2008 онд “Ач” анагаах ухааны дээд сургуулийг нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн Г.Ганзориг 13 жилийнхээ хөдөлмөрийг мөрөөдөлдөө хүрэх “суурь” байсан гэж даруухнаар тодорхойлов. Тамирчнаар бол түүний 10 гаруй жилийн хөдөлмөр нь ердөө “бие халаалт”, “дасгал сургуулилт”-ын үе байсан гэх. Гэхдээ тэрбээр “бие халаалт”-ынхаа үеэс л өөрийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгож, өдгөө олон жилийн мөрөөдөл болсон Groza шүдний эмнэлгээ байгуулаад байна.
2021 оны арваннэгдүгээр сараас үүд хаалгаа нээсэн Groza шүдний эмнэлгийн хувьд, таны шүдний бүхий л асуудалд хамгийн үр дүнтэй эмчилгээг санал болгоно. Үүнээс эмнэлэг болоод эмчийг тодотгох хэд хэдэн эмчилгээ, үйлчилгээ бий. Эхнийх нь та бидний нэрлэж заншсанаар “авагддаггүй шүд” хийх эмчилгээ бол удаах нь гажиг заслын хамгийн сүүлийн үеийн шийдэл болох “авагддаг аппарат”-аар шүдний хамгийн төгс хэлбэрийг урлах юм. Мөн өөр нэгэн онцлох үйлчилгээ нь хүүхдийн шүдний эмчилгээ. Хүүхдийн учрыг төвөггүйхэн олчихдог Г.Ганзориг эмчийг ажлаа хийх зуурт нойр авчихдаг хүүхдүүд ч бий. Тэрбээр “хүүхдүүд өвдсөнөөс болж уйлдаггүй, айснаасаа болж уйлдаг. Айдсаа давахад нь туслачихвал дараа дараагийн давтан үзлэгтээ ч хүүхдүүд халшрахгүй ирдэг” хэмээн хэлж байсан юм.
Бага балчираас, азай буурал хүртэлх бүхий л насныханд сэтгэл татам инээмсэглэл бэлэглэдэг тэрбээр хүмүүст нэг л зүйлийг онцгойлон захидаг. Энэ бол шүдээ хаана, хэнд даатгах тухай асуудал юм. Хүмүүсийн дийлэнх нь олон жил үйл ажиллагаа явуулсан, хамгийн их маркетинг, зар сурталчилгаа хийдэг эмнэлэгт хандах нь түгээмэл байдаг аж. Гэвч угтаа эмнэлгийн нэрээс илүү эмчийн нэр, эмчийн туршлага, эмчийн хандлага чухал болохыг Г.Ганзориг эмч онцолж байсан.
Түүний хувьд, сургуулиа төгссөн цагаасаа л мэргэжлийн карьераа эхлүүлж, ажил мэргэжилдээ дурлаж яваа нэгэн. Г.Ганзориг 2008-2016 онд багшийнхаа “Ароно” шүдний эмнэлэгт ажиллаж, ломбо тавихаас эхлүүлээд шүдний бүхий л төрлийн эмчилгээг гартаа ортол хийжээ. Залуу эмч нарын хувьд, шүдний цоорлын хөндийг дутуу цэвэрлэснээс эмчилгээ үйлчилгээ нь үр дүнгүй болох тохиолдол нийтлэг ажиглагддаг байна. Энэ нь тэднийг оюутан байхад цоорлын хөндий дэх зөөлөрсөн эдийг бага зэрэг үлдээгээд ломбодож болно гээд заачихдагаас үүдэлтэй байж болохыг тэрбээр тайлбарлаж байв. Зөөлөрсөн эдээс үлдээж болох хэсэг гэж байдаг ч яг алийг нь үлдээж болохыг практик түвшинд хангалттай заадаггүйгээс буруу эдээ үлдээж, ахин цоорол үүсгэх эрсдэлийг ч дагуулдаг байна. Тиймээс залуу эмч нарыг шүдний эрүүл эд гарч иртэл маш сайн цэвэрлэгээ хийж байж эмчилгээгээ төгс хийгээсэй гэж боддогоо Г.Ганзориг хуваалцаж байсан юм. Ингэж чадвал аль аль талдаа эргэж буцсан ажил болохгүй. Энэ бол жижиг мэт боловч хамгийн санаж явууштай зүйл аж.
