– Business.MN сэтгүүлийн 2023 оны 11 сарын дугаар (№60) -ын ковер нийтлэл –
“Могул Сервис” компани бизнесийн тоглолтын эхний үеэ амжилт, өсөлтөөр дүүрэн өндөрлөж, дараагийн үеэ эхлүүлэхээр зэхэж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэд харилцагчдаа сургаж, мэдээлэл технологийн үйлчилгээнд стандарт тогтоож, үнэ цэн шингээх замаар салбарынхаа хоосон орон зайг нөхөж, бизнесийн амжилт болгон хувиргасан юм. Анхдагч хэмээх тодотгол үргэлж дагалддаг “Могул Сервис” компани мэдээлэл технологийн дэд бүтэц болон шийдлийн үйлчилгээнд илүү төвлөрч, цогц үйлчилгээ хүргэхийг эрмэлздэг. Эдний дэндүү тогтвортой хамт олон өдгөө шинэхэн дата төвийнхөө үйл ажиллагааг жигдрүүлж, клауд үйлчилгээнийхээ өсөлтөд илүүтэй анхаарч байна. Энэ удаад компанийг үүсгэн байгуулагдсан цагаас хойш тууштай ажиллаж буй менежментийн багийнхныг бид онцоллоо. “Нэгт, байгууллагын соёл, хоёрт, хийж буй ажилдаа дуртай учраас олон жилийн турш компанидаа ажилласаар байгаа, ажиллах ч болно” хэмээн тэд хариулж байна.
“Бизнесийн ертөнцөд цаг бол мөнгө. Мэдээлэл технологийн асуудалд зарцуулж буй цагийг тань бид хэмнэж, бодит үр дүнг бий болгоно”. “Могул Сервис” компанийн вэбсайтад бичигдсэн энэ өгүүлбэр Оливер Стөүн найруулагчийн 1987 онд бүтээсэн “Уоллстрийт” киноны алдарт эшлэл (“Мөнгө хэзээ ч унтдаггүй”) -ийг өөрийн эрхгүй санагдуулна. Үнэхээр ч аливаа компанийг эерэг үзүүлэлтэд хөтөлдөг гол хүчин зүйлсийн тоонд бүтээмжээ өсгөх, цагаа хэмнэх, чухал зүйлдээ л төвлөрөх зэрэг ойлголт яах аргагүй багтдаг. Энэ бүхэн эргээд бизнесийн үр өгөөж, үнэ цэнийг ч өсгөж байдаг. Тэгвэл байгууллагуудад тулгардаг эдгээр асуудлыг технологид суурилсан шинэлэг шийдлүүдийн тусламжтай хялбархан шийдэж, үндсэн бизнестээ бүрэн төвлөрөх эрх чөлөөг “Могул Сервис” компани байгуулагдсан цагаасаа эхлэн олгосоор ирсэн юм.
“Ямар ч байгууллагын хувьд дижитал шилжилт гэдэг хэзээ ч дуусаж, дундрашгүй үргэлжлэх урт аялал. Харин манай компани тэрхүү аян замынх нь найдвартай, итгэлт түнш байхыг зорьж ажилладаг”.
Бүхнийг өөрөө хийх тухай ойлголт үеэ өнгөрөөж, үндсэн цагаа гол бизнестээ зарцуулж, мэдэхгүй чадахгүйгээ мэддэг чаддаг мэргэжлийн хүмүүст нь даатгаснаар компаниуд өсөж хөгжиж, өргөжин тэлдгийг өнгөрсөн хугацаанд тэд бодитоор харуулж, цөөнгүй харилцагчидтай болж амжжээ. Ийнхүү өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдсээр байгаа мэдээлэл технологийн аутсорсингийн үйлчилгээг тасралтгүй, тогтвортой хүргэж буй “Могул Сервис” компанийн хамт олон энэ онд 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ “Өнгөрсөн 10 жилийн хугацаа бидний хувьд хэрэглэгчээ сургасан он жилүүд байлаа. Бидний хүргэдэг үйлчилгээ (cервис), үйлчилгээний стандартыг ойлгох гэж хүмүүс их урт хугацаа зарцууллаа. Гэхдээ манай хамт олон уйгагүй зүтгэсний хүчинд өнөөдөр маш олон харилцагч байгууллагатай болсон байна. Энэ хугацаанд өөрсдөө ч их суралцлаа” хэмээн өгүүлсэн юм.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Ямар ч байгууллагын хувьд дижитал шилжилт гэдэг хэзээ ч дуусаж, дундрашгүй үргэлжлэх урт аялал. Харин манай компани тэрхүү урт аяллын турш байгууллагуудад тусламж, дэмжлэг үзүүлж, аян замынх нь найдвартай, итгэлт түнш байхыг зорин ажилладаг гэж энгийнээр тайлбарлаж болно” хэмээн хэллээ.
