болсон өмнөх хэрэглэгчдийнх нь хувьд 10 жил шиг л урт хугацаа байлаа. Ингээд нийгмийн сүлжээний эрин дэх хамгийн их нөлөөтэй шийдвэрийг И.Маск гаргаснаас хойш Твиттер хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн саная.
Толгой эргүүлэв
Компанийн удирдлагыг гартаа авснаас хэдэн сарын дотор ажилтнуудаа ээлж дараалан халсан И.Маск хүний нөөцийнхөө бараг 80 хувийг шинэчилсэн гэж мэдэгдсэн билээ.
Их цэвэрлэгээнд өртөөгүй үлдсэн алба тун цөөн. Бодлого, итгэлцэл болон аюулгүй байдал, харилцаа, ёс суртахуунт хиймэл оюун зэрэг компанийн хамгийн чухал албанд ажилладаг хүмүүс тус цэвэрлэгээнд хамрагджээ. Үр дүнд нь угаас тааруухан гэгдэж байсан үлгэн салган системийг ажиллуулах үүрэгтэй цөөн тооны ажилтан үлдэж, И.Маск зардал хэмнэх бодлогынхоо хүрээнд тус системийн хүчийг бүр ч сулруулав. И.Маскийн удирдлагад компанийн техникийн дэд бүтэц маш хэврэг, эмзэг болсноор дараалсан олон саатал гарсан агаад энэ оны эхээр хэрэглэгчид сайт руу орох ч боломжгүй болсон.
Энэ хугацаанд И.Маск Твиттерийн өмнөх удирдлагын багийн гол гишүүд, тэр дундаа гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан захирал, ерөнхий зөвлөх, бодлого хариуцсан захирал, хувийн нууцлал хариуцсан захирал, мэдээллийн аюулгүй байдлын албаны захирал, бүтээгдэхүүн менежмент хариуцсан захирал нарыг халсан, эс бөгөөс халагдах өргөдлийг нь хүлээж авчээ. Компанидаа албан тушаал ахиж И.Маскийн итгэлийг хүлээх хэмжээнд хүрсэн зарим ажилтан ч ажлаасаа гарсан байна.
Сонгууль, хуурамч мэдээлэл, үзэн ядсан мэдэгдлийг хянах, аюулгүй байдал, хувийн мэдээллийг хамгаалах тус платформын хүчин чадалд АНУ-ын бодлого боловсруулагчид, хууль сахиулагчид зэрэг тал ажиллах хүчинд хийсэн эл өөрчлөлтийнх нь улмаас эргэлзэх болсон билээ. Түүнээс гадна амласнаасаа бага хэмжээтэй ажлаас халагдсаны тэтгэмж олгосон, уг тэтгэмжийг өгөх хугацааг хойшлуулсан хэмээн олон мянган ажилтан нь И.Маскийг буруушаадаг.
Бүтээгдэхүүн, бодлогын өөрчлөлт
“Х” платформ дээр “үгээ чөлөөтэй хэлэх” боломжийг хэрэглэгчдэд олгох зорилгоор И.Маск бодлого, бүтээгдэхүүний чиглэлд асар олон шийдвэр гаргасан нь твиттер дээр хэрэглэгчдийн харж, үзэж болох зүйлсийг ихэд өөрчлөв.
“Контент шинэчлэлийн зөвлөл” эцсийн шийдвэрийг гаргана гэж мэдэгдэж байсан ч И.Маск өөрөө дур мэдэж Ерөнхийлөгч асан Д.Трампад твиттерийн өмнөх удирдлагын ногдуулсан хоригийг цуцалсан. Мөн цагаан арьстнуудыг дэмжигч, хуйвалдааны онолчдын хориотой аккаунтуудыг тэрбээр сэргээсэн. Гэсэн атал И.Маскийн хувийн тийрэлтэт онгоцны чиглэлийг мөрдөж байсан гуравдагч талын тухай мэдээллийг дэлгэж тавьсан хэд хэдэн сэтгүүлчийн твиттер аккаунтыг түр хугацаанд хааж байлаа.
Компанийн удирдлага санхүүгийн нөхцөл байдлынхаа талаар зөрүүтэй мэдээлэл өгч байгаа учраас “Х”-ийн бизнес цаашид сэргэх боломжтой эсэхийг тааварлахад бэрх байна.