Г.Ганзориг “Ароно” эмнэлгээс аливааг анхнаас нь хариуцлагатай хийхийн чухлыг суралцсан бол 2016 оноос “СОС Медика Монголиа” эмнэлгийн шүдний эмчээр ажиллаж эхэлснээр цоо шинэ боломж, цоо шинэ туршлагыг олж авчээ. Энэ бол олон жилийн нууцхан мөрөөдөл нь болсон имплант шүд буюу авагддаггүй шүдийг хамгийн чанартайгаар хийж сурсан явдал юм.
Эрүүний ясанд суулгадаг авагддаггүй шүдэлбэрийг “СОС Медика Монголиа” эмнэлэгт хийдэг болсон тэрбээр өдгөө өөрийн үүсгэн байгуулсан Groza Dental Clinic эмнэлгийнхээ үйлчлүүлэгчдэд “хүн төрөлхтний гуравдагч шүд” гэж нэрлэгдэх имплант шүдэлбэрийг санал болгон хийж байна. Имплант шүд бол анагаахын шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, түүний ололт амжилтын үр дүнд бий болсон хамгийн шилдэг “бүтээл” юм.
Эмнэлгээ байгуулахаас өмнө Монголдоо тэргүүлэгч гэж тодорхойлж болох хоёр ч шүдний эмнэлэгт тогтвор суурьшилтай ажилласан Г.Ганзориг эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хамгийн чухалд тооцож, энэ тал дээр маш өндөр сахилга баттай ажилладаг. “Бэлтгэл хийх хугацаа”-ндаа салбартаа инновацаар цахиур хагалах эмнэлгийг байгуулахын тулд энэ мэтчилэн юунд анхаарч, юу хийх хэрэгтэйг тэрбээр маш их судалсан гэдэг. Ингээд 2021 онд мөрөөдөл болсон техник технологи, өмнө нь зүүд мэт санагдаж байсан гадаад хамтын ажиллагааныхаа ачаар Groza эмнэлгээ байгуулж, илүү том мөрөөдөл өвөрлөн ажиллаж байна.
Цаашдаа тэрбээр илүү дэвшилтэт шинэ технологиудыг нэвтрүүлж, имплант шүдний хамгийн сүүлийн үеийн арга аргачлалуудаас нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Groza эмнэлэг гажиг заслын чиглэлээр бусад шүдний эмнэлэгтэй харьцуулахад харьцангуй урд яваа ч үүндээ сэтгэл ханалгүй ахин шинэ технологиудыг эрэлхийлсээр байна.
Авагддаггүй шүд
Авагддаггүй шүд буюу имплант нь эрүүний яс шимэгдэж хүний нүүр царайнд эмгэг өөрчлөлт орох, хоол боловсруулах замын өвчлөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нэгэнт үүссэн эмгэг өөрчлөлтийг засаж сайжруулах зорилготой хиймэл шүд юм. Хүний биед хор нөлөөгүй титан суулгацыг эрүүний ясанд суулгаж ясанд бүрэн бэхэжсэний дараа циркон болон циркон шаазан материалыг ашиглан бүрээс хийх маягаар энэ төрлийн шүдийг хийдэг. “Авагддаггүй” гэх тодотголтой ч гэлээ шүдэндээ гамтай хандахгүй бол насан туршийнх байж чадахгүй. Гэхдээ л эрүү нүүрнийхээ хэлбэрийг хамгаалах, залуу сайхан харагдах, өөрийн шүд мэт таатай мэдрэмж авах, хүссэн зүйлээ идэхэд хамгийн төгс нь имплант шүд юм.
Имплант нь хөдөлгөөнгүй бэхлэгддэг учраас унах, сугарах, буйлтай хавирах, хэл ярианд өөрчлөлт орох зэрэг элдэв таагүй асуудал дагуулахгүй. Мөн авагддаг хиймэл шүд шиг эргэн тойрныхоо эдэд ачаалал өгч, хоёр талын шүдээ сулруулахгүй. Бусад эрүүл шүдэндээ халгаагүй имплант шүд нь зажлах хүчний хувьд ч авагддаг хиймэл шүднээс хэд дахин илүү байдаг аж.
Хүн шүдээ алдсаны дараа эрүүний яс шимэгдэж, нүүрний хэлбэрт өөрчлөлт орсноор хөгшин харагддаг. Харин шүдний имплант хийлгэснээр эрүүний яс хэлбэрээ алдахгүйгээр үл барам хоол хүнсээ зөв зажилж идсэнээр ходоодны үйл ажиллагаа ч хэвийн байх ач холбогдолтой. Тиймээс шүдээ алдсан даруйд аль болох хугацаа алдалгүй имплант шүд хийлгэх нь хамгийн оновчтой гэж Groza эмнэлгийн үүсгэн байгуулагч, эмч Г.Ганзориг зөвлөж байна. Мөн нэгэнт имплант шүд хийлгэсэн бол зөв арчилж, тогтмол хянуулж байхыг тэрбээр сануулсан.