Дижитал эрин гэх тодотголтой өнөө цагт мэдээлэл технологийн асуудлаа цогцоор нь шийдээгүйн улмаас өрсөлдөх чадвараа алдах, бизнесийн үйл ажиллагаа доголдох хүртэл эрсдэл учирдаг. Нэг талаар, уг эрсдэлийг бууруулах зорилгоор “Могул Сервис” компани үйлчилгээгээ хүргэж эхэлсэн бол нөгөө талаар, асуудал үүсэхээс өмнө Microsoft, Canon, Dell зэрэг дэлхийн мэдээлэл технологийн тэргүүлэгч компанийн албан ёсны мэргэжлийн сертификат бүхий инженерийн багийн дэмжлэг туслалцааг авснаар тухайн бизнесийн тасралтгүй, тогтвортой шинж чанар улам бэхжиж байдаг. Өнөөдөр “Могул Сервис” компанид мэдээлэл технологийн бүх асуудлаа даатгасан стратегийн түнш гэрээт байгууллагууд төдийгүй тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг нь тогтмол ашиглаж, үр шимээ хүртэж буй 400 гаруй байгууллага бий. “Ямар ч тохиолдолд анхны хөрөнгө оруулалтын зардал тун бага. Бараг тэгтэй тэнцэхүйц хэмжээнд. Зөвхөн сарын дараа л хэрэглээний зардал гэж бодогддог” хэмээн “Могул Сервис” -ийнхэн онцолж байна. Өөрөөр хэлбэл, зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ үндсэн бизнестээ анхаарах эрх чөлөөг олгодгоороо нэг сумаар нэлээд хэдэн туулай “буудах” боломжийг тэд бүрдүүлдэг гэсэн үг.
Монголын мэдээлэл технологийн аутсорсингийн үйлчилгээний салбарт тэд анхдагч болж, салхи зүсэх олон алхмыг хийж, зах зээлээ бэлтгэж ирсэн бол яваандаа ижил төстэй үйл ажиллагаа бүхий компаниуд шил даран “мэндлэх” болсон юм. Нэг ёсондоо, дотоодын зах зээлд мэдээлэл технологийн аутсорсинг үйлчилгээг таниулахад “Могул Сервис” компани томоохон хувь нэмэр оруулж буй. Гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ “Зах зээл хангалттай өргөн, өрсөлдөгчид ч хангалттай олон бий. Ийм үед бид бусдаас стандарт болон мэргэшсэн байдлаараа л ялгарна. Гэхдээ бидний алсын хараа бол мэдээлэл технологийн үйлчилгээгээр дэлхийн хэмжээний компани болох. Тиймээс стратеги, төлөвлөгөөгөө алсын хараандаа аль болох чиглүүлж, зангидаж ажиллахыг зорьж байна” хэмээн тодотгов.
ҮЙЛЧИЛГЭЭГ БИЗНЕС БОЛГОВ
Эргэн тойрноо анзаарвал бид үйлчилгээнд суурилсан дэлхий ертөнцөд амьдарч буйгаа төвөггүйхэн мэдэж болно. Цаашилбал, үйлчилгээ бүрт тодорхой хэмжээний өртөг шингэсэн байдаг тул төлбөр төлөх нь зайлшгүй юм. Энэ бүхэн өнөөдөр хэнд ч ойлгомжтой мэт санагдаж болох ч “Могул Сервис” компанийг дөнгөж үүсгэн байгуулагдаж байх үед буюу 10 жилийн өмнө нөхцөл байдал яг эсрэгээрээ байв. Товчхондоо, аливаа үйлчилгээг мөнгө төлж авах тухай санааг хүмүүс төдийлөн таатай хүлээж авахгүй байснаас үүдэн “Могул Сервис” компанийнхан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэх үйл явц эхэндээ тун удаашралтай өрнөжээ. Байгуулагдсан цагаасаа хойш тэдний нүүр тулж буй гол асуудал бол хэрэглэгчээ бэлтгэх, сургах байсаар ирсэн юм. С.Болор-Эрдэнэ “Хүмүүсийн дунд анх үнэгүй үйлчилгээ авах сонирхол давамгайлж байсан бол яагаад тухайн үйлчилгээ төлбөртэй болох ёстой талаар бид үйлчилгээний стандарт, мэргэшсэн байдал зэргээрээ ялгарч, хэрэглэгчдэд бага багаар ойлгуулж эхэлсэн. Эндээс үйлчилгээнд төлбөр төлж болох юм байна гэсэн хандлага аажмаар бий болсон. Ерөөс бидний гол зорилго бол тухайн байгууллагын мэдээлэл технологийн асуудлыг дэд бүтцээр нь, системийн хувьд шийдэж өгөхөд оршдог” гэв.