И.Маскийн удирдлагад тус компани трансжендер хүмүүст зориулсан тусгай хамгаалалтаа бодлогын баримт бичгээсээ хассанаас гадна улстөрч, сонгуульд нэр дэвшигч нарыг твиттерийн хязгаарлалт, хоригоос илүү хялбараар гарах боломжийг нээж өгчээ. Гэхдээ энэ мэт өөрчлөлтөөс хамгийн ач холбогдолтой нь твиттерийн Өмч баталгаажуулагч (цэнхэр шалгалт) тэмдгийг тухайн аккаунтын бодит байдлыг нотлох чадваргүй шинэ төрлийн баталгаажуулагчаар сольсон нь юм. Сар тутам найман ам.доллар төлбөл баталгаажуулалтын цэнхэр тэмдгийг хэрэглэх боломжийг олгосон тусгай функцийг тэрбээр компанийн эзэн болоод танилцуулж, болиулж, дараа нь эргүүлэн сэргээж байв. Энэ нь хуурамч аккаунтын тоо асар ихээр нэмэгдэх, тус платформд итгэх итгэлийг хэрэглэгчдэд өгч байсан уг функцийн нэр хүндийг бууруулах аюултай гэж шүүмжлэгчид үзэж байлаа.
Тус функцийг танилцуулсны дараа Nintendo, Леброн Жэймс хэмээн өөрсдийгөө нэрлэсэн асар олон хуурамч аккаунт үүссэн. Үүний улмаас И.Маск хувиасаа Л.Жэймс болон өөр олон алдартны баталгаажуулалтын төлбөрийг төлөх санал тавьж байлаа. Баталгаажуулалтын төлбөрөө төлсөн хэрэглэгчид тус платформын алгоритмын тусламжтайгаар постоо бүүст хийлгүүлдэг болов. Төлбөр төлж engagement-ээ нэмсэн баталгаат хэрэглэгч нарт зориулж, зар сурталчилгааны орлого хуваах хөтөлбөрийг “Х” саяхан гаргасан. Энэ нь өдөөн хатгасан, хуурамч, буруу мэдээлэл тараадаг сувгуудад завшаан болох магадлалтай билээ.
Контент зохицуулалтын хуучин аргыг үгүй хийсэн “Х” компанийн шинэ удирдлага Birdwatch-ийн өргөтгөсөн хувилбар болох Community Notes-ийг магтдаг. Өдгөө Community Notes 44 улсад 100 мянга орчим сайн дурын хэрэглэгч-модератортой болсон ч тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа юм.
Эдгээрээс гадна тус платформд найдвартай, үнэн зөв мэдээлэл тараадаг байсан олон сэтгүүлчтэй И.Маск тэрсэлдэж, өөрөөсөө холдуулав. Тухайлбал, өөрсдийг нь “төртэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж дөрөвдүгээр сард твиттер ангилсны дараа NPR, PBS зэрэг агентлаг твиттерийг бүрмөсөн орхисон. Засгийн газраас тусламж дэмжлэг авдаг, эсвэл редакцын хувьд бие даасан байж чадахгүй гэсэн ийм ангилалд багтаасанд дургүйцсэн эдгээр агентлаг аккаунтаа дахин сэргээгээгүй аж. Твиттер дээрх ангиллаа “засгийн газартай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж өөрчилж, эцэст нь бүрмөсөн устгасан ч тэд шийдвэрээ өөрчлөөгүй.
Тааруухан бизнес
И.Маск ирээд ажилтнуудаа бөөнөөр халсан, контент зохицуулах чадамж суларсан, ирээдүй нь бүрхэг болсон зэргээс шалтгаалж General Mills, Volkswagen Group зэрэг зар сурталчилгааны томоохон гэрэээлэгчид нь твиттерт зориулах төсвөө түр царцаасан.
Энэ нь аажимдаа “Х” компанийн орлогод сөргөөр нөлөөлж, өдгөө ч бүрэн сэргэлт ажиглагдахгүй л байна. И.Маск эдгээр компанийг хурцаар шүүмжилж, зориудаар хяхан боож байна хэмээснээс гадна өөрийг нь шүүмжлэгч Center for Countering Digital Hate, Anti-Defamation League-ийг шүүхэд өгч байлаа.