Авагддаггүй имплант шүдийг насанд хүрсэн бүхий л хүн хийлгэх боломжтой. Ялангуяа олон шүдээ алдсан настай хүмүүст энэ нь хамгийн оновчтой сонголт болдог байна. Дийлэнх авагддаг хиймэл шүд хоол идэхэд тухгүй байдаг бол имплант шүд нь өөрийн мэт мэдрэмж өгдөг учраас шүдээ алдаад олон жил болсон ахмадууд авагддаггүй шүд хийлгэснийхээ дараа туйлын өндөр сэтгэгдэлтэй байдаг аж.
Авагддаг аппарат
Манай улсын шүдний эмнэлгүүд шүдний гажгийг засахдаа брекет зэмсэг ашиглах нь түгээмэл. Харин 10-аад жилийн өмнөөс салбартаа тэргүүлэгч эмнэлгүүд тунгалаг, авагддаг шүдний аппаратыг гажиг засалд хэрэглэж эхэлсэн нь анхандаа эрэлт багатай байсан ч өдгөө хүмүүсийн хамгийн их эрж сурагладаг эмчилгээ, үйлчилгээний нэг болжээ.
Groza шүдний эмнэлгийн хувьд, энэ төрлийн эмчилгээг эхлүүлэхдээ үйлчлүүлэгчийн шүдний хэвийг авч, Итали улсын гэрээт лаборатори руу илгээдэг байна. Ингээд Италиас удирдамж ирсний дараа тэр дагуу хийгдэх эмчилгээг үйлчлүүлэгчдээ танилцуулж, тухайн үйлчлүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд эмчилгээг эхлүүлдгээ Г.Ганзориг эмч хэлж байв. Монголд авагддаг аппаратаар гажиг засаж буй эмнэлгийн тоо брекетээр гажиг засаж байгаа эмнэлгүүдээс хамаагүй цөөн. Тэр дундаа авагддаг аппарат ашигладаг дийлэнх эмнэлэг зөвхөн үүдэн зургаан шүдийг хөдөлгөж гажиг засдаг. Харин Groza бүх шүдийг хөдөлгөж гажгийг төгс засдагаараа давуу талтай.
Хамгийн чухал нь брекетээр гажиг засахад үр дүн, зүүх хугацааг нарийн тодорхойлох боломжгүй байдаг бол авагддаг аппаратаар засуулахад бүх зүйл анхнаасаа маш тодорхой байдаг. Хэдэн сар аппарат зүүх, хэчнээн аппаратыг хэдий хугацаанд сольж зүүх зэргийг эхнээсээ нарийн төлөвлөх боломжтой. Мөн таны шүд гажиг заслын эмчилгээний дараа яг ямар үр дүнд хүрч болохыг урьдчилан бэлтгэсэн загвараас тодорхой харах боломжтой. Ирээдүйд бий болох шүднийхээ загварыг гарынхаа алган дээр тавиад бодитой шинжиж, бүр саналаа хэлж болно гэдэг маш том давуу тал юм.
Нөгөө талаар, авагддаг аппарат нь илүү эрүүл бас цэвэрхэн сонголт. Уламжлалт брекетийг хэрэглэх үед зэмсгийг авч болдоггүй учраас шүдээ угаахад хүндрэлтэй байдаг. Мөн хүссэн зүйлээ идэх гэхээр ховхорч уначих гээд байдаг эрсдэлтэй. Харин тунгалаг аппаратыг авч болдог учраас хүссэн зүйлээ идэж болохоос гадна нарийн цэвэрлэгээ хийхэд тохиромжтой.
Түүнчлэн брекет нь шүдний пааланг гэмтээдэг. Тэгшхэн шүдтэй болсон ч паалан нь хэт гэмтэлтэй болчихвол энэ нь тийм ч таатай үр дүн биш юм. Тэгвэл авагддаг аппарат нь шүдний пааланд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Мөн дотор нь цоорлоос сэргийлэх фтор түрхэх зэргээр шүдээ эрдэсжүүлэх боломжтой учраас гажиг заслын хамгийн эрүүл аргад тооцогддог. Гэхдээ брекетийг бас шууд үгүйсгэх аргагүй. Зарим ноцтой гажгийн үед анхнаасаа авагддаг аппарат ашиглах боломжгүй байдаг аж. Тиймээс эхэн үед нь брекет ашиглаад үргэлжлүүлэн авагддаг аппарат зүүх байдлаар ч шүдний гажгийг засдаг байна.