Хүмүүсийн харах өнцгийг өөрчилнө гэдэг бидэнд маш том бэрхшээл, том даваа байсан. Бидний үзүүлж буй үйлчилгээ өөрөө хэрэглэгчдийг заавал сургаж, харах өнцгийг нь өөрчилж байж амжилттай хэрэгждэг.
Харин “Могул дата центр”-ийн дэд захирал Г.Золбоо энэ талаар “Хүмүүсийн харах өнцгийг өөрчилнө гэдэг бидэнд маш том бэрхшээл, том даваа байсан. Найдвартай гэдгийг дэрэн доороо авч унтах гэж ойлгодог хуучинсаг бодолтой хэрэглэгчид их байлаа. Гэтэл бидний үзүүлж буй үйлчилгээ өөрөө хэрэглэгчдийг заавал сургаж, харах өнцгийг нь өөрчилж байж амжилттай хэрэгждэг үйлчилгээ болж таарсан. Өнөөдрийн түвшинд байгууллагууд харин ч сайн ойлгодог болсон байна” хэмээн хэлж байна. Ковид-19 цар тахал ч энэ бүхнийг товчлоход ихээхэн нөлөөлснийг онцолж байсан юм. Ингэж тэд мэдээлэл технологийн үйлчилгээнд үнэ цэн шингээх замаар салбарынхаа хоосон орон зайг нөхөх санаагаа бизнесийн амжилт болгон хувиргаж чаджээ. Хэн ч харсан ойлгомжтой байх үүднээс үйлчилгээ (сервис) гэх үгийг компанийнхаа нэрэнд шигтгэж өгсөн нь ч ийм учиртай.
“Могул Сервис” -ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ монголчуудын дунд сайтар нутагшиж чадсаны нэг тод жишээ бол “Канон” (Canon) брэндийн хэвлэх, хувилах төхөөрөмжийн нэрнээс үүдэлтэй “канондах” хэмээх нэршил. Аливаа бичиг баримтыг хувилах үйлдлийг монголчууд “канондах” гэж ярьж хэвшсэн нь Canon брэнд Монголын хэвлэх, хувилах төхөөрөмжийн зах зээлд хялбар шийдлээрээ танигдаж, өргөн хэрэглээнд нэвтэрч чадсаныг илтгэнэ.
Өнөөдөр дотоодын зах зээлд сайтар танигдаж чадсан “Канон” брэндийн хэвлэх, хувилах төхөөрөмжийн үйлчилгээ, шилдэг шийдлүүдийг “Могул Сервис” компани монголчуудад олон жилийн турш тасралтгүй хүргэж буй. Үүний үр дүнд, “Могул Сервис” компанийн Каноны хэвлэх, хувилах үйлчилгээний газрын борлуулалт тогтмол өссөөр байгаа бөгөөд тэдний хүргэдэг “Канон” брэндийн Total Guarantee үйлчилгээг гэхэд л Монголын банк, санхүүгийн томоохон байгууллагуудын дийлэнх нь ашиглаж, зардлаа 30-40 хувиар бууруулаад байна. Энэ чиглэлээрээ ч тэд анхдагчид юм. Каноны хэвлэх, хувилах үйлчилгээний газрын дэд захирал З.Ганцолмон “Бид компанийнхаа эхний 10 жилд “Канон” брэндийн хэвлэх, хувилах төхөөрөмжид суурилсан дараагийн үеийн шийдлүүдийг хэрэглэгчдэд таниулсан. Хүмүүс ч “Канон” брэндийн тэрхүү шийдлүүдийг сайн мэддэг болсон байна” гэлээ.