Компанийн удирдлага санхүүгийн нөхцөл байдлынхаа талаар зөрүүтэй мэдээлэл өгч байгаа учраас “Х”-ийн бизнес цаашид сэргэх боломжтой эсэхийг тааварлахад бэрх байна. Орлогын хэмжээ 50 хувиар буурч, өрийн дарамт маш их байгаа учир бэлэн мөнгөний урсгал сөрөг байгаа тухай И.Маск өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн. Харин сарын дараа Л.Яккарино “сурталчилгааны гол гэрээлэгчид эргэн ирж, ашиг, алдагдлын хэмжээ тэнцсэн” тухай зарласан бол дараа сард нь И.Маск орлогын хэмжээ 60 хувиар буурсан тухай ярьж байв.
Харин “Х” компанийг худалдаж авахад нь зориулж И.Маскт мөнгө зээлсэн банкууд тэрбумтны таагүй ааш авир, олхиогүй удирдах арга барилаас шалтгаалж мөнгөө гаргаж авах боломжгүй болоод байгаа тухай Wall Street Journal мэдээлсэн. И.Маск өнгөрсөн зургадугаар сард Л.Яккариног гүйцэтгэх захирлаар томилсноор зар сурталчилгааны гэрээлэгчидтэй эвийн гэрээ байгуулах бодолтой байна гэсэн таамгийг олон нийтэд төрүүлсэн ч компанийнхаа замын зураг, ирээдүйн талаар зөрүүтэй мэдээлэл хийж байсан нь Л.Яккарино тус компанид үнэхээр нэр нөлөө, эрх мэдэлтэй эсэхэд олон хүнийг эргэлзэхэд хүргэсэн юм.
И.Маскийн этгээд авир
Нэг жилийн хугацаанд И.Маск компанийн гол дүр болж, туслахуудаасаа мэдээлэл авсан эсэхээсээ үл хамаарч тухайн өдрийн чухал сэдвээр дур мэдэн ярьдаг болсон. П.Пелосиг гэртээ байхад нь үл таних этгээд дайрсан явдлыг И.Маск ямар ч үндэслэлгүйгээр хуйвалдааны онолтой холбон тайлбарлаж байв. Мөн хуурамч мэдээлэл тараадгаараа зартай нэгэн аккаунтаас Израил-Хамасын зөрчилдөөний талаар мэдээлэл авч байхыг тэрбээр уриалж байлаа. Үүнээс гадна тус платформ дээр нэр хүндээ нэмэгдүүлэх донгоор И.Маск өвчилж, өөрийнхөө постыг байнга бүүстлэхийг инженерүүддээ тушаах болжээ.
И.Маск дэмждэг улс төрчдөө, тухайлбал Флоридагийн амбан захирагч Р.ДеСантисыг сурталчлахын тулд твиттерийг удирддаг эрх мэдлээ ашиглаж байна. Spaces арга хэмжээний үеэр вакцинд үл итгэгч, сонгуульд нэр дэвших магадлалтай Р.Кеннеди Жуниорыг мөн Fox телевизийн хөтлөгч Т.Карсон болон Бүгд найрамдах намын В.Рамасвами нарын ярилцлагыг тэрбээр “арын хаалгадан” рекламдаж байв. Үүнээс гадна И.Маск хувийн бусад компаниа сурталчлах, өөртэй нь зарга үүсгэж, “дургүйг нь хүргэсэн” хуучин ажилтнууд, твиттерийг эзэмших эрхэд нь эргэлзсэн зохицуулах байгууллагыг шүүмжлэх, хясан бооход платформоо идэвхтэй ашигласаар буй.
Гэхдээ энэ бүхний эцэст дүгнэхэд, И.Маскийн ганцаарчилсан тоглолт л твиттерт хайртай хэрэглэгчдийг нүүр буруулахад хамгийн их нөлөөлсөн юм. Ялгаатай үзэл бодол, хамгийн сонирхолтой эсвэл маргаантай контент, заримдаа токсик боловч ерөнхийдөө хэрэгтэй, сүүлийн үеийн мэдээлэлтэй байсан платформ өдгөө И.Маскийн шоуны тайз болж хувирчээ. Гэвч түүний шоуг үзэх хүмүүсийн тоо буурсаар байна.