Авагддаг аппарат нь гажиг заслын хамгийн сүүлийн үеийн технологи гэдэг утгаараа үнийн хувьд уламжлалт брекетээс бага зэрэг үнэтэй. Groza эмнэлгийн тухайд, дээд, доод шүдний аль нэг талд, эсвэл бүтэн зүүхээс хамаарч, 4-12 сая төгрөгөөр энэ төрлийн эмчилгээг санал болгодог байна.
Хүүхдийг эвээр эмчилнэ
Хүүхдийн өвчлөлөөс хамгийн хурдацтай газар авч буй өвчлөл бол шүд цоорол юм. 2022 онд эрт илрүүлэх үзлэг оношлогоонд хамрагдсан 17 хүртэлх насны 238 мянган хүүхдийн 61.5 хувь нь шүд цооролтой, 2.4 хувь нь шүдний гажигтай байжээ. Мөн шүд нь цоорсон хүүхдүүдийн 83 хувь буюу 121 мянга нь 6-17 насныхан байна. Энэ бол хүүхдийн шүд цоорол анхаарал татах хэмжээнд хүрсний тод илрэл юм. Тиймээс Groza Dental Clinic эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсад тулгамдаад буй хүүхдийн шүд цоорлын асуудалд анхаарал хандуулж, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж, зөвлөгөө өгдөг байна. Мөн хүүхэд багачуудын дунд зохион байгуулдаг Шүд угаалтын улсын олимпиадад ч ивээн тэтгэгчээр оролцжээ.
Хотжилт, хүнсний хэрэглээний өөрчлөлтийг дагаад хүүхдийн шүдний төрөлхийн хатуулаг байдал алдагдаж буйгаас гадна эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ амны хөндийн арчилгаанд хангалттай анхаарал тавихгүй байгаа нь цоорлын гол шалтгаан болж байгаа аж. Мөн маш их цаг алдсаны дараа хүүхдээ эмчид даатгах, эмчилгээний дараах хяналт, арчилгаанд санаа тавихгүй байх зэрэг нь хүүхдийн шүдний өвчлөлийг улам л гааруулж байна гэж Г.Ганзориг эмч хэлж байв. Нөгөө талаар, хүүхдийг уйлахаас хаширлаж, зайгаа барьдаг эмч, эмнэлэг, хүүхдээ өвдөх вий гэж хэт их санаа зовдог эцэг эхчүүд хүүхдийн шүдний цоорлыг ноцтой түвшинд хүргэдэг гэж тэрбээр ярьж байсан юм.
“Угтаа эмч хүн хүүхдээс зай барих шаардлагагүй. Харин хүүхэдтэй ярилцаад айдсаа давж гарахад нь дэмжлэг үзүүлэх ёстой. Эцэг эхчүүд ч мөн мэдээ алдуулалтын ганц хатгалтаас бусад нь хүүхдийг нь өвтгөхгүй гэдгийг ухамсарлаж хүүхдээ зоригжуулах шаардлагатай. Хэрэв та ингэж чадахгүй хүүхэдтэйгээ хамт айгаад байвал хүүхэд өвдөөгүй ч айсандаа уйлдаг” гэж Г.Ганзориг эмч хэлж байсан. Мөн анхны үзлэг эмчилгээн дээр хүүхдийн сэтгэл зүйг мэдрээд зоригжуулж чадвал дараа дараагийн эмчилгээндээ хүүхэд илүү айдасгүй болдог байна.
Хүүхдийнхээ шүдийг нүд хальтрам болтол нь явсан эцэг эх, асран хамгаалагчдын дунд бас нэгэн өрөөсгөл ойлголт байдгийг Groza эмнэлгийн үүсгэн байгуулагч Г.Ганзориг эмч хэлсэн нь анхаарал татсан юм. Хүүхдийн сүүн шүд унаад ахиад шинээр ургачих болохоор сүүн шүдний цоорол ноцтой асуудал биш гэж үзэх нь хамгийн том эндүүрэл гэж тэрбээр сануулсан. “Эхний шүд ямар байна, дараагийн шүд яг л тийм байдаг. Тиймээс хар, цагаан фтороор аргацааж явахын оронд сүүн шүдэнд нь бүрэн төгс эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ингэж байж араас нь эрүүл шүд гарч ирнэ” гэж Г.Ганзориг эмч зөвлөсөн.