ДАТАД СУУРИЛСАН ӨСӨЛТ
Дэлхий даяар дижитал шилжилт эрчимтэй өрнөж их хэмжээний дата бий болж буйтай холбогдуулан датаг найдвартай хадгалахаас эхлээд мэдээллийн аюулгүй байдал хүртэлх асуудлууд нэн чухалд тооцогдох болсон билээ. Өөрөөр хэлбэл, дата ямар чухал, үнэ цэнтэй зүйл вэ гэдгийг хүн төрөлхтөн мэдэрч эхэлж байна гэсэн үг. Дата алдагдахад үүсэх эрсдэлүүд, түүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг хувь хүнээс эхлээд ямар ч түвшний байгууллагуудын хувьд анхаарах ёстой сэдэв болж байна. Яг энэ шалтгаанаар бизнесийн байгууллагууд технологийн компаниудтай илүү ойр ажиллах шаардлага үүсэж буй. Ийм үед “Могул Сервис” шиг мэдээлэл технологийн аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг компаниудын эрэлт нэмэгдэж, зах зээлээ тэлэх нь бүр ч тодорхой болсоор байна. Компаниудад нийтлэг тулгардаг асуудлуудыг шийдэхийн тулд дотоодын болон олон улсын туршлагыг хослуулан хэрэгжүүлдэг нь “Могул Сервис” -ийн гол давуу тал.
Дата алдагдахад үүсэх эрсдэлүүд, түүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг хувь хүнээс эхлээд ямар ч түвшний байгууллагуудын хувьд анхаарах ёстой сэдэв болж байна.
Нөгөө талаар, датагаа хадгалах шаардлага өсөн нэмэгдэж байгаа нь дата төвүүд эрэлттэй болж буйн нэг шалтгаан. Үүнийг эртнээс олж харсан “Могул Сервис” компанийн хамт олон дата төв барьж байгуулах судалгааг олон жилийн өмнөөс эхлүүлж, түр орхисон байснаа Ковид-19 цар тахлын өмнөхөн үргэлжлүүлэн хэрэгжүүлж 2022 оны зургадугаар сард олон улсын стандартад нийцсэн, өндөр хүчин чадал бүхий “Могул дата центр”-ийн нээлтээ албан ёсоор хийсэн байдаг. Ковид-19 цар тахал ид гаарч, дараалсан хөл хорио тогтоож байх үеэр тэд дата төвөө барьж байгуулах ажлыг гардаж, зайнаас хурдтай зохион байгуулалтад орж, богино хугацаанд оновчтой шийдвэр гарган ажиллаж чадсан юм. Үнэндээ тэд цар тахлаас ч өмнө зайнаас ажиллах горимд ажиллаж дадсан байсан тул Ковид-19 -ийн үеэр ажлын шинэ арга барилд хялбархан шилжсэн байна. Энэ туршлага нь дижитал шилжилт хийж буй харилцагчдадаа аливаа шийдлийг үйл ажиллагаандаа хурдан нэвтрүүлэхэд дөхөм болдгийг онцолж байв. Мөн компанийнх нь дотоод үйл ажиллагаанд гар аргаар хийдэг нэг ч процесс үлдээгүйг “Могул Сервис” -ийнхэн хэлж байна.
“Могул дата центр”-ийн дэд захирал Г.Золбоо “Нэг хэсэг паблик клауд (public cloud) үйлчилгээний ач холбогдлыг ярьж дэлхий даяар шуурсан. Гэвч 100 хувь тоног төхөөрөмжгүй, зөвхөн үүлэн технологид суурилсан байдлаар датаг хадгалах нь учир дутагдалтай гэдгийг байгууллагууд ойлгож эхэлсэн тул одоо хайбрид клауд (hybrid cloud) үйлчилгээний эрэлт нэмэгдэж байна” гэлээ. Нэг үгээр, датагаа ангилж, хадгалахдаа уламжлалт тоног төхөөрөмж, сервер болон үүлэн технологид суурилсан шийдлүүдийг аль алийг нь хослуулан хайбрид байдлаар ашиглах нь хамгийн тохиромжтой гэж үзэх болсон аж.
Ямар ч клауд үйлчилгээний ард дата төвүүд ажиллаж байдаг. Гэтэл дотоодын компаниуд ийм төрлийн үйлчилгээ авахын тулд хил дамнан үйлчилгээ авах, ам.доллароор төлбөрөө төлөх шаардлагатай болдог байсан цаг саяхан. Гэвч байгууллага бүр тийм чадамжтай биш. Тэгвэл “Могул Сервис” компани “Могул дата центр”-ээ байгуулснаар импортыг орлох үйлчилгээний дэд бүтцээ амжилттай бий болгож чадсан юм. Тодруулбал, аливаа дата төвийн гол суурь болох эрчим хүч, сүлжээний тасралтгүй байдал, хөргөлтийн болон галын системийг цогц утгаар шийдэж, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаснаараа бизнесийн байгууллагуудын эрэлхийлдэг найдвартай, тогтвортой ажиллагааг бий болгожээ. Харин дараа нь цогц шийдэл бүхий олон төрлийн клауд үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж, бичил, жижиг, дундаас эхлээд томоохон байгууллагуудад тохиромжтой сонголтуудыг үүсгээд буй. Ийнхүү тэд дэлхийн жишигт нийцсэн паблик клауд (public cloud) үйлчилгээг Монголоосоо авч, төлбөр тооцоогоо ч төгрөгөөр хийх боломжийг бүрдүүлсэн юм. Энэ утгаараа “Могул Сервис” -ийн харилцагчдын дунд бүхий л түвшний байгууллагууд бий. Хэрэв хууль, эрх зүйн орчны хувьд нээлттэй болчихвол төрийн байгууллагууд ч датагаа байршуулах найдвартай орчин гэдгийг тэд тэмдэглэж байсан юм.
Бид “Могул дата центр” -ийг өргөжүүлж бүсийн хэмжээнд дата центрийн үйлчилгээ үзүүлэх урт хугацааны зорилготой ажиллаж байна.
“Могул дата центр” -ийн нэвтрүүлсэн Могул клауд үйлчилгээг дотоодоосоо авснаар хөрөнгө оруулалтын зардлаа хэмнэж, зөвхөн урсгал зардлаа л төлөхөд хангалттай. Ингэснээр байгууллагууд тоног төхөөрөмжид нэг удаад зарцуулах байсан хөрөнгө оруулалтаа хэдэн жилийн турш урсгал зардалдаа тараан байршуулах боломж бүрддэг. Нэг ёсондоо, зардлын хувьд хавьгүй хэмнэлттэй гэсэн үг. Хэдий “Могул дата центр” клауд үйлчилгээндээ цаашид илүү төвлөрөх ч уламжлалт дата төвийн үйлчилгээ буюу байгууллагууд өөрсдийн тоног төхөөрөмж, серверээ байршуулах боломжтой цогц орчныг ч бүрдүүлээд буй. “Манай компанийн зорилго бол дэлхийн түвшинд идэвхтэй ашиглаж буй сонгодог клауд үйлчилгээг Монголд нэвтрүүлэх. Гэхдээ клауд гэдэг бол маш ерөнхий нэршил. Харин бид тэрхүү ойлголтыг эвдэж, AWS (Amazon Web Services), Microsoft Azure зэрэг олон улсын томоохон клауд үйлчилгээтэй дүйцэхүйц бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна. Энэхүү урт хугацааны зорилтдоо хүрэхийн тулд үе шаттай төлөвлөгөөний дагуу ажиллана. Өнгөрсөн жилийн тухайд манай компани IaaS (Infrastructure as a service) буюу дэд бүтцийн түвшинд бүтээн байгуулалт хийж, жигдрүүлж байгаа бол бидний дараагийн алхам PaaS (Platform as a service) буюу платформд суурилсан үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх. Харин түүний дараа SaaS (Software as a service) буюу софтвэйрд суурилсан үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй. Маш товчоор, хоёр, гурав дахь дата центрийг барих ирээдүйн зорилготой. Хэрэв энэ зорилгодоо хүрч чадвал “Могул Сервис” компани бүсийн хэмжээнд дата центрийн үйлчилгээ үзүүлж, үйлчилгээгээ экспортлох боломж бүрдэх юм” хэмээн “Могул дата центр”-ийн дэд захирал Г.Золбоо хэлж байна.
Бидний алсын хараа бол мэдээлэл технологийн үйлчилгээгээр дэлхийн компани болох.