Хүүхдийн шүд эрүүл бус байх нь хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэйгөөс гадна хүүхэд өвчилсөн сүүн шүдээрээ зөв хазаж чадахгүйгээс шинэ шүд нь буруу ургаж, гажиг үүсдэг байна. Тиймээс сүүн шүдний цоорлоос урьдчилан сэргийлж, томчууд хүүхдийнхээ шүдийг өөрсдөө бүрэн хариуцаж угааж өгөх хэрэгтэй аж. Түүнчлэн амттанг өдөр бүр өгч болох ч уут уутаар нь бус хэмжээ хязгаартай хэрэглүүлж, чихэр, чипс идэж, ундаа уусных нь дараа амыг нь заавал зайлуулж байх хэрэгтэй гэж Г.Ганзориг эмч зөвлөж байна.
Шүдний эмчтэй ярилцсаных…
Сэтгэл татам инээмсэглэлийн нууц нь, мөнхүү эрүүл амьдралын үндэс нь амны хөндийн эрүүл мэнд учраас сэтгүүлч миний хувьд, шүдний эмчтэй ярилцана гэдэг сонирхолтой, завшаантай хэрэг байсан юм. Ингээд танд хэрэгтэй байж болох зөвлөгөөнүүдийг товчлон хүргэе.
- Hollywood smile: Монголчууд шүдний бүрээс эмчилгээг ингэж нэрлэх нь түгээмэл. Гэвч энэ нь угтаа хүний нүүрний гавлын ясыг зурж төлөвлөж, төгс шүд бүтээх замаар царайны зөв хэлбэрийг тодотгодог нарийн технологи шаардсан эмчилгээ юм.
- Бүрээс эмчилгээ: Бүрээсийг дан циркон, эсвэл циркон суурьтай шаазангаар хийдэг. Дан циркон нь бүрсгэр матт өнгөтэй. Харин циркон суурьтай шаазан нь хүний өөрийн шүдний паалантай төстэй, илүү амьд харагддаг. Эдэлгээний хувьд, дан циркон нь бат бөх. Тиймээс инээмсэглэхэд ил гарах үүдэн шүдэндээ циркон суурьтай шаазанг, зажлах үүрэг гүйцэтгэдэг араа шүдний хэсэгт дан цирконоор бүрүүлэх нь тохиромжтой. Гэхдээ бүрээснээс илүү шүдээ өөрөөр нь сайхан байлгах арга замыг чухалчлаарай.
- Цогц эмчилгээ чухал: Хүмүүс хамгийн асуудалтай шүдээ эмчлүүлчихээд бусад жижиг цооролдоо хайнга хандах нь элбэг. Хэрэв хамгийн уртдаа сарын дотор бүх цоорлоо бүрэн эмчлүүлэхгүй бол цоорол үүсгэгч бактер эхэнд эмчлүүлсэн шүдийг ч хоёр дахь цооролтой болгох эрсдэлтэй.
- Шүлс: Шүлс бол шүдний хамгаалагч. Тиймээс хатуу зүйл идэх, хүлхэх зэргээр шүлсээ ялгаруулж байх хэрэгтэй. Гэхдээ ломботой шүдээр хатуу ааруул хазаж идэх нь эрсдэлтэй. Харин булчин махыг сайтар зажилж идэх нь шүлс ялгаралтыг дэмждэг.
- Шүдний чулуу: Хоолны үлдэгдэл хуримтлагдах, шүд эгнээндээ ургаагүйгээс шүдний чулуу ихээр бий болдог. Энэ нь буйлыг үрэвсүүлэх эрсдэлтэй учраас цэвэрлүүлж байх шаардлагатай.
- Дахин зөвлөх нь: Сүүн шүдний цоорлыг хайхрахгүй байж болохгүй. Учир нь эрүүл шүдний араас эрүүл шүд ургана. Мөн хүүхэд цоорсон шүдэндээ эмзэглэж буруу хазах нь шинэ шүд эгнээндээ ургахгүй байх, гажиг үүсэх гол шалтгаан болдог.
- Эцэст нь тогтмол үзлэг чухал: Хэрэв та эмэгтэйчүүдийн эмнэлэгт хагас жил тутам үзүүлдэг бол шүдний эмчид ч мөн зургаан сараас нэг жил тутамд тогтмол үзүүлж байгаарай. Харин хүүхдээ улирал бүр хичээлийн амралтаар нь шүдний эмчийн үзлэг, цэвэрлэгээнд хамруулаарай.