Хэрэв та “Могул Сервис” компанийн оффисоор ороод гарвал дийлэнх нь залуучуудаас бүрдэх халуун дулаан уур амьсгалтай хамт олон гэдэг нь мэдрэгдэнэ. Ажилдаа ч чин сэтгэлээсээ ханддагийг менежментийн багийнхан тодотгоод харилцагчийнхаа итгэлт түнш байх эрхэм зорилгод ажилтнуудынх нь энэ хандлага улам хүч нэмж, үнэ цэн бүтээж байдгийг тодотгосон юм. Хүний нөөцөө бүрдүүлэхдээ ч ур чадвараас илүү хандлагыг чухалчилдгаа илэрхийлээд “Ур чадварт суралцаж, хөгжүүлж болно” хэмээн тайлбарласан билээ. “Технологийн салбарт нэг цэгт очоод зогсоно гэсэн ойлголт байдаггүй. Байнга өөрчлөгдөж, хөгжиж байдаг учраас тасралтгүй суралцах эрмэлзэлтэй хүмүүс л энэ салбарт хол явна” гэдгийг ч онцолж байв. Компанийн соёлын хувьд дарга, цэрэг бүхий босоо тогтолцооноос татгалзаж, удирдлага, ажилтан гэлтгүй бүгд энгийн нөхөрсөг, нээлттэй харилцаатай байхыг эрхэмлэдэг.
“Могул Сервис” компанийн менежментийн багийнхнаас анзаарсан нэг зүйл бол бүгд компанидаа асар тогтвортой ажиллаж буй нь. Өөрөөр хэлбэл, бүгд мэргэжилтнээс менежментийн түвшинд очтолоо “Могул Сервис” компанидаа тогтвортой, тууштай ажиллажээ. Энэ талаар “Могул Сервис” компанийн гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ “Компанидаа тогтвортой ажиллахад хийж буй ажил маань маш их нөлөөлсөн. Яг л их сургуульд суралцаж буй мэт өдөр бүр шинэ сорилттой тулгарч, шинэ зүйлд суралцсаар ирсэн. Тиймээс одоог хүртэл “Могул Сервис” компанидаа ажилласаар л байна” гэлээ.
Каноны хэвлэх, хувилах үйлчилгээний газрын дэд захирал З.Ганцолмоны хувьд “Канон” брэндийн төхөөрөмж болон шийдлийг дотоодын зах зээлд дөнгөж нутагшуулж эхлээд байх үед л хариуцан ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед харилцагч байгууллагад ашиглагдаж буй гэрээт төхөөрөмж гарын таван хуруунд багтахаар цөөн байсныг дурсан ярьж байна. Хэвлэх, хувилах төхөөрөмжийн шийдэл гэж Монголд огт яригддаггүй байх тэр үед “Канон” брэндийн үйлчилгээ хариуцсан инженерээр ажиллаж, Uniflow шийдлийг шинээр суурилуулаад явж байсан нь саяхан. Тэрбээр компанидаа тогтвор, суурьшилтай ажиллаж буй шалтгаанаа “Нэгт, удирдлагуудын соёл, байгууллагын соёл буюу залуучуудад тэгш боломж олгож, хэн чадалтай, хандлага сайтайд дэвших үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Хоёрт, хийж буй ажилдаа дуртай байх. Өөрийн зорилго, компанийн зорилготой уялдаж байвал урт хугацаанд итгэл үнэмшилтэй ажиллана гэж би үздэг. Миний хувьд Канон бол хобби байсан” хэмээн тайлбарлалаа.
Харин Г.Золбоогийн хувьд санхүүч мэргэжилтэй ч бизнесийн талбарт, тэр дундаа мэдээллийн технологийн салбарт ажиллах сонирхолдоо хөтлөгдөн “Могул Сервис” компанид худалдааны төлөөлөгчөөр анх ажилд орж байв. Түүний хувьд хамт олны уур амьсгал, байгууллагын соёлоос гадна ажил нь үргэлж өөрчлөгдөж, суралцахыг шаардаж байдаг нь маш сонирхолтой байдаг талаар хуваалцсан юм. Тэрбээр компаниа “тун ардчилсан” хэмээн тодотгоод удирдах албан тушаалтан, энгийн ажилтан хэн ч бай бүгд зэрэгцэж суугаад л ажлаа хийдэг, нөхөрсөг, энгийн уур амьсгалтай гэж тодорхойлов. Мөн “Могул Сервис” -ийн үзүүлж буй үйлчилгээ тухайн компанид төдийгүй зах зээлд өндөр үр нөлөөтэй байдаг нь хамт олноороо бахархах шалтгаан болдог хэмээсэн юм.
Харин ярилцлагын төгсгөлд гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ “Бид дараагийн 10 жилд харилцагчдынхаа бизнесийн тогтвортой өсөлт, тасралтгүй үйл ажиллагааг хангах, хамтын үнэ цэнийг бүтээх дижитал аяллын хөтөч байж, мэдээлэл технологийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна” хэмээн тэмдэглэсэн билээ.